ИНЕГ-ЫН СЭРГЭЭХ ЗАСАХ АМРАЛТЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ Ж.АМАРСҮРЭН ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАРТ 369.4 САЯ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ

ИНЕГ-ын харьяа Сэргээн засах амралтын газар Богдхан уулын Жаргалантын аманд үйл ажиллагаа явуулдаг. Тус амралтын газрын захирлаар ажиллаж байсан Ж.Амарсүрэн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдсон юм.

Түүнийг эрх мэдлээ урвуулж, тус газраас зарласан тендерүүдэд хамаарал бүхий хүмүүсээ шалгаруулсан хэрэгт буруутгаж байгаа. АТГ-ынхны шалгалтаар нэг бус удаа буюу 2016 оны арваннэгдүгээр сараас 2020 оны аравдугаар сарыг дуусталх хугацаанд ИНЕГ-ын харьяа Сэргээн засах амралтын газрын хэрэгцээнд мах, махан бүтээгдэхүүн худалдан авах гэрээ 10 удаа хийж, 53 тонн мах, махан бүтээгдэхүүн авсан нь тогтоогджээ.

Үүний улмаас төрийн өмчит үйлдвэрийн газарт 369.4 сая гаруй төгрөгийн хохирол учирсан гэж санхүүгийн шинжээчид дүгнэсэн байна.

Тиймээс Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахиад шилжүүлээд байна. Уг нь тус шүүх Ж.Амарсүрэнгийн гэм буруутай, эсэхийг өнгөрсөн нэгдүгээр сард хэлэлцээд зарим зүйлийг мөрдөн байцаалтаар нэмж тодруулах шаардлагатай хэмээн дүгнэж, НПГ-ын хяналтад буцаасан юм.

Хяналтын прокурорууд нь анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эсэргүүцэж нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан ч нэмэлт ажиллагаа хийлгэх нь үндэстэй гэж шийдвэрлэсэн аж.

Тиймээс хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст буцаан шүүгчийн захирамжид дурдсан нэмэлт мөрдөн байцаалтаар тодруулах зүйлсийг нь шалгаад дахин яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байна.
Сэргээн засах амралтын газрын захирал гэдэг нь нийтийн албан тушаал агаад Ж.Амарсүрэн Авлигын эсрэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Төрийн албаны, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн захиргааны, үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм зэргийг зөрчсөн гэж хууль сахиулагчид үзэж буй аж.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.