УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГОМДЛУУДЫГ ШАЛГАЖ, ЭРҮҮГИЙН ХЭРЭГ НЭЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Нийслэлийн прокурорын газрын Нэгдүгээр хэлтсийн дарга, ахлах прокурор Ц.Гансүлд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй холбогдуулан нэр бүхий иргэдээс гаргасан гэмт хэргийн гомдол, мэдээллүүдийг үндэслэн шалгалтын ажиллагаа эхлүүлснийг онцлон мэдэгдэв. Дээрх гомдлуудад дурдсан асуудал тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.3-т заасан улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөн 18.6-д заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоохоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.

Мөн улс төрийн нөлөө бүхий этгээдүүдтэй холбоотой хэд хэдэн хэргийг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа бөгөөд зарим нэр бүхий УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татан, мөрдөн байцаалтын ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлж байгааг онцлов.

Прокурорын байгууллагаас хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлд шийдэмгий арга хэмжээ авч, холбогдох бүх этгээдийн үйлдэлд хуульд нийцсэн үнэлэлт, дүгнэлт өгч ажиллах болно гэдгийг мэдэгдлээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.