2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙГ ДӨРВӨН УЛИРАЛТАЙ БАЙХААР БАТАЛЛАА

Боловсролын яамнаас 2026–2027 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа. Энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиуд дөрвөн улирлын тогтолцоогоор хичээллэх бөгөөд улирлын амралт, бие даалтын долоо хоногийн хуваарьт өөрчлөлт оржээ.

Хуулийн дагуу хичээлийн жилийн эхлэх, дуусах хугацаа хэвээр үлдэх бөгөөд 2026 оны есдүгээр сарын 1-нээс 2027 оны зургаадугаар сарын 4 хүртэл үргэлжилнэ.

Гол өөрчлөлтүүд:

- Өмнөх хичээлийн жилд мөрдөгдөж байсан гурван улирлын тогтолцоог халж, шинэ хичээлийн жилд дөрвөн улиралтай болно.

- Сурагчид 7-9 долоо хоног хичээллэсний дараа улирлын амралт эхэлнэ.

- Цагаан сарын баяртай давхцах долоо хоногийг бие даалтын (цахим сургалтын) долоо хоног байхаар төлөвлөсөн байна.

Бие даалтын долоо хоногийг хэрхэн зохион байгуулах вэ?

Нийслэлийн сургуулиуд: 

- Хоёрдугаар улирлын төгсгөлд зохион байгуулна.

- Ингэснээр агаарын бохирдол, томуу, томуу төст өвчний эрсдэлийг бууруулах ач холбогдолтой гэж үзжээ.

Орон нутгийн сургуулиуд: 

- Гуравдугаар улирлын эхэнд зохион байгуулна.

- Мал төллөх үетэй уялдуулан амралтын долоо хоногтой нийлүүлж 14 хоногийн хугацаатай байхаар төлөвлөсөн байна.

Ахлах анги:

- Цахим сургалтын долоо хоног нь гуравдугаар улирлын эхэнд хэрэгжинэ.

Танхимын сургалтын үргэлжлэх хугацаа:

Бага анги - 32 долоо хоног

Дунд анги -  33 долоо хоног

Ахлах анги - 34 долоо хоног

Улирлын хуваарь:

I улирал: 2026 оны 9 дүгээр сарын 1-с  аравдугаар сарын 30

II улирал: 2026 оны 11 дүгээр сарын 9-с 12 дугаар сарын 25

III улирал:

- Бага, дунд анги: 2027 оны нэгдүгээр сарын 18-с гуравдугаар сарын 19

- Ахлах анги: 2027 оны нэгдүгээр сарын 11-с гуравдугаар сарын 19

IV улирал:

- Бага анги: 2027 оны гуравдугаар сарын 29-с  тавдугаар сарын 28

- Дунд, ахлах анги: 2027 оны гуравдугаар сарын 29-с  зургаадугаар сарын 4

Ингэснээр шинэ хичээлийн жил илүү богино хугацааны улирлуудтай болж, сурагчдын амралт, бие даалтын хугацааг нийслэл болон орон нутгийн онцлогт нийцүүлэн зохион байгуулахаар болсон байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.