НЭГҮҮН МЭДЭЭ
О.МӨНХЖИН, Б.ГАНТИГ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

Нийслэлийн прокурорын газраас "Их бит" ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал О.Мөнхжин, гүйцэтгэх захирал Б.Гантиг нарыг үгсэн тохиролцож, мөнгө угаасан хэрэгт буруутай гэж үзлээ. Холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Нийслэлийн прокурорын газраас О.Мөнхжин, Б.Гантиг нарыг гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, нэр бүхий койны үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглан өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн дансаар койн арилжаалсан, мөнгө угаасан, худал мэдэгдэл хийж олон нийтийг төөрөгдүүлэн, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашигласан гэж үзсэн байна. Иймд Эрүүгийн хуулийн: 18.19 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 18.20 дугаар зүйлийн 1 /Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Эх сурвалж: Нийслэлийн Прокурорын Газар

ШШГЕГ-ЫН ДАРГА О.АМАРСАНААГ ЧӨЛӨӨЛЖ, ХУРАНДАА Б.НАНДИНБОЛОРЫГ ТОМИЛЖЭЭ

Засгийн газрын өнөөдрийн /2024.04.03/ хуралдаанаар ШШГЕГ-ын дарга О.Амарсанааг чөлөөлж, түүний оронд хурандаа Б.Нандинболорыг томилжээ. Эргэн сануулахад, 2022 оны арваннэгдүгээр сарын 2-нд Д.Загджавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Цагдаагийн Ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан О.Амарсанааг томилж байв. Харин Д.Загджавыг 2020 оны долдугаар сард Засгийн газрын хуралдаанаар ШШГЕГ-ын даргаар томилж байсан юм. ШШГЕГ-ын дарга хурандаа Б.Нандинболорын албан тушаал, ажлын туршлага: Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын Цагдан хорих байрны хэв журмын тасагт цагдаа, Хэнтий аймгийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт мөрдөн байцаагч, Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах нэгдүгээр тасагт мөрдөн байцаагч, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст мөрдөн байцаагч, Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын Хяналт-шалгалт, дүн шинжилгээ, дотоод аудитын хэлтэст ахлах байцаагч Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөгч, ахлах комиссар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих ял эдлүүлэх албаны дарга Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022.5.25-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны даргаар томилогдон ажиллаж байна.

ЭНЭ ХАВРЫН ХАМГИЙН ИХ ХҮЛЭЭЛТТЭЙ ХАЙРЫН КИНО

2014 онд бүтээгдсэн “Хамгийн сайхан нь” кино 10 жилийн дараа дахин хийгдэж үзэгч олны хүртээл болох гэж байна. Тус киноны эхний ангид Опозит хамтлагийн гишүүд болох А.Гантулга, Г.Энэрэл жүжигчин А.Орхонтуул, Ц.Цэрэнболд, Р.Адьяа нар тоглон үзэгчдээс өндөр үнэлгээ авч, сэтгэлд тод үлдсэн бүтээл болон хоногшжээ. Энэ удаад “Хамгийн сайхан нь-2” киноны гол дүрд хүүхэд, залуусын танил mega хамтлаг ‘Vandebo’ -ийн гишүүн Ш.Энхжамц буюу Vande тоглосон нь олны сонирхлыг ихээхэн татаж буй. Мөн өнөө цагийн шилдэг артистуудыг төрүүлж буй Монстар продакшны хамтран бүтээж буй анхны кино бүтээл болж байгаа юм. Кино бүрэлдэхүүнд жүжигчин Б.Ану-үжин, У.Билэгт-од, Ч.Болд, Ё.Цог, Х.Батбаяр, Э.Мөнхбат, Б.Балжинням, Д.Оюунзул болон залуу жүжигчдийн баг тоглосон. Энэ хаврын өндөр хүлээлттэй байгаа “Хамгийн сайхан нь-2” киноны зохиолч найруулагчаар өмнөх ангийг бүтээсэн найруулагч О.Батзориг ажилласан бөгөөд Tsets’Enkh production, Hugemedia company, Monstar production, Sol+ agency, Animax нар хамтран бүтээжээ. “Хамгийн сайхан нь-2” кино 2024 оны 04 сарын 05-аас эхлэн бүх кино театраар гарч эхэлнэ. Трейлэр:

ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ КОМПАНИ УР ЧАДВАРЫГ ЧУХАЛЧИЛЖ БАЙНА

Тавантолгой түлш компанийн гагнуурчид, засварчид, цахилгаанчдын дунд зохион байгуулж байгаа мэргэжил, ур чадварын “Уран тулга” тэмцээн өнөөдөр Налайхын Политехник Коллежид эхэллээ. Тэмцээний зорилго нь ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг сорьж, цехүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулж, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Тэмцээнд тус бүрдээ зургаан гишүүнтэй нийт есөн баг оролцож байгаа бөгөөд тэд хоёр өдрийн турш ур чадвараараа өрсөлдөх юм. Тэмцээнийг Бүтээлч ажил Дадлага, ур чадвар Мэргэжлийн мэдлэг гэсэн гурван ангиллаар зохион байгуулж байна. Компанийн хөгжилд инженер, техникийн ажилтнуудын мэдлэг, ур чадвар чухал нөлөөтэй. Тавантолгой түлш компани техник, технологио сайжруулахын зэрэгцээ ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэхэд бодлогоор анхаарч байна. “Уран тулга” тэмцээнийг цаашид уламжлал болгож жил бүр зохион байгуулна.

ХАР ӨДӨР ГЭГДДЭГ 7-Р САРЫН 1-НИЙ ХЭРГИЙГ СЭРГЭЭХЭЭР БОЛЖЭЭ

Ардчиллын түүхэнд хараар үлдсэн долдугаар сарын 1-ний гэх хэргийн зарим хэсгийг эргэн сэргээхээр болжээ. Тодруулбал хохирогчдын ар гэрээс хууль, шүүхэд гомдол хүсэлт гаргасны 7-р сарын 1-ний гэх хэргийн зарим хэсгийг эргэн сэргээж, шалгахаар болсон байна. Сануулахад УИХ-ын 2008 сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй иргэд талбай дээр эсэргүүцлийн тайван жагсаал зохион байгуулж, улмаар тухайн үеийн МАХН-ын дарга нарыг иргэдийн өмнө гарч ирж, тайлбар хийхийг шаардсан. Гэвч эрх баригч МАХН-ын дарга нар намын байрнаасаа гарч ирээгүй тул иргэдийн бухимдал ширүүсч үймээн самуунд хүргэсэн юм. Уг үймээн самууныг эрх баригч намын зүгээс эхлүүлсэн гэх хардлага ч байдаг. Ямартай ч уг үймээн самууны үеэр Монголын төр дөрвөн иргэнийхээ аминд хүрч, олон мянган иргэнээ хоморголон баривчилсан нь ардчиллын түүхэнд хар толбо болж үлдсэн гэж яригддаг юм. Жагсаалын үеэр дөрвөн иргэн буудуулж нас барсан бол нэг иргэн шатсан байранд гавлуулан угаартаж амиа алдсанаас гадна олон зуун иргэн эрүүл мэндээрээ хохирсон. Энэ хэрэгт тухайн үеийн цагдаагийн удирдлагууд буруутгагдан, шүүхээс ял шийтгэл хүлээж байсан. Дашрамд сонирхуулахад УИХ-ын 2008 оны сонгуульд МАХН 41, АН 29, бусад нам дөрвөн суудал авсан сонгуулийн санал хураалтын үр дүнг сонгогчид хүлээн зөвшөөрөөгүй, эрх баригчид энэ хэрэгт оролцсон, луйвардсан гэж эсэргүүцэл, тэмцэлд хүрсэн юм.

19,9 ТЭРБУМЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙСЭН “ГААЛИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ” ХУУРАМЧ АРХИНД ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЧАДАМЖГҮЙ ХЭВЭЭР БАЙНА

Монгол улсын Засгийн газраас 19.9 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг 2022 онд Гаалийн Ерөнхий газрын төв лабораторид хийлгэхээр төсвөөс олгосон байдаг. Гэвч өнөөдөр Гаалийн Ерөнхий газар түүний харьяа гаалийн байгууллагууд хурааж авсан хуурамч архиныхаа шинжилгээг хийх чадамжгүй ажилласан хэвээр байна. Учир нь Гаалийн байгууллага 2024 ОНЫ 1 САРД УЛСЫН ХИЛЭЭР ХУУРАМЧ АРХИ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЖ БАЙГАА ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ХУРААЖ АВСАН ХУУРАМЧ АРХИНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ УДАХГҮЙ ГАРНА ХЭМЭЭН МЭДЭГДЭЖ БАЙВ Тухайн үед Цагаан сарын баяр болох гэж буйтай холбогдуулан Замын-Үүдийн гаалиар өдөрт л гэхэд 200-300 хуурамч архи оруулахыг завдсан зөрчил илрүүлэн шалгаж байгаа хэмээн сэрэмжлүүлэг мэдээлэл цацагдаж байсан. Уг мэдээлэл өгснөөс хойш 2 сар өнгөрч байгаа боловч Гаалийн Ерөнхий газар хурааж авсан хуурамч архиа лабораторийн шинжилгээгээр баталгаажуулж чадаагүй өдийг хүрлээ. Үүний цаад учир нь Гаалийн Ерөнхий газрын харьяа гаалийн лаборатори нь архины чанарт шинжилгээ хийдэггүй, зөвхөн барааны ангиллын кодыг л тодорхойлдог аж. Тэгвэл Монгол улс улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан, нэвтрүүлсэн хуурамч архинд ч шинжилгээ хийх чадамжгүй, гаалийн лабораторид 19,9 тэрбум төгрөг зарцуулсан болж таарч байгаа юм. Гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэд Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй садан төрлийн холбоотой гэх дата мэдээлэл бий. 2023 онд тус лабораторийн дарга С.Цэрэнчимэдийг сайн ажиллаж байгааг нь үнэлэн “ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ” цолоор шагнасан. Гаалийн Ерөнхиий газар улсаас хөрөнгө мөнгө шийдүүлж, хүнээ шагнуулсан шигээ сайн ажилладаг байсан бол хилээр Монгол хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болохуйц архи согтууруулах ундааны зүйл орж ирэхгүй байх байсан. Хилээр орж ирж олон тооны хуурамч архийг хаанаас ямар шугамаар орж ирсэн болох, ямар бодис агуулагдсан болох, ямар бодис нь хүний биед ямар аюултайг мэдээгүй өдийг хүргэсэн байгаа нь анхаарал татаж байгаа юм. Хилээр орж ирж байгаа хуурамч архийг шинжилж чадахгүй байгаа лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр Улсын төсвөөс гаргуулан авсан 19,9 тэрбум төгрөг хаачсан нь тодорхойгүй замхарчээ. Харин одоо ч Гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэд ажлаа гүйцэтгэсээр байгаа. Түүнийг даргаар ажиллаж байгаа хугацаанд Улсын төсвийн мөнгө хаачсан нь тодорхойгүй замхарсан байхад хариуцлага тооцоогүй бөгөөд өнөөдөр ч лабораторийн шинэчлэлийг хийж, хуурамч архины дээжийн шинжилгээний хариу гараагүй байна. Түүний талаар эргэлт.мн сайтад 2022 оны 9 сарын 23-ны өдөр нийтлэхдээ: “Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эхнэр буюу тэргүүн хадагтай Л.Болорцэцэгийн төрсөн ах Л.Болдбаатарын эхнэр Сэд-Очирын Цэрэнчимэд нь Гаалийн ерөнхий газрын харьяа Гаалийн төв лабораторийн даргаар томилогдон ажиллаж байгаа ажээ. Гаалийн төв лаборатори нь Монгол Улсын хилээр орж болон гарч байгаа бүх төрлийн бараа, бүтээгдэхүүнд хяналт, шинжилгээ хийх үүрэгтэй байгууллага. Товчхондоо асар их эрх мэдэлтэй албан тушаал гэсэн үг. ГЕГ-ын харьяа Гаалийн төв лаборатори нь Монгол Улсын хилээр орж болон гарч байгаа бүх төрлийн бараа, бүтээгдэхүүн, байгалийн баялаг, тэдгээрийг зөөж, тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэл гээд бүгдэд хяналт, шалгалт, шинжилгээ хийх үүрэгтэй байгууллага. Товчхондоо Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалж байгаа нэг чухал нэгж гэсэн үг. Гэтэл энэ чухал албан тушаал Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хадам ахын эхнэр нь хашиж байна” хэмээж байжээ.

НӨАТ-ААС ЧӨЛӨӨЛӨГДӨХ БАРАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ

НӨАТ-аас чөлөөлөгдөх бараа, ажил үйлчилгээг Татварын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, НЭГ. Дараах БАРАА НӨАТ-аас чөлөөлөгдөнө Гаалиар татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хувийн хэрэглээний бараа; Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, Нэгдсэн үндэсний байгууллага, түүний төрөлжсөн салбарын хэрэгцээнд зориулан импортоор оруулсан бараа; Гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа; Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, автотээврийн хэрэгсэл; Иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг, Орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр, Эмчилгээний цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн; Хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин механизм, техник хэрэгсэл, тоноглол; Монголбанкнаас хийлгэсэн мөнгөн тэмдэгт, мөнгөн дэвсгэрт; Борлуулсан алт; Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн; Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүн; Улс хоорондын шуудангийн илгээмж; Газрын тостой холбогдсон машин, техник, материал, химийн болон тэсрэх бодис, сэлбэг хэрэгсэл; Газрын тос; Чөлөөт бүсэд зорчигчийн худалдаж авсан гурван сая төгрөг хүртэл үнийн дүнтэй бараа. Банк, банк бус санхүүгийн байгууллага болон бусад хуулийн этгээдээс гаргасан шаардах эрх; Үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил; Мах махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн; ЖДҮ-ийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл; Инновацийн түүхий эд, материал, урвалж бодис; Импортын мод, бэлдэц, модон материал; Экспортод гаргасан түүхий, угаасан, самнасан ноолуур, арьс шир; Соёлын өвийг судалж шинжлэх, сэргээн засварлахад ашиглах материал, техник, тоног төхөөрөмж, бодис, багаж хэрэгсэл; Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулж худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ; Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэг ХОЁР. Дараах ҮЙЛЧИЛГЭЭ НӨАТ-аас чөлөөлөгдөнө Банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны үйлчилгээ; Даатгалын үйлчилгээ; Үнэт цаас, хувьцаа гаргах, баталгаа гаргах үйлчилгээ; Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн үйлчилгээ; Орон сууц хөлслүүлэх үйлчилгээ; Боловсролын үйлчилгээ; Эрүүл мэндийн үйлчилгээ; Шашны байгууллагын үйлчилгээ; Төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ. Нийтийн тээврийн үйлчилгээ; Гадаадын жуулчдад үзүүлсэн /туроператор/ үйлчилгээ; Соёлын өвийг сэргээн засварлах үйлчилгээ; Оршуулгын үйлчилгээ. Мал эмнэлгийн үйлчилгээ. Нотариатын үйлчилгээ, Виртуал хөрөнгийн үйлчилгээ. Сангийн яамнаас баталсан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ыг үндэслэн НӨАТ ногдох болон татвараас чөлөөлөх бараа, үйлчилгээг тодорхойлно.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ ДАХЬ АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР УЛААН БУУДАЙ ЭКСПОРТЛОХ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд 2024 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй Сөүл хотноо уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-аас чанартай эм импортлох, Солонгосын эмийн үйлдвэрлэлийн стандартыг Монголд нутагшуулах, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлж Монголоос улаан буудай, тэжээлийн буудай экспортлох боломжийг танилцууллаа. Мөн талууд Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд нийслэл Улаанбаатар хотын дахин төлөвлөлт тухайлбал, нүхэн гарц, гүүр, автозамын бүтээн байгуулалт зэрэг дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжтой гэдэгт санал нэгдэв. БНСУ-ын Экспорт-Импорт банк, Монгол Улсын Хөгжлийн банк хооронд хамтран ажиллах, туршлага солилцох, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах зэрэг асуудлаар ярилцлаа .

ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ НЭМЛЭЭ

Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс нэмлээ. Ингэснээр: Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэвэр Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.5.5-д “цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг инфляц, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлнэ” гэж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 3.1.5-д “нийгмийн даатгалын сангийн болон халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцын түвшин болон хүн амын амьжиргааны доод түвшинтэй уялдуулан нэмэгдүүлнэ” гэж тус тус заасан. Энэ хүрээнд Засгийн газраас нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг 9 жилийн дараа шинэчлэн баталж, тэтгэврийн хэмжээг хэрэгжүүлсэн. Мөн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 2020 онд 25.0-40.0 мянган төгрөгөөр, 2022 онд 15-43 хувиар, 2023 онд 10 хувиар тус тус нэмэгдүүлсэн. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авч байгаа тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 100.0 мянган төгрөгөөр нэмлээ. Энэхүү арга хэмжээнд 499.2 мянган тэтгэвэр авагч хамрагдаж 449.3 тэрбум төгрөг зарцуулж, дундаж тэтгэврийн хэмжээ 685.6 байгааг 785.6 мянган төгрөгт хүргэж 14.6 хувиар нэмэгдүүлж байна. Түүнчлэн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 550.0 байгааг 650.0 мянган төгрөгт, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 440.0 байгааг 540.0 мянган төгрөгт хүрнэ. Дундаж тэтгэврийн хэмжээг 2019 (372.5 мянган төгрөг) онтой харьцуулахад 2.1 дахин өсөж байна. Халамжийн тэтгэвэр, тэтгэмж Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхдүүд гэх зэрэг нийгмийн зүгээс анхаарал халамж зайлшгүй шаардлагатай 65.6 мянган иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авч байна. Мөн 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж олгодог бөгөөд энэ тэтгэмжид нийт 12.8 орчим мянган хүүхэд хамрагддаг. Энэхүү нийгмийн халамжийн тэтгэвэр болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг 2020 онд 100 мянган төгрөгөөр, 2023 онд 12.8 хувиар тус тус нэмэгдүүлж байсан бөгөөд 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 15.4 хувь буюу 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн 375 мянган төгрөг болголоо. Тэтгэвэр, мөнгөн тэтгэмжийн хэмжээг 2019 (174.0 мянган төгрөг) онтой харьцуулахад 2.1 дахин нэмэгдэж байна. Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа иргэний тэтгэмж 2020 онд 84.5 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэний тэтгэмж 123.1 мянган төгрөг байсныг 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2-3 дахин нэмэгдүүлж 275 мянган төгрөг болгосон. Энэхүү тэтгэмжийг мөн энэ оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 хувь нэмэгдүүлж 302.5 мянган төгрөг болголоо. Энэхүү арга хэмжээнд 67.4 мянган хүн хамрагдана. Монгол Улсын 2024 оны төсөвт нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхэд зориулж 60.9 тэрбум төгрөгийн хөрөнгийг баталсан гэж Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас мэдээллээ.

1 ... 57 58 59 60 61 62 63 64 65 ... 314