ҮИТ-ИЙН ДАРГЫГ ГЭМ БУРУУТАЙД ТООЦОЖ, ЯЛ ШИЙТГЭЛЭЭ

Үндэсний итгэмжлэлийн төв (ҮИТ)-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Соронзонболдод холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэж, шийтгэх тогтоолоо гаргажээ.

НПГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд тус шүүхийн шүүгч С.Өсөхбаяр, улсын яллагч Н.Энхболд, шүүгдэгчийн гурван өмгөөлөгч, гэрч М.Цэрэндэжид, О.Аззаяа, Б.Ичинхорлоо, С.Чимэдцэрэн, Л.Сарангэрэл нарыг оролцуулан хийсэн хурлаас шүүгдэгч С.Соронзонболдыг гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь гурван жил хасаж, 7.2 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.

Тэрбээр 2022 оны нэгдүгээр сарын 14-нд “Медика Монголиа” ХХК буюу “Сос медика” эмнэлгийн харьяа эмнэл зүйн лаборатори нь “MNS ISO15189:2015 стандан шаардлага хангахгүй” гэсэн техникийн хорооны шинжээчдийн зөвлөмж, дүгнэлт гарсан байхад ML18 дугаартай “стандартын шаардлагыг хангасан” тухай итгэмжлэлийн гэрчилгээ гарган өгч, давуу байдал олгосон хэрэгт холбогдсон юм.

“Оюутолгой” ХК-ийн ажилчдаас шинжилгээ авдаг “Медика Монголиа” ХХК-ийн “Сос медика” лабораторийнхон өөрийн байранд бус, ХӨСҮТ-д дээжээ хүргүүлэн шинжлүүлж байсан бөгөөд тус компанийнхан ХӨСҮТ-тэй “Төлбөрт тусламж, үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулан дээжээ шинжлүүлэн хариуг нь гэрэгэ системд өөрийн байгууллагын албан баланк дээр гаргаж байсан юм. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэсэн үг. Тодруулбал, MNS ISO15189:2015 стандартын шаардлага хангасан гэрчилгээгүй ажиллаж байв.

“Медика Монголиа” ХХК-ийн “Сос медика” лабораторид ҮИТ-ийн дарга С.Соронзонболд албан тушаалаа урвуулж, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Итгэмжлэлийн гэрээ байгуулах, гэрчилгээ олгох журмаа зөрчин давуу байдал олгосныг шүүх ийнхүү тогтоолоо. Харин хууль бус гэж хэлж болохуйц гэрчилгээ гаргуулсан тус лабораторийнхонтой “Оюутолгой” компанийн байгуулсан гэрээ хэрхэх бол.

эх сурвалж: Tac.mn


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.