ҮНДЭСНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТӨВИЙН ДАРГА С.СОРОНЗОНБОЛД ХУУЛЬ, ЖУРМАА ЗӨРЧИН БУСДАД ДАВУУ БАЙДЛААР ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЖЭЭ

Үндэсний итгэмжлэлийн төвийнхөн эрүүл мэндийн лабораторийн чанар ба чадавхад тавих шаардлага хангасан байгууллагад олгох ёстой гэрчилгээг дүгнэлтээ гаргаагүй байхад өгчээ.

Тус төвийн дарга С.Соронзонболд ийм хууль зөрчсөн үйлдэл гаргасан бололтой. Энэ талаар дэлгэрүүлэн хүргэе : 

БНХАУ улс руу нүүрс тээвэрлэдэг жолооч нарыг хил нэвтрүүлэхийн тулд PCR шинжилгээ авдаг болсон. Хахууль авч шинжилгээний хариуг өөрчилдөг байж болзошгүй дуулиан тэр үеэс өрнөж эхэлсэн. Шинжилгээний хариунууд зөрүүтэй гарч, эрүүл хүнийг “Ковид-19”-өөр өвдсөн, халдвартай хүнийг эрүүл гэж шинжилж байсан учраас цагдаа, тагнуулын байгууллага шалгаж эхэлжээ. Улмаар Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг лабораториудын шинжилгээ хийх болон хариу гаргаж буй явцыг судалжээ.Энэ үеэр “Сос медика” лабораторийнхон өөрийн байранд бус, ХӨСҮТ-д дээжээ авчран шинжлүүлдэг болохыг тогтоожээ.

Ингээд лавшруулан судлахад ХӨСҮТ-тэй “Төлбөрт тусламж, үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулан дээжээ шинжлүүлэн, хариуг нь “Гэрэгэ” системд өөрийн байгууллагын албан бланк дээр гаргаж буйг ил болгосон байна.

ХӨСҮТ-өөр шинжлүүлдэг шалтгаан нь “Медика Монголиа” компанийн лаборатори нь холбогдох байгууллагаас итгэмжлэлийн гэрчилгээ, PCR шинжилгээ хийх эрх аваагүйтэй холбоотой. Гэтэл саяхан Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.Соронзонболд эрх мэдлээ хэтрүүлэн тус лабораторийнхонд ML18 дугаартай итгэмжлэлийн гэрчилгээ ол­гожээ.

Энэ нь холбогдох хууль журам, хамтын шийдвэр гаргах зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. С.Соронзонболдын ийнхүү дураараа авирласан нь эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал олгосон авлигын гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. 


“Медика Монголиа” компанийнхан лабораторио итгэмжлүүлэх хүсэлтийг өнгөрсөн оны аравдугаар сард гаргасан. Хүсэлтийг хүлээн авсан Үндэсний итгэмжлэлийн төвийн удирдлага үнэлгээний ажлын хэсэг томилдог журамтай. Ажлын хэсгийнхэн эхлээд бичиг баримтыг нь нягтлаад, оффисыг нь үзэж үнэлэх, гэрчлэх үнэлгээнүүд хийдэг. Үүний дараа үнэлгээний нэгдсэн тайлан бэлтгэж итгэмжлэлийн байгууллагад хүргүүлсний дараа техникийн хорооны хурлаар тайланг хэлэлцүүлэх, эсэхийг шийдвэрлэдэг зохицуулалттай. Техникийн хороо нь хуралдаад санал нэгтэй шийдвэр гаргах ёстой. Ингэснээр итгэмжлэл олгох, эсэх, түдгэлзүүлэх, хүрээг нь өргөтгөх, цуцлах зэрэг дүгнэлт гаргадаг. Гэтэл “Медика Монголиа” компанийн лабораторид энэ хууль журмын дагуу бус, дээрх явцыг зөрчин ISO 15189:2015 стандартын шаардлага хангасан тухай дээрх дугаартай итгэмжлэлийн гэрчилгээг энэ оны нэгдүгээр сарын 14-нд Үндэсний итгэмжлэлийн төвөөс олгожээ. Тус төвийнхөн “Медика Монголиа” компанийн эмнэл зүйн лабораторийн оффис дээр болон гэрчлэх үнэлгээ хийх явцад 20-иод үл тохиролтой гарсан байдаг.

Үүнийгээ богино хугацаанд залруулсан гэсэн тайлан гаргасан ч үйл ажиллагааны хэрэгжилт нь бүрэн бус байхад С.Соронзонболд дарга техникийн хорооны хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан нь Итгэмжлэлийн үйл явцын журмын холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл аж.

Мөн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 3.1.2 дахь хэсгийн “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн үйл ажиллагаанд бие даасан, хараат бус байх зарчмыг баримтална”, 3.1.4-ийн “үнэн зөв мэдээлэлд үндэслэсэн байх” гэж заасныг зөрчсөн үйлдэл байгаа юм.

Ийнхүү хууль, журмаа зөрчин бусдад давуу байдал олгон, ISO 15189:2015 стандартын шаардлага хангасан гэх гэрчилгээ өгсөн байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.