ХҮНИЙ ЭРХИЙГ УЛАНДАА ГИШГЭСЭН МАРГААН: С.АНХБАЯР VS Б.АМАРХҮҮ

Дуучин Б.Амархүү Увс аймагт тоглолт хийхээр очоод театр нь ажлаа олигтой хийсэнгүй гэж ил тод шүүмжилсэн нь зөвхөн нэг уран бүтээлчийн бухимдал байгаагүй ажлын хариуцлагын тухай асуудал байсан. Гэтэл үүний хариуд албан тушаалтан хүн гэхэд байж боломгүй үг унагаж, асуудлыг дордуулсан нь илүү ноцтой болов.

Тодруулбал, Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр сошиалд бичсэн пост нь шүүмжлэлд хариу өгсөн гэхээсээ илүү хувь хүнийг гутаан доромжилсон, хариуцлагагүй, бүдүүлэг дайралт байлаа. Албан тушаалтай хүн олон нийтийн өмнө ингэж аашлах нь зөвхөн өөрийн нэр хүндийг бус, төрийн байгууллагын нэрийг ч шавартай хутгаж байгаагаас ялгаагүй.

Хамгийн ноцтой нь аль хэдийн хуулийн дагуу хариуцлагаа хүлээгээд дууссан хүнийг өнгөрсөн алдаагаар нь дахин дахин “чангааж”, уран бүтээл хийх эрхэд нь саад хийх оролдлого гаргасан явдал. Энэ бол зүгээр нэг хэрүүл биш, илт хүний эрхийн зөрчил гэдгийг Хүний эрхийн үндэсний комисс хүртэл тодорхой хэлчихлээ. Хуулиар шийдэгдсэн асуудлыг улс төрийн өнгө аястай, хувийн өс хонзон шиг ашиглах нь байж боломгүй.

Эцэст нь хэлэхэд, энд гол асуудал нь хэн хэндээ “хатуу үг хэлсэн” дээрээ биш албан тушаалтан хүн эрх мэдлээ буруугаар ашиглаж, иргэний нэр төр, хөдөлмөрлөх эрхэд халдсан явдал юм. Үүнд хариуцлага тооцохгүй өнгөрвөл маргааш хэн ч ийм дайралтын бай болж мэднэ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.