"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН НОГДОЛ АШГИЙГ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 30-НЫ ДОТОР ОЛГОНО

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр болж, компанийн 2025 оны гүйцэтгэл, санхүүгийн үр дүнг ил болголоо.

 

Тайлангаас харахад тус компани 2025 онд 30.2 сая тонн нүүрс олборлож, 27.6 сая тонн-ыг зах зээлд борлуулсан байна. Гэвч анх төлөвлөсөн 1.8 тэрбум ам.долларын орлогын зорилтдоо хүрч чадалгүй 1.7 тэрбум ам.доллар дээр тогтжээ. Үүний гол шалтгаан нь нүүрсний үнэ огцом унаж, сүүлийн зургаан жилийн хамгийн доод түвшинд хүрсэн явдал гэдгийг гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу онцолсон юм.

 

Гэсэн ч бүх зүйл нурсангүй. “Эрдэнэс Тавантолгой” 2025 онд улс болон орон нутгийн төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж, 1 их наяд 124 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Энэ ашгаас ТУЗ шийдвэр гаргаж, ногдол ашиг тараах шийдвэрийг албан ёсоор баталгаажуулжээ.

 

Хуваарилалт тодорхой: нэгж хувьцаанд 65 мянга 55 төгрөг. 1,072 хувьцаатай иргэн татварын өмнөх дүнгээр 70,270 төгрөг авах бөгөөд татвар суутгасны дараа гар дээр 63,000 төгрөг очихоор байна. Нийт дүнгээр иргэдэд 208 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар болсон нь энэ удаагийн шийдвэрийн гол хэсэг байв.

 

Н.Цэрэнсамбуу мөн “ТУЗ-ийн шийдвэрийн дагуу 2026 оны 4-р сарын 30-ны дотор ногдол ашиг олголтыг хууль журмын дагуу зохион байгуулж байна” хэмээн мэдэгдлээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.