Б.САРАНЧИМЭГ: "KFC LAND" БАЙГУУЛАХ АЖИЛ НЬ ЗУРАГ ТӨСЛӨӨ БАТЛУУЛАЛГҮЙГЭЭР НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ ЭВДСЭНД ХАРАМСЧ БАЙНА

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Таванбогд" компани "KFCLAND - Аз жаргалын хотхон" байгуулна гэж мэдэгдсэн. "Иргэд тохижилт халхавчаар тус хүрээлэнд салбар нээх гэж байна. Энэ бол иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар" хэмээн бухимдлаа илэрхийлээд буй. 

Тэгвэл өнөөдөр газар дээр нь холбогдох байгууллагын төлөөллүүд ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.  

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Анхны батлагдсан зураг төсөл, ерөнхий төлөвлөгөө алдагдсан, одоо хэрэгжүүлж байгаа KFC Land байгуулах ажил нь зураг төслөө батлуулалгүйгээр өмнө нь тохижуулсан ногоон байгууламжийг эвдэж, холбогдох зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажлаа эхлүүлсэн байдалтай байна.

Хэдийгээр 40 ширхэг ТҮЦ байрлуулсан гэж ажил хариуцсан албан тушаалтан хэлсэн ч иргэдээс ирүүлсэн гомдол бодитой буюу одоогоор 2 дахин их 81 ширхэг ТҮЦ-ийг хүрээлэнгийн дотор байрлуулж, цэцэрлэгт хүрээлэнгийн үндсэн өнгө төрх, төлөвлөлт хэдийнээ алдагджээ. Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн бол нийслэл Улаанбаатар хотын “ногоон зүрх” болсон, иргэдийн очиж алхах, амрах, салхилах, эрүүл мэнддээ анхаарч дасгал хөдөлгөөн хийх зориулалттай 973 га газрын 85 хувь  нь зөвхөн мод, бут, зүлэгжүүлэхээр төлөвлөлт хийгдсэн цэцэрлэгт хүрээлэн юм. Бодит байдлыг хараад үнэхээр иргэд бухимдахаас өөр аргагүй байна. Анх бүтээн байгуулсан хүний хувьд би ч харамсч байна. Төсөл хэрэгжүүлж байгаа болон ажил хариуцсан албан тушаалтнуудад анхны ерөнхий төлөвлөгөөг алдагдуулахгүй, ногоон байгууламж сүйтгэхгүй, иргэд олон нийтээс тавьж байгаа шаардлагад нийцүүлж ажиллахыг анхааруулж хэллээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.