НЭГҮҮН МЭДЭЭ
ИРЭХ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЕБС-ИЙН ХӨТӨЛБӨРИЙГ 3-6 ХИЧЭЭЛЭЭР ЦӨӨЛНӨ

Ирэх хичээлийн жил буюу 2024 оны есдүгээр сарын 1-нээс сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт оруулж, зарим хичээлийг хасахаар төлөвлөж буй талаар салбарын сайд мэдээлсэн. БШУ-ны Сайд Л.Энх-Амгалан “Сурагчдын үзэж буй хичээлийн тоо их, түүнийгээ дагаад ачаалал их байна гэдэг. Хүүхэд анги дэвших тусам суралцах сонирхол буурч буй үр дүн судалгаагаар гарсан. Манай боловсролын хөтөлбөр сонирхолгүй, агуулга, чанар сул байна. Тиймээс энэ жилийн 9-р сарын 1-нээс цэцэрлэг болон бага ангийн хөтөлбөрийн сайжруулалт, 2025 оноос эхлэн дунд болон ахлах ангийн хөтөлбөрийг сайжруулна. Тодруулбал хичээлүүдийн тоог цөөлж, хичээлүүдийн агуулгыг хооронд нь уялдуулан нэгтгэх болно. Хөтөлбөрийн сайжруулалт хийхдээ мэдээж судалгаатай ажиллах ба дунджаар 3-6 хичээлээр цөөлөх болно” гэсэн юм. Өөрөөр хэлбэл өөрчлөлтийг хийхдээ тодорхой ангиудын зарим хичээлийг хасах байдлаар хийх ба яг хэддүгээр ангийн ямар хичээлийг хасах талаар эцэслэн батлаагүй учир мэдээлэл өгөх боломжгүй байна. Олон улсын боловсролын салбарт цахимд шилжиж буй чиг хандлагад нийцүүлж хөтөлбөрийн сайжруулалт хийнэ. Тиймээс Ерөнхий сайдаар ахлуулсан Боловсролын үндэсний зөвлөлийг байгуулсан ба Монгол Улсын боловсролын үзэл баримтлалыг батлах аж. “Монголын боловсролын хувирган өөрчлөлт” чуулганаар тунхаг гарсан ба тэрхүү үзэл баримтлалын эхний тодорхойлолтыг дараах байдлаар гаргасан. “МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ” чуулганаар дараах тунхгийг баталсан. МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ФИЛОСОФИ • Монголын боловсролын философийг боловсролын даяарчлал, үндэсний онцлогт тулгуурлан хөгжүүлнэ. • Монголын боловсролын философи нь Монгол Улсын боловсролын хөгжлийн бодлого, хөтөлбөр боловсруулах нэг үндэслэл болно. • Монголын боловсролын философи нь судлаач, эрдэмтэн, багш, иргэн бүрийн үзэл бодлоо илэрхийлэх академик эрх чөлөөний талбар байна. МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН АЛСЫН ХАРАА • Монголын боловсрол нь хүн бүрд эдийн засаг, улс төр, нийгмийн үйл ажиллагаанд оролцох, шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжлийн дэвшилтэт ололт амжилтаас хүртэх, оролцох, уур амьсгал-эко системийн өөрчлөлт зэрэг сорилтуудыг даван туулахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, тэдний аз жаргалтай амьдрах бүхий л боломжуудад дэмжлэг үзүүлдэг байх ёстой. Үүний тулд уламжлалт боловсролын тогтолцооны зорилгоос давсан “Алсын хараа”-г тодорхойлох шаардлагатай байна. • Монголын боловсролын алсын харааг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: - Хүн төрөлхтний нийтлэг соёлыг хүндэтгэх, - Ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгмийг цогцлоох, - Гэр бүлийн амьдралын баталгаа болох, - Хувь хүний хөгжлийг дэмжих, - Монгол хүнийг төлөвшүүлэх • Мэдээлэл технологийн дэвшилд тулгуурласан хөгжил нь бидний урьд өмнө байгаагүй шинэ боломжуудыг бий болгож байна. Бид түүнийг боловсролынхоо үр ашгийг дээшлүүлэхэд ашиглах болно. МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ҮНЭТ ЗҮЙЛ • Монголын боловсролын алсын хараа руу тэмүүлэхийн тулд баримтлах зарчимтай байна. Эдгээр зарчмыг үнэт зүйлсээр тодорхойлж байна. • Үнэт зүйл нь хүн төрөлхтөн, нийгэм, хүн хоорондын харилцаа, хувь хүн, үндэсний соёл, уламжлалд үзүүлэх боловсролын нөлөөлөл бөгөөд энэ нь суралцагч нийгэмд иргэн болон төлөвшихөд чиглүүлэх луужин юм. • Монголын боловсролын үнэт зүйл нь - Дэлхийн соёл, - Хүн чанар, - Гэр бүл, - Суралцахуй, - Монгол сэтгэлгээ байна. • Монгол улс боловсролын үнэт зүйлээ тодорхойлох нь боловсролыг өөрийн онцлогтой хөгжүүлэх үндэсний тэмүүллийн эх үндэс болно. МОНГОЛ СУРАЛЦАГЧИЙН ДҮР ТӨРХ • Монголын боловсролын тогтолцоо нь суралцагч төвтэй байна. • Монгол суралцагчийн дүр төрх нь: - Хүн төрөлхтний соёлыг хүндэтгэдэг, дэлхийн соёлоос суралцдаг “Дэлхийн хүн” - Үндэсний соёл, уламжлал, ёс заншлаа өвлөн хөгжүүлдэг “Соёлыг уламжлагч” - Ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгмийг цогцлооход хувь нэмрээ оруулдаг “Хүнлэг иргэн”, - Нийгмийн болон гэр бүлийн ”Хариуцлагатай гишүүн”, - Бие дааж, насан туршдаа суралцдаг ”Тасралтгүй суралцагч”, байна. • Монгол суралцагчийн дүр төрх нь чадамжаар тодорхойлогдох бөгөөд чадамжийг боловсролын түвшин бүрд залгамж холбоотойгоор хөгжүүлнэ. • Хүн бүр Монгол суралцагчийн дүр төрхийг бүтээхийн төлөө өөрсдийн нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглан суралцана. МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ • Хүн бүрд Монгол суралцагчийн дүр төрхийг бүтээхэд дараах хэсгүүдийг тэргүүлэх чиглэлээр тодорхойлж байна. Үүнд: - Сургалтын хөтөлбөр, - Хүний нөөц, - Боловсролын орчин, - Удирдлага, зохион байгуулалт, - Үнэлгээ, мониторинг • Монгол суралцагчийг хөгжүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсролын түвшин бүрээр залгамж холбоотойгоор олон талт оролцоонд суурилан боловсруулна. • Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, боловсролын орчныг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан бүрдүүлнэ. • Боловсрол, сургалтын байгууллагын удирдлага, менежментийг нотолгоо, оролцоонд суурилан, ахиц дэвшлээ тооцсон системийн үр ашигтай уялдуулан хөгжүүлнэ. • Бүх түвшний боловсролын зорилго, үр дүнг бодитой, тохирцтой, найдвартайгаар үнэлж, хэмжээсжүүлсэн баталгаатай мэдээллээр оролцогч талуудыг хангах, тэдний амжилтыг ахиулах боломжийг нэмэгдүүлнэ. • Үндэсний, орон нутгийн, байгууллагын түвшинд хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх, үр дүнг ашиглах чадавхийг тасралтгүй бэхжүүлнэ. ХАМТЫН АЖИЛЛАГАА ТҮНШЛЭЛ Боловсролыг бүх нийтийн сайн сайхан байдалд хөтлөх арга зам болохын хувьд дараах талуудын оролцоо, түншлэлийг эрхэмлэнэ. Үүнд: • Боловсролын дэд салбарууд, • Төр, хувийн хэвшлийн байгууллагууд, • Иргэний нийгмийн байгууллагууд • Нам, эвсэл, • Нийгмийн бусад бүлгүүд, • Гэр бүл БОЛОВСРОЛЫН ЦАХИМ ШИЛЖИЛТ БА ИХ ӨГӨГДӨЛ • Монголын боловсролын хувирган өөрчлөлтийг эрчимжүүлэхэд цахим технологийг тууштай ашиглана. • Цахимаар суралцахуйг дэмжих олон талт үйл ажиллагааг хөхүүлэн дэмжинэ. • Боловсролын их өгөгдлийн санг бүрдүүлэхэд найдвартай, тохиромжтой гэсэн хэмжилтийн зарчимд тулгуурласан чанартай өгөгдөл цуглуулна. • Их өгөгдөлд тулгуурласан суралцахуйн сайн туршлага, үр дүнгийн мэдээлэл нь суралцагчийн цаашдын боловсрол, ажил, амьдралын замналаа төлөвлөх, хөгжүүлэх эх үүсвэр байна. • Их өгөгдлийг хиймэл оюун ухаанд суурилан, төлөвлөлтөөс шийдвэр гаргах хүртэлх үйл явцад ёс зүйтэй ашиглана. БОЛОВСРОЛЫН САНХҮҮЖИЛТ • Боловсролын салбарын үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлнэ. • Санхүүгийн эрх мэдэл, хувьсах зардал, сургуулийн бүтэц, хэв шинжийн шинэчлэл, сургалтын чанарт суурилсан цалин, урамшууллын тогтолцоог бэхжүүлнэ. • Сургалтын байгууллагын санхүүжилтийг захиран зарцуулахад талуудын оролцоог хангах бодлого, үйл ажиллагааг сайжруулна. Эх сурвалж: БШУЯ

МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЧЭЭ

Энэ сарын 14-ний байдлаар зуданд хорогдсон малын тоо 4.7 саяд хүрсэн нь нийт малын 7.3 орчим хувийг эзэлж байна. Сүхбаатар аймагт малын хорогдол хамгийн их буюу 1.3 сая байгаа аж. Мэдээллээр 10 аймгийн 37 сум төмөр, 16 аймгийн 130 сум цагаан зудтай гэж үнэлэгджээ. Одоогоор цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа малчдадаа эрүүл мэндийн тусламж үзүүлэхэд онцгойлон анхаарч отроор яваа 4773 хүнд нийт малчин өрхийн 63 мянган иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж 241 малчин өрхөд эмийн багц хүргүүлээд байна. Харамсалтай нь, малаа 100 хувь алдсан 342 малчин өрх байгаа ба 2257 айл нийт малынхаа 70 буюу түүнээс дээш хэсгийг алджээ. Тиймээс малчдыг малжуулах асуудалд онцгойлон анхаарч ажиллаж байна.

ВЬЕТНАМД НАЙМАН МОНГОЛ ИРГЭН ХУЛГАЙН ХЭРГЭЭР 8-10 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА

Вьетнам улсад манай улсын 9 иргэн хорих ял эдэлж байгаагаас хулгайлах гэмт хэрэгт 8-10 жил хүртэл хорих ялаар шийтгүүлсэн 8, хууль бусаар олж авсан бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах гэмт хэрэгт 3 жил хорих ялаар шийтгүүлсэн 1 иргэн хорих ял эдэлж байна. Хорих ял эдэлж байгаа Монгол Улсын иргэдийн үлдсэн ялыг эх оронд нь үргэлжлүүлэн эдлүүлэх асуудлыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, түүний нөхөн төлөлт, хорих ял биечлэн эдэлсэн хугацаа зэргийг харгалзан үзэж тус улсын дотоодын хууль тогтоомж болон хоёр улсын Засгийн газар хооронд 2018 онд байгуулсан “Ялтан шилжүүлэх тухай гэрээ”-ний дагуу шийдвэрлэж байх талаар 2 улсын прокурорын эрх бүхий албан тушаалтнууд ярилцжээ. Монгол Улсын Эрүүгийн хуулиар хулгайлах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 5-12 жил байдаг бол БНСВУ-ын Эрүүгийн хуульд заасан энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ манай улсын хуулиас өндөр 12-20 жилийн хорих ялтай байдаг байна.

МАЛ ЭМНЭЛГИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН НОРМАТИВ ШИНЭЧЛЭН БАТЛАГДАВ

Монгол Улсын нутаг дэвсгэрт мал, амьтны болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих, өвчингүй тайван байдлаа хадгалж ажиллах мал эмнэлгийн байгууллагын зорилгын хүрээнд олон улсын худалдаанд хориг саад үүсгэдэг мал, амьтны гоц халдварт, халдварт өвчин, зооноз өвчнөөс сэргийлэх тарилгын хөлсний жишиг үнэлгээг тогтоох шаардлагын дагуу 2021 онд Сангийн Сайд болон Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын хамтарсан тушаалаар мал эмнэлгийн үйлчилгээний зарим зардлын нормативыг анх удаа батлуулж мөрдөн ажиллаж байсан. Монгол улсын Засгийн газраас энэхүү ажлыг үргэлжлүүлэн мал эмнэлгийн анхан шатны аж ахуй нэгжийн үзүүлэх мал эмнэлгийн үйлчилгээний хүрээг тэлэх, чадавхыг сайжруулах зорилгоор Мал эмнэлгийн салбарын 100 жилийн ойн ажлын хүрээнд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун МЭЕГ-аас мал, амьтны гоц халдварт, халдварт өвчин, зооноз өвчнөөс сэргийлэх тарилгын хөлсний жишиг үнэлгээг нэмэгдүүлэхээр санаачлан төлөвлөж, шаардлагатай төсвийг 2024 оны мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний төсөвт 2023 оны эцсээр тусгуулсан. Гоц халдварт, халдварт, зооноз өвчнөөс сэргийлэх тарилгын хөлсийг бод малыг 1000 төгрөг, бог малыг 350 төгрөг болгож шинэчлэн, 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Сангийн сайд, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан А/116, А/418 дугаар тушаалаар баталгаажууллаа.

СЭРҮҮНИЙ УЛИРАЛД НИЙЛҮҮЛСЭН 2.6 САЯ ЛИТР СҮҮНИЙ УРАМШУУЛЛЫГ ОЛГОЛОО

Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор батлагдсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2024 оны 01 дүгээр сард 2,613,586 литр сүү бэлтгэн үндэсний үйлдвэрүүдэд тушаасан 1,666 малчин, мал бүхий этгээдүүдэд олгох 2,613,586,000 төгрөгийн мөнгөн урамшууллыг олголоо. Түүхий сүүний гарцыг нэмэгдүүлэх, импортын хуурай сүүний хэрэглээг бууруулахаар хүйтэн, сэрүүний улиралд түүхий сүү бэлтгэн үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд урамшууллыг олгон дэмжиж байгаа билээ.

PUBG MOBILE: Анхны олон улсын чанартай PMIC ULAANBAATAR 2K24 тэмцээн аваргуудаа 24-нд тодруулна

PUBG MOBILE сонирхогч 360 баг бүртгэгдэж, тэдгээрээс шигшигдэж гарсан шилдэг найман багийн эсрэг PMGC-2023, PMSL-ын 40 шилдэг багуудын ТОП-16 баг энэ сарын 24-нд AIC STEPPE ARENA-д аваргын төлөө ширүүн өрсөлдөх гэж байна. Тэмцээний нийт шагналын сан 10.000 ам.доллар аж. Тоглолтыг "ТВ8" телевиз шууд дамжуулна. 2022 оноос эхлэн PUBG MOBILE тоглоомыг хөгжүүлэгч толгой компани болох ”TENCENT” HOLDING -тэй албан ёсоор хамтран өмнөд ази бүс, Монгол улс дахь баг тамирчид, тэмцээний тайлбарлагчид болон баг тамирчдын дунд албан ёсны эрхтэй тэмцээний тусгай шууд дамжуулалтын системээр олон улсын стандартын дагуу In gmae Broadcast live streaming хийдэг болсон юм. Технологийн хурдацтай хөгжлийн эрин үед И-Спортод хүч хөдөлмөрөө харамгүй зарцуулж, амжилт гаргаж яваа баг тамирчид, хойч үедээ Мэдээллийн технологийн салбарыг шоу энтертайнменттай хослуулан сурталчлан таниулах юм. Дэлхийд #Forex #Software салбарт өөрийн мэдлэг ур чадвараар дахин өрсөлдөх ШИНЭ ҮЕИЙН ЗАЛУУС-ыг нээн, хөгжүүлэх зорилготой энэхүү тэмцээн нь Монголын Цахим Спортын Хөгжлийг Дараагийн Түвшинд гаргана. PMIC Ulaanbaatar 2024 тэмцээний билетийг ЭНД дарж захиална уу! Дашрамд сонирхуулахад, PMIC ULAANBAATAR 2K24 тэмцээнд зориулан анх удаа сүлд дуу гаргасан бөгөөд Энхбаатар /Чоно/, Батхүү / Fire/, Bo /RecOn/, Don Dior, Agula нар хамтран дуулжээ.

УБТЗ-ЫН АЛБАН ТУШААЛАА УРВУУЛСАН АЖИЛТНЫ ЦАГААТГАХ ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ, ХЭРГИЙГ ДАХИН ХЭЛЭЛЦЭНЭ

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Зорчигчийн вагон депогийн ерөнхий инженерээр ажиллаж байсан Х.Зоригоод холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, Зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийлгэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, 2022 оны есдүгээр сард “Цэц-Урлан” ТББ-ын захирал Ц.Болдбаяртай ажил, үйлчилгээний гэрээ байгуулсан аж. Үүнийхээ төлөө Ц.Болдбаяраас “Хермес” худалдааны төвийн ойролцоо бэлэн мөнгө хахуульд авсан хэрэгт холбогдсон гэнэ. УБТЗ-ын Зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийлгэх зардалд 19.9 гаруй төгрөг зарцуулахаар дээрх аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, түүнийгээ “Хас гоёл” ХХК-иар хийлгэснээр Ц.Болдбаяр 6.5 саяын ашиг олсон юм байна. НПГ-аас Х.Зоригоод бусдаас хахууль авсан, Ц.Болдбаярыг нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж. Тус шүүх хэргийг хэлэлцээд Ц.Болдбаяраас Төмөр замын цагдаагийн ажилтан мэдүүлэг авч, улмаар АТГ-т харьяаллын дагуу шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж дүгнэн тэднийг цагаатгасан байна. Эл шийдвэрийг прокурорууд үндэслэлгүй гэж үзээд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаныг өнгөрсөн пүрэв гарагт хэлэлцсэн юм. Улмаар прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь энэ.

3 САР ҮРГЭЛЖЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨТ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ЭХЭЛЖ БАЙНА

“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” сэдэвт арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас 2024-03-20-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд зохион байгуулна. Тус арга хэмжээг нээж аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын дарга нар болон холбогдох албан тушаалтнуудад цахимаар чиглэл хүргүүллээ. Энэхүү аяны хүрээнд төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нарт хийж хүнсний аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлж, илрүүлсэн зөрчлийг арилгуулах, шалтгаан нөхцөлийг тодорхойлох, таслан зогсоох чиглэлээр ажиллах юм.

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГЫН ТУШААЛ

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГЫН ТУШААЛ 2024 ОНЫ 03 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДӨР ДУГААР А/29 УЛААНБААТАР ХОТ ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ 2024 ОНЫ ДООД ТҮВШИНГ ТОГТООХ ТУХАЙ СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 15 ДУГААР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСГИЙН 8 ДУГААР ЗААЛТ, ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИНГ ТОДОРХОЙЛОХ ТУХАЙ ХУУЛИЙН 5 ДУГААР ЗҮЙЛИЙН 5.1, 5.3, 5.5 ДУГААР ЗААЛТЫГ ТУС ТУС ҮНДЭСЛЭН ТУШААХ НЬ: 1.ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШНИЙ 2024 ОНД МӨРДӨХ ХЭМЖЭЭГ ХАВСРАЛТААР БАТАЛЖ, МӨРДҮҮЛСҮГЭЙ. 2.ШИНЭЧЛЭН БАТАЛСАН ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИНГ ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН УЛСЫН НЭГДСЭН САНД БҮРТГҮҮЛЖ, НИЙТЭД МЭДЭЭЛЭХИЙГ ТАМГЫН ГАЗАР (Б.ЛХАГВА)-Т ДААЛГАСУГАЙ. Б.БАТДАВАА

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Тавантолгой түлш компани Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны харьяа Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Мэндийн Төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд ХАБЭА-н хууль тогтоомж, үйлдвэрийн салбарт нэн шаардлагатай зарим ажил мэргэжлийн стандарт, хөдөлмөрийн хүнд болон хортой нөхцөлд ажиллаж буй ажилчдын нийгмийн асуудал зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тал дээр хамтран ажиллах юм. Хөдөлмөрийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар уул уурхай, хүнд үйлдвэр болон бусад аж үйлдвэрийн салбарт ХАБЭА-н стандарт нэвтрүүлж, хөдөлмөрийн хяналтын үр дүнтэй бүтэц, тогтолцоог бий болгож, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлж, ажилтнуудын амь нас, эрүүл мэндийг хамгаалахад бодит үр дүнгээ өгөх юм. Тавантолгой түлш компанийн хувьд 2022 оноос үйлдвэрийн зарим ажлын байрыг хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамруулаад байгаа юм. Цаашид үйлдвэрт ажиллаж байгаа ажилчдын хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах ХАБ-ын аюулгүй ажиллагааг сайжруулах чиглэлд ахиц дэвшил гаргах зорилго тавиад буй юм. Энэ ажилд бодлого, арга зүйн чиглэлийн дэмжлэг үзүүлэхээ ХАБЭМ-ийн төвийнхөн илэрхийллээ.

1 ... 71 72 73 74 75 76 77 78 79 ... 323