НЭГҮҮН МЭДЭЭ
“УЛААНБААТАР-ХҮННҮ” ОЛОН УЛСЫН ТРАНЗИТ ЗОЧИД БУУДЛЫГ “ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДАЛТАЙ ГҮҮРЭН ГАРЦААР ХОЛБОХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИХЭЭР БОЛЖ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН САНАМЖ БИЧИГ ЗУРАГДЛАА

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Улаанбаатар-Хүннү” олон улсын транзит зочид буудлын төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус зочид буудлыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалтай гүүрэн гарцаар холбох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Иргэний нисэхийн ерөнхий газар хамтарсан санамж бичиг байгууллаа. “Чингис хаан” олон улсын нисэх буудал нь 2025 онд нийт 45 мянган дамжин өнгөрөх зорчигч хүлээн авсан бөгөөд жил бүр өсөн нэмэгдэж буй энэхүү үзүүлэлт нь олон улсын транзит зочид буудал байгуулах бодит хэрэгцээ шаардлагыг бий болгож байна. Уг төслийг хэрэгжүүлснээр нисэх буудлын орчим дахь үйлчилгээний дэд бүтэц олон улсын жишигт нийцэж, дамжин өнгөрөх зорчигчдод зориулсан цогц үйлчилгээ хөгжих суурь нөхцөл бүрдэх юм. Төслийн хүрээнд “Улаанбаатар-Хүннү” олон улсын транзит зочид буудлыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалтай гүүрэн гарц (гүүрэн хонгил)-оор холбож, зорчигчдыг Монгол Улсын хил, гаалийн хяналтаар нэвтрэх шаардлагагүйгээр шууд зочид буудалд нэвтрэх боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү бүтээн байгуулалт нь олон улсын нисэх буудлын үйлчилгээний салшгүй хэсэг болох транзит үйлчилгээний стандартыг нэвтрүүлэхээс гадна Хүннү хотыг бүс нутгийн тээвэр, логистик, үйлчилгээний төв болгон хөгжүүлэх стратегийн ач холбогдолтой юм. Санамж бичгийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, хувийн хэвшлийн түншлэлийг сонгон шалгаруулах, бүтээн байгуулалтын явцад хяналт тавих үүргийг хэрэгжүүлэх бол Иргэний нисэхийн ерөнхий газар нь нисэх буудлын үйл ажиллагаатай уялдуулах, аюулгүй байдал, хил, гаалийн тусгай зохицуулалтыг хангах, гүүрэн гарцын холболтын нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Ийнхүү “Улаанбаатар-Хүннү” олон улсын транзит зочид буудлын төсөл хэрэгжсэнээр Монгол Улс дамжин өнгөрөх зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, цаашлаад Улаанбаатар хотыг олон улсын агаарын тээврийн зангилаа төв болгон хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх юм.

“ИНҮТ” ТӨХХК-ИЙН ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ

“ИНҮТ” ТӨХХК-ийн Бодлого, төлөвлөлтийн газраас өнөөдөр тус компанийн 2026-2030 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөний төслийг агаарын тээвэрлэгч байгууллагуудын төлөөлөлд танилцуулж, уулзалт зохион байгууллаа. Стратеги төлөвлөгөөг олон улсын болон үндэсний бодлогын баримт бичгүүд, тухайлбал салбарын хөгжлийн чиг хандлага, ICAO-ийн бодлого, улсын дунд хугацааны хөгжлийн зорилтуудтай уялдуулан боловсруулсан бөгөөд аюулгүй, найдвартай, хүртээмжтэй, тогтвортой нисэхийн системийг хөгжүүлэхэд чиглэж байгаа юм. Стратеги төлөвлөгөөний хүрээнд хэрэгжих үйл ажиллагаанууд нь агаарын тээвэрлэгчдийн өдөр тутмын үйл ажиллагаатай шууд холбоотой, ялангуяа нислэгийн аюулгүй байдал, үйлчилгээний чанар, үнэ, хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлэх учир тэдний санал, зөвлөмжийг тусган илүү бодит, хэрэгжихүйц, хамтын ажиллагаанд суурилсан баримт бичиг болгох үүднээс энэхүү уулзалтыг зохион байгуулсан байна. Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Н.Идэр, менежер Б.Наранмандах нар стратеги төлөвлөгөө, агаарын навигаци, нисэх буудал, аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний дунд хугацааны зорилт, төлөвлөж буй шинэчлэлүүдийн талаар мэдээлэл өгч, уулзалтад хүрэлцэн ирсэн агаарын тээвэрлэгчдийн төлөөллийн саналыг сонслоо.

ЭЗЭНГҮЙ БОЛСОН “МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОР“-ЫН ДАРГА Д.ОТГОНБААТАР ₮2,9 ТЭРБУМЫН ХАУС, 2 ОРОН СУУЦТАЙ, ₮462 САЯЫН ОРЛОГОТОЙ

Төр данхайхын хэрээр зардал өсөж, татвар төлөгчдийн үүрэх ачаа хүндэрч байгааг дээр дооргүй шүүмжилж, цомхон болгох амлалтыг албан тушаалтнууд өгдөг ч улам л танхайсаар олон жилийн нүүрийг үзлээ. Төрийн өмчийн үйлдвэрийн газар нэртэй яг юу хийдэг нь тодорхойгүй газрууд ч олон бий. Тэдний нэг бол "Монгол наадам цогцолбор" ОНӨТҮГ юм. Тухайлбал, "Батлан хамгаалах яамнаас 10 тэрбумын зардал гаргаж хөгжим, тайз, дэлгэц зэрэг төхөөрөмж аваад Нийслэлийн "Монгол наадам цогцолбор"-т шилжүүлсэн байна. Гэтэл эдгээр зүйлс одоо алга. Арга хэмжээ зохион байгуулахад байнга түрээсэлдэг. 10 тэрбумын тоног төхөөрөмж нь байсан бол түрээсийн зардлаа хүндээ ээлтэй байдлаар зарцуулах байсан." гэдгийг саяхан НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа олонд ил болгосон. Ийнхүү эзэнгүй болсон гэх "Монгол наадам цогцолбор" ОНӨТҮГ-ын даргаар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Отгонбаатар өнгөрсөн оны хоёрдугаар сард томилогдсон байдаг. Д.Отгонбаатар нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан юм. Тэгвэл "Монгол наадам цогцолбор"-ын дарга Д.Отгонбаатарын 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна. Тэрбээр мэдүүлэгтээ: Өөрийн орлого: ₮462 сая Гэр бүлийн орлого: ₮77 сая Орон сууц барилга байгууламж: ₮2,9 тэрбум /орон сууц-2, Зуслангийн байшин-2, Үйлчилгээний зориулалттай барилга-3/ Тээврийн хэрэгсэл: ₮200 сая /Toyota, Prius XW30, Range Rover, Changan Z6/ Мал аж ахуй: ₮30 сая /Адуу-6, Хонь-60/ Газар: ₮239 саяын үнэлгээтэй Эзэмших-368м2-1 Эзэмших-501м2-1, Эзэмших-943м2-1, Өмчлөх-500м2-1, Өмчлөх-560м2-1, Өмчлөх-700м2-1 Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮190 сая Хадгаламж: ₮17 сая Бэлэн мөнгө: ₮199 сая Авлага: ₮183 сая Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ. Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ нь нүүдлийн соёл иргэншил, Монголчуудын уламжлалт ёс заншил, үндэсний их баяр наадмыг сурталчлах, спортын уралдаан тэмцээнийг зохион байгуулах, иргэд олон нийтийг ая тухтай амрах, чөлөөт цагаа таатай өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиг үүрэгтэй үйл ажиллагаа явуулдаг юм.

МОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙХДАА 300 САЯ ТӨГРӨГ ЗАВШИЖ, ШҮҮХИЙН ХААЛГА ТАТАЖ ЯВСАН Д.БАТБАЯР МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОРТ ШУРГАЛЖ, ДАХИН “МӨНГӨ ИДСЭН” ҮҮ?

Манай улсад танил тал, найз нөхөд, нөлөө бүхий хүмүүсээр дамжуулж, хамгаалуулж төрд ажилладаг, танилгүй нь “гудамжинд” амьдардаг бичигдээгүй хууль үйлчилж ирсэн. Аймаг, сумдын сургууль, цэцэрлэг, төр захиргааны байгууллагаас эхлээд бодлого тодорхойлох яам, тамгын газруудад хүртэл хуулийн цоорхойгоор танил талаараа далимдуулж, төрийн албыг төрлийн алба болгочихсон явдал ч олон бий. Ялангуяа, Засгийн газар, УИХ-ын харьяа байгууллага, орон нутагт төрийн албаны хууль бус томилгоо хамгийн их байна. Том зургаар харвал, Засгийн газрын тэргүүн солигдоход Засгийн газрын гишүүд, сайд дарга нар, цаашлаад хууль хүчний байгууллагаас эхлээд худалдааны газрын дарга хүртэл солигддог. Жишээ нь, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ суудлаасаа буухад түүний талынхан тэр чигтээ арчигдсан. Л.Оюун-Эрдэнийн эцэг нэгт ах найруулагч “Херо” Б.Баатар хүртэл өнөөдөр яллагдагчаар татагдсан нь олны анхааралд байна. Энэ бүхэн том улс төр, дээгүүр түвшинд өрнөдөг драма. Харин дунд түвшинд энэхүү драма чимээгүй, гэхдээ нэлээн хортой байдлаар өрнөдөг. Нэг жишээ нь “Монгол наадам” цогцолбор ОНӨТҮГ-ын даргаар Чингэлтэй дүүргийн төлөөлөгч Д.Отгонбаатар 2025 онд хоёрдугаар сарын 3-нд томилогдсон. Д.Отгонбаатар нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Мэдээж шинэ даргыг дагаж сандал суудлын сэлгээ нэлээдгүй явагдсан. Хачирхалтай нь, тус байгууллага 30-40 гаруй алба хаагчтай. Тэдний дийлэнхи нь мэргэжлийн бус, ажлын чиг үүргийн шаардлага хангахгүй, төрийн албан хаагч томилох шаардлагад нийцээгүй авлига, арын хаалгаар төрийн албанд томилогдсон олон хүмүүс байдаг байна. Тухайлбал, хүний нөөцийн мэргэжилтэн, IT инженер, эдийн засагч, нярав гээд үргэлжилнэ. Тэдний нэг нь Монголын Оюутны холбооноос 300 сая төгрөг хувьдаа завшиж АТГ-т шалгуулж явсан Д.Батбаяр “Монгол наадам” цогцолбор ОНӨТҮГ-ын маркетингийн албаны дарга болжээ. Сурсан юмыг сураар боож болохгүй гэгчээр тэрээр мөнгө завших, зувчуулах ажлаа сурамгай үргэлжүүлж байгаа талаар эх сурвалжууд хэлж байна. 10 жилийн өмнө Монголын оюутны холбооны Ерөнхийлөгч Д.Батбаяр, дэд Ерөнхийлөгч Д.Батчулуун нар эрх мэдэл, албан тушаалаа ашиглан оюутнуудаас их хэмжээний мөнгө завшиж хувьдаа байр, машин худалдан авсан. Тэд оюутны өдөрлөг, илтгэл, лекц, тэмцээн уралдаан зохион байгуулсан хэмээн санхүүгийн хуурамч баримт бүрдүүлэн мөнгө завшдаг байсан нь баримт нотолгоогоор ил болж эцэст нь хууль шүүхийн байгууллагад шалгагдаж байсан билээ. Ёс зүйн хувьд төрийн алба бүү хэл төрлийн албанд ч тэнцэхгүй энэ этгээд эцэст нь Монгол наадам цогцолборт хурган дарга болж, мөнгө зувчуулах ажлаа үргэлжлүүлж байгаа нь чухамдаа монгол төрд нүүрлэсэн зуд юм. Уг нь энэ асуудлыг цэгцлэх зорилгоор төрийн албанд хуулийн цоорхой ашиглан ажилд орсон алба хаагчдыг ажлаас нь чөлөөлж, хууль дүрмийн дагуу томилох “Шүүр” ажиллагааг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эхлүүлж байсан хэдий ч эзэнтэйгээ хамт таг чиг болсон. Төрийн албанд туршлагатай мэргэжилтнүүд гэхээс илүүтэй төрөл садны, танил талын мэргэжлийн бус томилгоо газар авч, гаарсаар байгаагийн нэг жишээ энэ юм.

ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙН БАРУУН ЦАНХЫН УУРХАЙД, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗӨРЧЛӨӨС ҮҮДЭН НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ

Эрдэнэс таван толгойн баруун цанхын уурхайд 2026 оны гуравдугаар сарын 10-ны өдөр хүний амь нас хохирсон осол боллоо. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад: Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулж байгаа Эрдэнэс таван толгойн цанхын уурхайд дампын оператораар ажилладаг байсан бөгөөд ажлаасаа буух сүүлийн өдөр усны машин дээр нарядтай ажил гүйцэтгэж байжээ. Уурхайн аюулгүй ажиллагааны дүрэмд зарим ажлыг заавал хоёр хүн хамтран гүйцэтгэх ёстой гэж тодорхой заасан байдаг. Гэвч тухайн ажилтан уг ажлыг ганцаараа хийх шаардлагатай болсны улмаас өрсний ус соруулж байхдаа хөл алдан унаж нас баржээ. Амь хохирогч нь 40 гаруй насны усны машины оператораар олон жил ажилласан туршлагатай гэх мэдээлэл байна. Мастер нь тухайн ажилтнаар ажлын чиглэлийнх нь бус ажил хийлгэсэн, ажлын байран дээр ганцаараа байсан зэрэг маш олон аюулгүй ажиллагааны дүрэм, журам мөрдөлгүй үүрэг чиглэл өгч нэгэн гэр бүлийн амьдралыг нураасан “мастер”-аа одоо хүртэл ажлыг нь хийлгэж байгаа “Эрдэнэс таван толгой” хариуцлагаа үүрнэ биз ээ. Бид энэ хэргийн талаар болон хариуцлагын талаар эргэж мэдээлэх болно.

ХОЁРДУГААР САРД АГААР БОХИРДУУЛАГЧ БОДИСУУД 9-62 ХУВИАР БУУРЧЭЭ

Улаанбаатар хотын агаарын чанарын 2026 оны 02 дугаар сарын төлөв байдлын тайлан мэдээ гарлаа. Агаар бохирдуулах бодисын 2026 оны 02 дугаар сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе буюу 2025 оны 02 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад PM2.5 тоосонцор 20 мкг/м3-ээр буюу 30 хувиар PM10 тоосонцор 34 мкг/м3-ээр буюу 29 хувиар Хүхэрлэг хий 52 мкг/м3-ээр буюу 62 хувиар Азотын давхар исэл 5 мкг/м3-ээр буюу 9 хувиар тус тус бага гарсан байна. Нийслэлийн 19 цэгт агаар бохирдуулагч бодисуудын үзүүлэлтийг тасралтгүй хэмжиж, автомат анализатороор тодорхойлж байна. Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

УГААРЫН ХИЙНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЭРЭЙ

Цаг агаар муудаж, цас орж байгаа үед угаартах эрсдэл эрс нэмэгддэг. Иймд дараах зөвлөмжийг мөрдөөрэй зууханд түлш хэт дүүргэхгүй байх нунтаг түлш хэрэглэхгүй байх зуух, пийшингийн битүүмжлэлийг сайтар хангах яндангийн хаалт, сойлтыг хэрэглэхгүй байх яндан сугалж, өрхөө бүтээхгүй байх угаар мэдрэгч төхөөрөмжийг тогтмол ажиллуулах /асаах/-ыг анхаарна уу

ИНЕГ, “ИНҮТ” ТӨХХК ХАМТРАН ICAО-ГИЙН АУДИТ ШАЛГАЛТЫН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАЖ БАЙНА

ИНЕГ-ын дарга Э.Төрбаяр “ИНҮТ” ТӨХХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр юуны өмнө “ИНҮТ” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон Э.Энхзоригт баяр хүргэж, ажлын амжилт хүсээд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын аудит шалгалт, аюулгүй ажиллагаатай холбоотой өгсөн зөвлөмжийн хэрэгжилт, Засгийн газрын бодлогын хүрээнд хэрэгжиж буй үйл ажиллагаатай холбоотой ажлуудын явцын талаар талууд мэдээлэл солилцлоо. Олон улсын иргэний нисэхийн байгууллага/ICAO/ нь Олон улсын иргэний нисэхийн аюулгүй байдлын хяналт зохицуулалтын аудит хөтөлбөр Байнгын хяналтын аргачлалын дагуу улс орнуудын иргэний нисэхийн аюулгүй байдлын хяналтын үйл ажиллагаанд аудит хийж, дэлхийн иргэний нисэхийн аюулгүй байдлыг баталгаажуулдаг ба энэхүү бүрэн хэмжээний ээлжит аудит шалгалтад манай улс 2026 оны 4 дүгээр сарын 22-оос 5 дугаар сарын 4-ний хооронд хамрагдах юм. Аудит шалгалтын бэлтгэлийг хангахад “ИНҮТ” ТӨХХК-ийн зүгээс нислэг үйлдвэрлэлийн нарийн мэргэжлийн боловсон хүчний дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд шалгалтын зааврын дагуу 3 дугаар сарын 22-ноос бүх шилжилт хөдөлгөөн хаагдах тул талууд үлдсэн 10 гаруй хоногийн хугацаанд хийгдэх ажлын нарийн хуваарь гарган онцгой горимоор ажиллахаар боллоо. “ИНҮТ” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхзориг тус компанидаа Үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан менежерээр ажиллаж байсны хувьд цаашдаа үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулах, ИНЕГ-ийн байцаагч нарын дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх тал дээр илүү анхаарч ажиллана гэдгээ онцоллоо. Мөн ICAO-гийн аудит шалгалттай холбоотойгоор Дэд ажлын хэсэг байгуулан тодорхой ажлууд зохион байгуулж байгааг дурдлаа. Тухайлбал, ICAO-гийн итгэмжлэгдсэн багшийг урьж ирүүлэн Монгол Улсад анх удаа нисгэгч, журам зохиогч инженерүүдэд зориулсан хэрэглэлийн нислэгийг нислэгээр баталгаажуулах анхан шатны сургалтыг агаарын тээвэрлэгчидтэйгээ хамтран амжилттай зохион байгуулсан. Мөн ил харааны нислэгийн газрын зургийг ICAO-гийн шаардлагын дагуу боловсруулж, АНУ-ын Холбооны нисэх болон Европын холбооны улсын ил харааны нислэгийн жишиг зургийн стандартад нийцүүлэн ИНЕГ-т хүргүүлээд байгаа юм.

УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ХОНОГИЙН МЭДЭЭ

2026 оны 03 дугаар сарын 10-нд хүхэрлэг хий (SO2) нь 12-40 мкг/м3, бүх цэгүүдэд АЧС-аас даваагүй, Азотын давхар исэл (NO2) нь 3-65 мкг/м3, хамгийн өндөр агууламж илэрсэн цэг Баруун 4 зам орчим 65 мкг/м3 буюу АЧС-аас 1.3 дахин их, РМ10 тоосонцор нь 9-96 мкг/м3, бүх цэгүүдэд АЧС-аас даваагүй, РМ2.5 тоосонцор нь 8-49 мкг/м3, хамгийн өндөр агууламж илэрсэн цэг Дамбадаржаа орчим 49 мкг/м3 буюу АЧС-аас 1.3 дахин их, Нүүрстөрөгчийн дутуу исэл (CO) нь 341-2800 мкг/м3, бүх цэгүүдэд АЧС-аас даваагүй байна. Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр УИХ-ын дарга Н.Учралд өргөн барилаа. Хуулийн төсөлд: Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан, Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн, Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар тусгалаа. Мөн УИХ-ын гишүүн УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн, ээлжит чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх шаардлагатайг тусгажээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж,” гэсний дараа “ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиж,” хэмээн нэмж тусгалаа. Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын гишүүн ард түмнээс олгосон мандатыг хүндэтгэхийн сацуу Үндсэн хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд эгүүлэн татах тухай Үндсэн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх, парламентын засаглалыг бэхжүүлэх, улс төрийн нам, эвслийг хариуцлагатай болгох, төрийн үйл ажиллагааны тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг хангахад чухал алхам болно. УИХ-ын гишүүн ард түмний элчийн хувьд сонгогчдыг төлөөлөх, хууль тогтоох ажилд оролцох идэвх, оролцоо дээшилнэ. Гишүүнд хууль зүйн болон ёс зүйн хариуцлага оногдуулах, ялангуяа эгүүлэн татах арга хэмжээ ил тод, нээлттэй, бодитой болж, парламентад итгэх олон нийтийн итгэл нэмэгдэнэ. Үндсэн хуулийн цэц болон бүх шатны шүүхийн байгууллагын үйл ажиллагааны үүрэг, ач холбогдлыг дээшлүүлж буй нь хууль дээдлэх болон Үндсэн хуульт ёсны зарчим хэлбэрэлтгүй хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна.

1 ... 12 13 14 15 16 17 18 19 20 ... 389