ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДЭЭС МӨНГӨ ТАТАЖ, ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙГАА “БЯЦХАН ТЭМҮҮЛЭЛ” ТӨВИЙГ АНХААРАЛДАА АВНА УУ П.ЭРХЭМБУЛГАН ДАРГА АА

Нийслэлийн 100 хувийн эрх мэдлийн эмнэлэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс өдрийн 10,000 төгрөг татаж, хууль зөрчиж байна. 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хуулийн 28.2-т “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд, боловсрол болон сэргээн засах үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ” гэж заасан байдаг. Ийм байхад Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Бяцхан тэмүүлэл” төв нь үйл ажиллагааны зардал гэж өдөр бүр 10,000 төгрөг, эмчилгээ үйлчилгээний төлбөр гэж 100,000 төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс авч байна. 
Тус эмнэлгийн удирдлагууд энэхүү хууль бус үйл ажиллагаагаа зөвтгөхийн тулд үйл ажиллагааны төсөв хүрэхгүй байгаагаас ингэж татаж байгаа тухай сэтгүүлчид тайлбарласан байдаг. Ер нь бол улсын хөрөнгө оруулалтай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төв учраас “Бяцхан тэмүүлэл” төв нь үйл ажиллагаандаа шаардагдах төсвийг улсын төсвөөс гаргуулах учиртай. Гэвч тус төвийн үйл ажиллагааг удирдаж байгаа даргын төсвөө ч батлуулах чадамжгүйгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, иргэд халааснаасаа мөнгө гаргаж, үйлчилгээ авч байна. 
Бусад нөхөн сэргээх төвүүд үйлчлүүлэгч нараасаа татаас авахгүйгээр үйл ажиллагаагаа явуулж болоод байхад “Бяцхан тэмүүлэл” төвийн үйл ажиллагаа л үйлчлүүлэгч нараасаа татаас авахгүйгээр болохгүй байв гэж. Ийм тэгш бус байдлыг бий болгоод байгаа газрыг яах ёстой вэ? Эрүүл мэндийн сайд С.Чинзориг,  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган нар анхааралдаа авч, хуулийн эрх тэгш байдлыг хангаж өгнө биз ээ.
Хууль сануулахад, Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хуулийн 20.1–т “Төрөөс хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, үнэлэх, урьдчилан сэргийлэх, эмчлэх, сувилах, сэргээн засах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. 20.2-т “Эрүүл мэндийн байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ тэдний онцлог хэрэгцээ. Шаардлагыг хангасан хүрээмжтэй орчин, техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна. 
20.3-т “Энэ хуулийн 20.2-т заасан тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах орчныг бүрдүүлэх, техник, тоног төхөөрөмж, эм, эмнэлэг, асаргаа сувилгааны хэрэгсэл, ариун цэвэр-эрүүл ахуйн материал, эрт илрүүлгийн урвалж бодисын зардлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төсөвт тусган шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. 
Тэгэхээр хууль мэддэггүй дарганцартаа хууль заадагсанж уу, ажлаа хийж чадахгүй бол мэддэг чаддаг хүнээр нь хийлгэдэгсэнж үү, ямар нэгэн алхам хийхгүй бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хохирох гээд байна шүү.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.