“УЛААНБААТАР-ХҮННҮ” ОЛОН УЛСЫН ТРАНЗИТ ЗОЧИД БУУДЛЫГ “ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДАЛТАЙ ГҮҮРЭН ГАРЦААР ХОЛБОХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИХЭЭР БОЛЖ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН САНАМЖ БИЧИГ ЗУРАГДЛАА

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Улаанбаатар-Хүннү” олон улсын транзит зочид буудлын төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус зочид буудлыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалтай гүүрэн гарцаар холбох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Иргэний нисэхийн ерөнхий газар хамтарсан санамж бичиг байгууллаа.
“Чингис хаан” олон улсын нисэх буудал нь 2025 онд нийт 45 мянган дамжин өнгөрөх зорчигч хүлээн авсан бөгөөд жил бүр өсөн нэмэгдэж буй энэхүү үзүүлэлт нь олон улсын транзит зочид буудал байгуулах бодит хэрэгцээ шаардлагыг бий болгож байна.
Уг төслийг хэрэгжүүлснээр нисэх буудлын орчим дахь үйлчилгээний дэд бүтэц олон улсын жишигт нийцэж, дамжин өнгөрөх зорчигчдод зориулсан цогц үйлчилгээ хөгжих суурь нөхцөл бүрдэх юм.
Төслийн хүрээнд “Улаанбаатар-Хүннү” олон улсын транзит зочид буудлыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалтай гүүрэн гарц (гүүрэн хонгил)-оор холбож, зорчигчдыг Монгол Улсын хил, гаалийн хяналтаар нэвтрэх шаардлагагүйгээр шууд зочид буудалд нэвтрэх боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү бүтээн байгуулалт нь олон улсын нисэх буудлын үйлчилгээний салшгүй хэсэг болох транзит үйлчилгээний стандартыг нэвтрүүлэхээс гадна Хүннү хотыг бүс нутгийн тээвэр, логистик, үйлчилгээний төв болгон хөгжүүлэх стратегийн ач холбогдолтой юм.
Санамж бичгийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, хувийн хэвшлийн түншлэлийг сонгон шалгаруулах, бүтээн байгуулалтын явцад хяналт тавих үүргийг хэрэгжүүлэх бол Иргэний нисэхийн ерөнхий газар нь нисэх буудлын үйл ажиллагаатай уялдуулах, аюулгүй байдал, хил, гаалийн тусгай зохицуулалтыг хангах, гүүрэн гарцын холболтын нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
Ийнхүү “Улаанбаатар-Хүннү” олон улсын транзит зочид буудлын төсөл хэрэгжсэнээр Монгол Улс дамжин өнгөрөх зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, цаашлаад Улаанбаатар хотыг олон улсын агаарын тээврийн зангилаа төв болгон хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх юм. 




Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.