“ИРГЭДИЙН НЭР БАРЬСАН УЛС ТӨР ҮҮ, ЭСВЭЛ БОДИТ ХАМГААЛАЛТ УУ?”

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн хурал /НИТХ/-ын дарга асан А.Баяр өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 Тэрбээр "НИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулахгүй байх шийдвэр гаргасан үндэслэлээ тайлбарлана. Юун түрүүнд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлд үр дүнтэй ажиллаж байх хугацаанд нь "мөнгө шамшигдуулсан" гэх ямар ч нотлох баримтгүй мэдээллийг цахим орчинд зохион байгуулалттайгаар тараасан нь илт гүтгэлэг. Үүний зэрэгцээ Туулын хурдны замыг дэмжиж, НИТХ-аар тогтоол гаргуулах, хурлын тэмдэглэлээр үүрэг болгосон шийдвэр гаргах зэрэг хууль бус шахалт, дарамтууд ирсэн ч тэдгээрийг хэрэгжүүлэх боломжгүй. Учир нь Туул голын байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдах эрсдэл болон "Туул голын эко-терроризм" болох уу гэдэгт иргэд хариулт авах эрхтэй бөгөөд энэхүү мега төсөл нь бодит бүтээн байгуулалт уу эсвэл мега хулгай юу гэдгийг олон нийт мэдэхийг хүсэж байгаа юм. НИТХ бол иргэдийнхээ эсрэг биш, тэдний эрх ашгийн талд зогсох ёстой байгууллага тул иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Уг асуудлаар ямар нэгэн тэмдэглэл, тогтоол гаргахгүй бөгөөд хуралдааныг ч хийхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Мөн Туулын хурдны зам тавигдсанаар Улаанбаатар хотын түгжрэл бодитой буурах эсэх нь эргэлзээтэй байсан. Үүний оронд нийтийн тээвэр болон авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, сургууль, их дээд сургуулиудын байршлыг хотын төв рүү төвлөрүүлж буй асуудлыг дурдсан.

 Миний хувьд байгалийн үнэт өв болсон Хатан Туул голынхоо эрэгт тоглож, Зайсангийн гүүрний доор найз нөхөдтэйгөө сэлж өссөн нэгэн бөгөөд голын энэ хэсгийг хамгийн үзэсгэлэнтэй нь гэж үздэг. Зайсангийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх явган хүний замтай, горхи урсаж, шувууд жиргэсэн байгалийн унаган төрхийг хадгалсан энэ хэсэгт авто зам тавих ёсгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа. Ийм үзэсгэлэнт байгалийг сүйтгэхийн эсрэг, ирээдүй болсон хүүхдүүдийнхээ төлөө санаа зовниж буй эцэг эхчүүдийн үйлдлийг НИТХ эсэргүүцэн ажиллах ёсгүй тул энэ удаагийн хуралдааныг хийлгэхгүй гэдгээ эрс илэрхийлсэн. Монгол Улс нэгдмэл улс бөгөөд НИТХ нь бүрэн эрхийнхээ хүрээнд ажиллахдаа Засгийн газрын гаргасан шийдвэрийн эсрэг зогсохгүй. Монгол Улсын Ерөнхий сайд уг асуудлын ойлголтын зөрүүг нэгмөр болгож, энэ төсөл нь үнэхээр мега төсөл үү, эсвэл мега хулгай, экологийн тэнцвэрт байдлын эсрэг үйлдэл үү гэдгийг тодорхой болтол төслийг түр зогсоохоор шийдвэрлэсэн. Иймд НИТХ нь иргэдийнхээ эрх ашиг болон Ерөнхий сайд, Засгийн газрынхаа шийдвэрийн эсрэг байр суурь гаргаж болохгүй.

 Гэвч уг эсэргүүцлийг үл тоомсорлон, хүч түрэн зохион байгуулсан НИТХ-ын ээлжит бус хуралдаан нь хууль бус бөгөөд түүнийг болсон гэж тооцохгүй төдийгүй, тухайн хурлаас гарсан аливаа шийдвэр хүчин төгөлдөр бус юм.

 Монголчууд бид улс орныхоо хөгжил, сайн сайхны төлөө зөв замаар ажил хэрэгчээр мэтгэлцдэг улс төрийн шинэ соёл, шинэ эрин ирээсэй гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Харамсалтай нь, аливаа асуудлыг бодитоор нягтлахын оронд цахим орчинд шууд ялладаг байдал газар авч байна. Тухайлбал, НИТХ-аас хэвлэл мэдээллийн байгууллагуудад 13.2 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх ташаа мэдээллийг цацсан. Уг мөнгөн дүнгийн зарцуулалтыг судлаад үзэхэд өнөөдрийн байдлаар 10.2 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарсан бөгөөд энэ нь Шүүх, Нийслэлийн прокурорын газар, Цагдаагийн газар, Тагнуулын газар, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий нийт 33 байгууллагын үйл ажиллагаанд зориулагдсан байна.

 Хууль зүйн сайдаар ажиллаж байсан, хууль мэддэг хүн ийм үндэслэлгүй, харамсалтай мэдээлэл хийсэнд харамсаж байна. Эдгээр гишүүн байгууллагууд иргэдийн эрүүл мэнд, амгалан тайван байдал болон эд хөрөнгийг хамгаалахын төлөө зүтгэснийхээ төлөө үндэслэлгүйгээр гүтгэгдэж болохгүй. Харин бид ажлын бодит үр дүнг харах ёстой. Төсөв батлагдаж, зохих санхүүжилт хийгдсэнээр хулгайлах гэмт хэрэг 44.3 хувиар, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 24.4 хувиар, нийт гэмт хэргийн өсөлт 15 хувиар тус тус буурлаа. Монгол Улсын хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх ажил ийм бодитой үр дүнд хүрч байсан тохиолдол үгүй бөгөөд үеийн үед өсөлттэй гарсаар ирсэн үзүүлэлтийг анх удаа бууруулж чадсан юм.

 Улаанбаатар хотын хөгжлийн төлөө зөвхөн нэг хүн зүтгэж байгаа хэрэг биш юм. Өнөөдөр маш олон залуус эх орон, нийслэл хотынхоо төлөө сэтгэл гарган ажиллаж, бодитой үр дүнгүүдийг гаргасаар байна. Нийслэлийн есөн дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гишүүн байгууллагууд хамтын ажиллагаагаа нэгтгэж, төлөвлөгөөгөө нийслэлд хүргүүлдэг бөгөөд нийслэлээс анх удаа бүх дүүргийн төлөвлөгөөг нэгтгэн баталж өгсөн. Иймд Улаанбаатар хотын дарга хамтдаа зүтгэж буй залуус руугаа нулимж, хичээл зүтгэлийг нь үгүйсгэж болохгүй. Харин ч тэднийг дэмжиж, нягт хамтран ажиллах ёстой.

Засаг даргын тамгын газрын шилэн данс хаалттай байдаг бол миний хувьд шилэн данснаас эмээх зүйлгүй учраас бүх мэдээллийг ил тод, нээлттэй байлгасаар ирсэн.

 НИТХ бол иргэдтэйгээ хамгийн ойр ажилладаг байгууллагуудын нэг бөгөөд бидэнд иргэдээс асар их мэдээлэл, гомдол ирдэг. Өнөөдөр Улаанбаатар хотод мега төсөл хэрэгжүүлэх нэрийн доор хэдэн тэрбум төгрөг шамшигдуулж, цаана нь мега хулгай явагдаж байна. Нууцын гэрээгээр халхавчлан байгууллагуудтай шууд гэрээ байгуулж, ашиг хонжоо хайдаг байж болохгүй. Тиймээс миний бие НИТХ-ын даргын бүрэн эрхийн хүрээнд захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулж байна. Улаанбаатар хотод хэрэгжих гэж буй мега төслүүдийн бүх мөнгөн дүн, шалгарсан компаниуд болон тэдгээрийн харилцаа хамаарлыг иргэдэд нээлттэй болгох нь энэхүү ажлын хэсгийн зорилго юм. Ажлын хэсэгт намуудын төлөөллийг тэгш оролцуулна. Эдгээр төслүүд нь бодит бүтээн байгуулалт уу эсвэл мега хулгай юу гэдгийг иргэдийнхээ хамт шүүн тунгааж, ажлын хэсгийн тайлан дүгнэлтийг холбогдох байгууллагуудад албан ёсоор өгөх болно. Түүнчлэн энэ асуудал нь Үндэсний аюулгүй байдлын түвшинд яригдах хэмжээний ноцтой нөхцөлд хүрсэн тул миний бие иргэд, олон нийттэйгээ хамт жагсаж, тэмцэх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

 НИТХ нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд улиралд нэг буюу жилд дөрвөн удаа хуралдах товтой байдаг. Энэ удаагийн ээлжит бус хуралдааны гол зорилго нь Туул голын хурдны замын төслийг дэмжсэн тогтоол гаргахад чиглэж байв. Гэвч иргэд уг төслийг эрс эсэргүүцэж, улмаар Засгийн газраас төслийг зогсоох шийдвэр гаргасан байхад НИТХ иргэдийнхээ болон төрийн бодлогын эсрэг шийдвэр гаргах шаардлагагүй гэж үзсэн тул миний бие хуралдааныг зарлаагүй юм. Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой байсан ч НИТХ-ын төлөөлөгчдийг хурдны замыг 100 хувь дэмжиж байна гэх утгатай мэдээлэл гаргахыг хүссэн.

 Хууль тогтоомжийн дагуу НИТХ-ын  дарга хуралдааныг санаачилж, зарлаагүй тохиолдолд тухайн хуралдаан хүчин төгөлдөр бус бөгөөд хууль бус гэж тооцогдоно.

 Өчигдрийн тайлбарт зарим хуулийн заалтыг 46.3 болон 6.2 андуурч дурдсан асуудал гарсан. Хэдийгээр Хурлын зөвлөл эсвэл Дарга хуралдааныг санаачлах эрхтэй ч, Хурлын зөвлөлийн зохион байгуулалтын журмыг УИХ-ын 2022 оны 07 дугаар тогтоолоор нарийвчлан баталсан байдаг. Энэхүү журмаар Хурлын зөвлөлөөс бие даасан албан ёсны шийдвэр гарахгүй бөгөөд зөвхөн Хурлын дарга танилцаж, гарын үсэг зурснаар шийдвэр эцэслэгддэг. Иймд ямар ч тохиолдолд хуралдаан албан ёсоор болоогүй тул түүнээс гарсан шийдвэрийг баталгаажуулах тухай асуудал яригдах үндэслэлгүй юм" гэлээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.