ДАВХЦСАН НААДАМ, ДАВХАР АЧААЛАЛ”

Засгийн газар дахин нэг “тогтоол” гаргаж, наадмын товыг цаасан дээр гоёхон зурчихлаа. 2026 оны 143-р тогтоол гэх сүртэй нэртэй энэ шийдвэрээр Дундговь, Завхан, Сүхбаатар гурвыг яг нэг дор, долоодугаар сарын 24–26-нд шахаж тавьсан нь бодлого гэхээсээ илүү будлиан. Орон нутаг өөрийн онцлог, бэлтгэлээ харгалзах ёстой атал төвөөс ингэж багцлаад “ингээд боллоо” гэж тулгадаг хуучин арга хэвээрээ.

Орхон аймагийн баяр наадам болон Эрдэнэт хотын 50 жилийн ойг 23–25-нд хийе гэнэ. Бас л давхцал. Баяр наадам гэдэг чинь ард иргэдийн оролцоо, зохион байгуулалт, ачаалал гээд бодит асуудал ихтэй. Гэтэл ингэж огноо шахаж, давхардуулж тавих нь зохион байгуулалтыг хүндрүүлэхээс өөр үр дүн өгөх үү?

Хамгийн сонирхолтой нь хурдан морины бүсийн уралдааныг аймгуудын наадамтай “уялдуулна” гэж. Үнэндээ энэ бол уялдуулах нэрээр ачаалал нэмж, аль хэдийн шахуу хуваарь дээр дахин дарамт үүсгэж байгаа шийдвэр. Төлөвлөлт гэхээсээ илүү араас нь нөхөж наасан, бодлогогүй алхам гэж хэлэхэд нэг их хол зөрөхгүй.

Эцэст нь хэлэхэд, энэ тогтоол шийдэмгий харагдаж байгаа ч цаанаа нарийн бодолт, бодит нөхцөл байдлын тооцоо дутсан, “дээрээс буулгасан” шийдвэрийн ээлжит жишээ л болж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.