“УБТЗ” ХНН: АЧИЛТЫН ДЭЭД АМЖИЛТАА ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Боомтын сэргэлтийн  бодлогын хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс Замын-Үүд боомтын төмөр замын ачаа тээврийн эргэлтийг хурдасгах, тус боомтоор нэвтрэх экспорт, импортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, шаргуу ажиллаж байна.  

Өчигдөр /2023.02.22./ “Замын-Үүд дэх УБТЗ-ын Шилжүүлэн ачих ангийн хамт олон мэргэжлийн өндөр ур чадвар гарган ачилтын технологит хугацаанаас богино хугацаанд 397 чингэлэг, 12 хагас вагон, 8 битүү вагон буюу нийт 417 вагон, чингэлэг шилжүүлэн ачиж, нарийн царигийн вагоноос 167 вагон ачаа талбайд буулган, 388 бичиг баримт боловсруулж, ачилтын дээд амжилтаа шинэчлэн тогтоолоо. Ийнхүү ачилт, буулгалтыг нэмэгдүүлснээр вагоны сул зогсолтыг бууруулж, ачаа тээврийн эргэлтийг хурдасгах ач холбогдолтой юм.

Ачилтын дээд амжилт тогтооход Замын-Үүд зангилааны нийт төмөр замчдын гар нийлсэн хамтын хүчин чармайлт чухал үүрэг гүйцэтгэжээ. 

Дашрамд дурдахад өнгөрсөн онд  УБТЗ экспортын 8.6 сая тонн, импортын 4.1 сая тонн, транзит 3.1 сая тонн ачаа буюу нийт 16 сая тонн гадаад худалдааны ачаа тээвэрлэсэн бол энэ жил уг тээврийн хэмжээг 5,1 сая тонноор буюу 31,9 хувиар нэмэгдүүлэхээр хөрш орнуудынхаа төмөр замуудтай ярьж тохирчээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.