SOCIAL NEWS
Дубайн экспод Монгол Улс оролцож байна

Арабын Нэгдсэн Эмират Улсын (АНЭУ) Дубай хотноо “Экспо Дубай 2020” дэлхийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ боллоо. Манай улс аялал жуулчлал, байгаль орчин, цаг уурын өвөрмөц онцлог, зан заншил, уламжлалт ёс, түүх дурсгалыг танилцуулан Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин ба боломжуудыг сурталчилан, үндэсний үйлдвэрлэгч нарын бараа бүтээгдэхүүний дээжийг дэлгэжээ. Гадаад харилцааны яам болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран зохион байгуулж, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын Үндэсний Музей, Монголын Үндэсний Номын сан, Зэв дижитал нүүдлийн музей зэрэг байгууллагууд дэмжин оролцож байна. “Оюун санаагаа нэгтгэн ирээдүйг цогцлоон бүтээх нь” сэдвээр энэ сарын 1-ээс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 6 сарын туршид зохион байгуулагдах юм. 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Монголын Үндэсний Өдөрлөг” болон бизнес форум зохион байгуулахаар төлөвлөж буй бөгөөд хоёр орны бизнес эрхлэгчдийн хооронд хамтын ажиллагаа харилцан туршлага солилцох боломжийг нээх юм. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жил тохиож байгаатай холбогдуулан энэ жил Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын нийслэл Абу Даби хотноо Элчин сайдын яам нээн ажиллуулах гэж байгаа билээ.

Covid-19-ийн тандалтын багт Хувьдаа машинтай иргэдийг ажиллуулна

Хувийн автомашинтай жолоочийг Covid-19 халдварын эсрэг тандалт, хариу арга хэмжээнд ажиллахыг Нийслэлийн онцгой комиссоос урьж байна. Тандалтыг эрчимжүүлэх, тархалтыг бууруулах, өрхийн эрүүл мэндийн төвд дэмжлэг үзүүлэх зорилгоор цалинтай ажиллуулахаар болсон аж. Өөрийн тээврийн хэрэгслийг ашиглаж өрх, тосгоны эрүүл мэндийн төвтэй хамтран гэрийн хяналт хийх, эмийн багц хүргэх, нөөц татан авалт хийх, шинжилгээ авах зэрэгт эрүүл мэндийн ажилтныг тээвэрлэх болон шаардлагатай тохиолдолд батлагдсан тохиолдлыг эмнэлэгт хүргэнэ. Ерөнхий нөхцөл: Covid-19 тархалт, ӨЭМТ-ийн ачааллаас хамаарч ажиллах газрын хуваарийг Нийслэлийн Онцгой комиссоос долоо хоног бүр хийнэ. Долоо хоногт зургаан өдөр ажиллана, ажлын цаг 09:00 цагаас эхэлж ӨЭМТ-ийн тухайн өдрийн ажил дуусах хүртэл ажиллана. Урамшууллыг 1 өдрийн 50,000 төгрөг байхаар тооцож, 14 хоног тутам олгоно /Хүн амын орлогын албан татвар болох 10 хувийг суутгана/. Шатахууны зардалд 1 өдрийн 20,000 төгрөг олгоно. Нэмэлт шатахуун, хоол, хамгаалах хувцас хэрэгслийг тухайн ӨЭМТ хариуцна. Дээрх нөхцөлийн дагуу ажиллах боломжтой иргэд дараах холбоосоор орж бүртгүүлэх юм байна. Эмч, дадлагажигч эмч, сувилагч бол давуу тал болох аж.

Хятад улс Тайвань руу 38 байлдааны онгоц илгээжээ

Тайванийн Батлан хамгаалах яамнаас Хятад улс Тайвань орчмын тэнгэрт 38 байлдааны онгоцоо илгээж хилийн бүсийг зөрчсөн гэж хэмээн мэдээллээ. Тайванийн Агаарын довтолгооноос хамгаалах бүсийн хилийг БНХАУ-ын Ардын армийн агаарын цэргийн хүчний онгоцнууд хоёр удаагийн ээлжээр нэвтэрсэн байна. Тэдгээр онгоцнууд дунд 28 ширхэг "J-16" сөнөөгч, дөрвөн ширхэг "Su-30" сөнөөгч, 4 ширхэг "H-6" бөмбөгдөг болон нэг "Y-8" шумбагч онгоц сөнөөгч, нэг KJ-500 онгоц байсан аж. Хятадын 28 онгоц өнгөрсөн зургадугаар сард мөн л бүсийн хил нэвтэрч байсан юм. H-6 бөмбөгдөгч Y-8 шумбагч онгоц сөнөөгч

Замын-Үүдийн Зургаан жил зогсонги байсан дулааны станц ажиллаж эхэллээ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн хавар Дорноговь аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ 2015 онд баригдсан ч зургаан жилийн турш ашиглалгүй гацсан Замын-Үүдийн Дулааны станцыг ашиглалтад оруулах үүрэг даалгавар өгөн ажлын хэсэг байгуулсан. Засгийн газрын нөөц хөрөнгөөс станцын туршилт тохируулга хийх болон хэвийн ажиллуулахад шаардлагатай санхүүжилтыг шийдвэрлүүлж, удаа дараа биечлэн газар дээр очиж ажлын явцыг шалгаж байсан юм. Дулааны станцын туршилт тохируулгын ажлууд хийгдэж, "Замын-Үүд” чөлөөт бүсэд дулаан дамжуулах 5 төв, Замын-Үүд суманд дулаан дахин дамжуулах 7 шугам хоолойг холбосноор Дулааны цахилгаан станц хэвийн ажиллаж эхэллээ. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал “Замын-Үүд” чөлөөт бүсийг дулаан, цахилгаан, цэвэр усаар хангаад зогсохгүй Замын-Үүд сумын айл өрх, аж ахуйн нэгжүүдийг бүрэн хангах юм. Одоогоор Замын-Үүд сумын нийт хэрэглэгчдийн 50 хувийг дулаанаар хангаж эхэлсэн бөгөөд үлдсэн айлуудыг дулаанд холбох ажил үргэлжилж байна.

One Championship-ын тулаан Монголд болно

Ази тивийн хамгийн том холбоо One Championship-ын "Road to One - 2022" холимог тулааны тэмцээн Монголд болно. Тус холбооны үүсгэн байгуулагч Чатри Ситиодтон ийнхүү мэдээлсэн бөгөөд энэ долоо хоногт нээлтээ хийсэн "Мөсөн өргөө" буюу "Steppe Arena"-д зохиох аж. One Championship-ын дэд ерөнхийлөгч Рич Франклин "Steppe Arena бол дэлхийн стандартад нийцсэн Монгол дахь анхны байгууламж" хэмээжээ.

Төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой гомдол, саналыг хаана мэдүүлэх вэ?

Иргэд төрийн албаны хүнд суртал, авлига, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой гомдол, саналаа Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт хандан шийдвэрлүүлэх боломжтой. Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагаа болон “Ковид 19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Иргэд дархлаажуулалтын болон ковидын шинжилгээний байршил, ажиллах цагийн хуваарийн талаарх нарийвчилсан мэдээллийг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон тус хуудасны автомат хариулагчаас авах боломжтой. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/632 дугаар захирамжаар авлига, хүнд суртлыг таслан зогсоох, авлигаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Тус Ажлын хэсэг нь төрийн үйлчилгээг цахимжуулах, төрийн байгууллагын мэдээллийн ил тод байдлыг хангах, төрийн албаны хүнд суртал, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын дээшлүүлэх, иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг бүрэн барагдуулж, шийдвэрлэлтийг сайжруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн, ажлын явц, үр дүнг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулан ажиллаж байна.

Иргэн бүрт “e-Mongolia” -д Digital ID үүслээ

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр олон нийтэд танилцуулагдсан.Өдгөө нэг жилийн хугацаанд 1.9 сая хэрэглэгчтэй, төрийн 56 байгууллагын 540 үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлээд байгаа. Тэд нэг жилийн ой дээрээ иргэн бүрт Digital ID үүсгэн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх цахим хэлбэрт шилжүүлэн иргэд,олон нийтийн хэрэглээнд нэвтрүүллээ. Ингэснээр жолооч e-mongolia гар утасны аппликейшн руугаа ороод цахим жолооны үнэмлэхээ цагдаад шалгуулан, замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм. Энэ тохиолдолд замын цагдаа таныг бичиг баримтаа биедээ авч яваагүй гэх үндэслэлээр торгохгүй. Цахим иргэний үнэмлэхийн хувьд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд тухайн цахим иргэний үнэмлэхийг хүлээн зөвшөөрөх эсэх нь дотоод журмаараа зохицуулсан байдаг. Шинэчлэгдсэн “e-Mongolia” -с иргэн та өөрийн зээлийн мэдээлэл, үнэт цаас/ хувьцаа болон нийгмийн даатгалын мэдээллээ ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр шууд харах боломжтой. Үүний зэрэгцээ, тухайн иргэний нэр дээр бүртгэлтэй байдаг хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгө зэрэг төрд буй таны мэдээлэл “e-Mongolia” -ийн шинэчилсэн хувилбарт оржээ.

Youtube бүх төрлийн вакциныг эсэргүүцсэн худал мэдээллүүдийг устгана

Хүлээн зөвшөөрөгдсөн вакцинуудын эсрэг хуурамч мэдээлэл тараасан бүхий л контентыг устгана хэмээн Youtube-ийн зүгээс мэдэгдлээ. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн вакциныг аюултай, аутизм, хорт хавдар, үргүйдэл үүсгэдэг гэх худал мэдээллүүд багтаж байгаа. Youtube ийнхүү томоохон бодлого барьж эхэлсэн бөгөөд худал мэдээлэл тараасан хаягуудыг ч устгах аж.Худал мэдээлэлтэй өнгөрсөн жилээс тэмцэж эхэлсэн бөгөөд КОВИД-19-ийн вакцинтай холбоотой 130 мянга гаруй видеог одоогийн байдлаар устгаад байна. Цаашлаад томуу, улаанбурхан зэрэг бусад түгээмэл өвчний вакцинуудын эсрэг худал мэдээллийг устгаж эхлэхээр болж байгаа юм. Вакцины шинэ туршилт, бүтэлгүйдэл болон амжилт, вакцин хийлгэсэн хүмүүсийн үр дүнгийн талаарх ярилцлага зэрэг түүхэн бичлэгүүдийг устгахгүй. Өнгөрсөн хоёрдугаар сард Facebook, гуравдугаар сард Twitter компани ийм бодлого барьж эхэлсэн.

Мэнэнгийн талд анхны бага сургууль байгууллаа

Дорнод аймгийн Сум орон нутгийн хөгжлийн сангаас нийт 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Матад сумын Мэнэн баг 1-5 дугаар ангийн 125 хүүхэд сурах хүчин чадал, боловсон ариун цэврийн байгууламжтай бага сургууль ашиглалтанд орлоо. Одоогоор Мэнэн багийн малчид, хилчдийн 30 гаруй хүүхэд суралцахаар бүртгүүлсэн бөгөөд 12 ажлын байр бий болж байгаа юм. Сургуульд явахын тулд тус багийн хүүхдүүд сум болон аймгийн төвд гэрээсээ хол дотуур байранд эсвэл айлд амьдардаг.Зарим нь эцэг эхийнхээ аль нэгтэй сум, аймгийн төвийг барааддаг байсан нь г санхүүд хүндрэл үүсгэх цаашлаад гэр бүлийг холдуулах шалтгаан болж байжээ. Харин одоо тус багийн болон хилчдийн хүүхдүүд гэрээсээ сургуульдаа явж, суралцах бүрэн боломж бүрдсэнд хязгаар нутгийн иргэд баяртай байна.

Х.Нямбаатар: 0.07 га-гаас бусад төрлийн газрыг дуудлага худалдаагаар олгоно

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийхдээ "Авлигын индексийг бууруулахын тулд бид төрийн үйл ажиллагааг цахимжуулж, бүтцийг цэгцэлж, орон тоог бууруулахаар ажиллаж байна. Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сум дүүргийн, аймаг нийслэлийн газрын албанд очилгүй иргэд өөрийн газрын гэрчилгээг цахимаар авах боломжтой болно. Цаашид газрыг гурван үндсэн чиглэлээр олгохоор бэлдэж байна. Жил бүр үнэгүй олгогдох 0.07 га газар цахимд ил болж, иргэд хүсэлтээ гаргадаг болно. 0.07 гагаас бусад бүх газрыг цахимаар дуудлага худалдаагаар эзэмшүүлнэ. Мөн төр өөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх газраа өөртөө олгоно. Энэ онд Монгол Улсын авлигын индексээрээ 180 орноос 118-д жагссан. Үүнийг сайжруулах нь Засгийн газрын зорилго. Авлигын индексийг сайжруулах нэг арга нь төрийн ажиллагааг цахимжуулах юм. Намрын чуулганаар цахимжуулахтай холбоотой дөрвөн хуулийг шийднэ. Төрийн байгууллагаас гаргадаг зөвшөөрөл, лицензийг цахимжуулахаар ажиллаж байна" гэв. Tweet

1 ... 12 13 14 15 16 17 18 19 20 ... 24