НЭГҮҮН МЭДЭЭ
Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх “Бонд форум-2025” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө

Монгол Улсын Их Хурлын даргын санаачилсан “Бонд форум-2025” арга хэмжээ өнөөдөр /2025.04.17/ амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран зохион байгуулсан юм. Бондын зах зээлийн ач холбогдлыг сурталчлан, иргэд, олон нийт болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг бонд гаргах замаар санхүүжилт татах сонирхлыг дэмжих зорилготой форумын үйл ажиллагааг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нээж хэллээ. Тэрбээр, эдийн засгийн тэлэлт, шударга өрсөлдөөн, санхүүгийн зах зээлийг хөхиүлэн дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал нь энэ удаагийн парламентын анхаарлын төвд байгааг онцлон тэмдэглэсэн. Сүүлийн жилүүдэд Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс санхүүгийн олон тулгуурт зах зээлийг хөгжүүлэх хүрээнд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгааг УИХ дарга дурдаад, хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж, идэвхийг дээшлүүлэх, оролцогчдын ойлголцол зөвшилцлийн үр дүнд бий болох санал санаачилгыг парламент дэмжин ажиллана гэдгээ илэрхийлэв. УИХ-ын дарга чуулганаар хэлэлцэж буй Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, нийгэм, эдийн засгийн тулгамдсан, цаг үеийн шийдэл хүлээгдсэн асуудлаар эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж буй 60 гаруй ажлын хэсгийн талаар мэдээлэл танилцуулж, Улсын Их Хурал, Засгийн газар, яамд, салбарын эрх ашгийг хөндсөн чухал асуудалд оролцогч талуудын саналыг сонсож, тухайн шийдвэрийг гаргадаг эрх зүйн орчныг бий болгох зорилго тавьж буйг дурдаад форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Дараа нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц үг хэлсэн. Тэрбээр, Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд өсөлтүүд гарч, зах зээлийн үнэлгээ, үнэт цаасны арилжаа идэвхжиж, хөрөнгө оруулагч, үнэт цаас гаргагч, зах зээлийн оролцогчдын идэвх сонирхол нэмэгдэж, санхүүгийн шинэ бүтээгдэхүүний тоо өссөн нь Улсын Их Хурал, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ, Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаас гаргагч, зах зээлд оролцогч, мэргэжлийн холбоо, дэд бүтцийн байгууллагуудтай нягт хамтран ажилласны үр дүн байсныг онцолсон. 2024 онд үнэт цаасны арилжаа 1.58 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 2 дахин нэмэгдсэн бөгөөд үүнээс 57.8 хувийг компанийн бонд, 22.7 хувийг хувьцаа, 13.0 хувийг хөрөнгийн биржийн үнэт цаас, 6.5 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн арилжаа тус тус эзэлсэн байгаа нь дотоодын компаниудын бондын зах зээлд оролцох идэвх оролцоо эрс өсөж байгааг харуулж байна гэлээ. Манай улсын хувьд анхны компанийн бонд 2001 онд гарч байсан түүхтэй бөгөөд үүнээс хойших хугацаанд бондын зах зээлээр дамжуулан татсан санхүүжилтийн хэмжээ нэмэгдэж, ногоон бонд, санхүүжих чадавхын зэрэглэл тогтоолгосон бонд, нийслэлийн бондууд гарч, бондын төрөл, тоо, ширхэг нэмэгдэж байгаа нь сайшаалтай үзүүлэлт гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга тодотгов. Түүнчлэн тэрбээр Санхүүгийн зохицуулах хорооноос дотоодын томоохон компаниудыг банкны өртөг өндөр зээлийн санхүүжилтээс илүүтэй хөрөнгийн зах зээлд бонд гаргах замаар санхүүжилт татах бололцоог нэмэгдүүлэх зорилгоор богино хугацаанд бага үнийн дүнтэй бонд гаргахад барьцаа, батлан даалт шаардахгүй байх зэргээр тавигдах шалгуурыг багасгаж, арилжаа эрхлэх байгууллагад бонд бүртгүүлэх хүсэлтийг шуурхай шийдвэрлэдэг байх бололцоог бүрдүүлснийг форумын үеэр дуулгасан юм. Мөн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Л.Төр-Од үг хэлэв. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л.Төр-Од, Банкны шалгуур, санхүүжилтийн өртөг өсөж буй энэ цаг үед зээлийн санхүүжилтийг орлох хувилбар нь бонд гаргах явдал юм хэмээгээд, Санхүүгийн зохицуулах хорооноос өөрийн тодорхой журамд өөрчлөлт оруулан Топ-100 аж ахуйн нэгжид бонд гаргахад хөнгөлөлттэй нөхцөл тавьж байгаа нь цаг үеэ олсон арга хэмжээ болж буйг тэмдэглэв. Тэрбээр Топ-100 аж ахуйн нэгжүүд болон зах зээлийн мэргэжлийн оролцогчид бондоор хөрөнгө оруулалт татахдаа Ногоон бондыг онцлон анхаарахыг хүсч, энэхүү бонд нь бидний өнөөгийн хамгийн ихээр ярьж буй ногоон шилжилт, нөгөөн хөгжлийг цогцлооход тодорхой хувь нэмэр оруулах бүтээгдэхүүн гэдгийг энд онцлон дурдсан. Түүнчлэн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал нь биднээс улам илүү хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, хамтран ажиллах шинэ хэлбэрүүдийг шаардаж байгааг тодотгоод, Улсын Их Хурлын даргын санаачилж буй “Бонд форум-2025” арга хэмжээнд оролцогчдын санал, дүгнэлт, илтгэлүүд нь хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжилд чухал түлхэц болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ. Форумын үеэр Монгол Улсын бондын зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, хөгжлийн бодлого, зохицуулалт, олон улсын бондын зах зээлийн чиг хандлага ба Монгол Улсад нэвтрүүлэх боломж, бондод санхүүжих чадавхын зэрэглэл тогтоолгох ач холбогдол, Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг хөгжүүлж, жишиг хүү тогтоох ач холбогдол зэрэг сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд Монгол Улсын бондын зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, хөгжлийн бодлого, зохицуулалт сэлдэвт хэлэлцүүлэгт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг нар оролцсон юм. Мөн Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын хөрөнгийн бирж болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран Топ-100 аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн зах зээлд оролцуулах, үнэт цаас гаргах үйл ажиллагааг дэмжих, хялбаршуулах чиглэлээр “Хамтран ажиллах санамж бичиг”-ийг байгуулсан нь юм. Энэхүү форумын үр дүнд бондын зах зээлд оролцох хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж, иргэдийн ойлголт сайжирч, аж ахуйн нэгжүүд бонд гаргах замаар санхүүжилтийн зардлаа бууруулах, зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, цаашлаад зээлийн хүүг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ гэж зохион байгуулагчид дүгнэсэн юм. Мөн тус “Бонд форум-2025” нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтөд үнэтэй хувь нэмэр оруулсан, өндөр ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Шударга өрсөлдөөн, санхүүгийн зах зээлийг хөхиүлэн дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал нь энэ удаагийн парламентын анхаарлын төвд байгаа

Монгол Улсын Их Хурлын даргын санаачилгаар Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран “Бонд Форум-2025” арга хэмжээг өнөөдөр /2025.04.17/ зохион байгууллаа. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан уг арга хэмжээг нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, эдийн засгийн тэлэлт, шударга өрсөлдөөн, санхүүгийн зах зээлийг хөхиүлэн дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал нь энэ удаагийн парламентын анхаарлын төвд байгааг онцлон тэмдэглэв. Сүүлийн жилүүдэд Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс санхүүгийн олон тулгуурт зах зээлийг хөгжүүлэх хүрээнд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгааг УИХ дарга дурдаад, хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж, идэвхийг дээшлүүлэх, оролцогчдын ойлголцол зөвшилцлийн үр дүнд бий болох санал санаачилгыг парламент дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ. Мөн Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж буй Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар танилцуулж, уг хууль нь Улсын Их Хурал, Засгийн газар, яамд, салбарын эрх ашгийг хөндсөн чухал асуудалд оролцогч талуудын саналыг сонсож, тухайн шийдвэрийг гаргадаг эрх зүйн орчныг бий болгох зорилгод чиглэснийг дурдав. Тухайлбал, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимыг бүрдүүлж байгаа төрийн бус байгууллагууд, танхимын гишүүдээр ажиллаж байгаа хувийн хэвшлийнхэнд үйл ажиллагаа явуулах тогтвортой эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд илүү бодитой оролцох боломжийг бий болгоно гэж байлаа. Энэхүү арга хэмжээн дээр бондын зах зээлтэй холбоотой асуудлыг ярихын зэрэгцээ санхүүгийн салбарт тулгамдаж буй асуудлуудынхаа талаар ажлын хэсгийнхэнд чөлөөтэй илэрхийлэхийг оролцогчдоос хүссэн юм. Учир нь Улсын Их Хурлаас банк, санхүү зээлийн асуудал, эл салбарын бодлого нь иргэд, бизнесийг дэмжсэн зорилготойгоор үйл ажиллагаа явуулж буй эсэх талаар өргөн хүрээнд хэлэлцэх тул төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхний санал үнэтэй хувь нэмэр болохыг УИХ -ын дарга онцлон тэмдэглэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

“МЕГА ТӨСЛҮҮДЭД МОНГОЛ ТАЛЕНТУУДАА ТАТАН ОРОЛЦУУЛАХ БОЛОМЖ, ШИЙДЭЛ” ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

Улаанбаатар хот 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол талентуудтай үндэсний болон Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжиж төслүүд, тэдгээрт шаардлагатай хүний нөөц, мэдлэг, ур чадварын талаар мэдээлэл солилцох цахим хэлэлцүүлэг өрнүүлнэ. Тус хэлэлцүүлэг энэ сарын 24-ний өдөр болох бөгөөд та бүхэн доорх линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх линк: https://shorturl.at/WodLe

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэнээр санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл доор зохиогдож буй “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ өндөрлөлөө. Арга хэмжээний төгсгөлд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд хандан “Манай улс энэхүү санаачилгад нэгдсэнээр эдийн засагт эмэгтэйчүүдийн оролцоог бодитоор дэмжиж байгаа явдал юм. Хамгийн гол нь бид эмэгтэй бизнес эрхлэгчдийн дуу хоолойг бодлогын түвшинд хүргэх гүүрийг бий болгож байна. Энэ бүхний ард та бүхний бизнесийн хамтын ажиллагаа, итгэлцэл, манлайлал бол бидний жинхэнэ амжилт юм. Тус хөтөлбөр нь эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлж, менежмент, хөрөнгө оруулалтын чадавхыг бэхжүүлэх, цаашлаад тогтвортой өсөлт, өрсөлдөх чадвартай бизнес эрхлэхэд нь бодитой дэмжлэг үзүүлнэ гэдэгт гүнээ итгэлтэй байна” гэлээ. “Дэлхийн бизнес эрхлэгчдийн тойм судалгаа (Global Entrepreneurship Monitor)”-ны 2024 оны дүнгээр, дэлхийн хэмжээнд 10 эмэгтэй тутмын 1 нь бизнес эрхэлж байгаа нь 20 жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин өссөн бөгөөд нийт бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 54 хувь нь эмэгтэйчүүд байгаа гэсэн тоон судалгаа гарчээ. Монгол Улсын хувьд, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 60 орчим хувь нь эмэгтэйчүүд бөгөөд эдгээрийн 87 хувь нь 10-аас цөөн ажилтантай бичил бизнес эрхэлж байна. Гэвч тэдгээрийн үйл ажиллагаа өргөжин тэлэхэд санхүүжилт, зах зээлийн дэмжлэг дутагдаж байгааг албаныхан хэлж байна. Түүнчлэн Санхүү эдийн засгийн их сургуулийн санхүүгийн зах зээлийн сургалт судалгааны хүрээлэнгээс явуулсан “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн тогтвортой санхүүжилтийг дэмжих замаар банкуудын оролцоог нэмэгдүүлэх боломж” судалгааны үр дүнгээс үзэхэд эмэгтэй бизнес эрхлэгчдэд барьцаа хөрөнгийн дутагдал, санхүүгийн боловсролын сул байдал, бизнесийн сүлжээ, зах зээлийн хязгаарлагдмал байдал, жендэрийн хэвшмэл ойлголтууд, төрийн зүгээс бодлогын дэмжлэг, хууль эрх зүйн орчин сул зэрэг нь тулгамдсан асуудлууд болж байгаа аж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл доор зохион байгуулагдаж буй “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлт өнөөдөр /2025.04.16/ Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хөтөлбөрийг нээж хэлсэн үгэндээ, Олон улсад жендэрийн эрх, тэгш байдлыг хангахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх үйл ажиллагаа эрчимжиж, эмэгтэй эзэнтэй аж ахуйн нэгж, эмэгтэйчүүдийн жижиг бизнес эрхлэлттэй холбоотой нэр томьёо бизнесийн практик, эрх зүйн орчинд бий болж буйг онцлон тэмдэглэв. Монгол Улсын хувьд 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг баталж хэрэгжүүлэн, салбар бүрд жендэрийн тэгш байдлыг хангахад анхаарал хандуулсаар ирсэн гэлээ. Санхүү, эдийн засгийн их сургуулийн Зах зээлийн сургалт, судалгааны хүрээлэнгээс явуулсан судалгаанд эмэгтэй бизнес эрхлэгчдийн хувьд барьцаа хөрөнгийн дутагдал, санхүүгийн боловсролын сул байдал, бизнесийн сүлжээ, зах зээлийн хязгаарлагдмал байдал, жендэрийн хэвшмэл ойлголтууд, төрийн зүгээс бодлогын дэмжлэг, хууль, эрх зүйн орчин сул зэрэг нь тулгамдсан асуудал болсныг дурдаад, эдгээр хүндрэл бэрхшээлийг даван туулахад Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Бизнесийн салбар дахь эмэгтэйчүүд”, “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” зэрэг төсөл, хөтөлбөрүүд тодорхой үр дүн, ач холбогдлоо өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг болохын хувьд бүс нутагтаа туршлагаа түгээх, бүсийн хамтын ажиллагааг манлайлах боломжтойг Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ онцолсон. Мөн уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Их Хурлын зүгээс эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжих, холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага тавигдаж буйг тэмдэглээд, цаашид эмэгтэй бизнес эрхлэгчдийг анхаарч, бүхий л санал, санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ХЗБХ: Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг дэмжлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.16) хуралдаан гишүүдийн 63.6 хувийн ирцтэйгээр, 10 цаг 14 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингээс 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улсын Их Хурлын даргад өргөн барьсан Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Уг асуудлыг Байнгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх үеэр Х.Тэмүүжин гишүүний саналын үндэслэлийг боловсронгуй болгох шаардлагын улмаас хойшлуулах санал гаргаж, үүнийг гишүүдийн олонх дэмжсэн юм. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авсан тул өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлаар гишүүн Улсын Их Хурлаас Цэцэд хүсэлт гаргах саналыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлбэл уг асуудлыг Хууль зүйн байнгын хороо ажлын 14 өдрийн дотор хуралдаанаараа хэлэлцэж саналд дурдсан асуудал нэг бүрээр санал хураан нэгдсэн хуралдаанд санал, дүгнэлтээ оруулна” хэмээн заасныг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хуралдаанд танилцуулаад санал хураалт явуулав. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан “Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй талаар Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 15 гишүүний 12 нь дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ХЗБХ: Цахим орчин дахь өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, сэтгэл санааны хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх мэдээлэл сонсов

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.15) хуралдаан 14 цаг 44 минутад гишүүдийн 59.1 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэв. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр хуралдаан эхэлж, ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцууллаа. Засгийн газраас 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг 4 дүгээр сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөс бусад хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод шилжүүлсэн. Хууль зүйн байнгын хороо дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох шийдвэрийг гаргасан юм. Г.Уянгахишиг гишүүн тус ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат П.Сайнзориг нар ажилласан байна. Ажлын хэсэг хоёр удаа хуралдахдаа хууль санаачлагч болон хуулийн төслийг боловсруулахад оролцсон ажлын хэсгээс зарим тодруулгыг авсан хэмээн Г.Уянгахишиг гишүүн танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахаас өмнө хууль зүйн дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж ажлын хэсэг үзжээ. Тодруулбал, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд “…төлбөрт таавар, бооцоот тоглоом цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно…” гэсэн агуулгатай 20 дахь заалтыг Зөвшөөрлийн тухай хуулийн “Зөвшөөрөл олгох, сунгах, шинээр бий болгоход баримтлах зарчим, хэрэгжүүлэх хүрээ” гэсэн 1.5 дугаар зүйлд нэмэхээр төсөлд тусгасан нь хууль зүйн техникийн шаардлага болон хууль хоорондын нийцлийг хангаж байгаа эсэх, тодорхой үйл ажиллагааг эрхлэхийг хориглох зохицуулалт нь уг хуулийн зорилтод нийцэж байгаа эсэхээр хууль зүйн дүгнэлт гаргуулах нь шаардлагатай гэв. Түүнчлэн тодорхой салбарын хуулиар, эсвэл бие даасан аль нэг хуулиар хориглоогүй аливаа харилцааг шууд Эрүүгийн хуульд гэмт хэрэг хэмээн тооцохоор нэмж хуульчлах нь эрх зүйн хувьд сөрөг үр дагавартай бөгөөд гэмт хэрэгт тооцох үйлдлийг бүрэн тодорхойлж зохицуулаагүй байдал нь аливаа этгээдийг хэлмэгдүүлэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эсвэл ял завшуулах эрсдэл үүсгэж болзошгүй гэв. Иймд Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйл нь хууль зүйн техник, хууль эрх зүйн хувьд зөрчилтэй эсэх, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд боломжит хувилбарын талаар тус тус хууль зүйн дүгнэлт гаргуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Эрүүгийн хуульд нэмэлт оруулснаар шинээр гэмт хэргий н зүйлчлэл бий болгож байгаа тул хуулийн төсөлтэй холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комисс, Улсын дээд шүүх болон Улсын ерөнхий прокуророос зайлшгүй санал авах шаардлагатайг мөн дурдсан. Дээр дурдсан хууль зүйн дүгнэлт, холбогдох байгууллагуудын саналыг авсны үндсэн дээр Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдэд тусгагдсан асуудлаар хууль зүйн техникийн засвар хийх, зарим нэр томьёог оновчтой болгох, хууль хоорондын нийцлийг хангах зарчмын зөрүүтэй саналуудыг боловсруулан ажиллах шаардлагатай хэмээн ажлын хэсэг үзжээ. Г.Уянгахишиг гишүүний дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Х.Тэмүүжин, Б.Заяабал, Д.Цогтбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Эрүүгийн хуульд нэмэлт оруулахдаа Улсын дээд шүүх болон Улсын ерөнхий прокуророос санал авах хуулийг хэрэгжүүлж ажиллахыг гишүүд сануулаад, салбарын яамнаас бодлогоо зангидаж ажиллах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлж байлаа. Монгол Улсын иргэнийг яллах, эрх чөлөөг хязгаарлахтай холбоотой асуудлыг хөнддөг учраас Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яам тухайлан судалгаа хийж, дүгнэлт гаргадаг зарчмыг тодотгож байсан юм. Үүний зэрэгцээ тухайн харилцааг зохицуулсан ерөнхий хуулийг батлах, үүнээс улбаалан тухайн хуулийг зөрчсөн тохиолдолд аль үйлдэлд нь эрүүгийн хариуцлага тооцох, аль үйлдэлд зөрчлийн хариуцлага тооцохоо тодорхойлдог байх зарчмыг гишүүд онцолж байв. Хууль хоорондын нийцлийг хангах, хуулийн төсөл дэх зохицуулалтыг өргөн хүрээнд, нарийвчилсан судалгаанд үндэслэн тодорхойлж, томьёолох шаардлага байгаа гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа ажлын хэсгээс ирүүлсэн хоёр саналаар санал хураалт явууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэгт заасны дагуу Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн холбогдох зүйлийн хүрээнд хууль зүйн дүгнэлт гаргуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахаас өмнө дээрх хуулийн төслүүдийн талаар холбогдох байгууллагуудын саналыг авах ажлын хэсгийн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжив. Ажлын хэсгийн саналууд дэмжигдсэн тул Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар хууль зүйн дүгнэлт гаргуулах Байнгын хорооны шийдвэрийг Улсын Их Хурлын Тамгын газарт хүргүүлж, мөн холбогдох байгууллагуудаас хуулийн төслүүдийн талаарх саналыг авахаар тогтов. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав. Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль зүй, эдийн засаг, нийгэм болоод бусад баталгааг бүрдүүлэх үүднээс холбогдох бусад хуульд нийцүүлэн хуулийн төслийг боловсруулжээ. Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтээр .“Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “… Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнсэн бөгөөд хуулийн мөн хэсгийн “…шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн эсхүл шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэсэн зохицуулалтын талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн үндэслэл хэсэгт тухайлан дурдаагүй гэлээ. Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 84.5 дахь хэсэгт заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбогдох харилцааг Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгтэй нийцүүлэн шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 65 нас байх ба холбогдох хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бол тэтгэвэр тогтоолгож болохоор, мөн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн зохицуулалтын дагуу нас харгалзахгүйгээр шүүгчээр 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан гэв. Мөн Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хуулийн нэр томьёог хоёрдмол утгагүй, товч тодорхой илэрхийлэх нийтлэг шаардлагын хүрээнд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсэгт холбогдох өөрчлөлтийг тусгажээ. Ажлын хэсгийн дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нар асуулт асууж, ажлын хэсгийн дарга, гишүүдээс хариулт, тайлбар авахын зэрэгцээ төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь ажлын хэсгийн саналаар санал хураалт явуулан шийдвэрлээд, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналаар санал хураалт явууллаа. Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олон тус горимын саналыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингээс 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Улсын Их Хурлын даргад өргөн барьсан Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай асуудлыг хэлэлцэв. Дээрх саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг нар асуулт асууж, Х.Тэмүүжин гишүүнээс хариулт авсан юм. Үндсэн хуулийг баталж, мөрдсөнөөс хойших 33 жилийн хугацаанд Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлаар хүсэлт гаргаж байгаа анхны тохиолдол гэдгийг тэмдэглээд, жишиг болохуйц энэ төрлийн маргаанд нөлөөлөх улс төрийн болон эрх зүйн үр дагаварыг нь тооцож, нухацтай хандах ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байлаа. Үндсэн хуулийн цэцэд Улсын Их Хурал хүсэлт гаргаад, тухайн хүсэлттэй холбогдуулан Цэц шийдвэрээ гаргавал өмнө нь гаргасан байгаа магадлалаа эргэн харах боломж байгаа хэмээн Х.Тэмүүжин гишүүн хэллээ. Улсын Их Хурал хуулийг өөрчилж болох ч Цэц өмнө нь гаргасан байгаа магадлалаа эргэж харах эрхгүй болох учраас боломжит шийдэл нь энэ хэмээн үзэж буйгаа тайлбарлав. Цэцээс гаргасан тухайн магадлалтай холбоотойгоор шүүх дээрх маргаан үргэлжлэх тул эрх мэдэл хуваарилалт, парламентат ёс, Үндсэн хуулийн байгууллаа хамгаалах, бэхжүүлэх үүднээс энэ хувилбараар шийдэх нь оновчтой хэмээн хэлсэн. Шүүхэд парламентыг дуудах нь тогтолцооны гажуудал үүсгэх эрсдэлтэй талаар тайлбарлаж байв. Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуультай холбогдох заалтыг нь хасах, хүчингүй болгох хуулийн төслийг санаачилж, Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэх хүрээ, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэргийн харьяалал, шүүхийн харьяалалтай холбогдох зохицуулалтад тодруулах зүйлүүд байвал холбогдох заалтыг тусгах байдлаар шийдэх боломжтой хэмээн үзэж буйгаа П.Сайнзориг гишүүн илэрхийлсэн. Гишүүний саналтай холбоотой зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлаар гишүүн Улсын Их Хурлаас Цэцэд хүсэлт гаргах саналыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлбэл уг асуудлыг Хууль зүйн байнгын хороо ажлын 14 өдрийн дотор хуралдаанаараа хэлэлцэж саналд дурдсан асуудал нэг бүрээр санал хураан нэгдсэн хуралдаанд санал, дүгнэлтээ оруулна” хэмээн заасан байгаа бөгөөд дэмжлэг авсан тохиолдолд Цэцэд хандах эрх хуулийн дагуу нээлттэй гэдгийг Д.Цогтбаатар гишүүн хэлэв. Ийнхүү Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан “Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй талаар Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах Х.Тэмүүжин гишүүний саналыг хэлэлцээд, үндэслэлийг боловсронгуй болгох шаардлагатай хэмээн үзэв. Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин горимын санал гаргав. Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэж буй асуудлыг хойшлуулах Х.Тэмүүжин гишүүний саналыг дэмжсэн юм. Цахим орчин дахь өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, сэтгэл санааны хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх Боловсролын сайдын болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээллийг энэ өдрийн хуралдааны төгсгөлд сонсов. Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хангах, эрхийг зөрчихөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүргийн дагуу Улсын Их Хурлаас 2024 онд Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан болохыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр танилцууллаа. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 25 дугаар зүйлээр хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчин дахь хүүхэд хамгаалалтай холбоотой харилцааг зохицуулж байгаа боловч цахим орчинд хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах, цахим орчин дахь бэлгийн хүчирхийлэл, зүй бус зар сурталчилгаа, хуурамч мэдээ, мэдээллээс хамгаалах, сөрөг агуулгатай контентын хандалтыг хязгаарлах, арилгах талаарх эрх зүйн харилцааг цогцоор нь тусгайлан зохицуулаагүй байгааг дурдав. Түүнчлэн тодорхой насны хязгаарлалттайгаар нийгмийн сүлжээний платформуудыг ашиглах талаар хуульд зохицуулалт тусгагдаагүй гэдгийг онцоллоо. Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын талаар үндэсний суурь судалгааг 2020 онд хийсэн бөгөөд 7-12 настай хүүхдүүдийн 50 хувь, 13-18 настнуудын 77 хувь нь фэйсбүүк хэрэглэдэг бөгөөд тэдгээрийн 87 хувь нь тодорхой төрлийн цахим халдлагад өртсөн гэжээ. Цахим орчин дахь хүүхдийн эсрэг гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх арга замын талаарх 2021 оны судалгаагаар өсвөр үеийнхний 92 хувь нь интернет хэрэглэдэг бөгөөд хамгийн эрсдэлт орчноор интернэт хэмээн тодорхойлсон байна. Мөн судалгаанд оролцсон хүүхдүүдийн 14.6 хувь нь цахим орчинд хүчирхийлсэн, басамжилсан, садар самуун агуулгатай үйлдэл хийхийг шаардсан халдлагад өртөж байжээ. Харилцаа холбооны зохицуулах хорооноос хийсэн “Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал ба зохицуулалт” судалгаанд дурдсанаар 13-18 насны судалгаанд оролцогчдын 71 хувь нь өдөр бүр цахим орчинд давтамжтай нэвтэрдэг. Үүний 96 хувь фэйсбүүк, 89 хувь нь фэйсбүүк месенжер ашигладаг гэсэн байна. Мөн 13-18 насны хүүхдүүд гэртээ, интернэтэд орохдоо аав, ээжийн эзгүйд орох хандлага хамгийн өндөр буюу 89 хувь байдаг гэжээ. Судалгаагаар хүүхдүүдийн 87 хувь нь цахим орчны халдлагад өртөж байсан, тэдгээрийн 59 хувь нь эцэг, эхдээ хэлдэггүй, мөн хүүхдүүдийн 67 хувь нь нэгээс олон хаягтай байдаг гэв. Хүүхдүүдийн 61 хувь нь илүү хаягаараа бусадтай чатлах, 36 хувь нь нийгмийн сүлжээг эцэг, эхийн хяналтгүйгээр ашиглах зорилготой гэсэн судалгааны дүн гарсан байдгийг Боловсролын сайд танилцуулав. Үргэлжлүүлэн П.Наранбаяр сайд олон улсын туршлагын талаар мэдээллээ. Австралийн Засгийн газар 2024 оны 11 дүгээр сард “Нийгмийн сүлжээний хамгийн бага насны хязгаар”-тай холбоотой хуулийг баталж 16-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд нэвтрэхийг бүрэн хоригложээ. Энэ хууль 2025 оны 12 дугаар сараас хэрэгжиж эхлэх юм байна. Австрали хүүхдүүдийн 80 хувь нь Youtube, TikTok, Instagram, Snapchat зэрэг платформуудыг ашиглаж байсан бөгөөд ямар нэгэн насны хязгаарлалт, хяналтын нэмэлт механизмгүй. Улмаар хүүхэд аливаа мэдээллийг шүүлтүүргүй хүлээн авах, гэмт хэргийн хохирогч болох эрсдэл үүсгэж байсан хэмээн үзжээ. Франц Улс 15-аас доош насны хэрэглэгч нийгмийн цахим сүлжээнд нэвтрэхдээ заавал эцэг, эхийн зөвшөөрөл шаарддаг болсон. Мөн АНУ, Австрали, Япон, Итали, БНСУ, Швед, ОХУ, ИБУИНВУ, БНХАУ зэрэг улс цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах талаарх бодлогоо тодорхойлж, нарийвчилсан зохицуулалт бүхий хууль батлаад байгаа хэмээлээ. Нийгмийн сүлжээний дээр дурдагдаж буй эрсдэлийн зэрэгцээ дэлгэцийн донтолт хурцадмал асуудал болсныг П.Наранбаяр сайд тэмдэглээд “Бодит нөхцөлийг тооцон, хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулаад эрх зүйн орчныг тодорхойлох шаардлагатай гэж үзэж байна. Иймд Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран үзэл баримтлал боловсруулах ажлын хэсэг байгуулж, холбогдох хуулийн төслийг боловсруулаад нийгмийн оролцоог бүрэн хангасан хэлэлцүүлгүүдийг хийж, нэгдсэн ойлголцолд хүрч батлах боломжтой хэмээн үзэж байна” гэлээ. Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээллийг Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар танилцуулав. Цагдаагийн байгууллагад сүүлийн 5 жилд буюу 2020-2024, 2025 оны эхний 3 сард нийт 146.476 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 10.164 буюу 6.9 хувийг хүүхэд хохирсон гэмт хэрэг эзэлж байгаа гэлээ. Үүнээс цахим орчинд үйлдэгдсэн 40900 гэмт хэргийн улмаас нийт 459 хүүхэд өртөж хохирсон бөгөөд жилийн дундаж өсөлт нь 62.2 хувьтай байгаа аж. Сүүлийн 5 жилийн хугацаанд үе тэнгийн дээрэлхэлтэй холбоотой 350 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 29 буюу 8.3 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Дээрх гомдол мэдээллийн 311 буюу 88.9 хувь нь нийслэлд, 39 буюу 11.1 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Нийслэлд бүртгэгдсэн үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой гомдол, мэдээлэл Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо , Баянзүрх дүүргийн 3, 16 дугаар хороодод хамгийн их бүртгэгджээ. Орон нутагт Орхон аймгийн Баян-Өндөр, Сэлэнгэ аймгийн Мандал суманд хамгийн их бүртгэгдсэн болохыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар танилцууллаа. Үргэлжлүүлэн тэрбээр цахим орчны нөхцөл байдлын талаар танилцуулсан. Манай улсын нийт хүн амын 1.2 сая нь өсвөр насныхан бөгөөд тэдний 74 хувь нь цахим орчны идэвхтэй хэрэглэгч байдаг аж. Үүнээс гадна цахим орчинд идэвхтэй байгаа хүүхдүүдийн 55 хувь нь эмэгтэй, 45 хувь нь эрэгтэй юм байна. Youtube хуудас хэрэглэдэг 2.5 сая иргэн байдгаас 70 хувь нь өсвөр насныхан гэв. Хуурамч хаяг байгаа нь цахим дээрэлхэлтийн нэг хэрэгсэл болж, тэдний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, гэмт хэрэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж болохыг танилцуулгад дурдав. Өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, сэтгэл санааны хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл нийтлэгдсэн тухай бүр цагдаагийн байгууллагаас хариу арга хэмжээ авч, харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсээр шалгуулж, устгуулах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд албан бичгээр хүргүүлэх арга хэмжээ авч ажилладаг болохыг Төрийн нарийн бичгийн дарга Байнгын хорооны хуралдаанд танилцуулав. Өнгөрсөн онд бага насны хүүхдэд учирч болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор фейсбүүк олон нийтийн сүлжээнд садар самууныг сурталчилсан, хүүхдийг садар самуунд уруу татсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан 196 цахим хуудас болон групп хаягийг тогтоон устгуулахаар Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн байна. Н.Мягмар дарга цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулаад 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд зохион байгуулсан “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” арга хэмжээний хүрээнд насанд хүрээгүй хүний үйлдсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 9.5 хувь буурсан эерэг үзүүлэлт гарсныг дурдсан юм. Цагдаагийн байгууллагаас энэ оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 02 дугаар сарын 27-ны өдрийн хооронд үе тэнгийн дээрэлхэл, цахим орчны ялгаварлан гадуурхалтын бодит статистик мэдээлэл цуглуулах зорилгоор цахим санал асуулгыг ерөнхий боловсролын 530 сургуулийн 99.118 сурагчаас авсан байна. Энэ талаар Н.Мягмар дарга танилцуулсан. Судалгаанд оролцсон сурагчдын 54.6 хувь нийслэлд, 45.4 хувь нь орон нутаг суралцдаг, 57.3 хувь нь эмэгтэй, 42.7 хувь нь эрэгтэй гэв. Сурагчдын 55.4 хувь нь фэйсбүүк, 31.2 хувь нь инстаграм, 10.3 хувь Youtube, 7 хувь н ь Tiktok ашигладаг гэжээ. Судалгаанд оролцогчдын 9.9 хувь нь цахим орчны ялгаварлан гадуурхалтад, 16 хувь нь үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж байсан гэжээ. Үүний 1439 буюу 8.8 хувь нь цахим орчинд гэдэг хариулт өгсөн байна. Хүүхдүүд сургуулийн орчныг хамгийн ихээр гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирдог газар хэмээн нэрлэсэн байна. Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээллийн төгсгөлд сүүлийн 5 жилийн хугацаанд цахим орчинд үйлдэгдсэн 40900 гэмт хэргийн улмаас нийт 459 хүүхэд өртөж хохирсон бөгөөд жилийн дундаж өсөлт нь 62.2 хувьтай байгааг дурдав. Иймд холбогдуулан авах арга хэмжээний талаарх саналаа танилцууллаа. Финланд Улсын Боловсрол, соёлын яамны санхүүжилтээр 2007 онд Турку их сургуульд боловсруулагдсан судалгаа, нотолгоонд суурилсан хүчирхийллийн эсрэг “KiVa хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, АНУ-ын Засгийн газар, ялангуяа Боловсролын яамны дэргэдэх Тусгай хэрэгцээт боловсролын төв (OSEP)-өөс санхүүжүүлдэг үндэсний хэмжээний “Эерэг зан үйлийн хөндлөнгийн оролцоо ба дэмжлэг” санаачилгыг нэвтрүүлэх саналаа танилцууллаа. Мөн ү ндэсний хэмжээнд хүүхэд, өсвөр насныхан, залууст зориулсан 24/7 үнэгүй сэтгэл зүйн тусламж, зөвлөгөө өгдөг Австралийн Kids Helpline үйлчилгээ, хүүхэд, өсвөр үеийнхэн, эцэг эх, багш, сургууль болон олон нийтэд дээрэлхэл, цахим дарамтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах талаар иж бүрэн мэдээлэл, нөөцүүдийг санал болгодог АНУ-ын www.StopBullying.gov цахим сайт зэрэг сайн туршлагуудыг нэвтрүүлэх саналыг Н.Мягмар дарга танилцууллаа. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга дараагийн мэдээллийг танилцуулсан. Тус яамнаас “Цахим орчинд хүүхэд хамгаалах” бодлогын хүрээнд судалгаа хийх, хандалтыг хязгаарлах технологийн арга хэмжээ авах, хүүхдэд сөрөг нөлөөлөлтэй, хүүхдийн эрхийг зөрчсөн контентыг хязгаарлах, устгах хүсэлтийг уламжлан шийдвэрлүүлэх зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг Төрийн нарийн бичгийн дарга П.Алтан-Од танилцуулав. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр цахим орчин дахь бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогч хүүхдийн зураг, бичлэгийг цахим орчноос устгах, хязгаарлах Internet Watch Foundation /IWF/ системийг ekids.mn сайтын нэмэлт хэлбэрээр нэвтрүүлжээ. Мета компанитай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Green channel буюу шууд харилцах ногоон сувгаар дамжуулан хүүхдэд сөрөг нөлөөтэй, хүүхдийн эрхийг зөрчсөн агуулгатай контентыг мэдээлж, устгах, хязгаарлах технологийн арга хэмжээг авч байгаа гэв. Сургалт, нөлөөллийн ажлын хүрээнд ОУЦХБ-аас цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр гаргасан зөвлөмжүүдийг монгол хэл рүү орчуулж, хэвлүүлэн түгээсэн бол үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулж, холбогдох сургалтыг 21 аймаг, нийслэлд цахимаар болон танхимаар зохион байгуулсан байна. Цахим орчинд хүүхдийг хориотой болон хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журмыг цахим хөгжил, харилцаа холбооны, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлах хуулийн хүрээнд Цахим хөгжил, инновац харилцаа холбооны сайдаас журмын төслийг боловсруулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Гэр бүл, хөдөлмөр нийгэм хамгааллын сайдаас санал авч 2025 оны 03 дугаар сард хамтарсан тушаалаар “Цахим орчинд хүүхдийг хориотой болон хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам”-ыг баталжээ. Түүнчлэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.12-т хэвлэл мэдээлэл, олон суваг дамжуулах болон цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн цахим орчин, өргөн нэвтрүүлгээр түгээсэн контент, мэдээ, мэдээлэл, бүтээл нь хүүхдэд хортой агуулгатай эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг мөн танилцуулав. Гэр бүл, хөдөлмөр нийгэм хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул дээрх сэдвийн хүрээн дэх өнөөгийн нөхцөл байдлын талаар тоон мэдээлэл, баримтуудыг Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаарх дуудлага мэдээллийг хүүхдийн тусламжийн 108 утсаар хүлээн авдаг ба үүний зэрэгцээ шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгөхөөс гадна холбон зуучлах үйлчилгээг үзүүлдэг гэв. 108 тусгай дугаарт ирсэн хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлийн шинжтэй дуудлагыг 102 утсанд шилжүүлдэг байна. Харин хүүхдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлын талаарх яаралтай дуудлагыг 103, амиа хорлох, ахуй, осол гэмтэл, өндрөөс унах зэрэг дуудлагыг 101, 105 дугаарт яаралтай шилжүүлэн хамтран ажилладаг байна. Хүүхдийн тусламжийн 108 тусгай дугаарт 2021-2023 онд цахим орчны дарамт, хүчирхийллийн талаарх 99 дуудлага ирснийг Цагдаагийн ерөнхий газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлжээ. 2024 оноос энэ төрлийн дуудлагыг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт цахим хаягаар нь шилжүүлдэг болсны дагуу 38 дуудлагыг шилжүүлсэн байна. Хүүхдэд цахим орчинд үзүүлэх дарамт 2022 онд 83 байсан бол 2023 онд 448 болжээ. Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд үе тэнгийн хүчирхийлэлтэй холбогдолтой дуудлага маш их ирдэг хэмээгээд “2024 онд 1052 дуудлага ирсэн, энэ оны I улир алд 193 дуудлага бүртгэгдсэн” гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр бодлого, зохицуулалтын хүрээнд хийсэн ажлуудын талаар товч дурдаад цаашид Хүүхэд хамгааллын тухай хууль, холбогдох журам, стандартыг сурталчлан таниулах, журмыг хэрэгжүүлэх хүрээнд хүүхдийн эрхийн улсын байцаагчийг сургах, чадвахжуулах, мэргэжлийн байгууллагуудтай хамтран өргөн нэвтрүүлгийн телевизүүд болон үүрэн холбооны оператор компаниудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулах шаардлагатай гэдэг саналыг танилцуулсан. Мөн хүүхдийн эрх хамгааллын талаар мэдлэг, хандлага, ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд, ажлын албыг чадавхжуулах шаардлагатай байгааг мөн мэдээллийнхээ төгсгөлд танилцуулав. Ийнхүү Боловсролын сайдын болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээллийг сонссоны дараа Хууль зүйн байнгын хорооны гишүүн О.Номинчимэг, М.Нарантуяа-Нара, С.Эрдэнэболд, Ц.Сандаг-Очир, П.Сайнзориг, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Д.Цогтбаатар нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт тайлбар авсан юм. Хуулиар зохицуулах асуудлаа нарийвчлан, үр дүнг хэмжих шалгуураа тодорхой болгох шаардлагатай гэдэг саналыг С.Эрдэнэболд гишүүн хэлээд, шинэ тутам үүсч буй нийгмийн харилцааны асуудлыг хуучин арга барилаар шийдэх боломжгүй гэдгийг тооцож, анхаарахыг сануулсан. Хуулийн төслийн үзэл санааг дэмжиж байгаагаа тэрбээр илэрхийлээд, Засгийн газар орчин нөхцөл болон ирээдүйг тооцож, энэ чиглэлд баримтлах бодлогоо нэн тодорхой болгох ёстой гэлээ. Цахим халдлага, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж байгаа хүүхэд хаана, хэрхэн хандах талаар маш тодорхой ойлголт, мэдээллийг нийгэмд түгээж, бүх талууд хуулиар хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэдэг байх нь чухал гэдэг саналыг хэлж байв. Нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр бодлого, хөтөлбөрүүдийг тусгайлан гаргаж төрийн байгууллагууд хамтарч хэрэгжүүлэх шаардлага байгаа хэмээн үзэж буйгаа дурдлаа. Хүүхдийн эрхийн асуудлыг онцгой анхаарах ёстой хэдий ч технологийн ололт, дэвшлийн сайн үр нөлөөг тооцох ёстой гэдгийг Д.Цогтбаатар гишүүн тэмдэглэлээ. Сөрөг талыг бууруулахдаа өгөөжийг саармагжуулахгүйгээр зохицуулахад бид анхаарах ёстой гээд “Долоо хэмжиж нэг огтлох асуудлыг бид ярьж байна. Иргэдээ аюул эрсдэлээс хамгаалах зорилгоор нөгөө талд нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж, халдах магадлалаа тооцож ажиллах учиртай. Сүүлийн үед өнөөдрийн сэдвийн хүрээнд маш их эмзэглэж, сөргөөр ярих хандлага их болж байна. Түүнийг нь бид өөгшүүлж, дэвэргэх юм бол үнэхээр том эрсдэлтэй учир сайн бодож, тунгааж, дүгнэж, цэгнэх ёстой” гэв. Энэ хүрээнд дотоодын хууль тогтоомж гаргахаас илүүтэй хүүхдийн эрх хамгаалах чиглэлээр холбогдох агуулга, зохицуулалтаа иж бүрнээр тусгасан НҮБ-ын тогтоолын төсөл санал болгох, олон улсын түвшинд зохицуулах боломж бий гэдэг саналыг хэлсэн. Ийнхүү Цахим орчин дахь өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, сэтгэл санааны хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх мэдээллийг сонссоноор Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

БОХХААБХ: Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.15/ хуралдаан 10 цаг 53 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал даргалан явууллаа. Хуралдааны эхэнд Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэв. Тайланг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн /бүрэн эхээр нь эндээс/ / танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар иргэдээс гаргасан өргөдлийг цахим системээр хүлээн авна гэсний дагуу өргөдлийг хүлээн авсан. Нийт 71,452 иргэн гарын үсэг зурснаар нийтийн сонсгол хийх эрх зүйн орчин бүрдсэн. Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаар тогтоолоор агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Ц.Баатархүү, П.Батчимэг, Б.Бат-Эрдэнэ, А.Ганбаатар, Г.Ганбаатар, М.Ганхүлэг, С.Замира, Ж.Золжаргал, С.Лүндэг, М.Мандхай, Л.Мөнхбаясгалан, З.Мэндсайхан, Б.Найдалаа, А.Ундраа, Б.Уянга, О.Саранчулуун нар ажилласан гэв. Түүнчлэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 8 дугаар тогтоолоор агаарын бохирдол, утааны асуудлаар зохион байгуулах ерөнхий хяналтын сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнг томилж, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, асуудлын цар хүрээ, ажиллах боломжийг харгалзан, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасан журмыг баримтлан Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 02 дугаар сарын 03, 04-ний өдөр “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” сэдвээр зохион байгуулахаар тогтож, тус Байнгын хорооны 10 дугаар тогтоолыг баталсан. Ажлын хэсэг ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажлын төлөвлөгөөг баталж, бэлтгэл ажлын хүрээнд дөрвөн удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд эдгээр хэлэлцүүлэгт давхардсан тоогоор 194 иргэн, төрийн байгууллагын 93 албан тушаалтан оролцож, 75 иргэдийн төлөөлөл холбогдох төрийн байгууллагаас асуулт асууж, хариулт авч, 28 иргэн танилцуулга хийснийг дурдлаа. Мөн 2025 оны 02 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Төрийн ордонд “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2 дахь хэсэгт заасны дагуу ерөнхий хяналтын сонсгол явуулах талаар зар мэдээллийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 17.30 цаг хүртэл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж, сонсголд оролцогчдыг бүртгэлээ. Сонголд Улсын Их Хурлын гишүүдээс гадна төрийн бус байгууллагын төлөөлөл 6, иргэд 94, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл буюу шууд дамжуулалт хийх хоёр телевиз, нийт 104 оролцогч бүртгүүлснээс төрийн байгууллагын төлөөлөл 64, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс 46 хүн оролцсон гэв. Үргэлжлүүлэн ажлын хэсгийн ахлагч Ерөнхий хяналтын сонсголын нэгдсэн санал, дүгнэлтийг танилцуулав. Уг дүгнэлтэд: 1.Сайжруулсан түлшний хэрэглээтэй холбоотой хүн амын эрүүл мэнд, амь насанд угаартах аюул учирсаар байх тул угаарын хий мэдрэгчийг айл бүхэнд байршуулах, “Таван толгой” түлш ХХК, Нийслэлийн засаг даргын тамгын газраас айл бүрийн эрсдэлийг үнэлж, арилгах; 2.Эрүүл мэндийн яамны зүгээс агаарын бохирдолд өндөр эрсдэлтэй, эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэнд, угаартаж амь насаа алдсан нийт хүн амын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, эрсдэлээс сэргийлэх, хамгаалах ажлыг нотолгоонд тулгуурлан эрчимжүүлэх төлөвлөгөөг боловсруулан зорилтот хүн амд хүрч ажиллах, эмнэлгийн бэлэн байдлыг ханган ажиллах; 3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо цаашид утаа, агаарын бохирдлыг бууруулах дэд хороог байгуулах, хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэх; 4.Агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч хэмнэх чиглэлээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд урамшуулал олгох үйл ажиллагааг явуулах; 5.Цаашид нийслэлийг хатуу түлшний хэрэглээнээс гаргаж хийн болон бусад төрлийн түлшний хэрэглээнд нэвтрүүлэхдээ ахуйн орчин нөхцөлд нь эрсдэлийн болон өртөг, үр ашгийн үнэлгээг хийсэн байхад анхаарах; 6.Гэр болон барилга байгууламжийн дулаалгын нэгдсэн стандарт боловсруулан батлуулж, дулаалгын шинэ технологи нэвтрүүлж буй аж ахуйн нэгжүүдийн дунд чөлөөт өрсөлдөөн бий болгох чиглэлээр үе шаттай арга хэмжээг салбарын яамны зүгээс авч хэрэгжүүлэн мөрдүүлэх; 7.Орон нутаг бүр агаарын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлж агаарын бохирдлыг бууруулах, хүн амыг агаарын бохирдлоос хамгаалах төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, орон нутгийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх; 8.Салбарын яамны зүгээс орон нутагт агаар бохирдуулагч бүрийг хэмжих чадавхыг бий болгож, хатуу түлшний хэрэглээг халах шаардлагатай талаар дурдсан байлаа. Ажлын хэсгийн тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Л.Мөнхбаясгалан, Н.Наранбаатар, Ц.Мөнхбат, Б.Жаргалан, П.Батчимэг нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгагдсан угаарын хий мэдрэгчийг гэр хорооллын айл бүрд байршуулах, тогтмол ажиллагааг хянах зэрэг хувь хүний хариуцлагатай холбоотой зүйлийг тусгах нь зүйтэй эсэх, ахуйн орчинд угаартсан иргэдэд нөхөн төлбөр олгох санхүүгийн боломж нөөц хэр байгааг, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, иргэдийн амь насанд халтай угаарын хий гаргадаг түлш үйлдвэрлэх, мэдрэгчийг айл бүрд байршуулах зэрэг бизнесийг дэмжсэн ажлыг Байнгын хорооны тогтоолд тусгасан шалтгааны талаар тодруулж, хариулт авсан. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат нийслэл Улаанбаатар хот утаагүй өвөлжсөн тохиолдлууд бий. Өнөөдөр агаарын бохирдол ихэссэн шалтгааныг хяналтын сонсголоор хэрхэн дүгнэснийг тодруулав. Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн гишүүн хариултдаа, 2019-2021 оны өвөл агаар цэвэрхэн байсан шалтгаан нь нийслэл Улаанбаатар хотын томоохон уурын зуухуудад хатуу хяналттайгаар түүхий нүүрс оруулсныг эс тооцвол бусдаар түүхий нүүрс хэрэглэхийг хатуу хориглосон. Мөн барьцалдуулагчдаа тааруулан шахмал түлшний стандарт бууруулсан, түлш хатаах технологи нь өөрчлөгдсөн байсан.Түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхэд тавих хяналт байхгүй болсон. Түүнчлэн тухайн үед 5 мянга гаруй төрийн албан хаагчийг дайчлан өвлийн цагаар бохир утаа гаргасан айл руу очиж хяналт тавьж, түлшийг нь солиулж байсан. Энэ нь маш том соён гэгээрүүлэх үйл ажиллагаа байлаа. Энэ бүх сайн туршлага байхгүй болсон хэмээн хариуллаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, сүүлийн 20 гаруй жил утааг бууруулах чиглэлээрх санал санаачилгыг гаргаж, холбогдох тогтоол шийдвэрүүдийг баталсан. Гэвч утаанаас болж 779 иргэн амь насаа алдаж, 5 тэрбум төгрөгийг утааг бууруулахад зарцуулсан боловч үр дүнд хүрээгүй тул энэ удаагийн парламент манлайлал үзүүлж агаарын бохихрдлыг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авахыг уриалав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, түлш, хийг ашиглаж л байвал утаа гарах нь дамжиггүй. Иймд нийслэлийн утааны хүлээн зөвшөөрөх хэмжээг тогтоож, түлш, зуух, утаа мэдрэгч, яндангийн техникийн зохицуулалтыг баталж, хяналт тавихад анхаарах шаардлагатай гэсэн санал хэлж байлаа. Ингээд а жлын хэсгийн тайланг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Дараа нь “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл сэдэвт Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсантай холбогдуулан Засгийн газарт тодорхой асуудлаар чиглэл өгөх нь зүйтэй хэмээн ажлын хэсгээс үзсэн учраас Улсын Их Хурлын тогтоолын төслийг бэлтгэснийг дурдлаа. Төсөлд угаарын хий мэдрэгчийг гэр хорооллын айл бүхэнд байршуулах, тогтмол ажиллагааг хянах, уг мэдрэгч ажилласан тохиолдолд шуурхай арга хэмжээ авах, агаарын бохирдлын талаарх мэдээллийг иргэдэд өдөр бүр тогтмол мэдээлэх тогтолцоог боловсронгуй болгох, зорилтот бүлэгт хүргэх мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлын өндөр эрсдэлтэй эмзэг бүлгийн хүн ам болон нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлээс сэргийлэх ажлыг нотолгоонд тулгуурлан эрчимжүүлэх төлөвлөгөөг боловсруулан зорилтот хүн амд хүрч ажиллах, зан үйлийг нь өөрчлөх, эмнэлгийн бэлэн байдлыг ханган ажиллах, угаартаж амь насаа алдсан иргэдийн мэдээллийг нэгтгэн дүн шинжилгээ хийж шалтгааныг тогтоож, нотолгоонд тулгуурлан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах, ахуйн орчинд угаартсан иргэдэд нөхөн төлбөр олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо нь холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог хангах, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хэрэгжилтийг тогтмол тайлагнах, санхүүжилт, зарцуулалтын талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох зэрэг 13 заалтыг тусгасныг Ж.Чинбүрэн гишүүн танилцуулгадаа онцлов. Тогтоолдын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайд эсвэл Шадар сайд зэрэг салбар дундын уялдааг хангуулах албан тушаалтнаар ахлуулах, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн дараагийн төслийг Засгийн газраас танилцуулах чиглэл өгөхийн зэрэгцээ, тогтоолын төсөлд дотоод орчны бохирдлын асуудлыг тусгасныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа дулаалгын нэгдсэн стандарт боловсруулах, барилгын дулаалгатай холбогдох норм, дүрмийг шинэчлэх чиглэлийг тогтоолын төсөлд тусгах нь зүйтэй гэсэн саналуудыг хэлэв. Ингээд Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалангийн бэлтгэсэн тогтоолын төслийг нэгтгэн, Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг нэмж тусгахаар боллоо. Чуулганы нэгдсэн хуралдаанаар уг тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай танилцуулахаар тогтлоо. Мөн өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатараас 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн. Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатараас, “Өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, мал сүргээ хамгаалах зайлшгүй шаардлагаар саарал чоно авласан бол энэ хуулийн 25.1 дэх заалт хамаарахгүй”, “Энэ хуулийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь тус тус дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулахаар тогтов. Хуралдааны төгсгөлд “Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Төсөлд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар тогтоолоор байгуулсан “Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн удирдамжийг батлахаар тусгажээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ХООЛОЙГ НЬ БООЖ, ГАР УТСЫГ НЬ ДЭЭРЭМДЖЭЭ

Энэ оны эхний 3 сарын байдлаар дээрэмдэх гэмт хэрэг 211 бүртгэгдсэн. Дээрэмдсэн эд зүйлсийн дийлэнхийг гар утас эзэлж байна. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2025 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр нийслэлийн сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “согтуу хүмүүст зодуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дээрх хэрэгт шалгалтын ажиллагааг явуулахад эрэгтэй 47 настай иргэнийг бүлэг этгээд согтуурсан үедээ амь насанд нь аюултай үйлдэл гарган хоолойг нь боож, гар утсыг нь дээрэмдэж, зугтаасныг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь хөвсгөл болон архангай аймагт оршин суух хаягтай 30-40 насны иргэд байна. Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон иргэдийг болон гэрэлтүүлэггүй гудамж, талбайд ганцаараа зорчиж буй иргэдийг олзлон тэдэнд хохирол учруулдаг тул иймд иргэд шөнө оройн цагаар явахдаа сонор сэрэмжтэй байх, аль болох гэрэлтүүлэгтэй, хяналтын камертай замаар зорчиж гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Монгол, Хятадын Парламент хоорондын Байнгын уулзалтын механизмын VI уулзалт боллоо

Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын Байнгын уулзалтын механизмын VI уулзалт өнөөдөр /2025.04.14/ Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болов. Уулзалтыг Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Х.Булгантуяа, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дэд дарга Луосан Жянцүнь нар удирдан явууллаа. Хоёр улсын парламент хоорондын Байнгын уулзалтын механизмын VI уулзалтаар хоёр орны харилцаа тэр дундаа парламент, Байнгын хороодын хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан туршлага солилцох, мөн худалдаа, эдийн засаг, ногоон хөгжил гэсэн дөрвөн чиглэлээр цаашдын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Уулзалтад Монголын талаас Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга О.Цогтгэрэл, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга Э.Болормаа, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Б.Найдалаа, БНХАУ-ын талаас Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн, Үндэстний хорооны гишүүн Жан Тайфань, Санхүү, Эдийн засгийн хорооны гишүүн Хө Юүнжи, Байнгын хорооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Чэнь Фүли болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

1 ... 60 61 62 63 64 65 66 67 68 ... 384