НЭГҮҮН МЭДЭЭ
БОГДХАН УУЛЫН ХОГ ХАЯГДЛЫГ ТҮҮЖ, 16.5 ТОНН ХОГИЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ

“Монгол орноо хогноос салгая аян Богдхан ууланд үргэлжилж, ойн гүнээс 16.5 тонн хог цэвэрлэжээ. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын албан даалгаврын хүрээнд Богдхан уулын хамгаалалтын захиргаа санаачлан хүн амын хөдөлгөөн төвлөрөл ихтэй амууд болох Зайсан, Жаргалант, Төрхурах, Манзушир, Түргэний амуудын ойн гүний аяллын зам дагуух хогийг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа. Цэвэрлэгээнд Хан-Уул дүүргээс гурав, Баянзүрх дүүргээс нэг, Хамгаалалтын захиргаанаас таван техник хэрэгсэл дайчлан ажиллав. Түүнчлэн Богдхан ууланд газар ашиглагч 48 аж ахуйн нэгж, 320 гаруй хүн хүчийг хамруулан ойн гүнээс нийтдээ 16.5 тонн хог цэвэрлэв. Тусгай хамгаалалттай газарт газар ашиглагч иргэн, аж ахуй нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлэн орчны хогийг цэвэрлүүлэх ажлыг эхлүүлсэн байна.

Ж.СОРОНЗОН АЛБАН ЁСООР АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ, ТАМГА ТЭМДГЭЭ Б.БОЛОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ

Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон өнөөдөр 14:00 цагт албан ёсоор ажлаа хүлээлгэн өгч, тамга тэмдгээ Б.Болорт шилжүүлжээ. Б.Болор ажил хүлээлцсэн тухай актаа БШУЯ-нд дөнгөж сая хүргүүлсэн бөгөөд МОХС-ийн захирлын ажлаа ийнхүү албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн байна. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн даваа гарагт мэдээлэл хүүх үеэрээ, МОХС-тай холбоотой асуудлаар Монгол Улсын Засгийн Газар шийдвэрээ гаргасан. Ямар ч эргэлт буцалтгүй. Ж. Соронзон Монгол улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Тус сургууль бол 100 хувь Монгол улсын өмчлөлд байгаа. Орос улсаас нэг ч төгрөг гаргадаггүй" хэмээн мэдэгдээд байсан юм.

ИНЕГ-ЫН СЭРГЭЭХ ЗАСАХ АМРАЛТЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ Ж.АМАРСҮРЭН ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАРТ 369.4 САЯ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ

ИНЕГ-ын харьяа Сэргээн засах амралтын газар Богдхан уулын Жаргалантын аманд үйл ажиллагаа явуулдаг. Тус амралтын газрын захирлаар ажиллаж байсан Ж.Амарсүрэн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдсон юм. Түүнийг эрх мэдлээ урвуулж, тус газраас зарласан тендерүүдэд хамаарал бүхий хүмүүсээ шалгаруулсан хэрэгт буруутгаж байгаа. АТГ-ынхны шалгалтаар нэг бус удаа буюу 2016 оны арваннэгдүгээр сараас 2020 оны аравдугаар сарыг дуусталх хугацаанд ИНЕГ-ын харьяа Сэргээн засах амралтын газрын хэрэгцээнд мах, махан бүтээгдэхүүн худалдан авах гэрээ 10 удаа хийж, 53 тонн мах, махан бүтээгдэхүүн авсан нь тогтоогджээ. Үүний улмаас төрийн өмчит үйлдвэрийн газарт 369.4 сая гаруй төгрөгийн хохирол учирсан гэж санхүүгийн шинжээчид дүгнэсэн байна. Тиймээс Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахиад шилжүүлээд байна. Уг нь тус шүүх Ж.Амарсүрэнгийн гэм буруутай, эсэхийг өнгөрсөн нэгдүгээр сард хэлэлцээд зарим зүйлийг мөрдөн байцаалтаар нэмж тодруулах шаардлагатай хэмээн дүгнэж, НПГ-ын хяналтад буцаасан юм. Хяналтын прокурорууд нь анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эсэргүүцэж нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан ч нэмэлт ажиллагаа хийлгэх нь үндэстэй гэж шийдвэрлэсэн аж. Тиймээс хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст буцаан шүүгчийн захирамжид дурдсан нэмэлт мөрдөн байцаалтаар тодруулах зүйлсийг нь шалгаад дахин яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байна. Сэргээн засах амралтын газрын захирал гэдэг нь нийтийн албан тушаал агаад Ж.Амарсүрэн Авлигын эсрэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Төрийн албаны, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн захиргааны, үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм зэргийг зөрчсөн гэж хууль сахиулагчид үзэж буй аж.

ХӨШИГИЙН ХӨНДИЙ ЯВАХ ЗАМЫГ МАРГААШААС ИРЭХ САРЫН 6-НЫГ ХҮРТЭЛ ХААНА

Улаанбаатар-Хөшигийн хөндийн Нисэх онгоцны буудал чиглэлийн 32,2 км авто замын 24 км-ээс 24.5 км-ийн хоорондох авто замын зорчих хэсгийн хоёр эгнээг 2022 оны есдүгээр сарын 17-ноос аравдугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд түр хааж засварлахаар болжээ. Тиймээс жолооч та бүхэн бидний ажлыг хүндэтгэн, замын хөдөлгөөн зохион байгуулалтын схемийн дагуу хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хурдаа тохируулж зорчихыг хүсье гэж Зам тээвэр хөгжлийн төвөөс анхаарууллаа.

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ, МЭДЭЭЛЭЛ, ЗААВАР, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилго бүхий “Яндангаа хөөлье, өнтэй өвөлжье” сэдэвт сургалтыг зохион байгуулж, дүүрэг, хороодын удирдлага, хэсгийн ахлагч нарыг хамрууллаа. Галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан эхний ээлжинд иргэд, айл өрхтэй хамгийн ойр ажилладаг хүмүүст сургалт мэдээллийг хүргэж буй бөгөөд тэднээр дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэх, эрсдэлээс сэргийлэх чиглэлийн мэдээлэл өглөө. Энэхүү сургалтын талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд хэлэхдээ: -Нийслэлийн Засаг даргын “2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” захирамжийн дагуу өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс эхэлсэн төдийгүй сайжруулсан шахмал түлшний нөөц бэлтгэх ажлыг энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 60 агуулах, дундын баазад нийт 110 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлээд байна. Нийслэлийн зүгээс сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, агуулах /нөөц бүрдүүлэх/ асуудлыг хариуцдаг. Борлуулалтын тухайд "Таван толгой түлш" ХХК-тай хамтран зохион байгуулж байна. 2022-2023 оны халаалтын улиралд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллуулахаар төлөвлөсөн. Түлш хадгалсан агуулахаас борлуулалтын цэгүүд рүү түлш хүргэх тээвэрлэлтийн 31 аж ахуй нэгж, байгууллагатай гэрээ байгуулаад байгаа юм. Хэдийгээр гадаа агаарын температур нэмэх хэмтэй, цаг агаар дулаан байгаа ч нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 15-буюу өчигдрөөс түлш борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлээд байна. Эхний ээлжинд 450 цэг нээсэн. Аравдугаар сарын 1 гэхэд нэмж 200 цэг ажиллуулах бөгөөд энэ жилийн хувьд 650 цэгээр сайжруулсан шахмал түлш борлуулна. -Борлуулалтын цэгийг хэрхэн сонгон шалгаруулж ажиллуулж байгаа вэ? -Борлуулалтын цэг ажиллуулах хүсэлтийг цахимаар авсан. Өмнө ажиллаж байсан цэгүүдэд суурилаад иргэдийн саналыг үндэслэн шинэ цэгийг шалгаруулсан. Ер нь бол 300 өрхөд нэг борлуулалтын цэг ногдож байхаар тооцоолдог. Түлшийг цас бороонд норгохооргүй агуулахтай байх, галын аюулаас сэргийлэх, хариуцлага өндөртэй ажиллах, "Таван толгой түлш" ХХК руу захиалгаа зөв өгч чаддаг байх зэрэг шалгуурын дагуу шалгаруулсан. -Сургалтаар ямар мэдээллийг онцлон хүргэж байна вэ? -Манай байгууллагаас гадна Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, "Таван толгой түлш" ХХК хамтран айл өрх бүр өвөлжилтийн бэлтгэл хангах, сайжруулсан шахмал түлшний галлагааг хэрхэн зөв хийх вэ, айл өрхийн зуух яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангах, янданг хэрхэн хөөлөх, угаарын хийн мэдрэгчийг ажиллуулах заавар, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, угаартсан үед үзүүлэх анхны тусламж хийгээд эрсдэлтэй нөхцөлд өөрийгөө болон хайртай дотно гэр бүлийнхнээ хэрхэн хамгаалах талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, гарын авлага тарааж байна. Дахин нэг удаа ийм сургалт явуулах төдийгүй аравдугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд “Яндангаа хөөлье, өнтэй өвөлжье” өдөрлөг зохион байгуулна. Мөн үеэр инноваци төслийн хүрээнд хамгийн сүүлийн үеийн шинэлэг дэвшилтэт зуух, цахилгаан автомашины үзэсгэлэнг дэлгэнэ гэлээ. Энэ жилээс агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүрэг орж байгаа. Тус дүүрэгт өнөөдрөөс эхлэн 30 борлуулалтын цэгээр дамжуулан сайжруулсан шахмал түлш борлуулах юм. Налайх дүүргийн борлуулалтын цэгийн тоог цаашид үе шаттайгаар нэмэхээр төлөвлөжээ. Мөн сайжруулсан шахмал түлшний үнэ өөрчлөгдөөгүй бөгөөд нэг шуудай түлшийг 3750 төгрөгөөр борлуулж байна.

ДУНДАЖ ЦАЛИН 1 САЯ 540 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА

Үндэсний статистикийн хорооноос наймдугаар сарын байдлаар нийгэм, эдийн засгийн байдлыг дэлгэрэнгүй танилцуулав. Дундаж цалин 1.5 сая төгрөг болсон гэв. Энэ дүнг нийгмийн даатгал төлөгчдийн цалин, түүнтэй адилтгах орлогын мэдээлэлд суурилан гаргадаг. Энэ оны эхний улиралд дундаж цалин 1 сая 450 мянган төгрөг байсан юм. Харин медиан цалин 1.1 сая төгрөг байна. Энэ дүн энэ оны эхэнд нэг сая 67 мянган төгрөг байсан юм. Медиан цалин нь нийгмийн даатгалын шимтгэл төлж буй 718 мянган иргэнийг цалингийн хэмжээгээр нь нэг цуваанд жагсаахад голд нь байршсан хүний цалин буюу дундаж цалинтай хүмүүсийн цалинг багаас нь их рүү жагсаагаад голын хүний цалин юм.

“ХОЁР НАС ДОЛООН САРТАЙ ХҮҮХДЭЭ ӨРГҮҮЛНЭ” ГЭХ ЗАРЫГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАЖ БАЙНА

Хоёр настай хүүхдээ тэжээж чадахгүй байгаа тул өргөж авах айл хайсан зарыг фэйсбүүк группт нийтэлжээ. Зар нийтэлсэн эмэгтэй хүүхдээ өргүүлэх болсон шалтгаанаа “Хоёр нас долоон сартай хүүгийн аав нь өөр хүнтэй суугаад хаяад явсан. Төрөл садан нь ч хүүг ад үзэж байгаа тул би хүүхдээ тэжээж чадахгүй байна. Тиймээс өргөх айл хайж байгаа хэмээн тайлбарласан байна. Мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн алба шалгаж байна. Бид эргэн мэдээлэх болно.

ЕРӨНХИЙ САЙД “Netflix”, “HBO”, “Warner Bros”, “Paramount Pictures”-ИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

Соёлын сайд Ч.Номингийн урилгаар “Paramount Pictures”-ийн “MTV” энтертайнмент студийн продакшн хариуцсан дэд захирал Carlos Lugo, “Netflix” компанийн менежерSonglee Lee, “Warner Bros Discovery” компанийн олон улсын контент хариуцсан дэд захирал Carrie Regan, “HBO Маx, Warner Bros”-ийн продакшн хариуцсан менежер Krutin Patel, найруулагч Peiter Sebastian, “Living films”-ийн туслах найруулагч Аpinat Siricharoenjit нарын дэлхийн томоохон студи, продакшн, компанийн найруулагч, продюсер болон удирдлага манай улсад ирээд байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэдний төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзаж Монголын кино урлагийн салбарыг олон улсад сурталчлан таниулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцлаа. Дэлхийн кино урлагийн чиглэлийг тодорхойлогчид манай улсад ирсэнд талархаж буйгаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглээд Монголын кино урлагийн салбарыг шинэ шатанд гаргах, дэлхийд толилуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Дэлхийн томоохон кино компаниуд Монголд зураг авалт хийх таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэлээ. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулж, эдийн засгаа олон тулгууртай болгох нь Монгол Улсын Засгийн газрын чухал бодлогын нэг гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Кино урлагийг дэмжих тухай хууль 2021 онд батлагдаж, энэ оны эхнээс хэрэгжиж эхэлснээр улс орнууд, дэлхийн хэмжээний томоохон продакшн, студитэй хамтран ажиллах, кино бүтээх зардлын буцаан олголтын хөтөлбөрт хамрагдах боломжтой болсон. Энэ хүрээнд Соёлын яам, Кино урлагийг дэмжих зөвлөл хамтран “FAM TOUR-2022” арга хэмжээг зохион байгуулж, Монгол Улсын зарласан урамшууллын талаарх мэдээллийг танилцуулах, Кино урлагийн зөвлөлийн үйл ажиллагааг сурталчлах, Монгол орны үзэсгэлэнт байгаль, өвөрмөц тогтоц бүхий газар нутгийг үзүүлэх зэрэг ажлыг энэ өдрүүдэд зохион байгуулж байна.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ ЦААШИД НЭМЭГДЭХ МАГАДЛАЛТАЙ БАЙНА

Эрчим хүчний үр ашгийг дэмжсэн тогтолцоо тарифын тоолуураар хязгаарлагдаж байна. Дундаж үнэ 175 төгрөг гээд үзэхээр уул уурхайгаас ахуй руу хөндлөн татаас явж байгаа аж. Тарифын ялгавартай байдал хөндлөн татаасын асуудал манай улсад байгаа талаар Эрчим хүчний зохицуулах хорооны ажлын албаны дарга Б.Болор-Эрдэнэ мэдээллээ. Түүнчлэн тэрбээр "Олон талт тарифыг нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Ахуйн хэрэглэгчдэд цагийн ялгаварт тарифыг бий болгох нь зүйтэй гэж үзсэн. Эрчим хүчний үнэ цаашид нэмэгдэх магадлалтай байна. Хэрэглээний блок тариф: Цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх тусам үйлдвэрлэл, эсвэл импортын ЦЭХ-ний төлбөрийн хэмжээ нэмэгддэг. Бодит цагийн тариф: Үйлдвэрлэлийн ахиц зардлыг нөхөх хандлагатай боловч дэд бүтэц тэр дундаа хэрэглэгчдэд чиглэсэн ухаалаг тоолуур гэх мэт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардана. Цагийн ялгавартай тариф: Хоногийн ачааллын хэлбэрт өөрчлөлт оруулах эсэх тус тарифын орлогод үзүүлэх нөлөөллийг тодорхойлох нь чухал ач холбогдолтой. Манай улсын ахуйн хэрэглэгчдийн хэрэглээний хэв маягтай уялдуулан авч үзэх шаардлага гарч байна. Цаашид үйлдвэр компаниудын бодит үйл ажиллагааны зардал буюу борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг хангах, тэдгээрийн үр ашигтай, оновчтой ажиллах хөндлөн татаасыг бууруулах, хэрэглэгчид хэрэглээгээ зохицуулах замаар хэмнэх боломжийг бүрдүүлэн тарифын загварыг боловсруулах шаардлагатай байгааг онцлов.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХАТАН ХААН II ЭЛИЗАБЕТТАЙ САЛАХ ЁС ГҮЙЦЭТГЭХ ЁСЛОЛД ОРОЛЦОНО

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны есдүгээр сарын 19-ний өдөр Лондон хотноо болох Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Цог Жавхлант Хатан Хаан хоёрдугаар Элизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцоно. Тэрбээр Цог Жавхлант Хаан Гуравдугаар Чарльзтай мэндчилж, Монгол Улсын нэрийн өмнөөс Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлнэ. Цог Жавхлант Хатан Хаантай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд гадаад улс орны Төрийн тэргүүн, Ерөнхий сайд зэрэг өндөр, дээд түвшний 500 гаруй төлөөлөгчид оролцохоор төлөвлөж байна. Монгол Улс Британи Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай бөгөөд Британи нь барууны орнуудаас хамгийн түрүүнд манай улстай дипломат харилцаа тогтоосон, ардчилал шинэчлэлтийн үйл явцыг эхнээс нь дэмжиж ирсэн улс юм.

1 ... 169 170 171 172 173 174 175 176 177 ... 328