SOCIAL NEWS
МӨСӨНД НААЛДСАН ИРГЭНИЙ ЦОГЦОСЫГ ОЛЖЭЭ

Иргэд зам товчлохоор гүйцэт хөлдөөгүй гол мөрөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэйгээ явж осол аваар гарах нь ихсэж байна. Тухайлбал:Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт 2021 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Шишгэдийн голын мөс цөмөрч “УАЗ Пургон 37419” загварын автомашин осолдож зорчиж явсан гурван иргэнээс хоёрынх нь цогцосыг уснаас гаргаж авсан боловч нэг иргэнийг хараахан олооогүй байсан юм. Тэгвэл үлдсэн иргэний цогцосыг голын эргээс 25 метрийн зайд мөсөнд наалдсан байдалтай байхад нь олж аймгийн цагдаагийн газрын шүүх шинжилгээний албаны шинжээчид хүлээлгэн өгчээ. Иймд иргэдийг гол мөрний мөс бэхжиж амжаагүй энэ үед зам товчлох, цаг хожих зорилгоор мөсөн дээгүүр тээвэр хийж, зорчихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

МАНАЙ УЛС ХОГ ШАТААН ЭРЧИМ ХҮЧ ГАРГАН АВАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО

Засгийн газрын хуралдаанаас нийслэл Улаанбаатар хотод хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төслийн урьдчилсан судалгаа, шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, боломжит бүтцийг тодорхойлох хамтарсан ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргалаа. Уг үйлдвэр ашиглалтанд орвол 2024 оноос нийт хог хаягдлын 31,8 хувийг шатаах үйлдвэрт устгаж, төвлөрсөн хогийн цэгт дарж булж байгаа хог хаягдлыг мөн нэлээдгүй хувиар бууруулах юм. 2040 он гэхэд Улаанбаатар хотын нийт хог хаягдлын 50 хувийг дахивар боловсруулалтад оруулж, дахин боловсруулалтад оруулах боломжгүй 42 хувийг шатааж устган эрчим хүч гарган, төвлөрсөн хогийн цэгт дарж булшлах хог хаягдлын хэмжээг бууруулах зорилт тавин ажиллаж байна.

ЭНЭ САРЫН 20-НООС МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА ЯВАГДАНА

15 аж ахуйн нэгжийн 10 мянган тн мах бэлтгэх санхүүжилт бүрэн шийдэгдсэн ба өнөөдрийн байдлаар эдгээр аж ахуйн нэгж 5500 тн мах бэлтгэж, нөөцлөөд байна. Энэ сарын 20-ноос эхлэн нэг сарын хугацаанд махны өргөтгөсөн худалдаа нийслэлийн зургаан дүүргийн 31 байршилд худалдаалагдана. Өргөтгөсөн арга хэмжээнд махнаас гадна сүү, цагаан идээ, орон нутийн онцлог бүтээгдэхүүн, идэшний зориулалтаар үйлдвэрт бэлтгэж, жижиглэж савласан мах болон хөргөгч, хөлдөөгчний лизингийн худалдааг зохион байгуулах ажээ.

БАЙГУУЛЛАГУУД ШИНЭ ЖИЛЭЭ ТЭМДЭГЛЭЭД ЭХЭЛЖЭЭ

Цар тахлын улмаас хоёр жил шинэ оноо тэмдэглэж чадаагүй найз нөхөд, хамт олон, албан байгууллагууд энэ жил эхнээсээ хорио цээр тавихаас өмнө тэмдэглээд аваахаар шийдсэн бололтой. Ресторан пабууд хүлээн авалтын захиалгад хэдийнээ дарагджээ. Зарим нэг хамтлаг дуучидтай холбогдон тодруулахад долоо хоногтоо 2-3 удаагийн захиалгатай байгаа хэмээв. Засгийн газрын 2021.10.27-ны тогтоолоор төрийн байгууллагуудыг шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглосон хэдий ч хувийн байгууллагуудтай холбоотой ямар нэгэн шийд одоогоор гараагүй байгаа тул шинэ жил тэмдэглэх нь одоогоор нээлттэй гэж ойлгож болно.

АРВАН САРД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙ ЦОГЦОС ОЛДЖЭЭ

Орхон аймаг дахь цагдаагийн газраас Өнгөрөгч аравдугаар сарын 13-ны өдөр гэрээсээ гарч яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байсан юм. Тэгвэл өчигдөр буюу 2021.11.08-нд тус иргэний цогцосыг Булган аймгийн Бугат сумаас олжээ. Урьдчилсан байдлаар талийгаачийн үхэл гаднын нөлөөгүй болох нь тогтоогдсон ба модноос өөрийгөө дүүжилсэн байжээ. Хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна.

ГАМШИГТ ӨРТСӨН 24 ИРГЭНД ИЖ БҮРЭН ГЭР ӨГЛӨӨ

Говь-Алтай аймагт болсон байгалийн аюулт үзэгдэл, үерт өртөж орон гэргүй болсон иргэдэд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 29-ний өдрийн 297 дугаар тогтоолоор иж бүрэн гэр олгохоор болсон. Шийдвэрийн дагуу аймгийн Алтай, Бугат, Есөнбулаг, Тонхил, Төгрөг, Халиун, Шарга зэрэг 7 сумын 24 иргэнд иж бүрэн гэрийг гардуулан өглөө.

ХОРХОГИЙГ ГЕННИСИЙН НОМОНД БҮРТГҮҮЛЭХЭЭР БОАЖ-ЫН САЙД Н.УРТНАСАН 20 САЯ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЖЭЭ

Цар тахлын улмаас аялал жуучлалын салбар нэлээдгүй уналтанд орсон.Иймдээ ч улс орон болгон аялал жуулчлалын салбараа хөл дээр нь босгохын тулд эрвийх дэрвийхээрээ л зүтгэж байгаа.Төр, хувийн хэвшлийнхэн хамтран Монгол улсыг гадаадад сурталчлах, түүх, соёл уламжлалаа таниулах олон төсөл хөтөлбөрийг боловсруулсаар байна. БОАЖЯ-наас аялал жуулчлалын төсөвт тэрбум гаруй төгрөгийг суулгажээ. Ингэхдээ Монгол Үндэсний хоол болох хорхогийг Геннисийн номонд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахаар болж 20 сая төгрөг төсөвлөсөн байна.

АВТОМАШИНЫГ ИРГЭДЭД УРЬДЧИЛАН ЯРЬЖ МЭДЭГДСЭНИЙ ҮНДСЭН ДЭЭР ОЛОН НИЙТИЙН БАЙЦААГЧ ТОРГОН АЧИНА

Өнөөдрийн байдлаар төрийн өмчит нэг, хувийн 13 ачилтын компани зориулалтын чирэгч автомашин ашиглан, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар /НИТХ/ төр хамтарсан байдлаар ажиллуулах, автозамын санд уг үйлчилгээнээс тодорхой хэмжээний хувийг төвлөрүүлэх, гэрээт цагдаа ажиллуулах, иргэдэд урьдчилан утсаар мэдэгдсэний үндсэн дээр ачих зэрэг дүгнэлт гаргажээ. НИТХ-ын төлөөлөгч, ажлын хэсгийн ахлагч Т.Батцогт хэлсэн үгэндээ: “ Одоо мөрдөгдөж буй журмаар зөвхөн иргэн, хувийн хэвшлийн хооронд харилцаа үүсээд байгаа юм. Гэтэл үүнд төрийн байгууллагын зохицуулалт дан ганц зөвхөн журмаар зохицуулагдана гэдэг нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Ажлын хэсгийн зүгээс автомашин ачилтын журамд оруулах өөрчлөлтүүдийг боловсруулсан. Тухайлбал, нэгдүгээр эгнээ болон автомашин зогсоохыг хориглосон байршлуудад автомашинаа байрлуулсан тохиолдолд олон нийтийн байцаагч ажиллана. Ачигч машин ирэхээс өмнө олон нийтийн байцаагч тухайн автомашины жолооч руу мэдэгдэн Зөрчлийн тухай хуулиар торгууль тавина. Тухайн торгууль тавьж буй мөнгө төрд төвлөрнө гэсэн үг. Харин тэр хугацаанд жолооч амжиж автомашинаа аваагүй тохиолдолд ачилтын компани ачих ёстой. Эдгээр зохицуулалтуудыг журамд өөрчлөлт болгон оруулахаар санал болгож байгаа юм” хэмээв. Ачилтын 14 компани 60 мянган төгрөгийн 10 хувийг нийслэлд өгөхөөр болсон.

МАЛЧИД , ХӨДӨЛМӨР ЭРХЭЛДЭГГҮЙ ИРГЭД НИЙГМИЙН ДААТГАЛ ТӨЛДӨГ БОЛ COVID-19-ӨӨР ӨВДСӨН БОЛ ТЭТГЭМЖ АВНА

Нийгмийн даатгал төлдөг бол Covid-19-өөр өвдөн гэрээрээ эмчлүүлж байгаа тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авч болох бөгөөд малчин ажил эрхэлдэггүй хүн бүх үйлчилгээнд тэгш хамрагдах эрхтэй. Гол нь даатгуулагчид лист бичүүлэхдээ 14 хоногийн дараа хандаж байгаа нь хөдөлмөрийн чадварын түр алдалтын тэтгэмж авч чадахгүй шалтгаан болоод байгаа аж. Тэтгэмжийг Covid-19 болон бусад өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө гурав ба түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн байх шаардлагатай. Мөн тэтгэмжийн даатгалын санд гурван сараас доошгүй хугацаагаар шимтгэл төлсөн нөхцөлд дахин тэтгэмж авах эрх үүснэ. ТҮР ТЭТГЭМЖ АВАХ ХҮСЭЛТ ГАРГАХ ИРГЭД 14 ХОНОГИЙН ДОТОР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛНЭ Түр тэтгэмж авах иргэд нийгмийн даатгалын дэвтэр, эмнэлгийн хуудас зэргийг бүрдүүлнэ. Гол нь материал бүрдүүлэх 14 хоногийн хугацаандаа багтаагүй тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсан гэдгийг нотлох боломжгүй юм. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны хувьд: Хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан ажлын эхний таван өдрийн тэтгэмжийг ажил олгогчоос өгөх, Зургаа дахь өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацааны тэтгэмжийг Тэтгэмжийн даатгалын сангаас олгох, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь хөдөлмөрийн чадвар алдсан ажлын эхний таван өдрийг оролцуулан ажлын 66 өдрөөс хэтрэхгүй байна Харин хорт хавдар болон сүрьеэгээр анхлан өвчилсөн тохиолдолд ажлын 132 өдрийн хугацаанд тэтгэмж олгодог байна. Удаа дараа өвчилсөн тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг нийтдээ ажлын 132 өдрөөс илүүгүй хугацаанд олгохоор тусгажээ.

МАШИНД МӨРГҮҮЛСЭН ЦАГДАА НУГАСАНДАА ХҮНД ГЭМТЭЛ АВЧЭЭ

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 7-ны ням гарагт замын хөдөлгөөн ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөж, гэмтээсэн зам тээврийн осол камерын бичлэгт үлдсэн. Одоогоор осол гаргасан жолоочийг шалгаж байгаа ба гэмтсэн цагдаагийн алба хаагч нуруу нугасны гэмтэл гэх оноштойгоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Цагдаагийн алба хаагчаас гадна замын зорчих хэсэгт цэвэрлэгээ, засвар үйлчилгээ хийж буй олон хүн байдаг тул анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүллээ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 24