НЭГҮҮН МЭДЭЭ
МӨНГӨН ТЭМДЭГТ ХУУРАМЧААР БЭЛТГЭЖ, АШИГЛАСАН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 5-9-ний өдрүүдэд 281 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал: Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 156, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 36, Авлигын 14, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 8, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, татвар төлөхөөс зайлсхийх, мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах, кибер орчинд хууль бусаар халдсан тус бүр нэг гэмт хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмээн Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ.

НМХГ-ЫН ХЭЛТСИЙН ДАРГА АСАН Ж.ГАНЗОРИГИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Ганзоригт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг хясан боогдуулах замаар өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ өмсөх хувцсыг дарамталж авхуулдаг байсан гэх хэрэгт буруутгаж анх шалгаж эхэлсэн. Тэрбээр өөрөө болон гэр бүлийнхнийхээ өмсөх брэндийн хувцсыг аж ахуйн нэгжийнхнийг дарамтлан авч байсан гэдгийг хууль сахиулагчид тогтоож, шинжээчид ч 10 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх эд зүйл авхуулсан хэмээн дүгнэсэн байдаг. Уг хэргийг шалгах явцад бусдыг дарамтлан Богд хан уулын дархан цаазат бүсийн Арцатын аманд газар эзэмших эрхийн хугацаа дууссан, хүчингүй болсон нэг га газрыг 1.6 тэрбум төгрөгөөр үнэлж борлуулсныг ч тогтоосон. НПГ-аас Ж.Ганзоригт Эрүүгийн хуулийн 22.4-5 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд хясан боогдуулах аргаар хахууль авсан”, 22.1-2-т заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн аж. Тэрбээр бусдаас хахууль аваагүй, гэмт хэрэг үйлдээгүй хэмээдэг ч нотлох баримтуудаар хясан боогдуулж хахууль авсан, албан тушаалаа урвуулсан нь тогтоогдож байгаа гэж прокурорын байгууллагынхан үзсэн гэнэ. Эдгээр үйлдлээс гадна эхнэрийнхээ нэр дээр Баянзүрх дүүрэгт 100 ам метр үйлчилгээний талбай хахуульд авсан гэж буруутгаж буй юм билээ. Харин Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, “Алтай хаус” гэх хотхонд 101 ам метр талбай бүхий орон сууц төрсөн дүүгийнхээ нэр дээр авсан гэх үйлдэл нь 2012 онд болсон, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас хэрэгсэхгүй болгосон гэнэ. НМХГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга асан Ж.Ганзоригт холбогдох хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэснийг бид цаг тухайд нь мэдээлэх болно.

Ж.СОРОНЗОНГИЙН НӨХӨР БСШУ-НЫ САЙДАД ДУРГҮЙЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЭВ

Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг сурган хүмүүжүүлэгчийн ёс зүйгүй үйлдэл гаргасан талаар Боловсролын сайд цахим хуудастаа бичиж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг Оросын талд хүргүүлэхээ мэдэгдсэн. Үүний дагуу шуурхай арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан билээ. Тэгвэл Ж.Соронзонгийн нөхөр Н.Лүндэндорж “Сайд хүн изгаар мизгаараар шийдвэр гаргах нь буруу байхаа.Сэтгэлийн хөдлөл, хөөрлөө дарж сурснаар л улс төрч болдог юм гэсэн” хэмээн цахим хуудаснаа бичжээ. Түүний нөхрийг хүний аминд хүрчихээд үйлдсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээж, шүүгдэгчийн ширээний ард суугаагүй, ял сонсоогүй, хэргээ хүлээгээгүй нэгэн гэдгийг сэтгүүүч Будрагчаа дэлгэж байсан билээ. Ямартай ч тэд цахим хуудсанд байр сууриа илэрхийлж эхэлжээ.

БУМХИШИГТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ГАДААД ХЭРГИЙН ЯАМНААС ТАЙЛБАР ӨГЛӨӨ

Монгол Улсын иргэн Б 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр БНКирУ-ын Ош мужийн нутаг дэвсгэр Памира уулын Лениний оргилд гарах гэж яваад хоёр хөлөө гэмтээсний улмаас 5800 метрийн өндөрт гацсан тухай мэдээллийг Монгол Улсаас БНКирУ-д суугаа ЭСЯ-аар дамжуулан хүлээн авсан даруйд ар гэрийг нь тогтоон, холбогдох дэмжлэгийг үзүүлж ажиллаж байна. БНКирУ-д суугаа манай ЭСЯ-наас Киргиз Улсын ГХЯ, Онцгой байдлын яам, Онцгой байдлын удирдлагын төвтэй шуурхай хамтран ажиллахын зэрэгцээ иргэн Б-тэй тогтмол холбогдож байна. Иргэний сэтгэл зүй, биеийн байдал хэвийн байгаа бөгөөд одоогийн байдлаар 5800 метрийн өндөрт майханд 3 хоногийн хоол ундны нөөц, хийн зуухтай байрлаж байгаагаа мэдээлсэн байна. Цаг агаарын хувьд шөнөдөө -9, өдөртөө 10 градусын хооронд тогтуун байдалтай байна. Иргэнийг авчрахаар Монголоос явсан 2 уулчин киргизийн 4 уулчны хамт өнөөдөр өглөө /09.09/ авиралтаа эхлүүлж, урьдчилсан тооцоогоор маргааш өглөө гэмтсэн уулчны байгаа газарт очих, 2-3 хоногийн дараа бууж ирэх юм. Эдгээр уулчид 3000 метрээс доош бууж ирсэн даруйд Ош хотын онцгой байдлын албан хаагчид тосон авахаар бэлтгэж байгаа болно.

ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СОНГОДОГ УТГААР НЬ ХӨГЖҮҮЛНЭ

“Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийг 2013 онд үүсгэн байгуулсан. Ингэснээр Монгол Улсад анх удаа энэ салбарын бараа, түүхий эдийн зах зээлийн харилцааг биржийн тогтолцоогоор зохицуулах боломж бүрдсэн. Үүнээс хойш 10 орчим жил өнгөрсөн ч ноос, ноолуур, тосны ургамал, ямааны завод ноос зэрэг цөөн тооны бүтээгдэхүүн дээр бирж үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн хоёр жил бирж ашигтай ажиллаж байгаа ч үйл ажиллагааг нь эрс өөрчилж, сонгодог утгаар нь хөгжүүлэх хэрэгцээ шаардлага хэдийнэ үүсэж бий болсон. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: "Монгол Улсад малаас гарч байгаа түүхий эд үнэгүйдэж, ямар ч хэрэгцээгүй хог хаягдал болох хэмжээнд хүрсэн. Тиймээс бодлогын хэмжээнд биржийн үйл ажиллагааг олон төрлөөр зохион байгуулж, солонгоруулан ажиллах шаардлагатай байна. Бирж сонгодог утгаараа хөгжсөнөөр дундын зуучлагч буюу ченжийн зах зээлийг хязгаарлах боломж бүрдэнэ" гэдгийг онцоллоо. Биржийн үйл ажиллагааг зохион байгуулах суурь хууль эрх зүйн орчин бүрдсэн, олон улсын блокчейн технологийг нэвтрүүлсэн тул энэ боломжоо бүрэн дайчлах, цаашид Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран ажиллаж өрсөлдөх чадвараа сайжруулахыг шаардлагатайг биржийн удирдлага, ажилтнуудад сайд Bolorchuluun Khayangaa онцгойлон үүрэг чиглэл болголоо.

ШШҮХ-Д АЖИЛЛАЖ БАЙСАН ЦАГДААГИЙН АЖИЛТАН ТТАХНЭ-ИЙН ДОЛООН ДАВХРААС УНАЖ НАС БАРЖЭЭ

Өчигдөр оройн /2022.09.08/ 17:00 цагийн орчин Төрийн тусгай алба хаагчийн нэгдсэн эмнэлгийн долоон давхраас эрэгтэй хүн унаж нас барсан байна. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгахад амь хохирогч нь ШШҮХ-д ажиллаж байсан цагдаагийн ажилтан 30 настай, эрэгтэй н.н байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Тэрээр уг эмнэлэгт хэвтэн эмлчүүлж байсан аж. Өндрөөс унаад амьд байхад нь түүнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн ч бэртлээ даалгүй өөд болсон байна.

АЛГА БОЛСОН ХҮҮ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН 108 ТӨВД ХАНДСАН БАЙЖЭЭ

Есдүгээр сарын 8-ны өдөр Цагдаагийн байгууллагад БЗД-ийн 21-р хорооны 127-р сургуулиас нэгэн хүү хичээлээ тараад гэртээ ирээгүй алга болсон дуудлага иржээ. Хүү хичээлээ тараад хүүхэд хамгааллын 108 төв дээр өөрөө ирсэн байна. Ээж, аав нь нас барсан учраас ээжийнхээ дүүгийнд амьдардаг байжээ. Xүүг тухайн ар гэрийнхэн нь зоддог учраас өөрөө ийнхүү 108 төвд хандахаас аргагүй болсон гэжээ.

СОГТУУ ЭМЭГТЭЙГ ДЭЭРЭМДСЭН ТАКСИНЫ ЖОЛООЧ ЯЛ ЭДЛЭХЭЭР БОЛЛОО

Хувиараа таксинд явдаг 33 настай Б 2021 оны аравдугаар сарын 20-21-нд шилжих шөнө Дарь-Эх рүү гэртээ хүргүүлэхээр суусан эмэгтэйн согтуурсан байдлыг далимдуулан биед нь халджээ. Тодруулбал, Баянхошуу руу авч явж, гудамжинд эмэгтэйг чирч буулгаад цүнхийг нь авч зугтаж явсан гэмт хэрэгт холбогджээ. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Харин Дээд шүүхээс Б-г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ялыг нь нэг жил болгон бууруулжээ.

САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШИЙГ ЭНЭ САРЫН 15-НААС БОРЛУУЛНА

Нийслэлийн хэмжээнд одоогоор 95 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцлөөд байна. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт 9 агуулахад 13 мянга, Сонгинохайрхан дүүрэгт 11 агуулахад 26 мянга, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт тус бүр 4 агуулахад 11 мянга, Баянгол дүүрэгт 4 агуулахад 7 мянга, Хан-Уул дүүрэгт 6 агуулахад 13 мянга, Налайх дүүрэгт 4 агуулахад 4165 тонн, “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрт 7436 тонн түлш нөөцөлжээ. НИТХ-ын ээлжит хуралдааны үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө сайжруулсан шахмал түлшний талаар ярихдаа: “Энэ оны 1 дүгээр сарын 1-нээс 9 дүгээр сарын 6 хүртэл тээврийн 31 компанитай гэрээ байгуулсан. Тэдгээр компаниуд 392100 тн сайжруулсан шахмал түлш тээвэрлэсэн. 2020 онд 22 тээврийн компани, 2021 онд 35 тээврийн компанийг сонгон шалгаруулж байсан. 2022-2023 оны халаалтын улиралд нийслэлийн агаарын чанарын бүсэд сайжруулсан түлшний 650 цэгийг сонгон шалгаруулахаар төлөвлөсөн”-ийг дурдав. Ажлын хэсэг нийслэлийн 7 дүүрэгт сайжруулсан түлш борлуулах хүсэлтээ ирүүлсэн 650 цэгтэй танилцсан. Энэ сарын 15-аас эхлэн шаардлага хангасан борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл хангалаа. Цар тахлын үед сайжруулсан шахмал түлшийг 50-75 хувь хүртэл хөнгөлөлттэй үнээр борлуулж байсан. Нэг шуудай түлшний үнэ 3875 төгрөг. Засгийн газраас үнэ хямдруулах эсэхийг шийднэ. Гэр хорооллын өндөрлөг байршлуудад борлуулалтын цэг ажиллуулна. Шаардлагатай тохиолдолд борлуулалтын цэгийг нэмэх боломжтой аж. Агаарын чанарын бүсэд Налайх дүүрэг энэ жилээс орж байгаа бөгөөд сайжруулсан шахмал түлшийг анх удаа хэрэглэнэ. Налайх дүүргийн нийт хүн амын 70 хувь буюу 7691 өрх гэр хороололд амьдардаг. БОАЖЯ-нд нээлттэй тендер зарлан тэдгээр өрхөд угаарын хий мэдрэгч тараах бэлтгэл хангаж байгааг Хотын орлогч дарга мэдээллээ.

ДИЗЕЛИЙН ҮНЭ НЭМЭГДСЭНЭЭС ХӨДӨӨГИЙН ИРГЭД АСАР ҮНЭТЭЙ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭЖ БАЙНА

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус намын дэд дарга Ч.Отгочулуу "Инфляц 16 хувьтай гарчээ. Олон жилийн дунджаас үзэхэд өдийд инфляц хасахтай гардаг. Гэтэл энэ жил 16 байгаа нь сүүлийн жилүүдэд тохиогоогүй үзэгдэл. Инфляцын нөлөөнд хөдөө, орон нутгийнхан маш их өртөж байна. Хотоос хөдөө рүү ачаа зөөж байгаа бүх автомашин дизель шатахуун хэрэглэдэг. Манай Засгийн газраас 92 авто бензин хэрэглэдэг сонгогчдод зориулж шатахууны үнийг хямд байлгасан. Үүний ачааллыг дизельд нэмсэн. Дизелийн үнээр дамжаад орон нутгийнхан асар үнэтэй зүйл хэрэглэж байна. Жишээлбэл, өнгөрсөн жил 100 мянган төгрөгөөр авдаг байсан бараа, бүтээгдэхүүнээ өнөөдөр 200 мянгаар авч чадахгүйд хүрсэн олон айл бий. Инфляцын алдааг олон улстай холбож их ярьж байна. Гэтэл 70-80 хувь нь бодлогын алдаатай холбоотой" гэлээ. АН-ын нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга нь ЗГХЭГ-ын дарга болчихлоо. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гал тогоог барьж байна. Энэ бол буцаад 90 оны нам, төр нэг байдаг тогтолцоо руу Монгол Улс явж буйн илрэл. Ингэж болохгүй ээ. Нам, төр ялгарахаа байж татвар төлөгчдийн бүх мөнгийг 2024 оны сонгуульд зарцуулах гэж байна. Эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийхийн тулд Үндсэн хуулийн цэцийг ашигласан. Цэцийн есөн гишүүн Үндсэн хуулиараа тоглосон. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх ёстой гэдэг тогтоолыг Цэц гаргаж, үүний дагуу УИХ Үндсэн хуулиа өөрчлөх гэж байх шиг байна. Гэхдээ үүний тулд кноп хэрэгтэй байгаа учраас АН-ын бүлгээр тоглосон. Манай намын бүлгийн даргыг огцруулсан асуудлыг явж, явж УИХ дээр МАН-ын нам хүч түрээд хийчихлээ. АН-ын бүлгийн асуудал Г.Занданшатарт ямар ч хамаагүй" гэв.

1 ... 162 163 164 165 166 167 168 169 170 ... 317