SOCIAL NEWS
ӨНГӨРСӨН ИРГЭН ЦОГЦОС ХАДГАЛАХ ГАЗАР АМИЛЛАА

Өнгөрсөн хүмүүс оршуулгын ёслолын үеэр гэнэт ухаан орох, эсвэл цогцос хадгалах газар сэрэх зэргээр цочирдом тохиолдол цөөнгүй. Энэтхэг улсын нэгэн иргэн шарил хадгалах газар гэнэт "амилсан" хачирхалтай тохиолдол гарсан байна. Тус залуу мотоциклд мөргүүлэн эмнэлэгт хүргэгдэж, анхны тусламж үзүүлсэн ч ослын улмаас авсан шархаа даалгүй амиа алдсан хэмээн тэмдэглэж цогцсыг шарил хадгалах газарт хүргэсэн байна. Төд удалгүй төрөл төрөгсөд болон цагдаа нар задлан шинжилгээний бичиг баримтыг бүрдүүлэхээр цогцос хадгалах газарт ирэхэд үхсэн хэмээгдэж байсан залуу "амилжээ". Холбогдох байгууллагаас амьд хүнийг нас барсан гэж зарласан түргэн тусламжийн эмч нарын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа аж.

ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭГЧ НАРААС ХОЁР САЯ ШУУДАЙ ХУДАЛДАЖ АВНА

Дотоодын шуудай үйлдвэрлэгч компаниудаас " Таван толгой түлш " ХХК нүүрсний 25 кг жингийн хоёр сая ширхэг шуудайг худалдан авахаар болжээ . Саналаа ирүүлэх хүсэлт тавьсан ч одоогоор санал ирүүлсэн компани байхгүй байгаа аж . Шуудай нийлүүлэх компани нь : Аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ Монголын сав баглаа, боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тодорхойлолт Үйлдвэрийн дэлгэрэнгүй танилцуулга ирүүлэх Нийлүүлэх барааны техникийн тодорхойлолт, үзүүлэлт, стандарт, зураг ирүүлэх. Татварын өргүй талаар тодорхойлолт Шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа ирүүлэх ШШГЕГ-ын тодорхойлолт ирүүлэх Харилцагч банкны зээлийн хүүгийн өргүй талаарх тодорхойлолт Сүүлийн 3-н жилд /2018, 2019, 2020 он/ хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэл, түүний жагсаалт зэргийг бүрдүүлэх ба Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Эрдэнэс таван толгой ХК-ийн байр, Таван толгой түлш ХХК, 123 тоот Худалдан авах ажиллагааны хэлтэс хаягаар эх хувиар битүүмжилж 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цагаас өмнө ирүүлэх ёстой аж.

БҮХЭЭГТЭЭ ТАМХИ ТАТСАН ЖОЛООЧИД ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВАВ

Бүхээгтээ тамхи татсан Нийтийн тээврийн жолоочид арга хэмжээ авчээ. Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Автобусны жолооч О үйлчилгээнд явж байхдаа тамхи татаж, зогсоолгүй газар зорчигч буулгасан. Тиймээс хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, жолоочийг сургалтад хамруулахаар боллоо" хэмээв. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлжээ.

МОТОЦИКЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХОРИГЛОЛОО

Завхан аймгийн Засаг дарга захирамж гарган тус аймгийн нутаг дэвсгэрт таван сарын хугацаанд мотоциклоор хөдөлгөөнд оролцохыг хоригложээ.

ЧЕНЖИЙН НУГАЛААГҮЙ ҮНЭЭР ӨВЛИЙН ИДЭШ БОЛОН ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Нийслэлийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг энэ сарын 25-наас арванхоёрдугаар сарын 2-ны өдрийг дуустал зохион байгуулна. Орон нутгаас бэлтгэсэн, гарал үүсэл нь баталгаатай малын мах, сүү, цагаан идээг борлуулахаас гадна шинэ ургацын улаанбуудайн гурил, цагаан будаа, ургамлын тос зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг бөөний үнээр худалдаална. Орон нутгий н мал, махны бизнес эрхлэгчид, иргэд болон цагаан идээ үйлдвэрлэдэг ААН-үүдээ дэмжих шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ хүрээнд бид нийтдээ 31 байршилд өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар төлөвлөлөө. Тухайлбал Төв цэнгэлдэх хүрээлэнд сарын хугацаанд өргөтгөсөн худалдааг зохион байгуулж Улаанбаатарын иргэдээ дундын зуучлалгүй, хямд үнээр мах, сүү цагаан идээ худалдан авч, өвлийн идшээ базаах боломжийг олгож буй юм. Өөрөөр хэлбэл орон нутгийн бизнес эрхлэгчид болон иргэдийн бэлдсэн мах, цагаан идээг ченж болон худалдааны байгууллагын нугалаагүй, хямд өртгөөр төв суурин газрын иргэдэд нийлүүлнэ.

ӨВЛИЙН ТЭСГЭМ ХҮЙТЭНД ХЭДХЭН ХОНОГТОЙ ҮРЭЭ ОРЦОНД ОРХИН ЯВЖЭЭ

Орцонд өлгийтэй нярай хүүхдээ орхин явсан иргэнийг олж илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байна. "Цагдаагийн байгууллагад 2021 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр 19:00 цагийн орчимд нийслэлийн ХУД-ийн 16 дугаар хороонд байрлах орон сууцны хорооллын орцонд нярай хүүхэд хаясан байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгуулагад иржээ. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтсээс эрэн сурвалжлах шуурхай ажиллагааг зохион байгуулсны үндсэнд нярайг хаясан эцэг, эхийг олж тогтоон нярайг Хүүхдийн нэгдсэн сувилалд хүлээлгэн өгчээ.

ГАЛТ ТЭРГЭЭР ДАРХЛААЖУУЛАЛТЫН НЭМЭЛТ ТУНГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

Улаанбаатар төмөр замын Төв эмнэлэг Халдварт өвчин судлалын үндэсний төв хамтран хөдөлгөөнт дархлаажуулалтыг эхлүүлээд байна. Төмөр замчид, тэдгээрийн гэр бүлийнхэн, төмөр зам дагуу оршин сууж буй иргэдийг КОВИД-19 цар тахлын эсрэг нэмэлт тунгаар дархлаажуулахаар галт тэрэг замдаа гарчээ. Энэхүү хөдөлгөөнт дархлаажуулалтын галт тэрэг Замын-Үүд өртөөнд энэ сарын 21, 22, 23-ны өдрүүдэд зогсож дархлаажуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах аж. Цаашид Булагтай зөрлөг хүртэл зорчиж иргэдийг дархлаажуулна. Дархлаажуулалтын Галт тэрэгний хуваарьтай танилцана уу.

АИ-92 ШАТАХУУНЫГ ЛИТР ТУТМЫГ 400 ТӨГРӨГӨӨР НЭМЭХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА

"Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлын зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшлийн иргэний нийгмийн хамтарсан зөвлөлийн хуралдаанаар шатахууны үнийг сүүлийн зургаан сарын дундаж өртгөөр тооцоолж, тодорхойлох автомат механизм руу шилжих аж. Нэг удаагийн үнийн хэлбэлзэл 100 төгрөгөөс хэтрэхгүй байх үнийн зохицуулалт, бодолтыг автоматаар тооцох механизмд шилжиж байна гэсэн үг. Огцом хэлбэлзэлгүйгээр гэхээр нэг удаад шууд 300 төгрөгөөр үнийг нэмэхгүй. АИ-92 авто бензин 2050 төгрөгөөр худалдагдаж байгаа. Харин Сингапурын хөрөнгийн биржээс худалдан авч буй өртөг нь 2400 орчим төгрөг байгаа. Хуралдаанд оролцогчид нэг удаад 100 төгрөгөөс хэтрэхгүй байх автомат үнийн зохицуулалтыг авч хэлэлцээд 82 гишүүний дэмжлэгтэйгээр баталжээ. Иймд ойрын хугацаанд АИ-92 авто бензиний үнэ 100 төгрөгөөр нэмэгдэнэ гэдгийг дэд сайд хэллээ. Харин шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн зүгээс 400 төгрөгөөр үнэ нэмэх хүсэлтэй байгаа аж.

15 АЙМГИЙН 90 СУМАНД ШҮЛХИЙ ГАРЛАА

Он гарсаар 15 аймгийн 99 суманд малын шүлхий өвчин бүртгэгджээ.Одоогоор халдварын 97 голомт буюу 10 аймгийн хорио цээр бүрэн цуцлагдсан талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв. Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад Малын гоц халдварт өвчний улмаас1700 орчим үхэр устгалд оруулсан байна. Тус гурван аймагт үхрийн арьс товруутах өвчин гарсныг Засгийн газар гоц халдварт өвчний жагсаалтад оруулж, өвчилсөн малыг устгажээ.

ХҮН АЛСАН ХОЁР ЭМЧИЙН ШҮҮХ ХУРАЛ ХОЙШЛОГДОВ

“Тод каннам” эмнэлэгт гоо сайхны хагалгаанд орсон, 29 настай эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг 2 жилийн өмнө гарсан. Тус эмнэлэгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох шүүх хурал өнгөрөгч 19-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч хойшилжээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Бадамханд, Л.Баасанжав нар шинжээч нэмж оролцуулах хүсэлт тавьж, иргэний хариуцагч Д.Тодномбат Covid-19 халдварын ойрын хавьтал болсон тухай баримтаа ирүүлсэн, шинжээч Б.Байгалмаа хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байгаа аж. Тус хэрэг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тод каннам” эмнэлэгт 29 настай эмэгтэй өөх соруулах хагалгаанд орж байгаад зүрх нь зогсч, улмаар яаралтай түргэн тусламжаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад дөрөвдүгээр сарын 1-ний өдөр нас барсан юм. Тухайн үед нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Тод каннам” эмнэлэг тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэлд нийцсэн үйл ажиллагаа явуулаагүй, өөрөөр хэлбэл, өөх соруулах хагалгаа тус эмнэлгийн үйл ажиллагааны чиглэлд байхгүй гэсэн мэдээлэл өгч байв. Шүүх эмнэлгийн дүгнэлт "Мэргэжлийн бус хүн хагалгаа хийснээс үүдэн амь хохирсон" гэж гарсан. Гэтэл тухайн хоёр эмч нь Солонгост 45 хоногийн курст сурч ирээд миний охинд хагалгаа хийсэн" гэдгийг хохирогчийн ар гэрээс мэдэгдэж байв.

1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 24