ЗГХЭГ-ын Д.АМАРБАЯСГАЛАН: БНСУ-ААС ВИЗИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛНЭ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: 

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс БНСУ-д айлчлах үеэр визийн нөхцлийг хөнгөлөлттэй болгох тухай асуудлыг хөндсөн. 

Ингэхдээ тодорхой үндэслэлээр буюу 2023-2025 оныг Монголд айлчлах жил болгон зарласантай холбоотой 30 орчим улсыг визгүй болгосон. Монголд зочлохдоо визгүй байх нөхцөл хангасан. 

Үүнтэй холбоотой БНСУ-аас эхлэн 2023-2025 онд манай улсын иргэдийг виз үнэгүй зорчих нөхцлийг тавьсан. Мэдээж бусад улсад бид санал тавьж ажиллана.

 Уулзалт үр дүнтэй болсон. БНСУ-ын Ерөнхийлөгч холбогдох албан тушаалтнуудад албан ёсны үүрэг өгч Монгол Улсыг визгүй болгох ажлыг судалж байна. Засгийн газар хоорондын комисс анхаарал хандуулж ажиллаж байна. 

Энэ хүрээнд гуравдугаар сард тус улсаас манай улсын нөхцөл байдлыг судлахаар ирнэ. Визний нөхцөлийг харьцангуй хөнгөлөхөөр болсон. Тодруулбал Солонгосын талаас эрүүл мэндийн үйлчилгээ авах өвчтөн, тэдний асран хамгаалагчдад олгох визний нөхцөлийг хөнгөлөхөөр болсон. 

Цаашлаад визгүй болгоно гэдгээ мэдэгдсэн. Мөн олон удаагийн визийг тодорхой чиглэлд олгодог байсан бол мульт-визийг олгох төрлөө нэмэхээр болж, хүндрэл бэрхшээлийг арилгая гэсэн хариуг хэлсэн. Түүнээс гадна консулын албанд виз олгох ажиллагаанд оролцож буй ажилтан, орон тоог нэмэхэд анхаарахаар болов.

Визгүй болсноор иргэд, улс хоорондын харилцаанд гарах үр дүн, ач холбогдол цаашлаад эрсдэлийн талаар нарийн тооцоолох нь чухал юм.

Мөн Ерөнхий сайд Солонгос улсад байгаа монгол сургуульд зочилж, хууль эрхзүйн орчинд өөрчлөлт оруулах, хилийн чанадад амьдарч байгаа хүүхдүүдэд эх хэлээ эзэмшиж, сурах боломжоор хангаж буй боловсролын байгууллагуудад хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хэлэлцэхээр болсон. Мөн өнөөдрийн хурлаар Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэх талаар хэлэлцлээ.

 

             

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.