ДЭЭД ШҮҮХ “НОГООН АВТОБУС”-НЫ БУДЛИАНЫГ ДАХИН СӨХӨЖ, ХЭРГИЙГ БУЦААЛАА

Ногоон автобусны нэрээр халхлагдсан энэ том хэрэг дээр Улсын дээд шүүх эцэст нь тод байр суурь илэрхийллээ. Өмнөх шатны шүүхүүдийн зарим шийдвэрийг зүгээр өнгөрөөсөнгүй  харин ч илт зөрчилтэй, сулруулсан дүгнэлтүүдийг зад татаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 Зарим үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” гэж үзсэн шийдвэрүүдийг хэвээр үлдээсэн ч, албан тушаалаа ашигласан ноцтой зөрчлүүд дээр шүүх ухралт хийсэнгүй. Евро-5 стандартад нийцэхгүй автобусыг шаардлагад “тааруулж” өөрчилсөн, улмаар сонгон шалгаруулалтад илт давуу байдал олгосон үйлдлүүдийг шууд гэм буруутайд тооцсон анхан шатны шийдвэрийг сэргээж, хариуцлагыг буцаан чангаллаа.

 “Тэнүүн-Огоо” ХХК-ийн нийлүүлсэн автобусууд үндсэн шаардлагуудаа ч хангаагүй байхад хүлээн авсан асуудал дээр ч шүүх нүд аньсангүй. Зарим хүнийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээсэн ч, шинэ нотлох баримт гарч ирвэл хэргийг дахин сөхөх боломжийг нээлттэй үлдээв. “Дээрээс өгсөн” гэх чиглэл хүртэл шалгагдах боломжтой хэвээр байна гэдгийг ч онцоллоо.

 Харин зарим этгээдийг үндэслэлгүй цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шүүхээр болсноор энэ хэрэг “хаагдсан” биш харин ч жинхэнэ утгаараа эхэлж байна.

 Давж заалдах шатнаас хөнгөрүүлсэн зүйлчлэлүүдийг ч хүчингүй болгож, албан тушаалаа урвуулсан гэмт хэрэг гэсэн анхны, хатуу ангиллыг сэргээв. Өөрөөр хэлбэл, “хайнга хандсан” биш  “санаатайгаар ашигласан” гэдэг байр суурь давамгайлж эхэллээ.

 Хамгийн анхаарал татсан нь: Евро-2 хөдөлгүүртэй автобусыг Евро-5 мэт харагдуулах гэж хуурамч өөрчлөлт хийсэн асуудлыг өмнө нь буруу тайлбарласан гэж үзэн, уг хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр болгов. Энэ нь хэрэгт илүү ноцтой, зохион байгуулалттай шинж байж болзошгүйг илтгэж байна.

 Нийт 27 хүн холбогдсон энэ хэрэгт хэдийн 134.5 тэрбум төгрөгийн хохирол тогтоогдсон. Хэдийгээр тодорхой хэмжээний нөхөн төлбөр барагдуулсан ч, энэ нь хариуцлагаас мултрах шалтаг биш гэдгийг шүүхийн өнөөгийн шийдвэр тод харуулж байна.

 


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.