НЭГҮҮН МЭДЭЭ
УБТЗ НЭГ ХОНОГИЙН ДОТОР ЭРЭЭН ӨРТӨӨНД 774 ВАГОН АЧАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ ТҮҮХЭН АМЖИЛТ ТОГТООЖЭЭ

Монгол Улс экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэх замаар эдийн засгаа эрчимтэй тэлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа. Ийм ч учраас боомтын сэргэлтийн бодлогыг зарлаж хилийн боомтоор гарах ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй “Улаанбаатар төмөр зам” ХНН Замын-Үүд –Эрээн өртөөгөөр хятадын талд хүлээлгэн өгөх экспортын ачаатай галт тэрэгний тоог нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байгаа юм. Эрээн өртөө Замын-Үүд өртөөнөөс өдөр бүр өргөн царигаар 14-өөс дээшгүй галт тэрэг хүлээн авдаг ч УБТЗ-ын удирдлагын зүгээс галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх асуудлаар хятадын талтай шаргуу ярьж, олон удаа хүсэлт тавьсны үр дүнд сүүлийн саруудад галт тэрэг солилцоо нэмэгдсээр байна. Тодруулбал, 2022 оны 10 дугаар сард 3 удаа, 11 дүгээр сард 5 удаа 15 галт тэрэг, 1 удаа 16 галт тэрэг Эрээн өртөөнд хүлээлгэн өгсөн бол өнөөдөр Замын-Үүд өртөөний өргөн царигаар Эрээн өртөөнд анх удаа 17 галт тэрэг /нийт 774 вагон буюу 64.337 тонн ачаа/ хүлээлгэн өгсөн нь түүхэн дээд амжилт боллоо. Эдгээр 17 галт тэргийг ачааны төрлөөр нь авч үзвэл, 200 вагон задгай нүүрс, 99 опен топ чингэлэгтэй нүүрс, 159 вагон төмрийн хүдэр, 30 вагон зэс, 38 вагон жонш, 46 вагон целлюлоз, 123 транзит чингэлэг,79 экспортын чингэлэг багтаж байна. Замын-Үүд – Эрээн өртөө хоорондох галт тэрэг солилцоог УБТЗ-ын зүгээс цаашдаа 20 хүртэл нэмэгдүүлэх бодлого барьж байгаа юм . Учир нь экспортын тээврийн захиалга сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа бөгөөд зөвхөн энэ жил гэхэд л УБТЗ-аар 48 сая тонн экспортын ачаа тээвэрлүүлэх захиалга иржээ. Өнөөдөр Замын-Үүд өртөөнөөс Эрээн өртөөнд анх удаа 17 галт тэрэг хүлээлгэн өгсөн явдал нь цаашдаа галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх техникийн боломж бүрдсэнийг харуулсан үйл явдал болоод зогсохгүй Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа боомтын сэргэлтийн бодлогыг бодит ажил хэрэг болгохын төлөө УБТЗ-ын зүгээс чармайн ажиллаж байгаагийн илэрхийлэл боллоо” гэж “УБТЗ” ХНН-ээс мэдээллээ.

БНХАУ-ААС НҮҮРСНИЙ МЭДЭЭЛЭЛ АВАХААР БИЧИГ БАРИМТЫГ АЛБАНЫХАНД ХҮРГҮҮЛСЭН

Нүүрсний хэрэгтэй холбоотой асуудлаар талаар Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа мэдээлэл хийлээ. Эрүүгийн хэргийг шалгахад гадаад улсын нутаг дэвсгэрт байгаа хүнээс мэдүүлэг авах, үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгө хураан авах, холбогдох байгууллагаас тодорхой асуудлаар мэдээлэл авах шаардлагатай тохиолдолд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу хүсэлтийг эрх бүхий байгууллагаар дамжуулан хүргүүлдэг. Мөрдөгчөөс эрх зүйн туслалцаагаар гадаад улсаас авах мэдээлэл, хийгдэх тодорхой ажиллагааны талаарх хүсэлтийг прокурорт ирүүлж, прокурор тухайн улстай байгуулсан гэрээ, хэлэлцээрт заасан байгууллагад нь хүргүүлж хамтран ажилладаг. Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорт, бусад үйл ажиллагаатай холбоотой Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн албанд шалгагдаж байсан 2 хэрэгт БНХАУ-аас шаардлагатай мэдээ, мэдээллийг авахаар 2019, 2021 онд 2 хүсэлт хүргүүлснээс 1 хүсэлтийг хилийн бүртгэлийн системд өөрчлөлт оруулсан учраас биелүүлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн, 1 хүсэлтийн хариу одоогоор ирээгүй. БНХАУ-аас эрх зүйн туслалцаа ирүүлэх боломжгүй гэсэн учраас тус прокурорын газраас “нүүрсний” гэх тодотголтой хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Хил хамгаалах Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газруудаар дамжуулан БНХАУ-ын хил хамгаалах болон гаалийн байгууллагаас мэдээлэл авах боломжтой эсэх, энэ асуудалд дэмжлэг үзүүлэх талаар Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Хууль зүй, Дотоод хэргийн сайдад албан бичиг, шаардлагатай мэдээллийг хүргүүлсэн.

"БОДЬ ИНТЕРНЭШНЛ" ХХК-ИАС МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

Монгол Улсад анх удаа хэрэгжсэн мега төсөл болох “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй зарим асуудалд үнэн зөв, бодит мэдээллийг өгөхөөр “Бодь Интернэшнл” ХХК-иас энэхүү мэдэгдлийг гаргалаа.

Х.МАНДАХБАЯР УИХ-ЫН ДАРГЫН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨХИЙН АЛБАН ТУШААЛААСАА ТАТГАЛЗЛАА

АТГ-аас зарласан “Нүүрсний хулгайч”-дын нэг хэмээн цоллуулсан хүн бол МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан Х.Мандахбаяр. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудаснаа мэдэгдэл гаргаж, албан тушаалаасаа түтгэлзэж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “УИХ-ын даргын орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас түдгэлзэх хүсэлт гаргалаа. Г.Занданшатар даргатай ямар нэгэн бизнесийн харилцаа, хамааралгүй. Гүтгэн харлуулах, мушгин гуйвуулах кампанит ажлыг зарим хэвлэлийн эзэд, улстөрчид зохион байгуулж байх шиг. Миний эрхэлж буй бизнес рүү ч хайр гамгүй дайрч эхэлжээ. Нүүрсний хулгайн эсрэг зогссон байр сууринаасаа ухрахгүй. Асуудлын үнэн мөн нь тогтоогдоно гэдэгт эргэлзэхгүй байна. Ямар нэгэн байдлаар “нүүрсний хулгай” хэмээх хууль бус үйл ажиллагаанд оролцоогүй, төр ард түмнийхээ хөрөнгөнөөс хумслаагүй гэдгээ нотлох болно” гэв.

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ДЭРГЭД МӨСӨН ХОТХОН БАЙГУУЛЖ БАЙНА

Оршин суугчдад ая тухтай амьдрах, амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын орчинд мөсөн хотхоныг байгуулж байна. Тодруулбал, хүүхэд залуус, иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой мөсөн гулгуур, тэшүүрийн талбай, амьтдын баримал, сүлд мод, гэрэлтүүлэг чимэглэл бүхий хотхоныг тохижуулж буй. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын орчны тохижилтыг үе шаттайгаар хийж байна. Иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, амрах энэ хотхон 24 цагаар ажиллана. Ажлын явц одоогоор 69 хувьтай, үлдсэн тохижилтыг энэ долоо хоногтоо дуусгахаар төлөвлөж байна. Тохижилт бүрэн дууссаны дараа уг талбайд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, ариун цэврийн байгууламж 24 цагаар ажиллаж эхэлнэ” хэмээлээ. Нийслэлийн ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн сурагчид мөсөн хотхоны талаарх сэтгэгдлээ “Цэнгэлдэхийн энэ орчин өмнө нь гэрэлтүүлэг муутай байсан. Ингэж гоё тохижуулаад чөлөөт цагаа өнгөрүүлж болох орчин бүрдүүлж байгаад баяртай байна. Гэрт ойр болохоор ирж тоглох газартай боллоо. Гэрлэн чимэглэлүүд, сүлд мод нь их таалагдаж байна” хэмээн хуваалцсан юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэхүү хотхоныг жишиг болгон байгуулж байгаа бөгөөд цаашлаад өөр өөр байршилд, жилийн дөрвөн улиралд иргэд амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх талбайг тохижуулах юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

ЖҮХАА-ны дарга Т.Энхбаяр ЗГХЭГ-ын албан хаагчдад жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өглөө. Тэрээр Монгол Улсын жендэрийн нөхцөл байдал, олон улс, бүс нутгийн түвшинд үзүүлж буй ахиц дэвшил, сорилтын талаар танилцуулж, ирэх арван жилд хамтран хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөний ач холбогдол, үр нөлөө, онцлогийг тайлбарлав. Түүнчлэн ажил ар гэрийн тэнцвэрийг хангах, ажлын цагийн уян хатан зохицуулалт, цагийн хөдөлмөр, зайнаас ажиллах зэрэг Хөдөлмөрийн тухай хуулийн жендэрийн тэгш байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулах гол гол заалтуудыг хэрхэн хэрэгжүүлж буй туршлагыг үндэсний хэмжээнд судлан танилцуулахаар судлах зөвлөх үйлчилгээний байгууллагатай хамтран ажиллаж буйгаа онцоллоо. Мөн түүнчлэн байгууллага бүр өөрийн Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн боловсруулахдаа албан хаагчдын хэрэгцээ, түүнийг илрүүлэх судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн жендэрийн мэдрэмжтэй хандахыг зөвлөж санал солилцсон юм.

ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙ ҮЕД ХЭРЭГЛЭХ 3 ТӨРЛИЙН ЭМИЙГ ЭМД-ЫН САНГААС 100 ХУВЬ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ОЛГОЖ БАЙНА

ЭМДЕГ Швейцарийн Новартис компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын шимтгэлээ төлсөн хүн бүрд ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгож байна. Эдгээр эмийг эхний ээлжинд "Новартис" компанийн албан ёсны 3 дистрибьютерийн 191 салбар эмийн сангаар олгож байсан бол эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМДЕГ-тай гэрээтэй бусад эмийн сангууд ч мөн олгох боломжтой болсон. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар 31 эмийн сантай нэмэлтээр гэрээ байгуулснаар хот, хөдөөгийн нийт 220 гаруй эмийн сангаас Новартис компанийн эмийг ЭМД-ын 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.

ТУРК ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЖУУЛЧДААС ТАТВАР АВЧ ЭХЭЛНЭ

Турк улс ирэх 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн гаднын жуулчдаас хоёр хувийн үйлчилгээний татвар авахаар болжээ. Зочид буудал, рашаан, амралт, зугаалгын газар, дэн буудал, тосгон, жуулчны кэмп зэрэгт буудаллахад хоёр хувийн татвар төлөх аж. Харин гаднын оюутан болон дипломат ажилтнууд энэ татвараас чөлөөлөгдөнө. Туркийн Засгийн газар гаднын жуулчдыг хүлээн авах үйлчилгээнд хоёр хувийн татвар ногдуулах шийдвэрийг аль 2019 онд гаргаж байсан ч коронавирусний цар тахлын улмаас хойшлуулсан. Энэ оны байдлаар, Турк улс 51.5 сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалаас нийт 46 тэрбум ам.долларын орлого олох хүлээлттэй байна. Ирэх онд тус улс 60 сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж байна.

Х.НУРЛАТЫГ НЭГ САРЫН ХУГАЦААГААР ЦАГДАН ХОРИХООР БОЛЖЭЭ

Өнөөдөр /2022.12.12/ Чингэлтэй Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцэн "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргажээ. Прокуророос түүнийг “Тавантолгой Түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, мөн “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж эрх мэдэл албан тушаалаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт яллагдагчаар татсан байна.

ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН: МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭНГ ОГЦРУУЛЖ, ШАЛГАХ ЁСТОЙ

Шадар сайд С.Амарсайхан "Банк санхүү, эдийн засгийн салбарын амь тасардаггүй алуурчид айдасгүй байна. Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 170 Тэрбум төгрөгийг арилжааны банкуудтай үгсэн,хууль бусаар ашиглаж, мөнгө угаах болон санхүүгийн гэмт хэрэг үйлдэж, инфльяц,төгрөгийн ханшыг барьж чадалгүй алдсан МБ-ны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулж, хуулийн дагуу шалгах ёстой. Албан тушаалтнууд журам өөрчилж, хууль зөрчиж байгаад ядарсан иргэдийнхээ төлсөн зээлийн эргэн төлөлтөөс 400 тэрбум төгрөг хулгайлж, завшчихаад чимээгүй яваад байж болоод байдаг. Гэтэл нөгөө талд нь хэдэн үеээ барьцаалж арай хийн байртай болчихоод дээр нь хуруу хумсаа хугаслан, өдөр шөнөгүй зүтгэж олсон хэдээ ипотекийн зээлийн төлбөрт сар бүр төлдөг ч багагүй хувь нь хулгайн сүлжээг тэжээдэг. Зээл хүүгээ төлөөд, дээр нь өлсөж даарахгүйхэн өдөр хоногийг өнгөрөөх гэж хичээж байгаа иргэдийнхээ зээлийн 8 хувийг 2 хувиар бууруулж, дээрэмдүүлсэн олон зуун тэрбум төгрөгийг нь буцаан авч, зөрүүг нь төлүүлэх тухай шийдэл ярихаар тэрийж хэвтдэг цайрчихсан байж болохгүй юм. Үүний цаана орон сууцтай болох хүсэл мөрөөдөл дүүрэн мянга мянган залуу гэр бүлийн хувь заяа бас бий. Хийсэн хулгай, дээрмээсээ айдаггүй, хуулиас ч эмээдэггүй, ард түмний хэтэвчээс эхлээд айл өрхийн данс, аж ахуйн нэгжийн бизнес, улс орны сан хөмрөгт хүртэл шуналын савраа дүрсэн дээрэмчдийн мэргэшсэн сүлжээг ил гаргаж, нэг мөр цэвэрлэж байж Засгийн газрын авилгатай тэмцэх, нийгэмд эрх тэгш, шударга ёсийг тогтоох бодлого бүрэн хэрэгжих боломж бүрдэнэ " хэмээжээ.

1 ... 180 181 182 183 184 185 186 187 188 ... 374