НЭГҮҮН МЭДЭЭ
Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025 .0 5 .15 )- ийн нэгдсэн хуралдаан завсарлагагүй үргэлжилж, “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үдээс хойно үргэлжлүүлсэн юм. Хэлэлцүүлгийн асуулт, хариулт үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд тусгагдсан бодлого, зорилт, төсөл арга хэмжээ болон тэдгээрийн тооцоо судалгаа, хэрэгжих боломж, шалгуур үзүүлэлт, цаг хугацааны хүчин зүйл, урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, зорилт болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдаж байгаа эсэх зэрэг олон асуудлаар асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, нүүрний олборлолт, нийслэл хотын бүтээн байгуулалт зэрэг олон ажилд гадаадын мэргэжилтнүүдийг ажиллуулахаар урьж байгаа нь монгол хүний үнэлэмжийг унагасан, гадаад хүнийг тахин шүтэх нөхцөлийг бий болгох уршигтайг болон урт хугацааны том зорилго, зорилттойгоо жилийн хөгжлийн төлөвлөгөө уялдаж, тэдгээр том зорилтуудаа хэрэгжүүлэхэд жил жилээр дөхөж байх ёстойг дурдаж, 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг ирэх оныход дахин төлөвлөсөн, мөн хиймэл оюун ухааныг хөгжүүлэх болон технологи дамжуулах, нутагшуулах төслийн хүрээнд ямар ажил хийгдэхийг тодруулж асуув. Түүний асуултад Эдийн засаг, хөгжлийн яам ( ЭЗХЯ ) -ны Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын газрын дарга Д.Баттогтох хариулахдаа, Үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төслийн хүрээнд улсын хэмжээнд шинээр аж үйлдвэрийн салбаруудын судалгаа хөгжүүлэлтийг хийх болон одоо хэрэгжиж байгаа суурь судалгаа, туршилт, тохируулгын ажлуудыг өргөжүүлнэ гэлээ. Харин технологи дамжуулах төслийн хүрээнд мэдлэгийн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлнэ гээд, уг асуудлаарх Үндэсний хөтөлбөрийг боловсруулан батлуулж, энэ оноос хэрэгжүүлнэ гэсэн мэдээллийг өгөв. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү хиймэл оюун ухааныг олон салбарт нэвтрүүлж, шинэ бүтээгдэхүүн гаргах, чанарыг сайжруулах ажлуудыг хэрэгжүүлэхийн тулд дэд бүтцийн чадавхыг сайжруулах, өндөр технологийг техникийг дундын өмчлөлийн хэлбэрээр хэрэглэх, түүнчлэн өгөгдөл, мэдээллийг хамгаалж, аюулгүй байдлыг хангах, тархмал дэд бүтцийг хөгжүүлэхийн тулд технологид оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа энэ оны хөгжлийн төлөвлөгөөтэй харьцуулахад дэд зорилтуудын тоо ихээхэн цөөрсөн, тэтгэврийн шинэчлэл, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар ангиас англи хэл, роботикийн хичээл үзэх зэрэг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулсан зорилтуудаас тусгагдаагүйн учрыг асуухад ЭЗХЯ-ны Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Эрдэнэбат ирэх жилийн төсвийн хүрээний мэдэгдэл, эрх зүйн орчин, төсөл, арга хэмжээний үр дүнг тооцох аргачлал, шалгуур үзүүлэлтээрээ авч үзээд заримыг хассан, бодлогын гол гол ажлуудаа оруулсан, 2026 оны төсөөлөл тун даруухан байгаа гэсэн хариулт өгсөн бол Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Засгийн газар зорилгоосоо ухраагүй, үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжинэ, нийгмийн даатгалын шинэчлэл, хувийн тэтгэврийн хуримтлалын бодлого хэрэгжээд явж байгаа, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ( ГБХНХЯ ) -наас удахгүй Улсын Их Хуралд халамжийг хумих, хүндээ хүрсэн халамжийн бодлого хэрэгжүүлэх талаар тодорхой хөтөлбөр өргөн барьж, хэлэлцүүлнэ гэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа үндэслэл тооцоогүй, хэрэгжих боломжгүй ажлуудыг төлөвлөгөөнд тусгалгүй хасаж байгаа нь зөв гэж үзэж байгаагаа дурдаж, төлөвлөлтөө сайн хийгээгүйгээс байнга эргэж буцсан шийдвэр гаргаж байна гэсэн юм. 2024 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийг Үндэсний аудитын газраас 52.8 хувьтай гэж дүгнэснийг Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат сануулаад, төрийн ямар ямар чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх, стратегийн ямар ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, төрийн албанаас орон тооны цомхотголд оруулах хүмүүсийг ямар салбар руу шилжүүлэх, 10 000 нарны дээвэр төслийг хэрхэн хэрэгжүүлэх, улсын төсвөөс тусдаа зохицуулалтаар гадаадын зээл тусламжийн ашиглалтыг нэмэгдүүлэх, татварын дарамт буурах эсэх зэрэг тодорхой асуултуудыг тавив. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл д төсвийн зардлыг 15 хувь бууруулахаар тусгасны дагуу жил жилээр багасгаж байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж, татварын реформ багадаа 4.0 их наяд төгрөгийн, орлого, зарлага дээрээ нийт 8.0 их наяд төгрөгөөр бичигдэх хэмжээний өртөгтэй учир үүнийг 3-4 хэсэг болгон хувааж, улсын төсөвт ирэх ачааллын дэс дараатайгаар хуваарилж хэрэгжүүлнэ гэв. Татварын багц хуулийн шинэчлэн найруулсан төслийг энэ сард багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгааг тэрбээр мэдээлээд, төсвийн хязгаартаа багтахгүй учир гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрийг зарлагадаж чадахгүй байгаа учир энэ эх үүсвэрийг Төсвийн тухай хуулиас тусдаа бие даасан хуулиар зохицуулж ашиглах нь зүйтэй гэсэн зарим Улсын Их Хурлын гишүүний саналыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийллээ. Харин Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Эрчим хүчний реформын үндэсний хороо, “Эрчист Монгол” ХХК, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг болон Эрчим хүчний яам ( ЭХЯ ) гээд энэ салбар дөрвөн толгойтой болсон тухай дурдаж, Улаанбаатар хотын айл өрхүүд сэргээгдэх эх үүсвэрээр эрчим хүч үйлдвэрлэж, өөрсдийн хэрэглээнээс илүү гарсныг төвийн системд өгч, авдаг байвал энэ систем тогтвортой ажиллаж чадахгүй гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв. Тэрбээр, 10 000 нарны дээвэр төсөл бол ЭХЯ-наас өгсөн санал биш гэсэн бол Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Засгийн газраас “Ногоон корпорац”-аа байгуулаад, эрчим хүчний тархмал эх үүсвэрийг ашиглахад зориулан гадаадаас болон Хөгжлийн банкнаас санхүүжилтээ аваад эхэлсэн талаар танилцуулсан юм. Засгийн газар ирэх долоо хоногт энэ талаар бодлогын шийдвэр гаргах ажээ. Залуучуудын хөгжил, залуу гэр бүлийг дэмжих төсөл, арга хэмжээ хөгжлийн төлөвлөгөөнд огт тусгагдаагүйд харамсаж байгаагаа Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг онцлоод, залуу малчид мал ахуйгаа эрхлэнгээ хөгжих боломжийг бий болгох, “Шинэ хоршоо” хөтөлбөрийн үйл ажиллагааг эрчимтэй үргэлжлүүлэх асуудлыг хөндөв. Гэр бүлийн гишүүдийн нийгмийн үйлчилгээг сайжруулах зорилтын хүрээнд залуучуудыг дэмжих ажлууд хийгдэнэ гэсэн хариултыг түүнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өгсөн бол Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам ( ССАЖЗЯ )- наас хүргүүлсэн саналуудыг ЭЗХЯ хассан тухай сайд Ч.Номин дурдлаа. Хэдийгээр ирэх жилийн хөгжлийн төлөвлөгөөнд төсөл, арга хэмжээ тусгагдаагүй ч Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудын болон 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласны хүрээнд залуучуудад чиглэсэн ажлуудаа хэрэгжүүлж байна гэсэн тайлбарыг тэрбээр хийж, Залуучуудын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулна, “Миний түрээсийн орон сууц”, “Миний анхны орон сууц” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэсэн юм. Мөн сайд Л.Энх-Амгалан Гэр бүлийн тухай болон Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг өргөн барихаар ажиллаж байгаагаа ярив. Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг ССАЖЗЯ-наас хүргүүлсэн саналууд яагаад хасагдсан талаар асуухад ЭЗХЯ-ны Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Эрдэнэбат төлөвлөгөөнд тусаагүй нь хийхгүй гэсэн үг биш, үргэлжлээд, урсгал зардлаар хийгээд явах боломжтой гээд, хэлэлцүүлгийн явцад төлөвлөгөөнд нэмж тусгах боломжтой гэсэн хариулт өгөв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир ирэх өвөл Улаанбаатар хотын иргэд ямар түлш түлэх, сайжруулсан шахмал түлшийг өөрчилж, илүү сайжруулсан эсэх, утаатайгаа өвөлжих эсэхийг асуухад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн энэ асуудал Нийслэлийн Засаг даргын тамгын газар ( НЗДТГ ) -т шилжсэн гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нийгмийн даатгалын шимтгэл болон татвар хэрхэн буурах, малын гаралтай түүхий эдийг боловсруулах болон төрийн албан хаагчдын 10 хувийг цомхотгох, төрийн байгууллагуудын дэргэд шинээр олон төвүүд байгуулах зорилтууд зөрчилдөж байгаа эсэхийг асуусан юм. Нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэл бол тооцоо судалгаа сайтайгаар, цаашид урт хугацаанд тогтвортой хэрэгжих байдлыг харгалзаж, хүн амын насжилт, хөдөлмөр эрхлэлт, мөнгөний бодлого, шимтгэлийн хэмжээ, хамрагдалт зэргийг цогцоор тооцож хийх ёстой гэсэн байр сууриа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан илэрхийлсэн бол Сангийн сайд Б.Жавхлан төсвийг хумих бодлогыг Засгийн газар баримталж буй учир бусад эх үүсвэрийн, ялангуяа хувийн хөрөнгө оруулалтын боломжуудыг нээх чиглэлээр ажиллана, үүнтэй уялдуулан татварын тогтолцооны бүх нэр төрөл, үе шатыг шинэчлэх багц хуулийн төслийг боловсруулж байна гэлээ. Улаанбаатар хотод ирэх өвөл түлэх түлшний талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай хариулахдаа, хотыг ногоон шар бүсүүдэд ангилсан тухай дурдаад, ногоон бүсэд цахилгаан халаалт болон хийн түлш, бусад бүсэд уламжлалт болон хөх нүүрс түлнэ гэлээ. Харин, малын түүхий эдийг боловсруулах талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр хангалттай хүчин чадал суурилагдаад байгаа гэсэн хариулт өгч, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хүчин чадлыг нэмэгдүүлж байна гэлээ. Ховдын үйлдвэр технологийн паркийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг улсын төсвөөр, Дархан-Уул аймгийнхыг орон нутгийн болон хувийн хэвшлийн түншлэлээр, Эмээлтийнхийг нийслэлийн төсвөөр шийдвэрлэж байгаа талаар тэрбээр танилцуулж, паркуудад байгуулагдах үйлдвэрлэл, үйл ажиллагааны хөрөнгө оруулалтад төр оролцохгүй, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэнэ гэсэн юм. Эзийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Батлан хамгаалах яам ( БХЯ ) -ны дэргэд байгуулагдах Дрон угсрах төв зэрэг төвүүд тодорхой ажил үүргийг тодорхой хугацаанд, тодорхой зардлаар хийж, тогтворжуулаад хувийн хэвшилд шилжүүлэх буюу татан буугдаж байх ёстой гэсэн байр суурь илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгож буйг сайшаагаад, тус салбарыг үндсэн үзүүлэлтүүд ирэх жилүүдэд хэрхэн сайжрах, их, дээд сургуулийг дэмжих, өндөр технологийн лабораториудыг байгуулах, багшлах боловсон хүчний хомсдолыг шийдвэрлэх, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх болон сургалтын хөтөлбөрийг шинэчлэн, Коосэн сургуулийн хөтөлбөрийг нэвтрүүлэх зэрэг олон зүйлийг асууж хариулт авсан юм. Түүний асуултад Боловсролын яам ( БЯ ) -ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал товч хариулт өгч, 2026 оны хөгжлийн төлөвлөгөө болон “Боловсролын жил”-ийн ажлыг төлөвлөх, бэлтгэх үүрэгтэй ажлын хэсгүүд байгуулагдсаныг мэдээлж, эдүгээ 98.0 хувийн биелэлттэй байгаа Япон Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “1000 инженер” төслийн дараагийн шатанд судалгааны их сургууль, судалгааны лабораторийн ажлууд төлөвлөгдөж буйг танилцуулсан юм. Багш нарын нийгмийн баталгаа, ажлын байран дээрээ хөгжих, тогтвортой ажиллах бодлогыг таван жил хэрэгжүүлэхэд цаашаа хэвийн болно гэж тэрбээр яриад, цалингийн хэмжээг нэмэх нь макро эдийн засагт нөлөөлөх учир урамшууллыг нэмж ажиллах БЯ-ны байр суурийг илэрхийлэв. Мөн Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Коосэн боловсрол, инженер бэлтгэх ажлуудын хэрэгжилт сайн байгааг тэмдэглээд, чанарыг унагахгүй байхад анхаарах ёстой гэлээ. Аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэх төслүүд хангалтгүй, эрүүл мэндийн оношилгооны төвүүдийг бүсүүдэд бус аймгуудад байгуулах, эмийн үйлдвэрүүдийг байгуулахад анхаарах талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен санал гаргаж, маш ихээр хаягдаж байгаа малын түүхий эдийг боловсруулах, бэлтгэн нийлүүлэх асуудал тулгамдаж буйг сануулсан бол Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга мал аж ахуй, хөдөө аж ахуйн талаар Засгийн газар дорвитой өөрчлөлт хийхгүй бол малчдын амьдрал сүйрэхэд хүрээд байгааг анхааруулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат ядуурал хэрхэн буурах, залуучуудын эх орноосоо дайжих байдал яаж саарах, Улсын Их Хурал, Засгийн газрын хоорондын эрх мэдлийн хяналт тэнцвэрийг хангах талаар санал хэлж, хэвийн хэвшлийг дэмжихэд анхаарал хандуулахыг зөвлөсөн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан эдийн засгийн эрх чөлөөг хангах төсвийн бодлоготойгоо нийцүүлж хувийн хэвшлийг дэмжих татварын таатай бодлого хэрэгжүүлэх учиртайг онцлон мега төслүүдийг баталж байсан үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн тул эргэж харах нь зүйтэй гэсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлж жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулах, дунд хугацааны зорилтот хөтөлбөрүүдийг боловсруулж, батлуулах, хүүхдийн шим тэжээлийг дэмжих хөтөлбөр, төслийг төлөвлөгөөнд тусгах тухай санал хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлуудын сонгон шалгаруулалтыг үндэсний аж ахуйн нэгжүүд оролцох боломжгүйгээр зохион байгуулж, гадаадын компаниудыг шалгаруулсныг шүүмжилж, нийслэлийн удирдлагуудыг хуульд захирагдаж ажиллахыг сануулсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар мөнгөний бодлогын зарим асуудлыг тодруулж, төгрөгийн ханш тасралтгүй буурч байгаад Засгийн газар ямар дүгнэлт хийж, цаашид хэрхэн ажиллах талаар асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Улаанбаатар хотоос зарлаж, шалгаруулж байгаа тендер, тэдгээрийн нөхцөл болзлын асуудлыг чухлаар тавьж, цаашид хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хийчих ажлыг төр, орон нутгийн захиргаа үүрч, үүнээсээ болж тухайн ажил, үйлчилгээ алдагдахад хүрч буйг шүүмжилсэн юм. Үндэсний компаниуд хангах боломжгүй хэт өндөр нөхцөл болзол тавьж, төсвийн хөрөнгөөр, 30 хувийн урьдчилгаа өгч гаднын компаниудаар бүтээн байгуулалтын ажлуудаа хийлгэхээр болж буй нь байж болохгүй зүйл гэж үзэж байгаагаа тэрбээр дурдаад, энэ асуудлыг судалж шийдвэрлэхийг Засгийн газарт зөвлөлөө. Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр нийслэлийн тендерт Засгийн газар оролцохгүй байгаа гэдгийг хэлээд, хэрэв Улсын Их Хурлын гишүүд шаардлагатай гэж үзэж байгаа бол уг асуудлыг Засгийн газар руу татаж, шалгая гэв. Тэрбээр, төсвийн хөрөнгөөр хийх ажлуудаа гадаадын аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлдэг ямар ч улс орон байхгүй гэсэн тайлбар хийж, харин гадаадын зээл, тусламжийн төслүүдийг тухайн санхүүжилтийг олгож буй Засгийн газрын саналаар тухайн улсын аж ахуйн нэгж гүйцэтгэх нь бий гэсэн юм. Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийн талаар асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүд үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд хөгжлийн төлөвлөгөө энгийн, ойлгомжтой, хэмжигдэхүйц байх ёстойг онцолж, Улсын Их Хурал баталж байгаа хууль тогтоомж, бодлого шийдвэртээ 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөнийхөө дагуу хэмжиж, нягталж байх нь зүйтэй гэсэн санал хэлэв. Мөн тэрбээр улс орны эдийн засгийн өсөлтийн үр өгөөж иргэдийн гар дээр бодитойгоор очих болон хүний эрхийг хангах асуудалд онцгой анхаарч ажиллах шаардлага байгааг дурдлаа. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа том төслүүдээ санхүүжүүлж чадахгүй, гадаадаас авсан зээлээ ашиглаж чадахгүй байгаа Засгийн газарт дэмжлэг үзүүлж, улсын төсвийг алдагдалтай ч гэсэн үнэн зөвөөр баталдаг зарчимд шилжихийг санал болгож, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд зарим зүйл, заалтын өөрчилж сайжруулах, жилийн төлөвлөгөөг гэхээсээ илүү төсвийн гүйцэтгэлийг нарийвчлан хэлэлцэж, зохих арга хэмжээг авдаг байх, төр бизнест оролцохгүй байх, хүн амын дундаж давхаргыг хамгийн их хадгалах хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбартаа түлхүү анхаарах зэрэг асуудлыг хөндлөө. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан төсвийн хязгаар гэх хэвшмэл ойлголтоосоо салж, гадаадын зээл, тусламжийг ашиглаж чадахгүй байгааг шийдвэрлэх, Цогтцэций-Замын-Үүдийн төмөр зам зэрэг Говийн бүсийн зөвлөгөөнд яригдаж, Засгийн газар дэмжсэн төсөл, арга хэмжээг хөгжлийн төлөвлөгөөнд тусгах санал хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг Засгийн газрын ажил удаан байгааг шүүмжлээд, залуучууд, тэр дундаа малчин залуучууд, шинэ хоршоодыг дэмжих ажлыг үргэлжлүүлэхийг санал болгов. Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг ирэх жилийн хөгжлийн төлөвлөгөө 2024 оных шиг биелэлт муутай болох вий гэж санаа зовж байгаагаа дурдаад, төсөл, арга хэмжээг үнэлэх аргачлал, журмаа тогтож, хэмжүүр, хэмжигдэхүүнээ тодорхой болгох, боловсруулалтаа сайжруулахыг зөвлөлөө. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен орон нутгийн эмнэлгүүдийг дэмжиж, хотын эмнэлгүүдийн ачааллыг бууруулах, Баян-Өлгий аймагт шинээр баригдаж байгаа оношилгооны төвийн санхүүжилтийг шийдвэрлэх, Алтай Таван богдын аялал жуулчлалын бүсэд отоглох цэг, ариун цэврийн байгууламж барих, дампуурч банкны барьцаанд тавигдсан Баруун таван аймгийн ноос угаах үйлдвэрийг сэргээх зэрэг тодорхой саналуудыг хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат хил холболтын төмөр замын төслүүд Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг Хятадын “Чайна Энержи” компаниас цааш нэвтэрч, Тяньжиний боомтоор дамжин дэлхийн зах зээлд гарах боломжгүй болгож байгаа гэж үзэж байгаагаа анхааруулж, эрчим хүчний тасралтгүй, найдвартай байдал урьд өмнөхөөс илүү дээрдээгүй ч үнэ нь өндөр болсныг болон хувийн хэвшлийг боомилохгүй ажиллахыг Засгийн газарт сануулав. Улсын Их Хурлын гишүүд үг хэлсний дараа Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төсөл Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6.10 дахь хэсэгт заасан улс, орон нутгийн хөгжлийн таван жилийн үндсэн чиглэлүүд, үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэр тодорхой байх, улс, орон нутгийн төсөвтэй уялдах зэрэг шаардлагуудыг хангасан эсэх талаар санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 68.3 хувь нь дээрх шаардлагыг хангасан гэж үзсэн тул “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.05.15) нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад Улсын Их Хурлын 66 гишүүн ирцтэйгээр эхэлж, Засгийн газраас 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Нэгдсэн хуралдаанд жилийн төлөвлөгөөний төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр хуралдаанд танилцуулав. Монгол Улсын Үндсэн хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлт”-үүдийг Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтын шалгуур үзүүлэлттэй уялдуулжээ. Дунд хугацаанд макро эдийн засаг харьцангуй тогтвортой байх боломж байгаа хэдий ч дэлхий дахинд үүсээд байгаа тодорхой бус байдлын нөлөөгөөр нүүрс, зэс зэрэг манай улсын экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэлтэй байгааг тодотгосон юм. Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь “Хүн төвтэй” хөгжлийн үзэл санаанд нийцсэн “Эдийн засгийн эрх чөлөөг цогцлоох”-ыг зорьж төсвийн зардлын реформ, төрийн албаны реформ, үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформыг хэрэгжүүлэх бөгөөд үр дүнд нь ядуурлыг бууруулах юм байна. 2026 онд нэн шаардлагатай салбарын реформ, тэргүүлэх ач холбогдолтой хөгжлийн 14 мега төслийг эрчимжүүлж, макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, бизнесийн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог багасгах замаар ядуурлыг бууруулж, эдийн засгийн эрх чөлөөний реформыг хэрэгжүүлнэ хэмээн Л.Гантөмөр сайд танилцууллаа. Төсвийн зардлын реформын хүрээнд төсвийн урсгал зардлыг бууруулж, ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байлгаж, процессын дахин инженерчлэлийг хийж, төрийн үйлчилгээг хялбар, хүн төвтэй, про-актив хандлагаар эрчимжүүлнэ гэв. Төрийн албаны реформын хүрээнд төрийн албаны шинэчлэлийг хийж чиг үүргийн давхардлыг арилгаж, төрийн албан хаагчдын тоог (багш, эмч нараас бусад) 15 хувиар бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлж, төрийн байгууллагуудын чиг үүрэгт иж бүрэн шинжилгээ хийсний үндсэн дээр зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх замаар төрийн бүтээмжийг дээшлүүлж, төрийн худалдан авалтад хиймэл оюуныг ашиглан ил тод байдлыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэх юм байна. Үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформын хүрээнд төрийн өмчит компаниудын реформыг эрчимжүүлж, зардлыг 15 хувиар бууруулж, төрийн өмчит компаниудын бүтээмжийг 30 хувиар сайжруулж, төрийн өмчит компаниудын хөрөнгийн удирдлагыг сайжруулж, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн ашиглалтыг нэмэгдүүлж, үр ашиг, өгөөж, ашигт ажиллагааг сайжруулахаар төсөлд тусгажээ. Геологи, хайгуул, болон ашиглалтын түвшнийг нэмэгдүүлэх, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэргээр Үндэсний баялгийн санг арвижуулах цогц арга хэмжээ хэрэгжүүлж, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах юм байна. Улсын хөгжлийн төлөвлөгөөний төсөл дэх Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогуудыг хэрэгжүүлснээр 2026 онд эдийн засгийн өсөлт 6.0 хувьд хадгалагдаж, 1 хүнд ногдох ДНБ 8,090 ам. долларт хүрч, ядуурлын түвшин 5 хувиар буурна хэмээн тооцжээ. Улсын хөгжлийн төлөвлөгөөний төсөл дэх Бүсчилсэн хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд эдийн засгийн эрх чөлөөг бүсийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлнэ хэмээн Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулав. Бүс нутгийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлж, бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлж, дэд бүтцийг хүртээмжтэй болгож, бүсчилсэн хөгжлийн бодлого, эрх зүйн орчин, тогтолцоог боловсронгуй болгохоор холбогдох арга хэмжээнүүдийг төлөвлөжээ. Шинэ суурьшлын бүс байгуулах ажлыг эрчимжүүлж, дагуул хотуудын хатуу, зөөлөн дэд бүтцийн бүтээн байгуулалт, эдийн засгийн бүсчилсэн хөгжлийг дэмжих юм байна. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэр, хүнс, худалдаа, эрчим хүч, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг кластер хэлбэрээр хөгжүүлж, хувийн хэвшлийн оролцоонд тулгуурлан экспортыг дэмжсэн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах замаар бүсийн онцлог, давуу тал, нөөц боломж, эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан хөгжүүлэх аж. Ирэх онд хүний хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд ядуурал, тэгш бус байдлыг бууруулж, эрдэм боловсролтой, эрүүл монгол хүнийг хөгжүүлэхээр улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөлд тусгажээ. 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, боловсролын чанар, хүртээмж дээшлүүлж, хөрөнгө оруулалтыг өсгөж, 108 сургууль, 95 цэцэрлэгээр нэмэгдүүлж, бүлэг дүүргэлтийг стандарт түвшинд хүргэж, “Хамгийн сайн цэцэрлэг, сургууль-гэрт ойр” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгааг арилгахаар холбогдох зорилтыг дэвшүүлж, хэрэгжүүлэх арга хэмжээг тусгажээ. Мөн дотоодын болон олон улсын их дээд сургуулиудын хооронд кредит шилжүүлгийн тогтолцоог боловсронгуй болгож, дотоод, гадаадад докторын түвшинд суралцаж байгаа оюутнуудад зориулсан тэтгэлгийн тогтолцоо бий болгож, дэлхийн шилдэг багш, профессоруудыг Монголд ажиллах нөхцөлийг бүрдүүлж, сургалтын чанар, багшийн ур чадвар, төгсөгчийн хөдөлмөр эрхлэлт зэрэг үзүүлэлттэй уялдуулан үнэлгээний системийг сайжруулах юм байна. “Эрүүл Монгол хүн”-ийг хөгжүүлж, хавдар, зүрх судасны өвчлөлийн эмчилгээний шинэ технологи, туршлагыг нэвтрүүлж, эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэлийг хиймэл оюун ашиглан боловсронгуй болгож, ЭМД-ын сангаас санхүүжиж буй тусламж, үйлчилгээний давхардлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлнэ гэлээ. Хүн төвтэй нийгмийн үйлчилгээг нэвтрүүлж, хүүхэд хамгааллын үйлчилгээг хүүхэд бүрд хүргэж, хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй хөгжлийн цогц үйлчилгээний төвийг аймгуудад байгуулж, зорилтот өрх, хүнийг хөгжүүлэх, чадавхжуулах, бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэхээр Засгийн газраас төсөлд холбогдох арга хэмжээг тусгасан болохыг Л.Гантөмөр сайд танилцууллаа. Хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг хамгаалах, дэмжих бодлогыг хэрэгжүүлж, хүн амын бүлгүүдийн онцлогт нийцсэн ур чадварт сургах замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах бодлого баримталж, мэдээлэл, харилцаа, технологийн ололтод суурилсан хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн тогтолцоог хөгжүүлэх төвд нийгмийн үйлчилгээг нэвтрүүлж, өргөжүүлнэ гэв. Нийгмийн баталгааг хангаж, Чингис хаан Үндэсний баялгийн сангаар (Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан) дамжуулан ирээдүйд хөрөнгө оруулалт хийх эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалт, хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж. Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлж, Миний түрээсийн орон сууц” хөтөлбөрийг үргэлжлүүлж, “Миний сонголт орон нутаг”, “Миний амины орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 150,000 айлын орон сууцыг нийслэл болон хөдөө орон нутагт хүртээмжтэйгээр байгуулна. Эдгээр орон сууцны хөтөлбөрийг Монголын аж ахуйн нэгжүүд, монгол хүнээр гүйцэтгүүлэх нь ядуурлыг бууруулах гол хэрэгсэл болно хэмээн үзжээ. Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлс, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхээр улсын хөгжлийн төлөвлөгөөний төслийн Хүний хөгжлийн бодлогын хүрээнд холбогдох зорилт, арга хэмжээнүүдийг тусгасан байна. Эдийн засгийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд “Хүн төвтэй” хөгжлийн үзэл санаанд нийцүүлэн бизнесийн орчны реформ ба чөлөөт эдийн засгийг цогцлоох зорилт дэвшүүлж, холбогдох арга хэмжээнүүдийг төсөлд тусгасныг Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд үргэлжлүүлэн танилцууллаа. Шинжлэх ухаан, инновац, хиймэл оюун, дэвшилтэт технологид суурилсан мэдлэг, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогоор дэмжиж, оюуны өмчийн үнэлэмжийг нэмэгдүүлж, Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, зах зээл дэх төрийн оролцоог бууруулж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахаар төлөвлөжээ. Шинжлэх ухаан, технологийн арга хэмжээний зардлыг үе шаттайгаар нэмэгдүүлж, ДНБ-ний 0.5 хувьд хүргэж, шинжлэх ухаан, инновац, технологид суурилсан мэдлэгийн эдийн засгийн суурийг бэхжүүлэх шаардлагатай хэмээн үзэж холбогдох төлөвлөгөөг төсөл тусгасан байна. Санхүүгийн салбарын шинэчлэлийг эрчимжүүлж, цахим эдийн засгийн эзлэх хувийг ирэх онд нэмэгдүүлснээр ДНБ-д хиймэл оюуны хувь нэмрийг бодитойгоор өсгөж, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангахад чухал хэмээн үзэж, хөгжлийн төлөвлөгөөний төсөлд холбогдох зорилт, арга хэмжээг тусгажээ. Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, дамжин өнгөрөх худалдаа, тээвэр, логистик, үйлчилгээний экспортыг нэмэгдүүлж, хил холболтын төмөр зам, боомт, чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх замаар экспортыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн болохыг Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулсан юм. Мөн энэ бодлогын хүрээнд нэмүү өртөг шингэсэн уул, уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, үйлдвэрлэл технологийн паркуудын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх ; хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, үйлдвэрлэлийн салбарт санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, шинэ эх үүсвэрүүдийг бүрдүүлж, банк, санхүү, даатгалын салбарын эрх зүйн орчныг шинэчилж, эрсдэлийн удирдлагыг сайжруулж, гадаадын банкны салбар, нэгж байгуулах нөхцөлийг бүрдүүл эхээр төлөвлөжээ. Жижиг, дунд, бичил бизнесийг дэмжих урт хугацаатай, хүү багатай зээлийн бүтээгдэхүүний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт, холбогдох арга хэмжээг мөн ирэх жилийн төлөвлөгөөнд тусгасан байна. Эдийн засгийн бодлогын хүрээний зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр 2026 онд эдийн засгийн өсөлт 6.0 хувьд хүрч, инфляц 7.0 хувь байх боломжтой хэмээн тооцсон байна. Ирэх жилийн улсын хөгжлийн төлөвлөгөөний төсөл дэх тэргүүлэх бодлогын дөрөв дэх чиглэл нь Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого юм байна. Энэ хүрээнд хиймэл оюуныг төрийн бүх шатанд нэвтрүүлж, хүн төвтэй төрийн үйлчилгээг бий болгохоор зорьж байгаа хэмээн Л.Гантөмөр сайд танилцууллаа. Дэвшилтэт технологи, процессын дахин инженерчлэлийг хэрэгжүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх замаар хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, авлигагүй, хүн төвтэй төрийн үйлчилгээг бий болгохоор зорилт дэвшүүлж, холбогдох төлөвлөлтүүдийг боловсруулсан гэв. “Хүний эрхийн хөтөлбөр-2”-ыг хэрэгжүүлж, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, улсын батлан хамгаалах бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлж, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бататгаж, гадаад харилцааны “нэг цонхны” бодлого баримтлан, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан олон тулгуурт гадаад бодлогыг тууштай баримтлах юм байна. Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр процессын дахин инженерчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлж, төрийн үйлчилгээний хурд, чанарыг сайжруулж, үр ашиггүй, давхардсан үйлчилгээг халж, цахим шийдлийг нэвтрүүлэх замаар зардлыг бууруулж, зорилтот хүн, хуулийн этгээдэд про-актив хэлбэрээр хүргэхээр дахин инженерчлэх аж. “Төлөвлөлт-Төсөвлөлт-Хяналт үнэлгээ”-ний платформыг хөгжүүлж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгдсэн сан, тогтолцоо, процесс, санхүүжилтийн орчныг сайжруулна гэлээ. Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлж, хиймэл оюун, орчин үеийн техник, технологид суурилсан зэвсэгт хүчнийг хөгжүүлж, цэргийн аж үйлдвэр, дэд бүтцийг хөгжүүлж, батлан хамгаалах бие даасан байдлыг хангаж, иргэдэд эх оронч үзлийг төлөвшүүлэх ажлыг зохион байгуулах юм байна. Эдгээр зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр Дэлхийн банкны засаглалын үзүүлэлт 103-т, авлигын индекс 112-т, шүүхийн индекс 57-д, шударга байдлын үнэлгээ 77-д эрэмбэлэгдэх боломжтой хэмээх тооцооллыг төсөл санаачлагч буюу Засгийн газар хийсэн болохыг нэгдсэн хуралдаанд Тэргүүн шадар сайд танилцуулсан юм. Эдийн засгийн байнгын хороо 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал нэгдсэн хуралдаанд дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тогтоолын төслийг d.parliament. mn цахим сайтад байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч бай гааг дурдсан. Тэргүүн шадар сайдын танилцуулга, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг ийн танилцуулсны дараа г ишүүд жилийн төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж ирэх жил экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ төлөвлөж байгаагаас бага байх магадлалтай, үүний зэрэгцээ энэ чиг үүргийг голлон хариуцаж, хэрэгжүүлдэг төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа хууль журам, төрийн бодлогын дагуу үйл ажиллагаа явуулдаггүй болохыг шүүмжилж байв. Иймд авлигатай тэмцэх үйл ажиллагаагаа бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг санал хэлсэн. Бүсчилсэн хөгжлийн бодлогын үзэл баримтлалын хүрээнд ирэх оны улсын хөгжлийн төлөвлөгөөнд ажлын байрыг нэмэгдүүлэх ямар арга хэмжээ туссан талаар Б.Бат-Эрдэнэ гишүүн тодруулахад Л.Гантөмөр сайд хариулахдаа “Бүчилсэн хөгжлийн бодлого нь ядуурлыг арилгах, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой. Гэхдээ бодлогоо эцэслэн тодорхойлоход тухайн бүсүүдийн нөөцийн судалгаа, өгөгдөл дутуу байгаа юм. Ерөнхий төсөөлөл л байна, үүнд тулгуурлаж бодитой хөрөнгө оруулалтуудыг татмаар байгаа юм. Хойд бүсийн хувьд нэн тэргүүнд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах ажлаа онилж ажиллана. Ингэж чадвал 3000-4000 ажлын байр дагаад бий болох юм. Түүнчлэн хойд бүсийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх, 4 улирлын үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдүүлэх зэрэг төлөвлөлтүүдийг хийгээд байна” гэв. Хойд бүсийн аялал жуулчлалыг дэмжих, үйл ажиллагааг өргөжүүлэхэд эрчим хүчний тогтвортой хангалт нэн чухал гэдэг саналыг Б.Бат-Эрдэнэ гишүүн хэлсэн. Б.Найдалаа гишүүн бизнесийн орчныг сайжуурлах чиглэлээрх арга хэмжээний талаар тодруулав. Барилгын салбарыг эрчимжүүлж, эрчим хүчний холболт, хангалтын хүнд суртлыг арилгаж, энэ салбарын бүртгэлийн үйл ажиллагааг хялбаршуулах, шүүхийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн орчныг тодорхой болгох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулахаар төлөвлөснийг Тэргүүн шадар сайд тайлбарласан юм. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд төсөл дэх тэргүүлэх дөрвөн чиглэлийн эрэмбийг өөрчилж, нэн тэргүүнд Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого, удаад нь Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгах нь оновчтой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Энэ бүх бодлого, хөтөлбөрийн эцсийн зорилго нь иргэн нэг бүрийн амьдралын чанарыг сайжруулах юм хэмээв. Тэрбээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлого, зорилт дэвшүүлж, ажиллахыг уриаллаа. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу жилийн төлөвлөгөөний төсөл эрэмбэлэгдсэн гэдэг хариултыг Тэргүүн шадар сайд өгсөн. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн утааг бууруулах болон эмийн чанарыг сайжруулах чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар асууж, тодруулав. Улаанбаатар хотыг 2027 онд утаагүй болгоно гэж тооцон, ирэх оны хөгжлийн төлөвлөгөөний төсөлд бэлтгэл арга хэмжээг төлөвлөсөн хэмээн Л.Гантөмөр сайд хариулсан. Эм, хүнсний чанарыг шалгах лабораториудыг чадавхжуулж, бэхжүүлэх шаардлагатай бөгөөд Эрүүл мэндийн яам бодлогоо барьж, ажиллана гэдэг хариултыг Т.Мөнхсайхан сайд өгсөн. Ийнхүү Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар, Б.Мөнхсоёл, А.Ариунзаяа, Дав.Цогтбаатар, Ж.Ганбаатар, Г.Лувсанжамц, П.Сайнзориг, Ц.Идэрбат, Ж.Батжаргал, Ө.Шижир, Г.Хосбаяр, Х.Булгантуяа, Д.Энхтүвшин, Ж.Баярмаа, Г.Очирбат, М.Ганхүлэг нар жилийн төлөвлөгөөний төслийн нэг дэх хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, Засгийн газрын гишүүд болон ажлын хэсгээс хариулт авч, төсөлтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, т өвлөрлийг задлах шаардлагын эсрэг Улаанбаатарт хөрөнгө оруулалтуудыг дэмжсэн зорилт, арга хэмжээг төлөвлөсөн байгааг гишүүд шүүмжилж байв. Мөн улсын төсвийн хуваарилалтыг оновчтой, үр ашигтай болгох шаардлагын хүрээнд зарчмаа тодорхой болгох, жилийн төлөвлөгөөний шалгуур үзүүлэлт, гүйцэтгэлийн хэмжүүр үзүүлэлтийг нэн тодорхой болгох, орон нутагт дэд бүтцийн бүтээн байгуулалт хийхээр гадны улс орноос авсан зээлийн ашиглалт, үр ашгийг хянах, тэдгээртэй холбоотой бодлогын арга хэмжээний талаар байр сууриа илэрхийлж, эрүүл мэнд болон боловсролын салбарын хүний нөөцийн бодлого, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх, төлбөрийн тэнцэлийг анхаарах зэрэг саналыг “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүд хэлж байв. Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ХЭДХ-ны дарга “Гэр бүлийн хүчирхийлэл, асуудал ба шийдэл” сэдвээр Хүний эрхийн форумын төлөөлөлтэй уулзалт-хэлэлцүүлэг хийлээ

Улсын Их Хурлаас аливаа шийдвэр гаргахдаа хүний эрхийг хамгаалах, сурталчлан таниулах чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудынтай хамтарч ажиллах, тодорхой асуудлаар парламентын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхдээ зөвлөлдөх, олон нийтийг соён гэгээрүүлэх, хүний эрхийн боловсролыг түгээхэд хамтран ажиллах талаар санал солилцож байх зорилгоор Хүний эрхийн дэд хорооноос сар бүр Хүний эрхийн форумын төлөөлөлтэй уулзалт хийдэг. Энэ удаагийн уулзалт-хэлэлцүүлэг “Гэр бүлийн хүчирхийлэл, асуудал ба шийдэл” сэдвийн хүрээнд өнөөдөр (2025.05.14) Төрийн ордонд боллоо. Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд өмнөх уулзалтууд үр өгөөжтэй болсныг тэмдэглэн хэлсэн. Байгаль орчны холбогдох хууль тогтоомж дахь хүний эрхийн хэрэгжилт сэдвээрх 4 дүгээр сарын уулзалт-хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар оролцоод, холбогдох журмыг боловсруулан ажиллаж байгаа гэв. Энэ журмыг Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд эцэслэн батлах зорилго тавиад байгаа гэлээ. Өмнөх зургаан удаагийн уулзалтаар ойлголтоо нэгтгэх зорилго тавьж байсан бол 4 дүгээр сарын уулзалтаас эхлэн шийдэлд чиглэн ажиллаж байгаачлан энэ удаагийн уулзалт-хэлэлцүүлгийг ч мөн “Гэр бүлийн хүчирхийлэл, асуудал ба шийдэл” сэдвээр үр дүнд чиглэж байгааг тодотгосон. “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” ТББ-ын захирал Н.Арвинтариа “Монгол Улс дахь гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал: Асуудал ба шийдэл” сэдэвт илтгэл танилцуулав. Тэрбээр эхлээд гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхээр 1995 онд байгуулагдсан төвийнхөө үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Монгол Улс гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, хуулийг хэрэгжүүлэх бүтэц, механизм бий болгожээ. Улсын хэмжээнд 800 гаруй Хамтарсан баг ажиллаж байгаа бол 40 гаруй Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж байгаа зэрэг олон ахиц дэвшил гарсныг танилцуулсан. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл нь гэмт хэрэг, зөрчил гэдгийг олон нийтээрээ ойлгож, энэ талаарх мэдлэг, мэдээлэл сайжирсан гэв. Үндэсний хэмжээнд мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, сурталчилгаа өргөн хүрээтэй явагддаг болсныг дурдав. Илтгэлийн сэдвийн хүрээнд 2021-2023 онд нийт 16 судалгаа хийгдсэн бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн байдалд 2023 онд үнэлгээ хийгдсэн байна. Улсын төсвөөс 2020-2023 оны хооронд буюу дөрвөн жилийн хугацаанд Засгийн газар 10 тэрбум төгрөгийг гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх үйл ажиллагаанд зарцуулсан байна. Гэсэн ч гэр бүлийн хүчирхийлэл жил тутам нэмэгдэж, хэлбэр рүү шилжиж байгааг анхааруулж байв. Ноцтой хэлбэр гэдэг цахим хэлбэрээр мөрдөж, заналхийлэн, амиа хорлох хүртэл дарамтлах гэх зэргээр хуульд томьёологдоогүй хэлбэрээр үйлдэгддэг болсныг хэлж байгаа аж. 2017-2024 онд 9610 гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг бүртгэгдэж, 116 хүн нас барж, 8000 шахам хүн гэмтсэн байна. Гэтэл криминологи шинжилгээ, судалгаагаар гэр бүлийн хүчирхийллийн 10 гэмт хэрэг тутмын 1 нь л илэрч, үлдсэн 9 нь нуугдмал байгаа гэдэг дүн гарсныг мөн дурдаж байв. Энэ төрлийн гэмт хэргийн нөлөө нь хохирогч, тухайн гэр бүлд тусах төдийгүй нийгэмд асар хортой үр дагавар үүсгэж байдгийг илтгэлд дурдсан. Жирэмсэн үедээ зодуулснаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөх, үр зулбах, сэтгэцийн гэмтэлд өртөх гээд өргөн хүрээнд анхаарч, шийдэх шаардлагатай гэв. Үүнд хүмүүсийн ирээдүйдээ итгэх итгэл буурч байгаа, ёс суртахууны уналтад орж байгаа, ядуурал, ажилгүйдэл, тэгш бус байдлын гүнзгийрэл, архидалт, жендэрийн уламжлалт хандлагууд нөлөөлж байгаа гэлээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд тулгарч буй асуудлуудыг Н.Арвинтариа захирал танилцууллаа. Төрөөс энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх нэгдсэн бодлого, төлөвлөлт байхгүйгээс хэрэгжих боломжгүй, хяналтгүй, уялдаагүй байна гэв. Мөн санхүүжилт тогтворгүй, төсөв дутмаг /олон улсын төсөл, хөтөлбөрөөс хамааралтай/, мэдээллийн сан байхгүй, статистикийн уялдаа сул, салангид байгааг дурдсан юм. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд ногдуулах хариуцлагын тогтолцоо зөрчилтэй байдгийг мөн жишээ татаж байв. Эрүүгийн хуулиар хохирогчидтой уулзахаар оролдохыг хориглох, зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамрагдахыг даалгах, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох зэрэг арга хэмжээ авахаар тусгасан бол Зөрчлийн тухай хуулиар шууд баривчилдаг. Нэг төрлийн үйлдэлд хариуцлага оногдуулж буй энэ мэт хууль хоорондын зөрчлийг эргэж харах шаардлагатай гэв. Гомдлын мөрөөр шууд баривчлахаар нөгөө хүн ажлаасаа халагддаг, үүнээс үүдэн гэр бүлийн зөрчил улам даамжирдаг, улмаар далд хэлбэр рүү ороход нөлөөлж байхыг бас үгүйсгэхгүй гэв. ТХБ, НЦҮТ-ийн санхүүжилт, хүний нөөц, орон байрны нөхцөл хангалтгүй, санхүүжилтгүйн улмаас энэ чиглэлээр ажилладаг ТББ-ууд маш цөөрч байгаа, үүний хамт маш их ур чадвар, мэдлэг туршлагууд хаягдаж байгаа гэдгийг бодох хэрэгтэй гэлээ. Хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх сургалтын тогтолцоо сул хэвээрээ байгаад байгааг Н.Арвинтариа захирал хэлээд “Энэ сургалт чанартай явагдаж чадах юм бол гэр бүлийн хүчирхийлэл давтан үйлдэгдэхгүй байх боломжууд нээгдэх юм. Гэвч сургалт явуулах санхүүжилт байхгүй, сургагч багш дутмаг, сургалтын хөтөлбөр, гарын авлагууд нь шаардлага хангахгүй байгаа” гэв. Мөн эмзэг бүлгийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ хангалтгүй, боловсрол, эрүүл мэнд, соёл, хэвлэл мэдээллийн оролцоо сул, зарим ухралт гарсан, салбар дундын уялдаа холбоо сул байгааг хэлээд тулгарч байгаа асуудлуудад үндэслэн зөвлөмж гаргаснаа дэлгэрэнгүй танилцуулсан. Улсын Их Хурал нь төрөөс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар баримтлах бодлогыг тодорхойлох; Хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Засгийн газрын тайланг хэлэлцэж, шийдвэр гаргах; гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх үйл ажиллагааны зардлыг 2026 оны /цаашид жил бүр/ улсын төсөвт тусган батлах шаардлагатай гэлээ. Засгийн газар нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн тайланг Улсын Их Хуралд тайлагнан, хэлэлцүүлэх; жил бүр улсын төсөвт хуулийг хэрэгжүүлэх санхүүжилтийг тусгуулах; энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудад татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлж, дэмжих талаарх зохицуулалтыг холбогдох хууль, тогтоомжид тусгах чиглэлээр ажиллах нь үр дүнд хүрнэ гэж үзэж байгаа аж. Үүний зэрэгцээ сургалтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх; хүчирхийлэл үйлдэгч болон эрсдэлт бүлэгт зориулсан зан үйлд нөлөөлөх сайн дурын болон албадан сургалтыг үр дүнтэй явуулах; статистик мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, бодлогыг үндэслэлтэй боловсруулахад ашиглах; Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сайжруулах, Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хууль дахь холбогдох зохицуулалтыг оновчтой болгох; салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэв. Илтгэлийнхээ төгсгөлд Н.Арвинтариа захирал “Гэр бүлийн хүчирхийлэл нь зөвхөн хувь хүний хариуцлага биш. Энэ бол төрийн ч гэсэн хариуцлага юм шүү. Та бидний өнөөдрийн зүтгэл, хамтын шийдвэр маргааш хэн нэгний амь насыг аварч чадна” гэлээ. Дараа нь “Хөөрхөн зүрх” ТББ-ын кейс менежер Ц.Баасаннямбуу “Бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хохирогч/даван туулагчдад үзүүлж буй нийгэм-сэтгэлзүйн үйлчилгээний тулгамдаж буй асуудал ба шийдэл” илтгэл танилцуулав. Насанд хүрээгүй, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг байгууллага учраас энэ сэдвээр, дэд сэдвийн хүрээнд ураг төрлийн хүрээнд үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийллийн талаар илтгэлийг танилцуулж байгаагаа илтгэгч эхэнд нь дурдсан. Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийллийн тоо 2020 оноос хойш жил тутам өссөөр байгаа ч мэдээллийн сан нэгдмэл бус учраас цагдаа, хүчирхийллийн төвүүд, шүүхийн баримт, Гэр бүлийн хөгжил хамгааллын газрын тоо баримтууд тус тусдаа, өөр өөр байдгийг тодотгож байв. Монгол Улсын гэмт хэргийн цагаан номд хүүхдийн эсрэг хүчирхийллийн 60-70 хувь нь гэрт нь үйлдэгдсэн байдаг хэмээн тэмдэглэгдсэн байдаг бол тус төрийн бус байгууллагын кэйс судалгаа ч үүнийг нотолдог гэв. Мөн ураг төрлийн хүрээнд үйлдэгддэг болохыг нийгэм даяараа онцгой анхаарах шаардлагатай гэлээ. Нэг удаагаас нэг жил, бүр 10 жилийн турш үргэлжилсэн тохиолдол байгааг дурдсан. Насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн суурь судалгаа хангалтгүй байгаа учраас холбогдох статистик мэдээллийг нарийвчлан бүрдүүлэх, энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл буюу криминологийн судалгааг үндэсний хэмжээнд хийх шаардлагатай байгааг дэлгэрэнгүй тайлбарласан. Хохирогч/даван туулагч хүүхдүүд дахин хохирох эсвэл гэмт хэргийн холбогдогч болж байгаа тул хохирсон, хохирох эрсдэлт нөхцөлд байгаа эсвэл дахин хохирогч болсон хүүхдүүдийн гэмт хэрэгт өртөх эрсдэлийн судалгаа гаргах шаардлагатай гэдэг саналыг танилцуулсан. Хохирогч/даван туулагч хүүхэд нь сэтгэцийн гэмтэл авдаг, энэ нь хүний амьдралын чанар, зан үйл, нийгмийн харилцаа, сэтгэхүй, сэтгэл зүй гээд бүх зүйлд нөлөөлдөг учраас чанартай арга хэмжээг эрт хугацаанд нь авч чадаагүйгээс гэмт хэрэгтэн болох эрсдэл дагуулдаг аж. Сэтгэцийн гэмтэлд суурилсан үйлчилгээтэй холбоотой нөхцөл байдал, шийдлийн талаар үргэлжлүүлэн танилцуулсан. Сэдвийн хүрээн дэх нөхцөлд ажиллах шаардлагатай мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх шаардлагын талаар тайлбарлаж, мэргэшээгүй тохиолдолд гаргаж буй сөрөг үр дагавруудыг мөн танилцуулсан. Энэ төрлийн ү йлчилгээ үзүүлж буй мэргэжилтнүүдийн сэтгэцийн гэмтэл, мэргэжлийн ёс зүйн талаар ойлголт мэдлэг сул байгаа нь үйлчлүүлэгчдэд дахин сэтгэцийн гэмтэл учруулах эрсдэл үүсгэдэг байна. Иймд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь сэтгэцийн гэмтэлд суурилсан аргачлалаар бүх шатны үйлчилгээ үзүүлэгч мэргэжилтнүүдийг сургаж, чадавхжуулах, давтан сургах, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангахад хяналт тавих чиг үүргээ хангаж ажилладаг байх шаардлагатай гэдэг саналыг танилцууллаа. Хохирогч/даван туулагч хүүхдэд удаан хугацааны тогтвортой хамгааллын үйлчилгээг төлөвлөж үзүүлдэггүй. Хохирогч хүүхдийн сэтгэцийн гэмтэл насан туршийнх байдаг учраас удаан хугацааны, тасралтгүй, тогтвортой, мэргэжлийн ёс зүйтэй, сэтгэцийн гэмтэлд суурилсан үйлчилгээг тогтвортой үзүүлэх шаардлагатай байдаг гэв. Ялангуяа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болохтой зэрэгцэн нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ тогтвортой үргэлжилдэггүй болохыг тайлбарлав. Иймд хүүхэд хамгааллын үйлчилгээний шаталсан загвар бий болгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон ч хүүхэд хамгааллын үйлчилгээ тасалдахгүй байхад хяналт тавих зохицуулалт бий болгох, үйлчилгээний чанар, хүртээмжид жил тутам хяналт, үнэлгээ хийх шийдлийг санал болгож буйгаа танилцууллаа. Энэ талбарт мэргэжлийн иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо хумигдаж байгааг онцлоод гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр мэргэшсэн иргэний нийгмийн байгууллагуудыг орон нутагт хүрч ажиллахад бодлогын хүрээнд дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэв. Төрийн зүгээс энэ чиглэлээр бодлого, шийдвэр боловсруулах, төлөвлөх, гаргахдаа иргэний нийгмийн төрөлжсөн, мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангах, оновчтой бодлого боловсруулж, санхүүжилт төсөвлөх, стандарт, дүрэм журмаа нарийвчлаад, шаардлагатай бол иргэний нийгмийн төрөлжсөн, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах боломж бий гэв. Үргэлжлүүлэн “Хөөрхөн зүрх” ТББ-ын кейс менежер Ц.Баасаннямбуу гэр бүлд чиглэсэн үйлчилгээний чиглэлээр тулгамдсан асуудал, шийдлийн саналаа танилцуулсан. Ураг төрлийн хүрээний бэлгийн хүчирхийлэл нь нотлох баримтгүй, улмаар хохирогч хүүхэд жирэмсэн болоод айж ичиж, нууж, дарагдуулж явсаар байгаад үр хөндүүлэх боломжгүй болж, төрөх болоход тухайн тохиолдолд тохирсон эмнэлгийн тусламж, үйлчилгээ хангалтгүй, эрсдэл өдөөж байдгийг дурдаж байсан. Энэ төрлийн хүчирхийллийн улмаас төрж байгаа нярай нь удамшлын сангийн өөрчлөлттэй байх эрсдэл өндөр учраас тухайн хүүхдийн гэр бүл асарч, хамгаалж нөхцөл үүсдэг гэлээ. Энэ мэт уялдаа холбоогүй, зөрчилдөөнтэй, хүүхдэд ээлгүй нөхцөл нь эргээд хохирсон, даван туулагч хүүхдийг дахин дахин хохироодог болохыг анхаарах шаардлагатай хэлж байв. Хохирогч/даван туулагч хүүхдэд гэр бүлийн орчинд эсвэл гэр бүлээс тусгаарлах, түр хамгаалах байр эсвэл төрөл садных нь гэрт шилжүүлэх байдлаар хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлдэг. Гэвч гэр бүлд чиглэсэн үйлчилгээ үзүүлэхгүй, улмаар хүүхэд гэрээсээ дайжих, дахин хүчирхийллийн хохирогч болох, гэмт хэрэгт холбогдож тохиолдлууд гарч байгаа аж. Иймд хүчирхийллийн харилцаатай эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг зан үйлд нөлөөлөх албадан болон сайн дурын хөтөлбөрт хамруулахад бодлогын зохицуулалт хийх шаардлагатай гэв. Гэр бүлд чиглэсэн үйлчилгээний заавал үзүүлэх хугацааг хамгийн багадаа 3 сараас доошгүй байлгахаар зохицуулах, үнэлгээ хийх шалгуур үзүүлэлтүүдийг тогтоодог байх шаардлагатай болохыг тайлбарлав. Түүнчлэн гэр бүлд чиглэсэн үйлчилгээний нэгдсэн стандарт, санхүүжилт, хүний нөөцийн шаардлага тогтоох зэрэг саналуудыг танилцууллаа. Уулзалт-хэлэлцүүлэгт “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”, “Хөөрхөн зүрх”, “Бүсгүйчүүд XXI зуун төв”, “Захиргааны санаачилга”, “Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо” төрийн бус байгууллагууд болон “МОНФЕМНЕТ” үндэсний сүлжээ, Гүнж төв, Хууль хүний эрх төв, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Эмнести интернэшнл байгууллагын төлөөлөл, ХЗБХЯ-ны Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн Хүүхэд хамгааллын дэд зөвлөлийн төлөөлөл оролцсон юм. Илтгэлүүдийн хүрээнд болон тус бүрийн үйл ажиллагааны чиглэлээрх нөхцөл байдлуудын талаарх мэдээллээ хуваалцаж, шийдэл, саналуудаа хэлэлцэв. Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд уулзалт-хэлэлцүүлэг маш үр дүнтэй болж байна хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд, оролцогчид нэн тэргүүнд холбогдох тоон мэдээллийг нэгтгэдэг сан бий болгох, бодит тоон мэдээлэлд үндэслэн оновчтой шийдлийг шуурхай авч хэрэгжүүлдэг байх, төрийн бодлогын уялдааг хангах, санхүүжилтийг тодорхой, хэмжих нэгжтэй, ил тод болгох хүний эрхийг зөрчсөн хууль давсан журмуудыг цэгцлэх саналууд гаргасныг тэмдэглэлээ. Тиймээс энэ хүрээнд төрийн болон иргэний нийгмийн мэргэшсэн байгууллагуудын хамтарсан уулзалтуудыг зохион байгуулах, төрөөс авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа Хүний эрхийн форумаас нэгтгэн боловсруулж ирүүлснээр Засгийн газрын холбогдох яамдад хүргүүлэх, үр өгөөжтэй, ач холбогдол өндөртэй судалгаа шинжилгээг тал бүрдээ хийх, дээрх төрлийн гэмт хэрэг, зөрчлийн холбогдох мэдээллийг өгөх сувгийг өргөжүүлэх, хялбаршуулах, энэ чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллах зэрэг ажлыг төлөвлөн, зөвшилцөв. Ийнхүү уулзалт-хэлэлцүүлгийн төгсгөлд “Та бидний хамтын ажиллагаа ирээдүйд чиглэсэн, үр дүнтэй байна гэж найдаж байна. Бидний уулзалт-хэлэлцүүлэг, үүний мөрөөр авч хэрэгжүүлж буй ажлууд бол онцгой чухал ач холбогдолтой, том үйл хэрэг гэж бодож байна. Хүний эрхийн асуудал дунд “жижиг” асуудал гэж байдаггүй. Өнөөдрийг хүртэл зүрх сэтгэлээсээ, итгэл үнэмшлээрээ хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулсаар байгаа иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжилтнүүд Та бүхэндээ талархал илэрхийлж, амжилт хүсье” гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгууллаа

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулсан Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол өнөөдөр /2025.05.14/ гишүүдийн ирц бүрдсэнээр эхэллээ. Сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан даргалсан юм. Тэрбээр сонсголыг нээж хэлсэн үгэндээ, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус нэг гишүүнийг Төсвийн байнгын хорооноос нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол хийж томилно гэж заасны дагуу тус Байнгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаас олонхын саналаар нэр дэвшүүлсэн Б.Бат-Эрдэнэтэй нэр дэвшигчийн сонсгол хийхээр болсныг мэдэгдээд, сонсголын товыг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш 14 хоногийн хугацаанд олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэж, сонсголд иргэдийг нээлттэйгээр оролцохыг урьсныг дурдлаа. Мөн тэрбээр сонсгол явуулах дэг болон нэр дэвшигчийн талаар танилцуулав. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус нэг гишүүнд нэр дэвшигч Бөхбат овогтой Бат-Эрдэнэ нь 1985 онд төрсөн, 40 настай. 1993-2003 онд Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Далайван дунд сургууль, 2003-2007 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг бизнесийн удирдлагын бакалавар, 2004-2010 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилгын инженер, архитектурын сургуулийг барилгын инженер мэргэжлээр төгссөн, бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй. 2008 онд"АПУ" ХК-д санхүүгийн мэргэжилтэн, 2008 онд хөрөнгө оруулалтын “Юу “Ти И Эй” ХХК-д судалгааны мэргэжилтэн, 2010 онд “Хера-Экуйпмент" ХХК-д борлуулалтын мэргэжилтэн, 2010-2011 онд Мэргэжлийн боловсрол сургалтын газарт мэргэжилтэн, 2012-2016 онд Худалдан авах ажиллагааны газарт худалдан авах үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, 2016 онд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт худалдан авах үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, 2016-2017 онд “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-д Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2016-2018 онд “Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-т Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга, 2018-2022 онд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д Борлуулалт хариуцсан дэд захирал, 2023-2024 онд Барилга, хот байгуулалтын яаманд зөвлөх, 2024 оноос “Кибер жаал” ХХК-д санхүүгийн зөвлөх, 2025 оноос “Хөвсгөл мөнгөн од” ХХК-д санхүүгийн зөвлөхөөр ажиллаж байна. Нэр дэвшигчтэй холбогдуулан иргэд болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, "Хөгжлийн санаачилагч" төрийн бус байгууллагын захирал О.Мөнгөнтуул, Нэр дэвшигч Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр сонгогдвол зээлийн өндөр хүүг бууруулах боломжтой талаар санаачилгатай ажиллана гэснийг дэмжиж байна гээд цаашид энэ асуудалд иргэний нийгмийн байгууллагатай хамтарч ажиллахыг хүсэв. Сонсгол гишүүдийн асуулт, саналаар үргэлжилсэн. Нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, П.Ганзориг, Д.Батлут, П.Мөнхтулга, Д.Цогтбаатар, Х.Булгантуяа нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр банк бус санхүүгийн байгууллагаас олгодог зээлийн хүүг бууруулах нь чухал ч, хүү бууруулах, мөнгөний үнэ цэнэ, өртгийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах нь зохистойг лавлахын зэрэгцээ гадаадын банк оруулж ирэх асуудалд байр суурийг нь тодруулав. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ, Банк бус санхүүгийн байгууллагын ашигт ажиллагаанд судалгаа хийе гэж төлөвлөж байна. Хэдийгээр зах зээлийн зарчмаар эрэлт, нийлүүлэлтэд тулгуурладаг ч зохицуулах салбарт ажиллах хүний хувьд зээлийн хүү нийгмийн тулгамдсан асуудал тул үүнийг зохицуулах боломжтой гэж үзэж байна гээд энэ асуудалд манлайлал үзүүлж ажиллана гэлээ. Мөн тэрбээр, зээлийн хямд эх үүсвэрийг татах нь зөв. Иймд гаднын банк орж ирээд зээлийн бүтээгдэхүүний хүүг бууруулбал үүнийг дэмжих нь зүйтэй хэмээв. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, нэр дэвшигч даатгалын компаниуд албан журмын даатгалаар багагүй орлого олдог талаар хөндсөнийг онцлоод энэ нь орлогынх нь хэдэн хувь байдгийг лавлав. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны онцгой анхаарах асуудал нь виртуал хөрөнгө, сэндбокс орчны зохицуулалт тул үүнд ямар бодлого баримтлах талаар лавласан. Нэр дэвшигч хариултдаа, Санхүүгийн зохицуулах хорооны онцгой анхаарах асуудал болох сэндбокс орчны зохицуулалт нь технологид суурилсан, шинэ бүтээгдэхүүнийг санхүүгийн зах зээлд гаргах гэж буй үйл ажиллагаа тул төрийн бодлогоор дэмжээд, Санхүүгийн зохицуулах хороонд нэгж байгуулаад ажиллаж байгаа. Иймд үүнийг цаашид хөгжүүлээд бодит нөхцөл дээр туршилт хийж, зах зээлд нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллана. Мөн олон улсад даатгалын салбар нь хөрөнгийн зах зээл хөгжих суурь нь байдаг. Даатгалын компаниудын 8 тэрбум төгрөгийн ашигт ажиллагааг хариуцлагатай даатгуулагчаа дэмжих чиглэлд хандуулахад уриалж ажиллахыг зорьж байна гэсэн тайлбарыг өглөө. Гишүүд нэр дэвшигчийн хариултад санхүүгийн салбарт тулгамдсан асуудалд тодорхой санал, шийдэл дутмаг байгааг онцлоод даатгалын салбарыг хөгжүүлэх нь чухал тул уг асуудал болон цаашлаад санхүүгийн салбар тунгалаг, эрүүл байх ёстойд анхаарч ажиллахыг хүслээ. Мөн зарим арилжааны банкууд охин компани байгуулах замаар банк бус санхүүгийн байгууллага, ломбард ажиллуулж үйл ажиллагаагаа иргэдээс мөнгө хүүлэхэд л чиглүүлж буйд анхаарах, нөгөө талаас иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа. Ингээд нэр дэвшигчийн сонсголын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч Ж.Баясгалан, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасны дагуу сонсголд оролцсон гишүүд сонсгол явуулснаас хойш хоёр өдрийн дотор хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана гэдгийг онцлон тэмдэглэв. Нэр дэвшигчтэй холбоотой сонсголын тайланг гаргахаар хуралдаан хаалттайгаар үргэлжиллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ОНЦЛОХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ/2025.05.13/

- Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн дэргэдэх хэлтэс, албадад 4 дүгээр сарын 29-ны шуурхай зөвлөгөөнөөр 11 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 81 хувьтай байна. -Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын мэдээлэл, шийдвэрлэлтийн явцтай танилцлаа. -Насан туршийн суралцахуйн төвөөс “Үндсэн чиглэлийн сургалт”-ын талаар танилцуулга хийв.

Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа

Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 0 5 дугаар сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн, Сандагийн Магнайсүрэнг Монгол Улсын Е рөнхий аудитороор томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Дэлэгийн Загджавыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Монгол Улсын Е рөнхий аудитороор томилогдсон С.Магнайсүрэн өнөөдөр (2025.05.13) тамга а хүлээн ав ч, үүрэгт ажилдаа орлоо. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Үндэсний а удитын газрын удирдлагыг томилж, чөлөөлсөн тухай Улсын Их Хурлын тогтоолууд , шинээр томилогд сон Е рөнхий аудиторын намтар, УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Улсын Их Хурлын удирдлага, гишүүдээс гаргасан саналуудыг танилцуулав. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж , Монгол Улсын Е рөнхий аудитор С.Магнайсүрэнгийн намтрыг танилцуулж, Э рхэлсэн түшмэлээс дээш ангиллын албан тушаалд буюу Тэргүүн түшмэлийн албан тушаалд 12 жил 5 сар ажилласн ыг тодотгосон. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу зохион байгуулсан нэр дэвшигчийн томилгооны сонсгол явуулсны дараа томилогдсон анхны Е рөнхий аудитор гэдгийг онцло од, чуулганы хуралдаан ы үеэр Улсын Их Хурлын дарга , гишүүдээс аудиторын байгууллаг ын удирдлагад хандаж хэлсэн саналуудыг товч танилцуулав. Тухайлбал, Төрийн аудитын байгууллагын хараат бус , бие даасан байдлыг хангаж, үйл ажиллагааг цахимжуулах, хиймэл оюун ухаан, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх замаар төрийн аудитын байгууллагын ил тод байдлыг нэмэгдүүлэх, мөн олон улсын аудитын байгууллагын туршлага, бүтцийг судалж гэрээгээр хамтран ажилладаг аудитын байгууллагыг сонгох, нягтлан бодох бүртгэлийн олон улсын аудитын стандарт, сахилга, ёс зүйтэй байдлыг үйл ажиллагаандаа баримтлах нь зүйтэй гэ сэн саналуудыг уламжилсан . Мөн эдийн засаг, нийгмийн олон талт харилцааг зохицуулдаг хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хийгддэг нийцлийн аудитын чанарыг сайжруулж, хэрэгжилтэд анхаарч ажиллах, бүх төрлийн аудитын дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах, хэрэгжүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай гэ сэн саналууд гарсныг тодотгосон юм . Түүнчлэн гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжиж буй төслүүдийн ашиглалт, зарцуулалтад аудит хийхэд чиглэсэн эрх зүйн шинэчлэл хийх, төсөвт байгууллагуудын санхүүгийн байдалд иргэдийн итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төрийн хяналтын аудит хэрэгжүүл ж ажиллахыг захиад, хуулийн хүрээнд Улсын Их Хуралтай үр дүнтэй хамтран ажил л ахыг хүслээ. Үүний дараа Монгол Улсын Е рөнхий аудитор асан Д.Загджав тамга , холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгч, шинэ эр томилогдсон Е рөнхий аудитор С.Магнайсүрэнд төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг амжилттай хэрэгжүүлэхийг хүслээ. Ерөнхий аудитор С.Магнайсүрэн ил тод, нээлттэй ажиллах зарчмыг хангаж, мэдээлэл технологийн дэвшлийг бүрэн ашиглаж ажиллана хэмээсэн . Мөн аудит хийх явцад илэрсэн зөрчил, хууль тогтоомжоос давсан дүрэм, журмуудын талаарх мэдээллийг нэгтгэж, УИХ-д танилцуул на хэмээн мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллэв.

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн форумын ээлжит уулзалт маргааш болно

Улсын Их Хурлаас аливаа шийдвэр гаргахдаа хүний эрхийг хамгаалах, сурталчлан таниулах чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын тай хамтарч ажиллах, тодорхой асуудлаар парламентын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхдээ зөвлөлдөх, олон нийтийг соён гэгээрүүлэх, хүний эрхийн боловсролыг түгээхэд хамтран ажиллах талаар санал солилцож байхаар Хүний эрхийн дэд хорооноос сар бүр Хүний эрхийн форумын төлөөлөлтэй уулзалт хийж байгаа юм. Энэ удаагийн уулзалт “ Гэр бүлийн хүчирхийлэл, асуудал ба шийдэл” сэдвийн хүрээнд маргааш (2025.05.14) Төрийн ордонд болно. Энэ удаагийн уулзалтад “ Хөөрхөн зүрх” ТББ-ын кейс менежер Ц.Баасаннямбуу “Бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хохирогч/даван туулагчдад үзүүлж буй нийгэм-сэтгэлзүйн үйлчилгээний тулгамдаж буй асуудал ба шийдэл” илтгэл, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ-ын захирал Н.Арвинтариа "Монгол Улс дахь гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал: Асуудал ба шийдэл" сэдэвт илтгэл танилцуулна. Эдгээр илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд, Хүний эрхийн форумын гишүүн байгууллагуудын төлөөлөл хэлэлцүүлэг өрнүүлнэ. Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүдийн хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй хийдэг дөрөв дэх уулзалт “ Байгаль орчны холбогдох хууль тогтоомж дахь хүний эрх хэрэгжилт” сэдвээр болж байсан бол гурав дахь уулзалт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага нийслэлийн ерөнхий боловсролын 110 дугаар сургууль дээр болж байсан юм. Хүний эрхийн дэд хорооны зүгээс иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай иргэдийг соён гэгээрүүлэх, мэдээлэлжүүлэх, мэдэх эрхийг хангах чиглэлд хамтарч ажиллах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

БСШУСБХ: Нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих төслийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулсан уулзалт-хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.05.12/ зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгийг тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Ундрам нээж үг хэлсэн. Тэрбээр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны “Төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төсөл”-д дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулж, өнгөрсөн 04 дүгээр сард Төв, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн зарим сумдад ажиллаж, төслийн явц, үр дүн, ашиглалтын байдалтай газар дээр нь танилцлаа. Өнөөдрийн байдлаар нийт 17 аймгийн 294 сумын нийт 548 объект орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болоод байна. Мөн 72 сумын 196 объектод ариун цэврийн байгууламж барих ажил үргэлжилж байна. Хариуцлагагүй хандаж, ажлыг удаашруулсан аж ахуйн нэгжүүд ч байна. Эдгээр компаниудад хариуцлага тооцож, гэрээг цуцалж байгаа бөгөөд 4 аймгийн 10 сумын 26 объектод дахин гүйцэтгэгч шалгаруулахаар ажиллаж байна. Эдгээр объектуудад дараагийн шатны арга хэмжээг хугацаа алдалгүй авч ажлыг хэрэгжүүлэх, ашиглалтад орсон болон цаашид үргэлжлэн ашиглалтад орох ариун цэврийн байгууламжуудыг зөв зохистой ашиглаж хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх нь чухал байна. Учир нь Дэлхийн зөн, "Мобиком" корпорац зэрэг байгууллагуудын хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд хийгдсэн ариун цэврийн байгууламжуудын ашиглалт хангалтгүй, цоожлоод орхисон зэрэг дутагдлууд байгааг давтах ёсгүй. Иймд зураг төслийн болон барилга угсралтын ажилд шалгарч хамтран ажилласан бүхий л аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээндээ сэтгэл гарган хамтран ажиллаж, гүйцэтгээд хүлээлгэж өгөөд орхих бус ашиглалтын явцад дэмжлэг үзүүлж, ашиглалтыг жигдрүүлж, байнгын ажиллагаатай болох хүртэл анхааран ажиллах хэрэгтэй байгаа тул өнөөдрийн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм гээд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан юм. Түүний дараа УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, С.Эрдэнэбат нар байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, төслийн үйл ажиллагаанд олон асуудал тулгарч байна. Төрийн бодлогоор барьж байгуулсан энэхүү бүтээн байгуулалтыг урт удаан хугацаанд үр дүнтэй ашиглахын тулд хариуцах байгууллага тодорхой байх шаардлагатай байна. Орон нутгийн өмчит Нийтийн аж ахуйн газрын мэргэжлийн байгууллагад хариуцуулах нь оновчтой хувилбар юм гэв. Төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийн өнөөдрийн ажлын явцын талаар Боловсролын яамны Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир танилцууллаа. Тэрбээр, төсөл 4 үе шаттай хэрэгжиж буй агаад 294 суманд 795 ариун цэврийн байгууламжийг барихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар нийт 21 аймгийн 80,9 хувьд, 330 сумын 313 буюу 94,8 хувьд төсөл хэрэгжиж байна. Байнгын ашиглалтад оруулах 202 сумын 54 8 объект, комисс ажиллахад бэлэн болсон 1 0 сумын 25 объект, барилга угсралтын ажил үргэлжилж байгаа 72 сумын 196 объект, гэрээ цуцлагдаж байгаа 4 аймгийн 10 сумын 26 объект байна гэх зэргээр төслийн үйл ажиллагаанд оролцогч аж ахуйн нэгжүүдийн талаар болон хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний ач холбогдлын талаар танилцуулав. Мөн цаашид а риун цэврийн байгууламжийн хэрэглээг зөв хэвшүүлэх, багш, суралцагчдад чиглэсэн дадал хэвшил олгох сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах, засвар үйлчилгээ хариуцах сум дундын нэгжийг бий болгох, үйлчилгээний ажилтнуудын ажлын ачааллыг тэнцвэржүүлэн ариун цэврийн байгууламжийн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, шаардлагатай тохиолдолд орон тоог нэмэгдүүлэх, гадна нүхэн жорлонг ариутгал хийж буулгах, ашиглагчийн урсгал /цахилгаан, цэвэр, бохир ус, засвар үйлчилгээ хийх гэх мэт/ зардлыг нэмэгдүүлэх, шаардлагатай сумдыг цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулах машинтай болгох зэрэг анхаарах асуудлуудыг танилцуулсан юм. Барилгын хөгжлийн төвийн ерөнхий инженер З.Энх-Оргил төсөлд хэрхэн хяналт тавьж ажилласан талаараа илтгэв. Тэрбээр төсөл хэрэгжиж буй аймаг бүрт тулгамдаж буй болон анхаарах асуудлын талаар танилцуулав. Тухайлбал, т үлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээнүүд нь батлагдсан зураг төсөвгүй хийгдсэн нь хөрөнгө оруулалт нэмэгдэх шалтгаан болж байна. Мөн төсөл арга хэмжээ гэрээний хугацаандаа ашиглалтад ордоггүй, зохиогчийн хяналтын гэрээний дагуу хяналт хэрэгжүүлдэггүй, шийдэл гаргахгүй уддаг талаар танилцуулаад, цаашид төслийг гүйцээн хэрэгжүүлэхийн тулд ажлын тоо хэмжээг магадлалаар баталгаажуулах, батлагдсан зураг төсвийн дагуу гүйцэтгэх, төсөл арга хэмжээг норм дүрэм, стандартын дагуу гүйцэтгээгүй, технологийн зөрчил удаа дараа гаргаж байгаа гүйцэтгэгч байгууллагын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, гүйцэтгэгчээс шалтгаалан олон жил удааширсан бол “Хар жагсаалт”-нд бүртгэх, тусгай зөвшөөрөл нь дууссан эсвэл үйл ажиллагаа нь зогссон зохиогчийн эрхийг шилжүүлдэг болох хэрэгтэй байна гэв. Мөн Боловсролын ерөнхий газрын зөвлөх инженер Г.Цэрмаа, цахилгаан тасарсан тохиолдолд яах вэ, өвлийн улиралд хөлдөх нөхцөл ямар арга хэмжээ авах, цэвэрлэгээг хэрхэн хийх вэ зэрэг бага оврын цэвэрлэх байгууламжийн ашиглалтын үеийн зөвлөмжийг танилцуулав. Хэлэлцүүлэгт тус т өслийн 1, 2, 3, 4 дүгээр ээлжид зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгэж буй гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөл оролцож тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар дэлгэрэнгүй ярилцсан юм. Хэлэлцүүлгийн төгсгөлд тус Байнгын хорооны дарга Ч.Ундрам, төслийн үйл ажиллагаанд гарч буй тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар онцлоод, цаашид хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэхэд хэрхэн ажиллах тухайгаа танилцууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ .

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн , Улсын Их Хурал дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн гишүүн Ж.Баярмаа өнөөдөр /2025.05.12/ Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай нийгэм- эдийн засгийн бүх салбарт үр дүнтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байгааг онцоллоо. Европын Холбоо, түүний гишүүн улсууд Монгол Улсад өрнөсөн ардчилал, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлтийг тууштай дэмжиж, туслалцаа үзүүлж ирсэн бөгөөд Монгол Улс Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг цохон тэмдэглэв. Элчин сайд Марчюлёните Европын холбоо, Монгол Улсын харилцаа нь нийтлэг үнэт зүйлс болох ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёсонд суурилсан болохыг дурдаж, цаашид хүний эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Мөн 2025 оны 10 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Европын Холбоо, Монгол Улс хоорондын анхдугаар “Бизнес ба хөрөнгө оруулалтын форум”-ын талаар мэдээлэл өглөө. Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, үгхэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хангах тал дээр Европын Холбоо анхаарал хандуулж, цаашид хамтран ажиллахыг хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор байгуулсан Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комисс өнөөдөр /2025.05.12/ ээлжит хуралдаанаа хийлээ. Сонгон шалгаруулах комиссын энэ удаагийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах шаардлага хангасан оролцогчидтой “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-ын хүрээнд ярилцлага хийж байна. Ташрамд дурдахад, тус комисс 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа Төрийн албан хаагчийн төлөөллийн сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн зургаан иргэний материал, холбогдох байгууллагуудаас ирүүлсэн лавлагаа, мэдээлэлтэй танилцаж, шаардлага хангаж байгаа эсэхийг хянан үзээд, оролцогч Д.Баатарсайхан, Л.Санжрагчаа, Х.Ган-Очир, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарыг сонгон шалгаруулалтад оролцуулахаар шийдвэрлэсэн байна.

1 ... 54 55 56 57 58 59 60 61 62 ... 384