ГССҮТ: ГУРВАН НАСТАЙ ХҮҮ АМЬСГАЛЫН АППАРАТТАЙ ХЭВЭЭР, УХААН ОРООГҮЙ БАЙНА

Энэ сарын 6-ны өдөр ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, хүнд гэмтэл авсан гурван настай хүүг гуравдугаар сарын 8-ны өдөр ГССҮТ-д хүргэсэн.

Эмнэлгийн зүгээс  Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт ес дэх өдрөө эмчилгээг хийж буй ч биеийн байдал хэвэндээ, амьсгалын аппараттай, ухаан ороогүй байна гэв.  

Хүү бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй хэмээн зарим сайт мэдээлсэн. ГССҮТ болон ЭХЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарын баг хүүгийн биед дэлгэрэнгүй үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх нотолгоо илрээгүй аж.

Гэмтлийн зэргийг тогтоох үзлэг шинжилгээг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хийх юм байна. Тус хүрээлэнгийн шинжээч эмч нарын баг тухайн хүүхдийг ГССҮТ-д хүргэгдэж ирсэн өдөр үзлэг хийж ажиллажээ. Тиймээс ГССҮТ-өөс  гэмтлийн зэргийг нарийвчлан тогтоосон дүгнэлт гаргаагүй байгаа.
Хүчирхийллийн энэ ноцтой гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг Цагдаагийн байгууллагаас баривчлан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.  

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.