НЭГҮҮН МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН УИХ-ЫН 2025 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ

Эрхэм хүндэт ард иргэд ээ, Монгол Улсын Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо Монгол түмэн өвлийг өнтэй давж, урин хавартай золгосон энэ өдрүүдэд намрын чуулганы завсарлага тохиож Улсын Их Хурлын гишүүд иргэд, сонгогчидтой уулзах, хуулийн хэрэгжилттэй бодит байдалд нь танилцах, ажлын хэсгүүд хэлэлцүүлэг зохион байгуулах, туршлага судлах зэрэг олон ажлууд өрнөлөө. Төлөөлөл өргөжиж 126 гишүүнтэй болсон парламентын энэ танхимд гишүүд Та бүхнээр дамжин иргэдийн дуу хоолой илүү өргөн хүрээнд, тогтмол сонсогдож байгаасай гэж хүсэж байна. Албан өрөөний цонхоор асуудлыг харж шийдэх, бодит нөхцөлийг таньж мэдэж, шийдэл олохын ялгаа их. Мөн олон түмний нэрийг баривч цөөн хэдэн хүний хүсэл далд шургалсан цахим сүлжээгээр өнөөдрийн Монголын амьдрал, хөгжил хэмжигдэх учиргүй. Улсын Их Хурлын гишүүд завсарлагын хугацаанд иргэдтэй нүүр тулан уулзаж, байгууллагуудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж асуудлын гүн рүү орж, санаа оноогоо хуваалцаад ирсэн нь энэ хаврын чуулганы хууль тогтоомжийн төслүүдийн хэлэлцүүлэг ажил хэрэгч, бүтээлч өрнөхөд нөлөөлөх нь гарцаагүй. Чуулганы завсарлагын хугацаанд миний бие Улсын Их Хурлын гишүүдийн хамтаар хангайн, баруун, төвийн, зүүн, говийн бүсийн аймгуудад ажиллаж малчид, хоршоологчид, худалдаа, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид, хуульчид, ахлах ангийн сурагчдын төлөөлөл зэрэг 25 мянга гаруй иргэдтэй уулзлаа. Иргэд биднээс бүрэн эрхийн хүрээ хязгаар, боломжоос хальж давсан зүйлийг хүсэхээс илүүтэй парламент нь парламент шиг ажиллахыг хэлж, сануулж байна. Иргэдээ ажил, орлоготой байлгах, үр хүүхдүүдээ орчин нөхцөл хангагдсан сургууль, цэцэрлэгт хамруулах, эрүүл мэндийн үйлчилгээ ойр байх, зам харгуй, дэд бүтцийг хөгжүүлэх гээд наад захын амин чухал зүйлсийг хөндөн үгээ дайж байна. Энэ бол Та бидний баталж буй хуулиуд иргэдийн амьдралын чанарыг ахиулахад чиглэх ёстой гэсэн үг. Хот, хөдөөд амьдралын чанарын ялгаа орших ёсгүй. Хот, хөдөө хамтдаа хөгжих нь нийгмийн эрх тэгш, аюулгүй, тогтвортой байдлын суурь мөн. Гэвч эрүүл мэнд, боловсролын хүртээмж, худалдаа, дэд бүтэц, бизнес эрхлэх боломж, нөхцөл ялгаатай хэвээр байна. Тиймээс энэ асуудал хууль, төсвийн бодлогын эрэмбийн эхэнд байвал зохино. Малчид, орон нутгийн бизнес эрхлэгчид хөдөлмөрийн үр шимээрээ чинээлэг амьдрах бололцоо байна. Гагцхүү хөрөнгө оруулалт, өртөг багатай санхүүгийн эх үүсвэр хязгаарлагдмал байна. Ийм нөхцөлд хөдөөгийн бизнес эрхлэгчийг бүх шатанд эрвийх дэрвийхээрээ дэмжих ёстойг энд онцгойлон тэмдэглэе. Иргэд, малчдын санаачилгаар эхэлж байгаа өрхийн, хоршооны үйлдвэрлэл бүс нутаг, цаашлаад улс даяар төдийгүй гадаад зах зээлд нэвтрэхэд хөнгөн үйлдвэр, технологийн паркууд ихээхэн үүрэг гүйцэтгэхээр байна. Улсын Их Хурал одоогоос 23 жилийн өмнө Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл баталж, 10 парк байгуулахаар шийдвэрлэж байсан боловч харамсалтай нь өнөөдөр ажил хэрэг болоогүй. Тиймээс Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд байгуулагдах хөнгөн болон хүнд үйлдвэрийн паркууд бодитоор бий болоход Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо анхаарч, Улсын Их Хурлын холбогдох тогтоолын хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Үйлдвэрлэл, бизнестэй зэрэгцэн анхаарлын төвд байх асуудлын нэг бол тэгш, хүртээмжтэй боловсрол. Боловсролын хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж аймаг, сумын ахлах ангийн сурагчидтай уулзахад хүүхдүүдийн үг нүүр түлэм халуун, бас үнэн байсныг хэлэх хэрэгтэй. Олон мянган сурагчтай уулзахад бидний ирээдүй болсон хүүхдүүд сурах, мэдэх эрмэлзэл дүүрэн байгаа нь бахархалтай. Гэвч тэдний төлөө бидний хийх ажил их байна. Мэргэжлийн багш хүрэлцээгүй, цахим хичээлийн зохион байгуулалт дулимаг, интернетийн хурд муу, номын сангийн багтаамж бага, хүйтэн сургуулийн орчин зэрэг нь Та бидний шийдэх асуудал мөн. Нийслэл, суурин газарт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, тэр дундаа стандартын асуудлууд хурцадмал болсон. Хотын дэд бүтцийн төлөвлөлт иргэдийн таатай амьдрах орчныг бий болгоход чиглэсэн оновчтой, зөв байх учиртай. Гэр хорооллыг барилгажуулахад эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний хүртээмжийг оновчтой төлөвлөж, шинийг нэвтрүүлэхтэй зэрэгцэн хуримтлагдсан олон асуудлыг шийдвэрлэхэд нийслэлийн төлөвлөлт чиглэх ёстой. Хотын тулгамдсан асуудлыг захиргааны аргаар шийдэхдээ Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгийн бага хөндөх тэрхүү хувилбарыг сонгохыг орон нутгийн иргэд сануулж байсныг анхааралдаа авахыг хүсье. Ер нь аливаа хурсан асуудлыг цаашид захиргааны бус, харин оролцоо, зөвшилцлийн аргаар шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдүүлэхийг нэн тэргүүнд дэмжин ажиллана. Монгол Улсын Засгийн газар, аймаг, нийслэлийн удирдлагууд хамтран бүсчилсэн хөгжлийн бодлого, үзэл баримтлалын хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн албаны хүний нөөцийн бодлогыг тодорхойлж бэлтгэхэд нэн тэргүүнд засаг захиргаа, төрийн байгууллагын оновчтой бүтэц, зохион байгуулалтыг хийж, тулгамдсан асуудлаа ярилцаж шийдвэрлэх, хөдөөгөөс хот руу чиглэх урсгалыг хотоос хөдөө, орон нутаг руу чиглүүлэх, хөдөөгийн сэргэлтийг идэвхжүүлж, шаардлагатай хуулийн төсөл, арга хэмжээнүүдийг энэ хаврын чуулганаар боловсруулан хэлэлцүүлж, бүсийн тогтвортой хөгжлийг бий болгоход анхаарч ажиллах хэрэгтэй байна. Улсын Их Хурлын даргын 77 дугаар захирамжаар байгуулагдсан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсэг үйл ажиллагаагаа эрчимжүүлж энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэх шаардлагатай байгааг анхааруулъя. Эрхэм гишүүд ээ, Бидэнд хэлэлцэж шийдэх ажил их байна. Хаврын ээлжит чуулганы хугацаанд нийгмийн өмнө тулгамдсан асуудлын нөхцөл, шалтгааныг нарийвчлан авч үзэж, ул үндэстэй шийдвэрлэх асуудлууд шилээ даран хүлээж байна. Нэгдүгээрт, Улсын Их Хурал мега төслүүд хэрэгжих эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хамтарсан Засгийн газраа бүрэн дэмжиж ажиллах нь зүйтэй. Геополитик, эдийн засгийн харилцааны эгзэгтэй энэ цаг үед Улсын Их Хурал төрийн эрх барих дээд байгууллагын хувьд төрийн бодлогын тогтвортой байдал, тууштай хэрэгжилтийн зарчмыг баримталж, үндэсний эв нэгдэл, гадаад бодлогын тогтвортой байдал, институц хоорондын үйл ажиллагаа, уялдаа холбоог дэмжиж, төрийн үйл ажиллагааны салаа мөчир бүрд зөв хандлагыг харуулах шаардлагатай байна. У лсын Их Хурлын энэ бүрэлдэхүүний баталсан анхны чухал шийдвэрүүдийн нэг бол Засгийн газрын үйл ажиллагааны 2024-2028 оны хөтөлбөр. Засгийн газар юунд төвлөрч, ямар үр дүнд зорьж, яаж ажиллахыг бид батлаад, ердөө 6 сарын нүүр үзэж байна. Улс төржилт, намчирхал, талцал хуваагдал гэхээсээ илүү шинэ тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй парламент улс орны хөгжлийг хурдасгах шийдвэрүүд гаргах нь түүхэн үүрэг мөн. Парламент хоорондын найрсаг хамтын ажиллагааг идэвхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр гадаад улсын төрийн удирдлага, Элчин сайд нартай хийсэн уулзалтаар Монгол Улсын хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт тогтвортой, урт хугацаанд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байна. Тиймээс алсын замд дөрөө нийлэх хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээхэд илүү хариуцлагатай байх цаг үе ирснийг тэмдэглэн хэлье. Хоёрдугаарт, хүн төвтэй хууль зүйн бодлогын суурь Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар тавигдах ёстой. Хууль бүтээх сэтгэлгээг өөрчлөхгүйгээр эрх зүйн хөгжилд хүрэх боломжгүй. Хуулийн төвд хүн орших учиртай. Хууль хэнийг ч үл ялгаж, эрх тэгш хэрэгжиж, хууль дээдлэх ёс бүрэн тогтох ёстой. Гэтэл өнөөдөр хууль ба журмын зохист харьцаа алдагдсаны улмаас хууль биш, харин журам ноёлж байна. Албан тушаалтны үзэмжээр хандах, авлига, хүнд суртал газар авах хөрс болж байгаа журмуудыг үндсээр нь устгаж, хууль дээдлэх зарчмыг бодит утгаар хэрэгжүүлэх цаг ирсэн. Тиймээс Хууль зүйн байнгын хорооны даргаар ахлуулсан ажлын хэсгээс боловсруулж, өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан журмыг дураар, үзэмжээр батлах явдлыг таслан зогсоох, журам батлах эрх олгож буй хуулийн заалтуудад өндөр шалгуур тавих эрх зүйн орчныг энэ хаврын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Ингэснээр шинэ харилцааг журмаар зохицуулдаггүй байх шаардлага тавигдаж, журмыг зөвхөн хуульд заасан тохиолдолд, мөн хуулиар тогтоосон хүрээ хязгаарт баталдаг болж, журмаар зохицуулж үл болох буюу зөвхөн хуульд тусгах харилцааны зааг тодорхой болно. Түүнчлэн, хүн төвтэй үзэл баримтлалд тулгуурлан хуулийн төслийн хүний эрхийн нийцлийг тодорхой аргачлалаар үнэлдэг тогтолцоо нэвтэрч, хуулийн төслөөр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд тавигдах шаардлагыг тодорхой зохицуулна. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахтай холбогдуулан журам буюу захиргааны хэм хэмжээний актуудыг хуульд нийцүүлэх зорилгоор холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлэх болон санал боловсруулах ажлыг Засгийн газар болон Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагууд эхлэх учиртайг онцлон тэмдэглэе. Гуравдугаарт, зах зээлийн шударга өрсөлдөөн, эдийн засгийн тэлэлтийн эрх зүйн орчныг дэмжих хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэхэд анхаарал хандуулна. Өрх бүл, иргэд чинээлэг бол улс орон чинээлэг байна гэдэгтэй Та бүхэн санал нийлэх биз ээ. Чинээлэг иргэд, малчид, хувийн хэвшил бий болох, өсөн дэвжих зах зээлийн эрүүл тогтолцоо үгүйлэгдэж байна. Худалдаа, бизнест том нь жижгээ шахаж эзэгнэх, давамгай байдалтай нь хүч түрэх үзэгдэл газар авч байна. Өрсөлдөөний тухай хуульд компаниудын энэ мэт зүй бус авирыг хязгаарлаж захиргааны болон санхүүгийн хариуцлага ногдуулах заалт байгаа хэдий ч хариуцлага үр нөлөөтэй байх зарчим алдагдсан байна. Монополтой холбоотой асуудлаар холбогдох байгууллага зөрчлийн шийдвэр гаргадаг ч тухайн цаг үеэсээ бүр хойно шүүхийн замаар шийдэгдэж байгаа нь үр нөлөө, ач холбогдол өгөхгүй байна. Зүй ёсны монопол байдалтай аж ахуй эрхлэгчийн үнийн өөрчлөлтийг зах зээлийн харилцааны зөнд нь үлдээснээс хэрэглэгчдийн эрх хамгаалалтгүй орхигджээ. Монополын хяналтыг хязгаарласны улмаас өнөөдөр 133 зүй ёсны монопол байгууллага байгаагаас зөвхөн 13 нь Монополын эсрэг газрын эрхлэх асуудалд хамаарч, үлдсэн монополуудын хувьд хяналт алга. Үүнээс шалтгаалж суурь бараа, бүтээгдэхүүнийг бүрдүүлэгч монопол салбаруудад монополын хяналт “шүдгүй арслан” мэт болсон. Монопол, өрсөлдөөний ухаалаг бус зохицуулалт эцсийн дүндээ үнэ өсөх, хөөрөгдөх бас нэг хүчин зүйл болж байгаа тул энэ салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг хийнэ. Эдгээр нөхцөл байдал нь 2003 онд батлагдсан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг үнэлж, орчин цагийн хэрэгцээнд нийцэж байгаа эсэхийг хойшлуулалгүй, эргэн харах шаардлагыг зүй ёсоор бий болж байна. Хэрэглэгчийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнэ тодорхойлоход цахилгаан, дулааны тариф чухал нөлөөтэй. Цахилгааны үнийг хэрэглээний түвшингээр нэмэхдээ халаалтаа цахилгаанаар шийдсэн иргэдэд төлбөрийн их дарамт үүсгэснийг иргэдийн зүгээс эргэн харах хүсэлт гаргаснаар Засгийн газар иргэдийн санал, гомдолд шуурхай хандаж шөнийн халаалтын хөнгөлөлтийг илүү өргөжүүлсэн арга хэмжээ аваад байна. Цаашид эрчим хүчний салбарын эрх зүйн шинэчлэлийн ажил хаврын чуулганы чухал хэсэг байх болно. Өнөөдөр дулаан, цахилгаан гэсэн хоёр том салбарын харилцааг Эрчим хүчний тухай нэг хуулиар зохицуулсны зэрэгцээ, тухайн хууль нь хэт товч, ерөнхий учраас энэ салбар хуулиар биш, харин 800 гаруй дүрэм, журмаар зохицуулагдаж байгаа нь жинхэнэ гажуудал мөн. Иймд хууль иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой байх бодлогын хүрээнд цахилгаан, дулааны иж бүрэн, бие даасан зохицуулалттай хуультай болох шаардлагатай. Ингэхдээ цахилгааны салбарт өрсөлдөөнт зах зээлийн загварыг нэвтрүүлж, салбар дахь төрийн оролцоог зохист түвшинд барих, өрсөлдөөн нь цахилгааны үнэ тариф, өртөг зардал бууруулах болон инновац, шинэ технологи нэвтрүүлэхэд чиглэдэг байх нь чухал юм. Эрчим хүчний салбарын өрсөлдөөнт тогтолцоо нэвтрүүлэх нь дотоодын аж ахуй эрхлэгчид цаашид цахилгаан экспортлох боломж бүрдүүлэх эерэг суурь болох ёстой. Ээлжит чуулганы завсарлагын хугацаанд Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг холбогдох яам, байгууллагуудтай хамтран оролцогч талуудыг хамруулан олон хэлэлцүүлэг зохион байгуулж ажилласан. Хөрөнгө оруулагчдын зүгээс улс төрийн тогтворгүй байдал, таамаглах боломжгүй татварын орчин, өндөр татвар нь хөрөнгө оруулалт хийх сонирхол төрүүлэхгүй байгааг шүүмжилдэг. Татварын тогтвортой орчныг зохицуулсан хуулиуд хэрэгжихгүйгээс тодорхойгүй байдал үүсдэг, жишиг үнэлгээнд суурилсан, давхар ногдуулдаг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, уул уурхайн ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд гарсан худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгодоггүй, татвар хураах, маргаан шийдвэрлэх явцад гардаг үл ойлголцол зэрэг зохион байгуулалтын шинжтэй асуудлаас болж хөрөнгө оруулагчид үргэх учиргүй. Одоо үйлчилж байгаа татварын шатлалыг өнөөгийн эдийн засаг, бизнесийн харилцааны онцлог, нөхцөл байдалд уялдуулах, жижиг, дунд, том бизнес хамтдаа, зэрэгцэн өргөжин тэлэх таатай нөхцөл бүрдүүлэхэд анхаарч татварын эрх зүйн шинэчлэл хийх нь чухал юм. Мөн хэт өндөр байгаа зарим төрлийн татварын хувь хэмжээг олон улсын түвшинд хүртэл бууруулах хэрэгтэй. Үндэсний аж ахуйн нэгжүүдэд татварын дарамт үүсч, өсөж хөгжихөд саад болж буй хуулийн хийдлийг нэн даруй судалж, иргэд, аж ахуйн нэгжид ээлтэй шийдвэрүүдийг гаргах нь Та бидний үүрэг юм. Ер нь салбарын хууль тогтоомжийн хүрээнд Улсын Их Хурал нэгэнт шийдвэрлэсэн хөрөнгө оруулалтын асуудлыг эргэн харах шаардлага үүсэх тохиолдолд салбарын хууль тогтоомжийн суурь, нийтлэг тулгамдсан асуудлыг цогцоор харж боловсронгуй болгосны үндсэн дээр хэлэлцэх нь ирээдүйд тогтвортой хэрэгжих үндэс болно. Ойрын ирээдүйд их бүтээн байгуулалт, мега төслүүдийг эрчимтэй эхлүүлж, хувийн хэвшлийг тэлэх бодлого барьж буй энэ цаг үед нэн тэргүүнд стандартын орчныг ойлгомжтой, тодорхой болгож, цаашид стандартыг хэлбэрэлтгүй дагаж мөрдөх зайлшгүй шаардлагатай. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид стандартыг боловсруулах, хэрэгжүүлэх, мөрдүүлэх, хяналт тавих талуудын харилцаа, хариуцлагын механизм дутмаг, тодорхойгүй байдал, ойлголтын зөрүү их байна. Монгол Улсын хэмжээнд буй 6689 стандартын хэрэгжилт санасан түвшин, хүлээлтэд нийцэхгүй байна. Иймд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хаврын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй. Энэ хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, хөгжлийн төлөвлөгөө, 2027-2028 оны төсвийн төсөөлөл, Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг зэрэг улс орны төсөв, санхүүгийн чухал хууль тогтоомжийг хэлэлцэн батална. Уг хууль тогтоомжийг тогтоосон хугацаанд хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах талаар Байнгын хороод, холбогдох байгууллага анхаарч ажиллах ёстой. Эрхэм гишүүд ээ, Улс орны эдийн засагт дунд болон урт хугацаандаа эерэг өөрчлөлт авчрах бодлогын зоримог шийдлүүд, том төслүүд, тэдгээрийн эдийн засагт үзүүлэх үр дагаврыг өнөөдрийн үүсээд байгаа гадаад орчны нөхцөл байдалтай уялдуулж, эдийн засагт дарамт болохгүйгээр, ард иргэдийн амжиргаанд ахицтай байхыг зорьж ажиллахыг Засгийн газраас шаардах, биелэлтэд анхаарч ажиллах нь Улсын Их Хурлын үүрэг юм. 2024 оны жилийн эцсээр эдийн засгийн өсөлт 4.9 хувьтай, инфляц 9.2 хувьтай, төсвийн тэнцэл хасах 1 хувьтай, төлбөрийн тэнцэл 622 сая ам.долларын ашигтай, гадаад валютын нөөц 5.5 тэрбум ам.долларт хүрсэн байлаа. Харин энэ оны хоёрдугаар сарын эцсээр инфляц 9.6 хувьтай, гадаад худалдааны тэнцэл 294 сая ам.долларын ашигтай, гадаад валютын нөөц 4.4 тэрбум ам.доллар буюу валютын төлбөртэй барааны 4.5 орчим сарын импортыг хангах түвшинд хүрсэн. Экспортын гол түүхий эд болох нүүрсний үнэ бидний төсөөлж байснаас өндөр хувиар буурч, нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 38.9 хувиар бага төвлөрч, төсвийн тэнцэл 493 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. 2024 оны нэгдүгээр сард төсөв 676 тэрбум төгрөгийн ашигтай гарч байсан. Иймд цаашид сэргэж эхэлж байсан эдийн засгийн идэвхжилийг хадгалах нь үүсээд байгаа орчин нөхцөлд юу юунаас илүү чухал болоод байна. Гадаад орчны хүчин зүйлсээс нөхцөлдсөн, эмзэг байдлаас гарахын тулд дотоод эдийн засгийн бүтцийг өөрчилж, дотоодын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих хэрэгтэй. Ингэхдээ ирээдүйд улс орны эдийн засгийг олон суурьт, илүү төрөлжсөн бүтэц рүү шилжихэд хэрэгтэй арга хэмжээнүүдийг, тэр дотроо бидний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх дэд бүтцийн хөрөнгө оруулалтуудыг хэрхэвч орхигдуулж болохгүй. Монгол Улсын Их Хурлын 2025 оны 14 дүгээр тогтоолоор хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварыг баталсан. Энэ хүрээнд 10 гаруй хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, хууль тогтоомжийн үр дагаварт үнэлгээ хийх, 16 тайлан, илтгэл, мэдээллийг сонсох, Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгдсэн тайлан зэрэг асуудлыг хэлэлцэхээр тогтсон. Үүний зэрэгцээ хуульд заасны дагуу Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, асуулга тавих, тулгамдсан асуудлаар хяналтын сонсгол хийх, хянан шалгах түр хороо байгуулж, тусгай шалгалт явуулж, тэдгээрийг хэлэлцэж, үр дүнг нь тооцож ажиллана. Нөгөө талаас Улсын Их Хурлын гишүүдийн үр дүнтэй оролцоо, ирцийг сайжруулах шаардлагатай байгааг иргэд сонгогчид хатуу шүүмжилж байна. Тиймээс иргэдийн төлөөлөл болж сонгогдсон гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх ёстой. Улсын Их Хурлын даргын хувьд, гишүүдийн ирцийг тогтмол мэдээлж, иргэд сонгогчидтой эргэх холбоог сайжруулах ажил, арга хэмжээг дэмжиж ажиллах болно. Эрхэм гишүүд ээ, Энэ удаагийн Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлээд 250 гаруй хонож байна. Улс орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулах, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулах талаар парламентад суудалтай нам, эвслийн амлалт, мөрийн хөтөлбөрт тодорхой зорилтууд байгаа. Бид бүхэн дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа урьдчилан төлөвлөж, хүрэх үр дүнгээ тодорхойлон стратеги төлөвлөгөөгөө баталсан. Төлөөллийн байгууллагын хувьд үйл ажиллагаагаа ил тод, хариуцлагатай, үр дүнд чиглэсэн байдлаар явуулж, үр дүнг тайлагнаж ажиллах ёстой. Хаврын чуулганаар хийх ажил, хэлэлцэх асуудлын дийлэнх хэсгийг хууль тогтоомжийг судалж, боловсронгуй болгох, хянан шалгах зэрэг тодорхой асуудлаар Улсын Их Хурлаас байгуулагдан ажиллаж байгаа ажлын хэсгүүдийн судалж, боловсруулсан хууль тогтоомжийн төсөл, бүрдүүлэх тул ажлаа эрчимжүүлж, тогтоосон хугацаанд холбогдох баримт бичиг, шийдвэрийн төслөө танилцуулж ажиллахыг тусгайлан анхааруулъя. Улс орныхоо язгуур эрх ашгийг эрхэмлэн, ард түмнийхээ итгэл найдварыг биелүүлж, Монгол Улсын хөгжил, дэвшлийн төлөө хууль тогтоох үйл хэрэгт хамтдаа хичээнгүйлэн ажиллаж чадна гэдэгт итгэл дүүрэн байна. Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган нээснийг мэдэгдье. 2025.03.17 Улаанбаатар хот

ЭНЭ САРЫН 19-НД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГӨХ ӨДӨРЛӨГ БОЛНО

НЗДТГ, Монголын Хуульчдын холбоотой хамтран "Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх" зорилгоор сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг ирэх лхагва гарагт буюу гуравдугаар сарын 19-нд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүд болох "Дүнжингарав", "Драгон", "Мишээл" экспо, "Сэлбэ", "Баянхошуу", Хорооллын эцсийн "E-март", Яармаг-Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилга Б блок салбаруудад болно. Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх юм. Иргэн та гуравдугаар сарын 19-нд 09:00-16:00 цагийн хооронд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд очиж болон дээрх дугаарын утсаар холбогдож, иргэний, захиргааны, эрүүгийн, гэр бүлийн, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: СИНДЕРЕЛЛА ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ Б.УЯНГЫГ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭ СОХОЛСОН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА

Сүүлийн үед олон нийт гоо сайхны үйлчилгээг авах нь нэмэгдсэн. Гэхдээ гоо сайхны үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлэг нь хүнийг эрүүл мэнд, сэтгэл санаа, амь насаар нь хохироох тохиолдол цөөнгүй гарч байгаа билээ. Тэгвэл хүний эрүүл мэнд, сэтгэл санаа, санхүүгээр хохироосон эмнэлэг болон эмнэлгийн захирал Б.Уянга гэх бүсгүй өнөөдөр хуулийн байгууллагад шалгагдаж байна. Тодруулбал, Синдерелла эмнэлэгт 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн Х.З гэх эмэгтэйд GANA V PLLA /Ганна ви плла/ найрлагатай нүүрний дүүргэлтийн эмчилгээ буюу филлер тарилга хийх явцдаа духны дээд хоёрны нэг хэсэг каннула гэх мохоо үзүүртэй зүү хатгаж филлер тарилга хийхдээ судсыг гэмтээж баруун нүдний торлог бүрхүүлийн артерийн судас филлер бодисоор бөглөрөл, торлог бүрхүүлийг цусан хангамжийн алдагдал, баруун нүдний хараагүйдэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан. Уг хэрэг шүүхээр хоёр жил гаран явсны эцэст буруутай эмч л ял авсан юм. Харин энэ хэргээс “хуурай” гарсан Синдерелла эмнэлэг болон захирал Б.Уянга нар нь өнөөдөр цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Тодруулбал, Синдерелла эмнэлэг болон тус эмнэлгийн захирал Б.Уянга нарыг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэдүгээр хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйл. Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах гэсэн зүйл ангиар шалгаж байгаа юм. Учир нь Синдерелла эмнэлэг нь тусгай зөвшөөрлөө сунгуулаагүй байхдаа уг үйлчилгээг хийсэн байгаа нь нээлттэй мэдээлийн сангаас харагдаж байна. Хамгийн ноцтой нь үйлчлүүлэгчдээ хийсэн GANA V PLLA /Ганна ви плла/ филлер тарилгыг БНСУ-аас шууд оруулж ирсэн болох нь нотлогдсон ба энэ нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.9.3-т заасныг тус тус ноцтой зөрчжээ. Тодруулбал, тус эмнэлэг тусгай зөвшөөрөлгүй байх хугацаандаа GANA V PLLA /Ганна ви плла/ нүүрний дүүргэлтийн эмчилгээ хийсэн, GANA V PLLA /Ганна ви плла/ дүүргэгч тарилга нь хууль бусаар оруулж ирсэн буюу хуульд зааснаар зөвшөөрөлгүй хэрэглэж Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хууль бусаар эм, эмийн түүхий эд био бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх” гэмт хэрэг, 20.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл гарсан” хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй хэмээн шалгагдаж байгаа юм. Үүнээс гадна Синдерелла эмнэлэг болон эмнэгийн захирал Б.Уянга нар нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, хуулийн 15.1-д заасан Монгол Улсад бүртгэлтэй хууль ёсны зөвшөөрөлтэй эм ханган нийлүүлэх байгууллагаас авч үйлчилгээнд хэрэглэхээр, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “эмнэлгийн хэрэгсэл” гэж хүний болон мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх, сувилах болон бие махбодын бүтэц, үйл ажиллагааг дэмжих зорилгоор ашигладаг туслах зориулалтын эд зүйлийг буюу тус эмнэлгийн филлер тарилга нь эмнэлгийн хэрэгсэлд ордог. Үүнийг мөн хуулийн 3.1.23-т “эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага” гэж эмийн сан, эрүүл мэндийн байгууллага болон мал эмнэлгийг эм, эмнэлгийн хэрэгслээр бөөний үнээр хангах үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг” буюу 9.1.2-т “эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага оруулж ирэхээр” хууль тогтоомжид заасныг мөн зөрчсөн байж болзошгүй байгаа юм.

ГОЛЫН АЙ САВД СУУРЬШИЖ БУЙ ИРГЭД ШАР УСНЫ ҮЕРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА

Хөлийн гол, Толгойтын гол, Нарангийн гол, Зүүн салаа зэрэг голын ай сав дагасан газруудад суурьшиж буй иргэд шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг ГУББГ-аас анхааруулаа. Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “Энэ жилийн хувьд халиа тошин өмнөх жилүүдээс тархмал байдалтай байна. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд инженерийн хийцлэлтэй 14 байршлын 71 га талбайд болон голын ай сав дагасан 32 байршилд, нийт 46 байршилд халиа тошин үүссэн. Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор шар усны үерийн аюул тэр хэрээрээ нэмэгдэнэ. Хамгийн эрсдэлтэй байршил болох хүмүүсийн хэлж заншсанаар хуучин 22-ын товчоо орчимд үерийн далан мөсөөр дүүрсэн байсныг мөсийг нь зөөх, суваг гаргалгаа гаргаж байна” гэлээ.

ГОЛЫН АЙ САВД СУУРЬШИЖ БУЙ ИРГЭД ШАР УСНЫ ҮЕРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА

Хөлийн гол, Толгойтын гол, Нарангийн гол, Зүүн салаа зэрэг голын ай сав дагасан газруудад суурьшиж буй иргэд шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг ГУББГ-аас анхааруулаа. Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “Энэ жилийн хувьд халиа тошин өмнөх жилүүдээс тархмал байдалтай байна. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд инженерийн хийцлэлтэй 14 байршлын 71 га талбайд болон голын ай сав дагасан 32 байршилд, нийт 46 байршилд халиа тошин үүссэн. Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор шар усны үерийн аюул тэр хэрээрээ нэмэгдэнэ. Хамгийн эрсдэлтэй байршил болох хүмүүсийн хэлж заншсанаар хуучин 22-ын товчоо орчимд үерийн далан мөсөөр дүүрсэн байсныг мөсийг нь зөөх, суваг гаргалгаа гаргаж байна” гэлээ.

“Мон Вет Торговля” ХХК-ийн захирал Б.БАДАМЖАВ: Бидэнд итгэсэн компаниудад итгэл хайрласан өдөр байна

“Мон Вет Торговля” ХХК-ийн захирал Б.БАДАМЖАВ: Бидэнд итгэсэн компаниудад итгэл хайрласан өдөр байна Төрийн дээд одон “Алтангадас”-аар энгэрээ мялаалгасан онцгой өдөр тохиож байна. Тэртээх 40 жилийн өмнө 1985 онд Гурилын компанийн лабораторид лаборантаар ажлын гараагаа эхлүүлж байлаа. Одоо Хөдөө аж ахуйн Мал эмнэлгийн салбарт хувийн бизнесээ хөгжүүлж, ОХУ-ын Микро-плюс, Биоиндустрия, Солонгосын Woogene B&G компаниудын албан ёсны дистрибютер болжээ. Бидэнд итгэсэн компаниудад ч итгэл хайрласан сайхан зүйл тохиож байгаад маш их баяртай байна. Манай компанитай хамтран ажилладаг бүх хүнд баярлалаа. Тэнгэрийн оронд байгаа аавдаа баярлалаа. Мөн үргэлж дэмждэг ээж, ах, эгч, дүү нар болон хань үр хүүхдүүддээ баярлалаа.

ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭС ТЭТГЭВЭРТ ГАРСАН ХУРАНДАА НАРЫН ОРОГНОХ ГАЗАР ЭТТ БОЛОВ УУ?

Цагдаагийн асуудалтай хурган дарга нар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд “ямар нэг” дарга болдог. Харин зарим нь Дотоод хэргийн их сургуульд багшилж, хурган төлгөн дарга болж байгааг та бид өнөөдөр харж байна. Тэгвэл энэ төрлийн будлиантай буухиаг Шүүхийн шийдвэрт ажиллаж байсан хурандаа нар тэтгэврээ авахаас гадна төрийн байгууллагад удирдах албан тушаалд сууснаар үргэлжлүүлж байна. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тэтгэвэрт гарсан хүмүүс Эрдэнэс таван толгойд ажилладаг жишиг тогтож байна. Өнөөдөр Эрдэнэс таван толгойд тэтгэвэр авдаг, давхар тус байгууллагаас цалинждаг 60 гаруй хүн байна гэх мэдээлэл байна. Тэдгээрээс дөрөв нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тэтгэвэрт гарсан хурандаа нар байгаа аж. ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны даргаар ажиллаж байсан хурандаа Ч.ОЮУНЦЭЦЭГ өдгөө тэтгэвэр авдаг. Тэрбээр өдгөө тэтгэврээ ч авч давхар Эрдэнэс таван толгойд шийдвэр гүйцэтгэх албаны даргын үүрэгт ажлыг хийж байгаа аж. Ч.Оюунцэцэгийн хувьд эмэгтэйчүүдийн хорих ангийн даргаар ажиллаж байхдаа хоригдлуудыг эрүүдэн шүүж, тамлан зовоосон гэх таагүй ярианд орооцолдож явсан нэгэн. Шүүгч эртэй дэр нэгтгэж байсан, албаныхаа хүнтэй ч хамтран амьдарч байсан гэх мэтээр баялаг түүхтэй нэгэн гэдгийг хамт ажиллаж байсан хүмүүс нь хэлдэг ярьдаг юм билээ. Тэтгэврээ авч, ЭТТ-оос цалин авдаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тэтгэвэрт гарсан дараагийн эрхэм бол Бямбадорж хурандаа. Хүн л юм чинь ажил хөдөлмөр эрхэлж бололгүй л яахав. Гэхдээ Монгол улсын Ерөнхий сайд нь 5Ш ажиллагаа гэгчийг сүр дуулиантайгаа эхлүүлсэн билээ. 5Ш ажиллагааны шүүрийнх нь хүрээнд тэтгэвэр авч байгаа хэрнээ төрд ажиллаж байгаа хүмүүсийг шүүрдэх болно гэж байв. Учир нь улс орны эдийн засаг хүнд байгаагаас үүдээд хэмнэлтийн хуулиа баримтлах хэрэг байгаагаас ийнхүү цалин бас тэтгэвэр авдаг хүмүүсийг төрөөс шүүрдэх болсон билээ. Гэтэл Эрдэнэс таван толгой ХК-ийн захирал хэмнэлтийн хуулиа умартсан уу, 5Ш ажиллагааны шүүрийг нь мартсан уу? Шүүхийн шийдвэрт өр төлөөстэй байж таараад тэтгэвэрт гарсан хүмүүсийг аваад байна уу гэдэг нь өнөөдөр эргэлзээ төрүүлж байна.

“МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД" 2025

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 96 дугаар тогтоолоор “Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ жилийн 3 дугаар сарын эхний долоо хоногт Монголчуудын үндэсний Цагаан сарын баяр давхацсан тул Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын тушаалаар “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг 2025 оны 3 дугаар сарын 7-13-ны өдрүүдэд төрийн болон орон нутгийн 35 музей оршин байгаа газар нутгийн ард иргэддээ музейн байнгын үзүүллэгийн танхимаараа үнэ төлбөргүй үйлчилнэ. Монгол Улсын Засгийн газраас “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталсантай холбогдуулан “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд олон нийтийн оролцоог хангасан тусгай үзэсгэлэн, боловсролын хөтөлбөр, лекц, уулзалт хэлэлцүүлэг зэрэг нийгэмд чиглэсэн олон төрлийн арга хэмжээ болно. Мөн энэ жил оюутан залуучуудын оролцоог түлхүү хангахыг зорьж Монголын оюутны холбоотой хамтран их, дээд сургуулийн парламентын мэтгэлцээний клубүүдийн оюутан, залуучуудын дунд “Монголчуудын түүх, соёлын өв, музей” сэдвийн хүрээнд “Уран илтгэлийн уралдаан”, “Мэтгэлцээн” явагдана. Дэлгэрэнгүйг:

СЭЛБЭ ДЭД ТӨВИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ 80 ГАРУЙ ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ, 1067 НЭГЖ ТАЛБАРЫГ ЦЭВЭРЛЭЖ, АРИУТГАЛАА

Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 158 га талбайд Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн газар чөлөөлөлтийн явцын талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн ахлах мэргэжилтэн Ю.Одгэрэлээс тодрууллаа. Тэрбээр “Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 1683 айлтай нөхөн олговрын гэрээ байгуулснаас 1663 айлын нөхөн олговрыг олгоод байгаа юм. Мөн 1067 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгасан бөгөөд газар чөлөөлтийн хүрээнд 2800 гаруй янданг буулгаснаар агаарын бохирдол буурахад нөлөөлж байна” гэв.

УЛААНБААТАР ХОТОД 2025 ОНД 41 БАЙРШИЛД АВТО ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, дэд бүтцийг хөгжүүлэх зорилтын хүрээнд өнгөрсөн онд 62 байршилд авто замыг шинэчилж, засварласан бол энэ онд 41 байршилд авто замыг шинэчилнэ. Мөн авто замыг шинэчлэх, засварлах, шинээр барихдаа ус зайлуулах системийг анхаарч барихаар төлөвлөлөө. Тухайлбал, ГУББГ-аас 2025 онд долоон байршилд авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээ шинээр угсрахад авто замын график төлөвлөгөөг уялдуулна. Зам арчлалтын ажлын хүрээнд хороолол доторх ус ихээр тогтдог авто замуудад ус зайлуулах систем суурилуулна. Замын хариуцагчийн тогтолцоог нэвтрүүлж, төвийн зургаан дүүргийн авто замыг 12 багц болгож, нэг дүүргийг хоёр компанид хариуцуулна. Ингэснээр авто замын чанарын индексийг 80-аас дээш түвшинд хадгалахын зэрэгцээ нүхэн эвдрэл гарсан тохиолдолд цаг алдалгүй засварлах боломжтой.

1 ... 68 69 70 71 72 73 74 75 76 ... 384