НЭГҮҮН МЭДЭЭ
НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ З.ТӨМӨРТӨӨМӨӨТЭЙ ХОЛБООТОЙ ЯРИА, ШҮҮМЖЛЭЛ ОЛНЫ АНХААРАЛ ТАТАЖ БАЙНА

Сүүлийн өдрүүдэд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч З.Төмөртөөмөөтэй холбоотой хувийн амьдралын талаарх яриа, хов жив цахим орчин болон нийслэлийн иргэдийн дунд тархаж, олон нийтийн анхаарлыг татаж байна. Тэрбээр өмнө нь хотын даргыг орлон ажиллаж байсан туршлагатай, нийслэлийн удирдлагын түвшинд хариуцлагатай алба хашиж явсан нэгэн. Гэвч одоогоор түүнийг тогтсон орон гэргүй болж, дэн буудлуудаар хоног төөрүүлж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж байгаа гэх мэдээлэл, яриа хотын иргэдийн дунд тархжээ. Эдгээр ярианд дурдсанаар, уг нөхцөл байдал нь түүний хувийн харилцаатай холбоотой бөгөөд “Fantasy sex shop”-ын үүсгэн байгуулагч гэгддэг Ану гэх бүсгүйтэй гэр бүлийн маргаанаас үүдэн, улмаар салсан гэх хов жив дагалдаж байна. Гэхдээ энэ нь албан ёсоор баталгаажсан мэдээлэл биш бөгөөд олон нийтийн дунд тархсан яриа болохыг онцлох нь зүйтэй. Харин иргэдийн зүгээс “гэр орноо авч явж чадаагүй атлаа төр, нийслэлийг удирдах тухай ярих нь зохимжтой юу” гэх шүүмжлэлийг илэрхийлж буй. Төрийн өндөр албан тушаал хашиж, нийтийн өмнө хариуцлага үүрч буй хүн хувийн ёс зүй, амьдралын хэв маягаараа үлгэр дуурайлал үзүүлэх ёстой гэх байр суурь ч давамгайлж байна. Зарим иргэдийн хувьд ийм нөхцөл байдалд улс төр, удирдлагын ажилд зүтгэхээс илүүтэй хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцааны чиглэлээр ажиллах нь илүү тохиромжтой байж болох талаар ч санал хэлж байна. Эцэст нь, уг асуудал нь хувь хүний амьдралтай холбоотой ч нийтийн албан тушаал хашиж буй хүний ёс зүй, хариуцлагын асуудлыг дахин хөндөж, олон нийтийн итгэл гэдэг зөвхөн албан тушаалаар бус, хувийн төлөвшлөөр хэмжигддэг болохыг сануулж байна.

ИРГЭНИЙ НИСЭХИЙН АХМАДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Энэ жил “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. Тус ойг угтан өнөөдөр буюу 2026.02.04-ний өдөр иргэний нисэхийн ахмадын төлөөллийг хүлээн авч өглөөний уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд тус нисэх буудлын дарга Л.Отгонжаргал үйл ажиллагаагаа танилцуулан, мэдээлэл өгч, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан менежер Э.Энхзориг уулзалтад хүрэлцэн ирсэн ахмадуудад талархал илэрхийлэн, тэдний үнэтэй сургааль, санал хүсэлтийг хүлээн авч, хамтран ажиллахдаа таатай байдагаа илэрхийлсэн юм. Ахмадын төлөөллөөс энэ жил тохиож буй ойн баярыг угтан бүтээгдэхээр төлөвлөгдөж байгаа номын ажилд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэн, өөрсдийн санал хүсэлтээ хэлж, дурсамжаасаа хуваалцлаа.

УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД 4000 СУРАГЧ ХАМРУУЛЛАА

Тавантолгой түлш компаниас санаачлан Монголын хүүхдийн эрхийн үндэсний төв ТББ-тай хамтран нийслэлийн гэр хорооллын бүсийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад зориулсан угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгууллаа. Сургалтын эхний шатанд дунд болон ахлах ангийн сурагчдад угаарын хий үүсэх шалтгаан, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, хордлогоос урьдчилан сэргийлэх арга зам, хордлогын үед авах анхан шатны тусламжийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм. Дараагийн шатанд бага ангийн сурагчдад нас, сэтгэхүйн онцлогт нь нийцсэн, ойлгомжтой арга хэлбэрээр сургалтыг зохион байгууллаа. Сургалтын хүрээнд сурагчдад угаарын хийн эрсдэлийг зөв таньж мэдэх, ахуйн орчинд аюулгүй байдлыг хангах, аюултай нөхцөл үүссэн үед том хүнд шуурхай мэдэгдэх, гэр бүлийн гишүүддээ мэдээлэл түгээх зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдлэг, зөвлөмжийг хүргэсэн юм. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 120,87,127, Сонгинохайрхан дүүргийн 162,42,122 дугаар сургуульд хэрэгжүүлсэн энэхүү сургалтад 4000 орчим сурагч хамрагдсан бөгөөд хүүхэд, өрх бүрийг угаарын хийн эрсдэлийн талаар зөв ойлголттой болгож, урьдчилан сэргийлэх мэдлэгийг нэмэгдүүлэхийг зорьсон юм. Сургалтыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба дэмжин оролцсон юм.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаны дарга, хурандаа Э.Товуудоржтой ярилцлаа.

-ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг өргөжүүлэн алба болгосон. Ингэснээр энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажиллагаа эрчимжиж, ажлын үр дүн эхнээсээ гарч байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү? -Монгол Улсын Засгийн газрын “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 2025 оны 29 дүгээр тогтоол батлагдаж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлсэн. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгох шийдвэр гарсан. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ЦЕГ-ын даргын тушаалаар 2025 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Хар тамхитай тэмцэх газрыг алба болгон өргөтгөн байгуулсан. Бид алба болсноос хойш энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх бодлогын шинжтэй ажил, арга хэмжээг зохион явуулсан. Тухайлбал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд дан ганц Хар тамхитай тэмцэх алба хангалтгүй тул ЦЕГ-ын Тэргүүн дэд даргын тушаалаар цагдаагийн байгууллагын алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсгийг байгуулж, улсын хэмжээнд энэ гэмт явдалтай тэмцэх үйл ажиллагааг явуулж байна. Мөн мансууралтай тэмцэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн хэлэлцүүлгийг энэ оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газартай хамтран хоёр үе шаттай зохион байгуулж, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, 2026 онд гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, зөвлөмж гаргаж, биелэлт үр дүнг тооцон ажиллаж байна. -Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ хяналтаас гарсан, газар авсан гэсэн таамаг олны дунд байдаг. Үнэхээр тийм болсон уу? -Өнөөдрийн байдлаар Монгол Улс бусад улс, орон шиг хяналтаас алдаагүй. Дэлхий дахинд болон бүс нутгийн хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн нөхцөл байдал жил ирэх тусам хүндэрч байна. Үүний нөлөөгөөр манай улсад ч энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа тул цагдаагийн байгууллагаас тухай бүр хариу арга хэмжээг авч ажиллаж байна. -Хар тамхи хэрэглэгчдийн тоо, судалгаа байдаг уу. Байдаг бол тэднийг бүрэн хяналтад авч чадсан уу? -Улсын хэмжээнд сүүлийн есөн жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 2100 гэмт хэрэгт 2422 иргэнийг яллагдагчаар татаж шалгасан. Бүртгэгдсэн гэмт хэргийн 83.3 хувь нь нийслэлд, 16.7 хувь нь орон нутагт гарсан. Гэмт хэрэг үйлдэгчдийн 90 хувь эрэгтэй, 10 хувь нь эмэгтэй байна. Энэ хугацаанд шүүхээс зөвхөн хорих ялаар 1141 ялтан шийтгэгдсэн. Үүний 88.8 хувь эрэгтэй, 11.2 хувь нь эмэгтэй байна. Тэдний 446 буюу 39.9 хувь нь хар тамхины болон бусад төрлийн гэмт хэрэгт удаа дараа ял шийтгэгдсэн этгээд байна. Зөвхөн энэ төрлийн гэмт хэрэгт давтан гэмт хэрэг үйлдсэн 202 этгээд байгаагаас 2-3 удаа ял шийтгэгдсэн 189, 4-5 удаа ял шийтгэгдсэн 13, мөн бусад болон энэ төрлийн гэмт хэрэгт 8-10 удаа ял шийтгэгдсэн зургаан этгээдийг байнгын хяналтад авч ажилладаг. Түүнчлэн, энэ төрлийн гэмт хэрэгт хоёроос дээш жилийн хугацаагаар хорих ял эдлээд суллагдсан иргэдэд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу харьяа цагдаагийн байгууллагаас 1-3 жил хүртэлх хугацаагаар хяналт тогтоон ажиллаж байна. -Сүүлийн үеийн мэдээнээс харахад, хар тамхи хэрэглэж байсан, эсвэл ихээхэн хэмжээтэйг биедээ авч явсан хүмүүсийг баривчиллаа гэж байнга гарч байна. Энэ нь өмнө хэрэглэж байсан хүмүүс үү, шинээр баригдаж байгаа нь уу? -Энэ бол байнгын хэрэглэдэг болон зарж борлуулдаг хүмүүсийн тухайд юм. Өнгөрсөн оны сүүлчээр алба болон өргөжсөнөөс хойш бид зарим нэг илрүүлсэн, шалгаж байгаа хэргүүдийн талаар прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгч байгаа нь ард иргэдээ энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогч, хохирогч болохоос урьдчилан сэргийлэх бас нэгэн ажил юм. -Өсвөр үеийнхний дунд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ их байна гэсэн яриа байдаг. Үүнд ямар хариулт өгөх бэ? -Сүүлийн есөн жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 2422 иргэнийг насны байдлаар нь авч үзвэл 13-17 насны 107 буюу 4,4 хувь нь байна. 18-25 насныхан 50.4 хувь, 26-35 насныхан 35.8 хувь, 36-аас дээш насныхан 224 буюу 9.2 хувийг тус тус эзэлж байна. Боловсролын хувьд 60.5 хувь нь бүрэн дунд бол 59.5 хувь нь ажилгүй иргэд байна. Мөн энэ хугацаанд мансуурах зөрчилд 1976 иргэнд шийтгэл оногдуулснаас 413 буюу 20.9 хувь нь 13-17 насны хүүхэд байна. 2025 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчилд 13-17 насны 83 хүүхэд холбогдон шалгагдсанаас гэмт хэрэг үйлдсэн дөрвөн хүүхэд яллагдагчаар татагдаж, мансуурах зөрчилд 79 хүүхэд холбогджээ. Үүнээс 41 нь тус бүр 100.000 төгрөгөөр торгох, 22 нь 7-30 хоногийн хугацаагаар баривчлах, 22 нь албадан сургалтад хамруулах шийтгэл хүлээсэн байна. Жил ирэх тусам энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаа хүүхдийн тоо нэмэгдэхэд дараах хүчин зүйл нөлөөлж байна. Үүнд: -Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, багш, ойр дотны хүмүүсийн хүүхдэд тавих хараа хяналт сул -Найз, танилын хүрээлэлд уруу татагдах; -Сониуч зан, бусдыг даган дуурайх; -Буруу эх сурвалжаас авсан мэдээлэл; -Мансууруулах бодисын хор уршиг, эрх зүйн үр дагаврын талаар мэдлэг дутмаг. Иймд Боловсролын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.9-д заасны дагуу сургуулийн сургалтын хөтөлбөрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос урьдчилан сэргийлэх, хорт зуршлаас татгалзах, хор хөнөөлийг таниулах агуулгыг тусгах шаардлагатай байна. -Манай улсад хар тамхины хэрэглээ нэмэгдэхэд нөлөөлж байгаа хүчин зүйл юу вэ? -Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт нь олон улсад зах зээлийн хуулиар эрэлт, нийлүүлэлтээс бүрдэж байна. Эрэлтийг сонирхогч, хэрэглэгч, донтогч бий болгож байгаа бол нийлүүлэлтийг гадаад, дотоод нийлүүлэлт гэж ангилж байна. Гадаад нийлүүлэлт нь Монгол Улсын хилээр хууль бусаар мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг нэвтрүүлж байна. Дотоод нийлүүлэлт нь манай улсад зэрлэг байдлаар ургадаг олсны төрлийн ургамалтай шууд холбоотой. НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албаны судалгаагаар Монгол Улс нь анх 1990-ээд оны үед олон улсад хар тамхи дамжин өнгөрүүлэгч улсын нэгээр нэрлэгдэж байсан бол 2000-2020 онд энэ төрлийн гэмт хэргийн гаралт, хэрэглэгч, донтогчдын тоо нэмэгдэж, эрэлт үүсч, нийлүүлэлт бий болсноор хэрэглэгч улсуудын нэг болсон. Цаашид энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрч, хяналтаас гарсан тохиолдолд дотоодод үйлдвэрлэл явуулж, үйлдвэрлэгч улс болж, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн үйл ажиллагаа манай улс руу чиглэж, хар тамхины мафи, картел үүсэх эрсдэлтэй. -Хар тамхитай холбоотой гэмт хэргийг илрүүлэхэд цагдаагийн алба хаагчдад ямар саад бэрхшээл тулгардаг бэ? -Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд цагдаагийн алба хаагчдаас мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэл, багийн ажиллагаа, сахилга бат, хариуцлага, албандаа үнэнч байдлыг шаарддаг. Ийм учраас удирдлагын зүгээс алба хаагчдыг мэргэшүүлэх, дадлагажуулах, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх чиглэлд анхаарч, дэмжиж ажиллахыг зорьж байна. Үйлдэгдэж байгаа энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн 70 орчим хувь нь ажлын бус шөнө, оройн цагаар үйлдэгддэг тул алба хаагчид баяр ёслол, амралтын өдрөөр, зарим үед гэртээ ч харих завгүй уртасгасан цагаар, өндөр ачаалалтай ажиллах үе олон байдаг. Ард иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдал, мансууралгүй ирээдүйн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа, алба хаагчдын маань арыг бат дааж, албыг ойлгож, хүндэлдэг гэр бүлд нь энэ завшааныг ашиглан талархал илэрхийлье. -Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юу бэ? -Олон улсад төрөл бүрийн урьдчилан сэргийлэх үр дүнтэй аргыг нэвтрүүлсэн байдаг. Гэхдээ олон улс, бүс нутаг, өөрийн улсын онцлог, иргэдийн аж төрөх байдал, нийгэм, эдийн засгийн хөгжил зэрэг хүчин зүйлээс хамаарч харилцан адилгүй хэрэгждэг. Манай улсын хувьд тандалт судалгаа, дүн шинжилгээний үр дүнд суурилсан урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд дан ганц цагдаагийн байгууллага бус боловсрол, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт нийгмийн бүхий л салбарт тогтмол явуулдаг бөгөөд үр дүн ирээдүйд гарна. Учир нь бага наснаасаа мансуурлын хор уршгийн талаар ойлголттой болж өссөнөөр зан үйлд нөлөөлж, зөв бие хүн болж төлөвших боломжтой юм. -Энэ гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчин хангалттай бүрдсэн үү? -Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа 937 хууль байгаагаас 59 хуулийн 156 зүйл, 204 заалтад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх хэм хэмжээг хуульчилсан байдаг. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх гол эх сурвалж бол УИХ-аас 2002 онд баталсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль юм. Энэ хуулийг баталж, хэрэгжүүлээд хэдийнэ 24 жилийн хугацаа өнгөрч, олон улс, бүс нутгийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн тул энэхүү хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлага үүсээд байна. Иймд тус албанаас дээрх хуулийг шинэчлэх ажлын хэсэгт ажиллаж, хуулийн хэлэлцүүлгийг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулж байна.

2025-2026 ОНЫ ГАЛЛАГААНЫ УЛИРАЛД 283,949 ТОНН ХАТУУ ТҮЛШИЙГ АЙЛ ӨРХҮҮДЭД НИЙЛҮҮЛЭЭД БАЙНА

Улаанбаатар хотод гэр хорооллын 171.9 мянган өрх, 804.6 мянган автомашин байна. Гэр хорооллын өрхийн утаа агаарын бохирдлын 55.6 хувь, автомашины утаа 28.9 хувь, ДЦС-ын үнсэн сан зэрэг бусад эх үүсвэр 15.5 хувийг эзэлдэг. 2025-2026 оны галлагааны улиралд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хагас коксон шахмал түлшийг айл өрхүүдэд нийлүүлж байгаа. Энэ галлагааны улиралд 425 борлуулалтын цэгээр хагас кокс, мидлинг, сайжруулсан түлш нийлсэн нийт 283,949 тонн хатуу түлшийг нийлүүллээ. Үүнээс энэ жил 210,328 тонн хагас коксон түлшийг хэрэглээд байна. Агаарын бохирдлыг бууруулах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд айл өрхүүдийн эвдрэл гэмтэлтэй зуухыг сольж, стандартад нийцсэн, давхар шаталтат 32 мянган зуухыг нийслэлийн долоон дүүргийн гэр хорооллын айл өрхөд суурилуулж байна. Өнөөдрийн байдлаар алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжтэй нийт өрхийн тоо 159,299 байна. 2025 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар айл өрхүүдийн угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг үе шаттай шинэчилж, нийт 157 мянган ширхэг алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгчийг “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгч, суурилуулсан. Мөн агаарын бохирдлыг бууруулахын тулд усан болон уурын халаалтын зуухтай аж ахуйн нэгж, байгууллагыг түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, өнөөдрийн байдлаар нийт 570 аж ахуйн нэгж, байгууллага 39,358 тонн мидлингийг “Тавантолгой түлш” ХХК-иас худалдан авч хэрэглээд байна.

АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧИДТЭЙ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-иас агаарын навигаци, нисэх буудлуудын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажилтай холбогдуулан Зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ санал, хүсэлтийг сонслоо. Үндсэн чиг үүргийн хүрээнд үзүүлж буй агаарын навигаци болон нисэх буудлын үйлчилгээг аюулгүй, хүртээмжтэй, үр ашигтайгаар зохион байгуулах, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн санал хүсэлт, хэрэгцээ, шаардлагад үндэслэн үйлчилгээний чанарыг сайжруулах, технологийн шинэчлэлтийг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаагаа “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо. Зөвлөлдөх уулзалтын эхэнд Нисэхийн сургалтын төв, Агаарын навигацийн үйлчилгээний газар, Нисэх буудлуудын үйлчилгээний газраас Нисгэгч, журам зохиогч инженерүүдэд зориулсан хэрэглэлийн нислэгийг нислэгээр баталгаажуулах анхан шатны сургалт, Холбоо буюу богино долгионы радио станц, хэтийн чиг хандлага, газрын навигацийн тоноглол, Нислэгийн журмын үйлчилгээ, Агаарын тээвэрлэгчидтэй хийх гэрээ болон нам өндрийн нислэгт үзүүлэх нислэгийн үйлчилгээ, Аэродромуудын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шаардлага хэрэгцээний талаар мэдээлэл өгч хэлэлцүүлэг өрнүүлэн агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн санал хүсэлтийг сонслоо. Хэлэлцүүлгийг Үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан менежер Э.Энхзориг удирдан явуулж, хэрэглэгч, үйлчлүүлэгч талаас гаргасан санал хүсэлтүүдэд Ерөнхий менежер П.Ганболд, АНҮГ-ын дарга Д.Баяртогтох, НБҮГ-ын дарга Б.Ганбаатар нар хариулт өгч уулзалт ажил хэрэгч болж өндөрлөлөө. Зөвлөлдөх уулзалтад “МИАТ” ТӨХК, “Хүннү эйр” ХХК, “Геосан” ХХК, “Скай жет” ХХК, “Тэнгэрийн улаач шинэ” ХХК, “Томас эйр” ХХК, “Оранж эйр” ХХК, "Монголиан Эйрвэйс" ХХК, "Монголын нисэхийн академи" ХХК, "Изинес Эйрвэйз" ХХК, "Нислэг" төв, ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111-р анги, Зэвсэгт хүчний 303-р анги зэрэг 20 гаруй байгууллагын төлөөлөл оролцлоо.

“ИНҮТ” ТӨХХК-ИЙН 2026 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА

“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх салбарын сайдтай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Өнөөдөр Зам, тээврийн яаманд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж, баталгаажуулах үйл ажиллагаа болсон байна. Энэ үеэр салбарын сайд Засгийн газрын 2025-2030 оны таван жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ажлууд дээр Зам, тээврийн яамны харьяа байгууллагын дарга нар үүрэг хариуцлагаа ухамсарлаж, сэтгэлтэй зүтгэлтэй, хариуцлагатай ажиллахыг сануулжээ.

ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.11.05/ хуралдаан 15 цаг 40 минутад үргэлжилж, Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Тэрбээр 2026 оны төсвийн төслийг “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-тэй уялдуулан боловсруулсныг онцлоод төсвийн төсөлд туссан онцлох арга хэмжээг танилцуулав. Тухайлбал, төсвийн урсгал зардал нь өмнөх оноос 585.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнд хууль, тогтоомжид заасны дагуу тэтгэврийн хэмжээг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулж нэмэхэд 378.0 тэрбум төгрөг, хүүхэд, ахмад настны тооны өсөлтөөс шалтгаалсан халамжийн зардалд 45.3 тэрбум төгрөг, сурагчийн тооны өсөлттэй холбоотой боловсролын салбарын зардалд 81.2 тэрбум төгрөг, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор улсын төсвөөс хариуцах эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон тусламж, үйлчилгээний зардалд 79.0 тэрбум төгрөг зэрэг зайлшгүй нэмэгдэх зардлууд нөлөөлсөн гэж байлаа. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг хуульд заасны дагуу 2025 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдээс санал авч, сум, дүүрэг, аймаг, нийслэл, салбар яамны түвшинд үе шаттайгаар төлөвлөсөн. “Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем”-ээр нийт 14.4 их наяд төгрөгийн санхүүжих дүн бүхий 1712 төслийн санал хүлээн авснаас холбогдох шалгуур үзүүлэлт, зарчим, бодлогыг харгалзан эрэмбэлж, 579 төсөл, арга хэмжээнд 3 их наяд 267.3 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан гэв. Засгийн газрын өрийн хувьд Улсын Их Хурлаас 2025 оны тавдугаар сарын 30-ны өдөр баталсан Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичгийн зорилт, арга хэмжээг мөрдөн ажиллах бөгөөд 2026 онд Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийг тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх, нэг тэрбум ам.доллар хүртэлх Засгийн газрын өрийн баталгаа гаргах, аймаг, нийслэлийн үнэт цаасыг зохистой хэмжээнд арилжаалах, дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжиж, суурь хүүг тогтоох зорилгоор 562 тэрбум төгрөгийн дотоод үнэт цаас гаргах, дахин санхүүжүүлэх зорилгоор нэг тэрбум ам.доллар хүртэл гадаад үнэт цаас арилжаалахаар төсвийн төсөлд тусгасан байна. Үндэсний баялгийн сангийн хувьд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын 4.6-д заасан зорилтыг хангах хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр баталж, хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш жил гаруйн хугацаа өнгөрөөд байна. Газрын хэвлий дэх байгалийн баялгийг ирээдүй хойч үеийн иргэдэд тэгш, шударга хүртээх зорилгоор ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Ирээдүйн өв санд хуримтлал бүрдүүлж ирсэн бөгөөд түүхэндээ анх удаа хөрөнгө оруулалтын өгөөжөөр тус сангийн хөрөнгийг арвижуулаад байна. Ингэснээр Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангуудын хуримтлал 5,509.5 тэрбум төгрөгт хүрээд байгаа бол ирэх онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос 2 их наяд 186.9 тэрбум төгрөгийг Ирээдүйн өв санд, уул уурхайн салбарын төрийн өмчит хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн 34 хүртэлх хувьд ногдох ногдол ашгийн орлогоос 372.9 тэрбум төгрөгийн орлогыг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн төсөлд тусгаад байгааг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулгадаа онцолсон. Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн суурь зарлага 29.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 2.0 их наяд төгрөгийн ашигтай буюу дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 2.0 хувь байж, төсвийн тусгай шаардлагуудыг бүрэн хангахаар байна гэж байлаа. Хуулийн төсөл болон аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар эмч, эмнэлгийн байгууллагууд ажил хаяхаар болсноо эхнээсээ мэдэгдэж буйг дурдаад төсвийн төсөлд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж буй талаар, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг ирэх жилийн төсөв иргэд рүү чиглэсэн ажлын байр бий болгох, бизнесийг дэмжих, хувийн хэвшилд бизнесийн орон зай гаргаж өгөх чиглэлд ямар асуудал тусгагдсан, төрийн албан хаагчдын нэг удаагийн тэтгэмжийг он дамнуулан олгоно гэсэн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодруулж, хариулт авсан. Сангийн сайд Б.Жавхлан, 2026 оны төсвийг өргөн барьсан төслөөсөө нэг төгрөг ч хасах боломжгүй. Өргөн барьсан төсөл нь 2026 оны жилийн төлөвлөгөөг биелүүлэхэд зориулсан төсвийн орлого, зардал байдаг. Өөрөөр хэлбэл, хөгжлийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж байж төсвийн зардал хөдөлнө. Төсөв өргөн барьснаас хойш цалин, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлыг Улсын Их Хурлаар ярьж байна. Хий хоосон зардал гэж байхгүй. Гагцхүү төсвийн ерөнхийлөн захирагч бүр 2026 онд хүрэх төлөвлөгөөнөөсөө 10 хувиар хойшоо ухарч байж, цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлүүд гарч ирж байгаа хэмээн хариулж байлаа. Дараа нь хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны 2025 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягаар ахлуулан есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсныг дурдлаа. Ажлын хэсэг 2025 оны аравдугаар сарын 29,30,31, арваннэгдүгээр сарын 4,5-ны өдрүүдэд нийт таван удаа хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн төсөлд тооцоолол хийж ажиллан, асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэж, тодорхой саналуудыг бэлтгэсэн гэв. Тухайлбал, зардал бууруулах чиглэлээр төсвийн төсөлд тусгагдсан урсгал зардалд дүн шинжилгээ хийж, үүнд үндэслэн нийслэл, орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг 6.0 хувиар, бусад төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг 12.8 хувиар бууруулах, төсвийн ерөнхийлөн захирагчдын зарим урсгал зардлыг 2025 оны түвшинд барих, тэвчиж болох зарим зардлуудыг хойшлуулах, хөрөнгө оруулалтын төслүүдийн хувьд улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөтэйгөө уялдаагүй зарим төслүүдийг хасах, 2027 он болон дараа онууд руу шилжих төслүүдийн санхүүжилтийг тодорхой хувиар бууруулах, зарим салбарын тоног төхөөрөмжийн зардлыг 50 хувиар бууруулах, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын барилга, байгууламжийн санхүүжилтийг бууруулах зэрэг зарчмыг баримталсан гэж байлаа. Харин зардал нэмэгдүүлэх чиглэлээр урсгал зардлын гүйцэтгэлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн байгууллагад ажиллагсдын цалин, төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагын ажилчдын цалин болон өндөр насны тэтгэвэр, халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэхээр санал оруулж байна. Түүнчлэн ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагаас албан бичгээр ирүүлсэн санал тус бүрийг судалж, хуралдаанаар хэлэлцсэнийг онцолсон. Ингээд Төсвийн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг, Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон Улсын Их Хурлын гишүүдээс Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлтэй холбогдуулан ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явууллаа. Тодруулбал, Ажлын хэсгээс төсвийн зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцад тусгагдсан урсгал болон хөрөнгө оруулалтын зардалд зохицуулалт хийсэн саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Мөн төсвийн тэнцэлд нөлөөлөхгүй зохицуулалтын саналууд болон төсвийн захирагч хооронд шилжүүлэх, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нэр өөрчлөхтэй холбоотой Ажлын хэсгээс гаргасан саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

“МАХ ИМПЭКС” ХК ОРОН ДАЯАР УРАМШУУЛАЛТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАЛАА

Тэртээ 1946 онд Нийслэл хотын хүн амыг мах махан бүтээгдэхүүнээр хангах зорилгоор үүсгэн байгуулагдсан үндэсний ууган үйлдвэрлэгч “Мах Импэкс” ХК түүхт 80 жилийн ойгоо угтаж нийт хэрэглэгчдэдээ зориулан 80 азтантай урамшуулалт хөтөлбөр зарлажээ. Энэхүү урамшуулалт хөтөлбөрийн зорилго нь 80 жилийн турш хамт байсан хэрэгчдэдээ зориулан сар шинийн баярын хэрэглээний хиамаа худалдан аваад л олон төрлийн бэлгийн эзэн болох боломжийг бүрдүүлж талархлаа илэрхийлэх явдал юм. Тус урамшуулалт хөтөлбөрийн тухайд хэрэглэгч та нийслэл, бяслагтай салями, малчин, онцгой чанамал, зочид чанамал, дээж чанамал зэрэг 6 төрлийн хонжворын дугаар болон вэбсайт руу нэвтрэх QR код бүхий “TAG”-тай бүтээгдэхүүнүүдийг худалдан авч, худалдан авалтын И-баримтаа бүртгүүлэхэд л 80 азтан буюу 7 хоног бүр тодрох 20 азтаны нэг болох боломжтой юм. Бидэнтэй үргэлж хамт хэрэглэгч танд баярлалаа. XVII-р жарны "Сүрээр дарагч хэмээх Гал морь" жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлээрэй.

ХАГАС КОКСОН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Багануур дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай нар “Багануур” ХК-д ажиллаж, хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөр, тулгамдаж байгаа асуудлуудын талаар хэлэлцлээ.

1 ... 10 11 12 13 14 15 16 17 18 ... 384