ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ, МЭДЭЭЛЭЛ, ЗААВАР, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилго бүхий “Яндангаа хөөлье, өнтэй өвөлжье” сэдэвт сургалтыг зохион байгуулж, дүүрэг, хороодын удирдлага, хэсгийн ахлагч нарыг хамрууллаа. Галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан эхний ээлжинд иргэд, айл өрхтэй хамгийн ойр ажилладаг хүмүүст сургалт мэдээллийг хүргэж буй бөгөөд тэднээр дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэх, эрсдэлээс сэргийлэх чиглэлийн мэдээлэл өглөө. Энэхүү сургалтын талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд хэлэхдээ:

-Нийслэлийн Засаг даргын “2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” захирамжийн дагуу өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс эхэлсэн төдийгүй сайжруулсан шахмал түлшний нөөц бэлтгэх ажлыг энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 60 агуулах, дундын баазад нийт 110 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлээд байна. Нийслэлийн зүгээс сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, агуулах /нөөц бүрдүүлэх/ асуудлыг хариуцдаг. Борлуулалтын тухайд "Таван толгой түлш" ХХК-тай хамтран зохион байгуулж байна. 2022-2023 оны халаалтын улиралд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллуулахаар төлөвлөсөн. Түлш хадгалсан агуулахаас борлуулалтын цэгүүд рүү түлш хүргэх тээвэрлэлтийн 31 аж ахуй нэгж, байгууллагатай гэрээ байгуулаад байгаа юм. Хэдийгээр гадаа агаарын температур нэмэх хэмтэй, цаг агаар дулаан байгаа ч нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 15-буюу өчигдрөөс түлш борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.  Эхний ээлжинд 450 цэг нээсэн. Аравдугаар сарын 1 гэхэд нэмж 200 цэг ажиллуулах бөгөөд энэ жилийн хувьд 650 цэгээр сайжруулсан шахмал түлш борлуулна.

-Борлуулалтын цэгийг хэрхэн сонгон шалгаруулж ажиллуулж байгаа вэ?

-Борлуулалтын цэг ажиллуулах хүсэлтийг цахимаар авсан. Өмнө ажиллаж байсан цэгүүдэд суурилаад иргэдийн саналыг үндэслэн шинэ цэгийг шалгаруулсан. Ер нь бол 300 өрхөд нэг борлуулалтын цэг ногдож байхаар тооцоолдог. Түлшийг цас бороонд норгохооргүй агуулахтай байх, галын аюулаас сэргийлэх, хариуцлага өндөртэй ажиллах, "Таван толгой түлш" ХХК руу захиалгаа зөв өгч чаддаг байх зэрэг шалгуурын дагуу шалгаруулсан.

-Сургалтаар ямар мэдээллийг онцлон хүргэж байна вэ?

-Манай байгууллагаас гадна Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, "Таван толгой түлш" ХХК хамтран айл өрх бүр өвөлжилтийн бэлтгэл хангах, сайжруулсан шахмал түлшний галлагааг хэрхэн зөв хийх вэ, айл өрхийн зуух яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангах, янданг хэрхэн хөөлөх, угаарын хийн мэдрэгчийг ажиллуулах заавар, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, угаартсан үед үзүүлэх анхны тусламж  хийгээд эрсдэлтэй нөхцөлд өөрийгөө болон хайртай дотно гэр бүлийнхнээ хэрхэн хамгаалах талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, гарын авлага тарааж байна. Дахин нэг удаа ийм сургалт явуулах төдийгүй аравдугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд “Яндангаа хөөлье, өнтэй өвөлжье” өдөрлөг зохион байгуулна. Мөн үеэр инноваци төслийн хүрээнд хамгийн сүүлийн үеийн шинэлэг дэвшилтэт зуух, цахилгаан автомашины үзэсгэлэнг дэлгэнэ гэлээ. 

Энэ жилээс агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүрэг орж байгаа. Тус дүүрэгт өнөөдрөөс эхлэн 30 борлуулалтын цэгээр дамжуулан сайжруулсан шахмал түлш борлуулах юм. Налайх дүүргийн борлуулалтын цэгийн тоог цаашид үе шаттайгаар нэмэхээр төлөвлөжээ. Мөн сайжруулсан шахмал түлшний үнэ өөрчлөгдөөгүй бөгөөд нэг шуудай түлшийг 3750 төгрөгөөр борлуулж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.