БОХИР УЛСТӨРЧДИЙН БАРИВЧИЛГААНЫ АРД ӨРНӨСӨН “АШИГ СОНИРХОЛ”-УУД ...

Төрийн өмчит “ДЦС-3”-ийн захирал Ч.Чинбатыг  авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан хэмээн мэдээлж байв. Түүнийг 48 цаг саатуулаад сулласан бөгөөд гарсан даруйдаа ажлаа өгч, хэргээ хүлээсэн. АТГ-аас Эрчим хүчний яамны харъяа зарим  байгууллагад хяналт, шалгалт явуулахад тендерт оролцсон аж ахуйн нэгжүүдийг зориудаар хасаж, өөрийн танил тал, хамаарал бүхий этгээд буюу аж ахуйн нэгжид давуу байдал олгосон, тендерийг өрсөлдөгчгүй олгож, шууд гэрээ байгуулсан байж болзошгүй зэрэг зөрчил илэрсэн тул АТГ-аас Ч.Чинбатыг гүйцэтгэх ажиллагаа явуулж баривчилсан.Ч.Чинбат нь “Содон номин констракшн” ХХК, “Тод эксим” ХХК-нд давуу эрх олгож, хууль бусаар тендер олгож,  үйл ажиллагаа нь эхлээгүй байхад төслийн санхүүжилтийг 100 хувь олгосон бөгөөд “Тод эксим” ХХК-нд хууль бусаар тендер өгч, түүнээсээ их хэмжээний авлига авсан байж болзошгүй аж.Үүний зэрэгцээ тэрээр нэгэн нэр бүхий УИХ-ын гишүүний нууц амрагийн тендерийн бизнесийг дэмждэг гэх мэдээлэл ч бий.Гэвч түүнийг баривчлагдаж ажлаа хүлээлгэн өгснөөс хойш “ДЦС-3” компанийн ТУЗ-ын шийдвэрээр 30 сая төгрөгийн тэтгэлэг олгож олны эгдүүцлийг төрүүлээд байгаа.

Хоёр хоногийн өмнө  Татварын Ерөнхий газрын дэд дарга Ц.Цогтжаргалыг АТГ-аас саатуулж  гэр албан өрөөнд нь нэгжлэг хийв. Түүнийг мөн л албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн буруутгаж байгаа. Д.Цогтжаргал нь 2017 оноос ТЕГ-ыйн орлогын газрын даргаар ажиллаж байгаад 2019 онд дэд даргаар томилогдсон бөгөөд  энэ хугацаанд түүний өөрийн болон гэр бүлийн орлого өсч ирсэн.

Наймдугаар сарын дундуур АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Мал эмнэлгийн ерөнхий газар /МЭЕГ/-ын дарга асан Д.Түмэндэмбэрэл, тус газрын Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын дарга Б.Батсүх нарыг баривчилсан. Тэднийг  импортоор оруулж ирсэн малын вакциныг тав дахин  өндөр үнээр улсад шахаж, дундаас нь 800 мянган ам.доллар завшсан хэрэгт шалгаж эхэлсэн. Тэд 2018 оноос хойшхи ийм үйлдлүүдээрээ 800 мянган ам.доллар завшсан  байж болзошгүй.

Мөн бохир улстөрчдийн эгнээнд элсэж , баривчлагдан саатуулагдсан эрхмүүдийн жагсаалтад ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр, УСУГ-ын дарга Ц.Төрхүү, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь нарзүй ёсоор нэрлэгдэж байна.

“Ковид-19” цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжид ирэх эдийн засгийн дарамтаас хөнгөлж, дэмжлэг үзүүлэх зорилгоор цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сараас хойш Монгол Улсын Засгийн газраас хариуцах болсон.Харин Засгийн газрын энэ шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй эдгээр  байгууллагын дарга нар дээрхи хөнгөлөлтийг хэрэгжүүлэхдээ эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, хөрөнгө завшсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.Тэд айл өрх, аж ахуйн нэгжийн цэвэр, бохир усны төлбөр дээр ОСНААУГ, УСУГ, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн эрх бүхий албан тушаалтнууд мөнгө нэмж бичин улсад их хэмжээний хохирол учруулж байсныг хууль сахиулагчид тогтоожээ.Энэ талаар хууль, хяналтын байгууллагынхнаас тодруулахад  дээрхи нэр бүхий дарга нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан эрх мэдлээ урвуулсан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн нь үнэн. Шалгалтын явцад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах, эсэх нь тодорхой болно” гэжээ.

Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү болон хамаарал бүхий этгээдүүдийнх нь  гэрт АТГ-ынхан наймдугаар сарын 26-нд нэгжлэг хийв. Нэгжлэгээр Ц.Ганхүүгийн гэрээс 200 сая төгрөгтэй тэнцэх доллар, юань, валют гарч ирснийг хураажээ.Түүнийг ашиг сонирхлын зөрчил үүсгэж, Зайсангийн аманд хамаарал бүхий хүмүүсийнхээ компанид барилга, орон сууц барих зөвшөөрөл олгуулсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ.Тэрээр өөрийн төрсөн хүү болох Ганхүүгийн Батболдын гүйцэтгэх захирлаар ажилладаг, 2006 онд байгуулсан, өөрийн 50 хувийн эзэмшлийн “Инэл” компанид барилга, орон сууц барих зөвшөөрөл олгосон ,  тус компани Зайсангийн аманд “Инэл Зайсан виллаж”, “Чариот Резиденс”, “Морьтон Резиденс” хотхоныг барьсан гэх мэдээлэл бий. 

Наймдугаар сарын 11-ний  Засгийн газрын ээлжит хуралдаанаар ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Улмаар  түүний албан үүргээ гүйцэтгэх хугацаанд холбогдсон асуудлуудыг шалгуулахаар АТГ-т шилжүүлжээ.Тэрээр “Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар” чиглэлийн  МИАТ ХК-ийн нислэгийн тоог цөөлж, бусад хувийн авиа компанид мэдэгдэлгүй  зөвхөн “Изинис Эйрвэйз” ХХК-ийнхыг нэмэгдүүлэхээр нууцаар ажиллаж байгаад баригджээ.Энэ нь  өөрийн шууд   удирддаг МИАТ ХК-даа хохирол учруулсан гэрээ хийж, эрх ашгийн зөрчил  гаргасан гэсэн үг юм. Хууль хяналтынхан Л.Бямбасүрэнгийн гэр, зуслангийн байшинд нь үзлэг нэгжлэг хийж , ХОМ-тээ мэдүүлээгүй компани, үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээллүүдийг илрүүлжээ.

 ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяа. БЗДХ лабораторийн эрхлэгч Ш.Мягмарсүрэн тэргүүтэй хүмүүсийг шалгаж байгаа.  Тэд төсөвт хуримтлагдах учиртай их хэмжээний мөнгийг хуваан завшсан байж болзошгүй асуудлыг АТГ мөрдөн шалгаж дуусаад, прокурорын байгууллагад шилжүүлжээ.2018 оны тавдугаар сарын 28-ны өдөр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү А/48 тоот “Төлбөртэй тусламж үйлчилгээний журам жагсаалт, тариф батлах тухай”  тушаал гаргажээ.Энэ тушаал хэрэгжиж эхэлснээр төлбөртэй үйлчилгээний орлогыг тушаалд заасан ёсоор хүлээн авахгүй, үйлчлүүлэгчээс бэлнээр авч, нэр бүхий албан тушаалтнууд зохион байгуулалтад орж, хувьдаа хуваан авдаг гэх хардлага үүсчээ.Энэ нь ковидын үеэр бүр даамжирч  гадаад улсаас тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс коронавирусийн шинжилгээ авахдаа тус бүрээс нь 150 мянган төгрөгийг бэлнээр хураан авсан, уг мөнгөний 50 хувь нь ХӨСҮТ-ийн санхүүд орсон ч үлдсэн 50 хувийн зарцуулалт тодорхойгүй байжээ.  Тусгай үүргийн онгоцоор ирсэн нийт 6000 орчим иргэн байгаа бөгөөд тэдний шинжилгээний мөнгө нийт 900 орчим сая төгрөг болж байгаа. Гэтэл ХӨСҮТ-ийн санхүүд тус үйлчилгээний төлбөр болох 499 сая төгрөг орж , 400 гаруй сая төгрөг дутаж байгаа нь шинжилгээ авах чиг үүрэгтэй хэлтэс буюу Лабораторийн хэлтсийн албан тушаалтнууд хувьдаа завшсан байж болзошгүй асуудлыг үүсгэжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.