НЭГҮҮН МЭДЭЭ
АМЬДРАХУЙ ЖҮЖГИЙН НАЙРУУЛГЫН ТАВИЛТЫГ ГАДНЫ УЛС ХУДАЛДАЖ АВЛАА

Жүжгийн франчайз гэдэг нь театр продакшн эсвэл уран бүтээлч байгууллага өөрсдийн тавьсан жүжгийн найруулга тавилтыг төлбөрийн нөхцөлтэйгөөр (роялти) олгох бизнессийн загварыг хэлдэг. Энэ нь олон улсын театрын салбарт өргөн хэрэглэгддэг боловч Монголд төдийлөн түгээмэл хөгжөөгүй байсан. Тэгвэл Монгол улсаас анх удаа олон улсын бэстселлер, Үй Хуагийн “Амьдрахуй” романаас сэдэвлэсэн Орфей театрын бүтээл “Амьдрахуй” драмын жүжгийг олон улсын франчайз эрхээр ОХУ-ын БНТУ-ын Кызыл хотын үндэсний их театр худалдан авахаар болжээ. Тус ажлаар Орфей театрын захирал, продюсер Т.Ариунчимэг, найруулагч М.Батболд нар ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсад зочлон Соёлын сайд Чигжит.В.С -тэй уулзан хамтран ажилахаар болж, Кызыл хотын үндэсний их театртай хэлэлцээр хийсэн байна. “Амьдрахуй” драмын жүжгийн ерөнхий продюсераар Төмөрсүхийн Ариунчимэг, ерөнхий найруулагчаар Мягмарнарангийн Батболд, жүжгийн зохиолчоор Мө. Батбаяр, хөгжмийн зохиолчоор Д.Нямхүү, Х.Цэцэн, тайзны зураачаар О.Баярмагнай, жүжгийн гол дүрүүдэд МУГЖ Баттөмөр, МУГЖ Д.Ганцэцэг, АЖ Г.Мягмарнаран, ТС МУГЖ Ц.Төмөрбаатар, МУГЖ Б.Нармандах, МУГЖ Г.Амгаланбаатар, Д.Мөнхтөмөр, Должинсүрэн гээд үе үеийн шилдэг 100 гаруй уран бүтээлчид оролцон ажиллажээ. Монголд театрын урлагт орчин үеийн театрын чиг хандлагыг нэвтрүүлж, сүүлийн жилүүдэд ихээхэн эрчээ аваад буй хувийн театр болох “Орфей” театр нь И.В.Гётегийн “Фауст”, Ф.М.Достоевскийн “Гэм Зэм”, Жон Патрикын “Опал”, Сорогдогийн Жаргалсайхан “Шөнө дундын бүжиг”, Жорж Оруэллийн “1984”, Үй Хуагийн “Амьдрахуй” зэрэг дэлхийн шилдэг сонгодог бүтээлүүдийг найруулагч Мягмаранарангийн Батболдын найруулгаар үзэгчдэдээ хүргэсэн билээ. Ийнхүү Монгол найруулагчийн тавилт, найруулгын шийдэл гадны улсад үнэлэгдэхээр болсон баярт мэдээг хуваалцаж байна. Үй Хуагийн зохиолоос сэдэвлэсэн “Амьдрахуй” драмын жүжиг нь 2024 онд нийт 15 мянган үзэгчдэд хүрсэн бөгөөд театрын урлагийн мэргэжлийн судлаач, шүүмжлэгчид болон үзэгчдээс өндөр үнэлгээ хүртсэн билээ. “Амьдрахуй” жүжиг нь амьдралын мөн чанар, амьд явахын үнэ цэнэ, оршихуйн мөн чанарыг орчин үеийн театрын өвөрмөц хэлбэр, шийдлээр хүргэсэн шинэлэг уран бүтээл болсон юм. Олон улсын театрын салбарт жүжгийн франчайз маш амжилттай хөгжсөн загвар бөгөөд дэлхийн алдартай жүжгүүд ихэвчлэн франчайз хэлбэрээр өөр өөр улс орнуудад тоглогддог. Энэ нь тухайн жүжгийн эрхийг эзэмшигчид орлогын эх үүсвэр болдог төдийгүй, жүжгийг олон нийтэд өргөн хүрээнд хүргэх боломжийг олгодог. Олон улсын алдартай жүжгийн франчайз жишээнүүдийг дурдвал Эндрю Ллойд Вебберийн “The Phantom of the Opera” (1986) жүжгийг Бродвей болон Вест Эндэд хамгийн олон жил тасралтгүй тоглогдсон бүтээл бөгөөд 30 гаруй оронд франчайз хэлбэрээр тоглогдсон байна. Мөн Виктор Хюгогийн романаас сэдэвлэсэн, Алан Бублил, Клод-Мишель Шөнберг нарын “Les Misérables” (1980) дэлхийн хамгийн алдартай мюзиклийг дэлхийн 40 гаруй орны театрын продакшн эрхийг худалдан авч, өөр өөр тайзнаа тавьжээ. Олон улсад франчайз эрхтэйгээр зарагдах болсон Монголын анхны тайзны бүтээл болох “Амьдрахуй” драмын жүжиг нь Дэлхийн театрын өдөр буюу 2025 оны 3 сарын 27-ноос тайзнаа дахин тавигдах гэж байгаа юм байна.

ХҮНДЭТГЭХ ШАЛТГААНААР НИЙСЛЭЛД 48 ЦАГААС ДЭЭШ ХУГАЦААНД ЗОРЧСОН ОРОН НУТГИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ 5000 ТӨГРӨГИЙН ХУРААМЖ ТӨЛӨХГҮЙ

Нийслэлийн ИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан. Уг тогтоолд нийслэлд бүртгэлгүй орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цаг буюу хоёр өдөр зорчвол 1000 төгрөг төлнө. Харин 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоногт 5000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн байдаг. Нийслэлийн Засаг даргын 2025 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн захирамжаар дараах дөрвөн шалтгаанаар нийслэлд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэлтэй иргэдээс төлбөр авахгүй байх өөрчлөлт орууллаа. Хоёрдугаар сарын 15-ны өдрөөс төлбөрөөс чөлөөлөгдөх иргэний хүсэлт, нотлох баримтыг www.ubtraffic.mn сайтаар хүлээн авна. Нийслэлд бүртгэлгүй орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэлтэй иргэн дараах дөрвөн шалтгаанаар нийслэлд зорчсон бол үүнийгээ нотолсон бичиг баримтыг бүрдүүлж төлбөрөөс чөлөөлөгдөнө. Үүнд, Эрүүл мэндийн шалтгаанаар нийслэл хотын нутаг дэвсгэрт байрлах эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн, үүнийгээ дараах бичиг баримтаар нотолсон. Иргэний хүсэлт Үйлчилгээ авсан эмнэлгийн эмчлэгч эмчийн тамга, тэмдэг, гарын үсэг бүхий эмнэлгийн бичиг, бусад Оршуулгын үйл ажиллагаанд оролцох шалтгаанаар нийслэл хотын нутаг дэвсгэрт хуанлийн 14 хоногоос илүүгүй байрласан, үүнийгээ нотолсон. иргэний хүсэлт нотлох бичиг баримт, тээврийн хэрэгслийн буяны ажлын бичиг, бусад Хөдөлгөөнд оролцох боломжгүйгээр тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан, үүнийгээ нотолсон. Иргэний хүсэлт зам тээврийн осолд холбогдож тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт. Тээврийн хэрэгсэлд гэмтэл учирч хөдөлгөөнд оролцоогүй бол гэмтэл учирсан нь үнэн болох тээврийн хэрэгслийн зураг, засварт үйлчилгээ хийлгэсэн бол үйлчилгээний төлбөрийн баримт, бусад Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцоогүй маршрутыг Тээврийн цагдаагийн алба болон Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран давхар шалгаж тогтооно. Онцгой байдлын үед эрх бүхий байгууллагын шийдвэрээр дайчлагдсан, үүнийгээ дараах баримтаар нотолсон. Иргэний хүсэлт Онцгой байдлын үед ажиллах эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр (журам, тогтоол, захирамж, тушаал, албан бичиг гэх мэт мэдээллийг хавсаргана.)

TRUMP 2.0: ХУДАЛДААНЫ ДАЙН ЭРГЭН ИРЖ, ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТҮҮДИЙН ХОМСДОЛ ГҮНЗГИЙРЭХ ҮҮ?

Дональд Трамп дахин АНУ-ын Ерөнхийлөгч болсноор олон төрлийн бодлогоор худалдааны дайныг эргэн өдөөж буй. Улмаар АНУ Хятадтай хийх худалдаагаа танаж, АНУ-ын эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлд анхаарч байна. Энэ хүрээнд газрын ховор элемент /ГХЭ/-ийн зах зээлд Хятадаас хамааралтай байдлыг бууруулах, дотоодын олборлолт, боловсруулалтыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлжээ. Уг бодлогын хүрээнд, АНУ дотоодын ГХЭ-ийн үйлдвэрлэлээ нэмэхийн тулд Хятадаас импортлох ГХЭ-ийн гаалийн татварыг нэмэв. Хятадаас оруулж ирэх ГХЭ-ийн татвар өмнө нь 5% байсан бол одоо 15% болж өсөөд байна. Тэгэхээр АНУ-ын энэхүү татварын бодлого Хятадаас бусад улсын газрын ховор элементийг нэмэгдүүлэх нь. Adamas Intelligence-ийн судалгаанаас харахад, цахилгаан автомашин, салхин цахилгаан үүсгүүр зэрэг салбарын өсөлттэй холбоотойгоор 2023-2040 онд NdFeB соронзын эрэлт жилд дунджаар 7.5%-иар өсөх төлөвтэй байгаа. Гэвч нийлүүлэлтийн өсөлт энэ эрэлтийг хангалттай гүйцэхгүй байгаа нь 2030 он гэхэд NdFeB хайлш, нунтаг хангамж жилд 60,000 тонноор, 2040 он гэхэд 246,000 тонноор дутуу байх магадлалтай байгаа юм. Мэдээж энд хомсдол үүсэж, эрэлтээс үүдэлтэй инфляц дэгдсэнээр NdFeB соронзын үнэ өсөж эхэлнэ. Трампын шинэ засаг захиргаа энэ хомсдолыг бууруулахын тулд АНУ-ын дотоодын олборлолт, боловсруулалтыг нэмэгдүүлэх, Хятадаас хамааралтай байдлыг багасгах бодлого хэрэгжүүлж байна. Үүнд уул уурхайн зөвшөөрлийн процессыг хялбаршуулах, дотоодын компаниудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээнүүд багтаж байна. Нэмээд Дональд Трамп Украинд үзүүлсэн $300 тэрбум орчмын санхүүгийн дэмжлэгийнхээ хариуд тус улсаас газрын ховор элемент болон бусад нөөцийг нь импортлохыг хүсэж байгаа. Трампын эдгээр арга хэмжээнүүд нь богино хугацаанд үр дүнгээ өгөхөд хэцүү бөгөөд газрын ховор элементүүдийн хомсдол, нийлүүлэлтийн тасалдал зэрэг асуудлууд ойрын жилүүдэд үргэлжлэх магадлалтай байна. Харин Монголын хувьд Засгийн газрын 2024-2028 онд баримтлах бодлогын 3.3.1.7-д “Газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төслүүдийг бодлогоор дэмжинэ” гэсэн байдаг. Хятад дэлхийн ГХЭ-ийн боловсруулалтын 85%-ийг дангаараа гүйцэтгэж байгаа буюу Хятадын хэт хамааралтай ГХЭ-ийн зах зээлд бүгд л өөр төрлийн импортлогч хайж байгаа. Их Британи ч үүний илрэл болж Монголоос ГХЭ импортлох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв. Тэгэхээр бид энэ төрлийн төслийг урагшлуулах нь нэн чухал асуудал болоод байна.

TRUMP 2.0: ХУДАЛДААНЫ ДАЙН ЭРГЭН ИРЖ, ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТҮҮДИЙН ХОМСДОЛ ГҮНЗГИЙРЭХ ҮҮ?

Дональд Трамп дахин АНУ-ын Ерөнхийлөгч болсноор олон төрлийн бодлогоор худалдааны дайныг эргэн өдөөж буй. Улмаар АНУ Хятадтай хийх худалдаагаа танаж, АНУ-ын эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлд анхаарч байна. Энэ хүрээнд газрын ховор элемент /ГХЭ/-ийн зах зээлд Хятадаас хамааралтай байдлыг бууруулах, дотоодын олборлолт, боловсруулалтыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлжээ. Уг бодлогын хүрээнд, АНУ дотоодын ГХЭ-ийн үйлдвэрлэлээ нэмэхийн тулд Хятадаас импортлох ГХЭ-ийн гаалийн татварыг нэмэв. Хятадаас оруулж ирэх ГХЭ-ийн татвар өмнө нь 5% байсан бол одоо 15% болж өсөөд байна. Тэгэхээр АНУ-ын энэхүү татварын бодлого Хятадаас бусад улсын газрын ховор элементийг нэмэгдүүлэх нь. Adamas Intelligence-ийн судалгаанаас харахад, цахилгаан автомашин, салхин цахилгаан үүсгүүр зэрэг салбарын өсөлттэй холбоотойгоор 2023-2040 онд NdFeB соронзын эрэлт жилд дунджаар 7.5%-иар өсөх төлөвтэй байгаа. Гэвч нийлүүлэлтийн өсөлт энэ эрэлтийг хангалттай гүйцэхгүй байгаа нь 2030 он гэхэд NdFeB хайлш, нунтаг хангамж жилд 60,000 тонноор, 2040 он гэхэд 246,000 тонноор дутуу байх магадлалтай байгаа юм. Мэдээж энд хомсдол үүсэж, эрэлтээс үүдэлтэй инфляц дэгдсэнээр NdFeB соронзын үнэ өсөж эхэлнэ. Трампын шинэ засаг захиргаа энэ хомсдолыг бууруулахын тулд АНУ-ын дотоодын олборлолт, боловсруулалтыг нэмэгдүүлэх, Хятадаас хамааралтай байдлыг багасгах бодлого хэрэгжүүлж байна. Үүнд уул уурхайн зөвшөөрлийн процессыг хялбаршуулах, дотоодын компаниудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээнүүд багтаж байна. Нэмээд Дональд Трамп Украинд үзүүлсэн $300 тэрбум орчмын санхүүгийн дэмжлэгийнхээ хариуд тус улсаас газрын ховор элемент болон бусад нөөцийг нь импортлохыг хүсэж байгаа. Трампын эдгээр арга хэмжээнүүд нь богино хугацаанд үр дүнгээ өгөхөд хэцүү бөгөөд газрын ховор элементүүдийн хомсдол, нийлүүлэлтийн тасалдал зэрэг асуудлууд ойрын жилүүдэд үргэлжлэх магадлалтай байна. Харин Монголын хувьд Засгийн газрын 2024-2028 онд баримтлах бодлогын 3.3.1.7-д “Газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төслүүдийг бодлогоор дэмжинэ” гэсэн байдаг. Хятад дэлхийн ГХЭ-ийн боловсруулалтын 85%-ийг дангаараа гүйцэтгэж байгаа буюу Хятадын хэт хамааралтай ГХЭ-ийн зах зээлд бүгд л өөр төрлийн импортлогч хайж байгаа. Их Британи ч үүний илрэл болж Монголоос ГХЭ импортлох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв. Тэгэхээр бид энэ төрлийн төслийг урагшлуулах нь нэн чухал асуудал болоод байна.

БӨӨРӨЛЖҮҮТИЙН ЦС-ЫН II БЛОКИЙГ ЭНЭ ОНЫ 11 ДҮГЭЭР САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх 33 төсөл, арга хэмжээний төлөвлөгөө, зохион байгуулах ажил, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилгын ажлын явц, Төв аймгийн Баян суманд барьж байгаа цахилгаан станцын ажлын явц болон үер, ус ихээр тогтдог байршлуудад авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өнгөрсөн долоо хоногийн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. 2025 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 18 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 82.5 хувьтай байна. Үргэлжлүүлэн Эрчим хүчний төслийн нэгжийн захирал Р. Дагдан Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилгын ажлын явц болон Төв аймгийн Баян суманд барих цахилгаан станцын талаар танилцууллаа. Төв аймгийн Баян сум болон нийслэлийн Багахангай дүүрэг хоёрын заагт 2 блок бүхий 660 МВт цахилгаан станцыг барина. Тус станцыг барих талбай нь Төв аймгийн Баян сумаас ойролцоогоор 3 км, Багахангай дүүргийн төвөөс 2 км-ийн зайтай байх юм. Эрчим хүчний төслийн нэгжийн захирал Р. Дагдан “Баянгийн ЦС-ын төслийн ТЭЗҮ, урьдчилсан судалгаа, бэлтгэл ажлыг хангаж байна. Төслийн PPA гэрээг байгуулж, төслийн талбайн хашаа, барилга угсралтын ажлыг эхлүүлэх нөхцөл бүрдсэн. Төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, батлуулах ажил хуваарийн дагуу үргэлжилж байна” гэв. Харин Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилга угсралтын ажил 2023 онд эхэлсэн бөгөөд зуухны угсралт 40 хувийн гүйцэтгэлтэй, нийт барилга угсралтын гүйцэтгэл 25 хувьтай, зуухны барилга болон үндсэн барилга битүүлэлтийн ажил дууссан байна. Тус блокийг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулна. Мөн энэ онд төвийн бүсийн эрчим хүчний системийн тойрог сүлжээг бий болгохоор Сэргэлэн чиглэлд 84.5 км урттай 220кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн ажлыг эхлүүлэх юм. Бөөрөлжүүт цахилгаан станцын III блокийн суурийн ажлыг эхлүүлэх, станцын ногоон байгууламж, тохижилтын ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

ДУУДЛАГЫН ЖОЛООЧ НЭРЭЭР БУСДЫН АВТОМАШИНЫГ ДЭЭРЭМДЖЭЭ

Энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдөр БГД-ийн нутаг дэвсгэрт “Машинаа дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Иргэн Н-ийг согтууруулах ундаа хэрэглэсэн үед нь үл таних 20 гаруй насны эрэгтэй хүн дуудлагын жолооч хэмээн нүд рүү нь нулимс асгаруулах хий цацаж, автомашинаас чирч буулган Тоёота приус маркийн автомашиныг нь дээрэмджээ. Гэм буруутай байж болзошгүй этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Х.НЯМБААТАР: “ХҮРЭЭ” АМАРЖИХ ГАЗРЫН ХУУЧИН ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫГ ХҮЧИТГЭЖ, НЭГДСЭН ЭМНЭЛЭГ БОЛГОНО

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр нийслэлийн II төрөх буюу “Хүрээ” амаржих газарт ажиллаж, төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцлаа. Нийслэлийн 2 төрөх буюу “Хүрээ” амаржих газар нь 1959 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 500 мянга гаруй иргэнийг өлгийдөн авчээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тус эмнэлгийн шинэ барилгын ажлыг 2022 оны аравдугаар сард эхлүүлж, өнгөрсөн оны аравдугаар сард ашиглалтад оруулсан юм. Тодруулбал, есөн давхар, 180 ортой шинэ эмнэлгийг 2024 оны аравдугаар сарын 7-ны өдөр ашиглалтад оруулсан бөгөөд 80 мянга орчим эмэгтэйд эх барих, нярай, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээг иж бүрнээр нь үзүүлэх боломжтой болсон юм. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль 2026 оноос хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хот 14 хоттой болно. Энэ хүрээнд “Хүрээ” амаржих газрын хуучин эмнэлгийн барилгыг хүчитгэж, өргөтгөн Сүхбаатар хотын нэгдсэн эмнэлэг болгоно. Мөн “Хүрээ” амаржих газарт шаардлагатай байгаа орчин үеийн тоног төхөөрөмжийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэхээр боллоо. Цаашид бид нийслэлийн 14 хотын нэгдсэн эмнэлгийг шинэчлэн зохион байгуулж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг нийслэлийн төсөвт суулгана. Мөн нийслэлийн харьяа эмнэлгийн байгууллагуудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттай зохион байгуулж байна” гэлээ.

УЛСЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГГҮЙ 12 ХОРООНД ГАЗРЫН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭВ

2024 оны 4 дүгээр сард хотын дарга Х.Нямбаатар БГД-ийн 29 дүгээр хороонд ажиллаж, "Эрин эверест интернешнл" сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авах ажлыг эхлүүлж байсан. Тэгвэл өнгөрсөн сард тус сургуулийг төрийн өмчид авсан юм. Ингэснээр дээрх хороонд байрлах "Эрин", "Өнөр" зэрэг хорооллын хүүхдүүд гэртэйгээ ойр улсын сургуульд суралцах боломжтой болоод буй. Мөн өнгөрсөн онд улсын сургууль, цэцэрлэггүй 12 хороонд газрын асуудлыг шийдвэрлэлээ. Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний мэдээлэл өглөө. НЗДТГ-аас БЗД-ийн 40 дүгээр хороо, Да хүрээгийн гудамж, БХИС-ийн зүүн хойно байршилтай 9126 ам метр газрыг “Баганат өргөө” ХХК-тай зөвшилцөн, эзэмшүүлсэн. Тус хороонд 1500 хүүхдийн суудалтай сургууль барих ажлыг өнгөрсөн оны 5 дугаар сард эхлүүлсэн бөгөөд ирэх онд ашиглалтад оруулах юм. Мөн БГД-ийн 25, 28 дугаар хороонд цэцэрлэг барих 2248 ам метр газар, сургууль барих 4365 ам метр газрыг шийдвэрлэж, 200 ортой цэцэрлэгийн барилгын ажлыг өнгөрсөн 6 дугаар сард эхлүүлсэн. Уг цэцэрлэгийг ирэх 8 дугаар сард ашиглалтад оруулна. Харин сургуулийн зураг төсвийг боловсруулж байна. Зарим сургууль, цэцэрлэг барих байршил болон ажлын явцыг товч дурдвал: ХУД-ийн 17 дугаар хороо, Их Монгол Улсын гудамж, Маршал таун хотхоны баруун урд талд 5000 ам метр газарт 200 ортой цэцэрлэг барих ажил үргэлжилж байна. ХУД-ийн 3 дугаар хороо, 4200 ам метр газарт 480 хүүхдийн суудалтай сургууль барих бөгөөд гүйцэтгэгч компани шалгараад байна. ХУД-ийн 18 дугаар хороо Их Монгол Улсын гудамж, Удирдлагын академийн зүүн талд 7077 ам метр газарт 640 хүүхдийн суудалтай сургууль барина. БЗД-ийн 4 дүгээр хороо, 97 дугаар сургуулийн урд 1281 ам метр газарт цэцэрлэг барина. БГД-ийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны хойд талд 8000 ам метр газарт сургууль барина. СБД-ийн 9,11 дүгээр хороо, Ногоон нуурын орчимд 811, 812 дугаар байрны хойд талд 15.000 ам метр газарт сургууль, цэцэрлэг барина. СБД-ийн 9 дүгээр хороо, Хоймор оффисын хойд талд 1499 ам метр газарт цэцэрлэг барина. БЗД-ийн 36 дугаар хороо, Хүннүгийн гудамж, "Сүмбэр орд" хотхоны зүүн талд 3300 ам метр газарт сургууль барина. БЗД-ийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө, “Sunshine” вилла хотхоны баруун талд 4000 ам метр газарт сургууль барих юм.

ГЕОДЕЗИ, УСНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ГАЗРААС ХАЛИА ТОШИН ҮҮССЭН 46 БАЙРШИЛД АЖИЛЛАЖ БАЙНА

Нийслэлийн хэмжээнд нийт 46 байршилд халиа тошин үүсээд байна. Эдгээр байршилд ГУББГ-аас шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа юм. Энэ талаар ГУББГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Ж.Батдорж: "Энэхүү 46 байршлыг ГУББГ-аас эрэмбэлж, нэн шаардлагатай арга хэмжээ авах хэрэгтэй байршлуудад өдөр бүр ажиллаж байна. Тухайлбал, хаврын шар усны үерээс сэргийлж, эрсдэл үүсэх боломжтой газруудад тогтмол арга хэмжээ авч байна. ЧД-ийн 10 дугаар хороонд байрлах Дэнжийн "1000"-ийн нэгдүгээр суваг нь эрсдэлтэй байршлын нэг бөгөөд тус үерийн далан болон авто замын гүүрэн гаргалгаанд суваг татах, ухаж авсан мөсөөрөө хоёр талд нь далан үүсгэх, мөсийг зөөж цэвэрлэх зэрэг ажлууд хийгдэж байна" гэв.

“АМАР БАЙНА УУ 2025” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар гурав дахь жилдээ сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй "Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны нээлт өнөөдөр боллоо. Тус үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1000 орчим ЖДҮҮ эрхлэгч 50 мянган нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулан оролцож байгаа юм. Энэ үеэр нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Д.Ундармаа “Гурав дахь жилдээ зохион байгуулж буй "Амар байна уу" үзэсгэлэн худалдаа нь зөвхөн нийслэл Улаанбаатар хотоор хязгаарлагдахгүй 21 аймгийн ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжиж байдгаараа онцлогтой. Ингэснээр чанартай, баталгаатай, эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнээ боломжийн үнээр худалдан авах нөхцөлийг иргэддээ олгож байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн жил тус арга хэмжээний үеэр аж ахуйн нэгжүүд 51.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, энэ хэмжээний мөнгөн урсгалыг дотооддоо үлдээж чадсан. Мөн энэ жил уг үзэсгэлэн худалдааг хотын А бүсэд буюу “Их наяд” худалдааны төвийн 5-6 давхар, “Соёолж молл” худалдааны төвийн хоёрдугаар давхарт зохион байгуулж байгаагаараа онцлогтой” гэв. Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш “Энэхүү үзэсгэлэн худалдаанд нийслэлийн Соёл, урлагийн газар болон нийслэлийн харьяа соёл, урлагийн байгууллагууд урлаг, соёлын үйл ажиллагаа зохион байгуулан оролцдог уламжлалтай. Энэ жилийн хувьд нийслэлийн харьяа соёл, урлагийн 11 байгууллагын 220 гаруй уран бүтээлч болон ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид өдөр бүр уран бүтээлээ толилуулах юм” гэлээ. Тус үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 1-27 хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ. Нийслэлийн зүгээс ЖДҮҮ эрхлэгчдээс түрээсийн төлбөр авалгүй, урсгал зардлыг хариуцаж байгаа юм.

Б.БАЯРЦЭЦЭГ БИ ХҮНИЙ СЭТГЭЛД СОЛОНГО ТАТТАЛ ДУУЛЖ ЧАДСАН

Тун удахгүй уран бүтээлийн тайлан тоглолтоо толилуулах гэж байгаа уран бүтээлч Б.Баярцэцэгтэй ярилцлаа. -Дуучин Б.Баярцэцэгийн уран бүтээлч болсон цаг үеэ эргэн дурссан яриа сонирхолтой байх болов уу. Хоёулаа тэр цаг үеэс ярилцлагаа эхлүүлэх үү? -Миний уран бүтээлчийн замналаа эхлүүлсэн түүх ээдрээтэй. Би анх ХААИС-ийн нягтлан бодогчийн ангийн оюутан болж их хотын амьдралд хөл тавьж байлаа. Мөнгө санхүү талын хүн болох нь миний хүсэл байгаагүй юм. Би багаасаа л дуучин болох мөрөөдөлтэй, харин ээж аав хоёр санхүүч болгомоор байсан хэрэг. Гэхдээ намайг СУИС-д шалгалт өгөхийг зөвшөөрч билээ. Тэнцэхгүй бол ээж аав хоёрын хүссэн сургуульд орох аман гэрээтэй шалгалтанд орохоор болов. СУИС-д элсэх эхний шалгалтанд миний шүд тэнцээгүй. Ингээд л ХААИС-д суралцахаар боллоо. Гурван жил нягтлан бодогчийн мэргэжлээр суралцахдаа энэ миний байх ёстой газар биш гэдгийг алхам тутамдаа л мэдэрч байсан гэхэд болно. Тоондоо тийм ч сайн биш. Хичээлээ ойлгохгүй байх нь миний хувьд үнэхээр зовлонтой асуудал. Гэтэл урлагийн ямар нэгэн арга хэмжээ болоход би байнга л түрүүлдэг оюутан болов. Багш нар ч үүнийг мэдэрчихсэн надад “Чи ер нь байх ёстой газраа олоогүй хүүхэд байна” гэж дандаа хэлдэг байв. -Багш нар хүүхдийн ямар авьяас, чадвартай хаана аль салбарт амжилт гаргахыг мэдэж байгаа л даа. СУИС-д элсэх шийдвэр хэзээ гаргав. Амаргүй байсан байх даа? -Төгсөх курсийн оюутан болох жилийн хавар СУИС-д эстрад дуулаачийн шинэ анги нээгдсэн, хоёр дахь элсэлтээ авч байгаа тухай хаанаас ч билээ олоод сонсчихлоо. Хэдийгээр мөдхөн төгсөх байсан ч боломж байгааг мэдээд тэвчээрийн хүлээс алдуурсан байх. СУИС-д дахин шалгалт өгөхөөр зориг шулуудлаа. Яваад очтол анги дүүрсэн ахиж оюутан нэмж авахгүй гэж ярьж байна. Эхлээд намайг захирлын өрөөнд оруулахгүй байсан болохоор үүдэнд нь уйлаад зогсож байтал захирал ирээд юун хүүхэд болохыг асуусан. Шууд л захирлыг дагаж өрөөнд ороод “Би дуучин болмоор байна” гээд уйлаад зогсчихлоо. Тэр том хүний өрөөнд ороод үнэнээ хэлээд зогсох зориг миний хүүхэд насны хаанаас гарсныг одоо би хэлж мэдэхгүй юм. Дуучин болох хүсэл тийм их байсныг л хэлж чадна. “Ээж аав хоёрынхоо итгэлийг, гурван жил сурсан сургуулиа хаяад ирлээ. Би орос, англи хэлтэй, дуучин болмоор байна” гээд л зогсчихсон. Гэтэл захирал хөгжмийн факультетийн багшийг дуудаад “Энэ нэг ийм хэцүү хүүхэд байна. Та нар шалгаад үзэх үү” гэдэг юм байна. Тэр үед Нямсүрэн багш ирсэн санагдаж байна. Багш намайг шалгаад “Сонсгол, хөг сайтай, сайхан хоолойтой юм байна” гэтэл захирал “Анги дүүрсэн яах билээ” гэж ярьж байгаад шинээр хандивын анги нээхээр болов. Хандивын ангийн оюутан төлбөрөө бэлнээр нь өгөх, дээр нь хэдэн төгрөг нэмж төлдөг журамтай. Цоо шинэ ангийн анхных нь оюутан болж гав ганцаараа орсон. Гэтэл нэг сонирхолтой зүйл болсон нь миний багын найз надтай нэг ангид орлоо. Бас л над шиг гурав, дөрвөн жил өөр сургуульд сурч байгаад дуучин болох хүслээ барьж дийлэхгүй тэсэхээ болиод СУИС-д элссэн байгаа юм. Арван жилд дууны уралдаанд нэг, хоёрдугаар байр эзлээд явдаг байсан хоёр СУИС-ийн хандивын ангид ингэж таарч билээ. Орхонцэцэг төгсөөд БЦДБЧ-д дуучнаар ажиллаж байгаад одоо чөлөөт уран бүтээлч болсон. -Ямартай ч өндөр босгыг нь даваад, өргөн үүдийг нь нээгээд орчихлоо. Хэн гэдэг багшийн удирдлагад очив? -Намайг Ч.Насантогтох багшид “За чи нэг ийм хүүхэд ав даа” гээд гарт нь хүлээлгэж өгсөн. Багш төрөөд удаагүй, дөнгөж ажилдаа ороод хоёр дахь төгсөлтөө хүлээж авсан нь манай анги. Ер нь анхны шавийн нэг юм даа. -Оюутан болоод мөнгө санхүүгээ шийдэх хэрэгтэй болно. Би таныг оюутан цагаасаа дуулж эхэлсэн гэж санаад байна. Амралтаараа “халтуур” хийнэ биз? -Нөхөртэйгөө танилцсан жил зуныхаа амралтаар ОХУ руу явсан юм. Москва, Арбатын гудамжинд Монгол Улсын Элчин сайдын яам байх. Өглөө, оройд Арбатын гудамжаар явахад тэнд Андрей Зайцев гэдэг гитар барьсан эр байнга л дуулж суудаг байлаа. Би хэрэг болгож очоод л ард нь суун түүний дуулахыг сонсох дуртай. Мань эр Мариан Кэри, Уитни Хьюстон, Селин Дион зэрэг поп дива нарын тухайн үед хит болж байсан дуунуудыг сонгож дуулна. Би Андрей Зайцеваас нөгөө дуунуудын фонограммыг хэдэн рубль өгч авлаа. Сонссоор байгаад бүх дууг нь цээжилчихсэн. Монголд ирээд байтал намар болж би хоёрдугаар курсийн оюутан сургуульдаа оров. Тэр жил би анхныхаа “халтуур”-ыг хийж билээ. Нөхрийнхөө эгчийн гуйлтаар ажлын газрын шинэ жилд англи дуу дууллаа. Нөгөө Зайцеваас авсан фонограммтайгаа шүү. Гэтэл тэнд “Болор” хамтлаг хөгжим тоглож байж. Хамтлагийн ахлагч Оргил ах намайг Селин Дионы “My heart will go on”-ыг дуулж байхыг тэгэхэд сонссон юм билээ. Тэрнээс хойш удалгүй Оргил ах СУИС дээр “Энд Баярцэцэг гэж оюутан байгаа” гэж сураглаж ирээд надтай уулзсан юм. Тухайн үед “Ривер саундс” клуб нээгдээд удаагүй “Болор”хамтлаг тэнд тоглодог байсан юм билээ. Надад долоо хоногт дөрвөн удаа тоглоно, нэг удаагийн тоглолтод 15 мянган төгрөг өгье гэдэг санал тавилаа. Долоо хоногт 60 мянган төгрөг гэдэг оюутны хувьд их мөнгө учраас би шууд л зөвшөөрсөн. Эхний үед Оргил ахын ард вокал дуучнаар ажилладаг байв. Нэг ч дуу бүтэн дуулахгүй олон сар явсан. Миний аз таарсан тэр өдөр би Оргил ахыг орлон дуулж, түүнээс хойш би дангаараа бүх л дууг нь дуулдаг боллоо. Хоёрдугаар курсийн оюутан надад энэ ажил маш олон зүйлийн суурийг тавьж, ирээдүйн амьдралд минь хэрэг болох их зүйлийг сургасан. -Тэгэхээр баян оюутан байж дээ? -“Ривер саундс”-д би долоон жил дуулсан. Тэр хооронд хотын төвийн том клуб болгонд очиж тоглодог байлаа. Намайг орос дуу дуулдаг болохоор орос дуунд дуртай хүмүүс их урина. Урлагийн зам хөөсөн залуухан оюутан бүсгүйд мөнгө хэрэг бололгүй яах вэ. Оюутан байх үеэс миний хоолой танигдаад эхэлсэн. Тухайн үед хип хоп хамтлагууд хүчээ авч байлаа. Хамтлагийн од ах нар сургууль дээр “Баярцэцэг гэдэг оюутан хаана байна” гээд сураглаад л ирнэ. Манай анги хоёр Баярцэцэгтэй. Хоёулаа уралдаад л би, би гэнэ. Эхлээд “Айс топ” хамтлагтай, дараа нь “Люмино”-гийн “Хүнийх” дууг хамтран дуулсан. Би одоо хүртэл уран бүтээлч болоогүй явна -Хэзээ, ямар дууныхаа дараа өөрийгөө “Би уран бүтээлч”гэж хүлээн зөвшөөрөх болсон бэ? -Би хүлээн зөвшөөрөхгүй л яваад байгаа шүү. Яагаад гэвэл надад ээжийн үг маш чухал. 2000 оны эхэнд миний дуу хоолой Монголын ард түмэнд танил болж, UBS сувгийн нэвтрүүлгээр миний дуу явдаг болсон. Харин ээж намайг хүлээн зөвшөөрөхгүй “Уйтгартай дуучин” гэж үздэг. Ер нь манай гэрийнхэн миний дууг сонсохгүй, хүлээн зөвшөөрөхгүй нэлээд удсан. Би 2015 онд дэлхийн II дайны ялалтын 70 жилийн ойд зориулж “Эхо любвы” тоглолт хийсэн юм. Энэ тоглолтдоо ээжийгээ урьж үзүүлснээ мартдаггүй. “Крокус” төвийн танхим үзэгчээр дүүрч, Казахстан, Өмнөд Солонгосын Элчин сайдууд суучихсан байлаа. Ээж ирсэн зочид, үзэгчдийг хараад “Өө миний охин чинь дуулдаг юм байна” гэж анх удаа хэлсэн. Энэ миний хувьд маш том шагнал. Гэхдээ яагаад ч юм өөрийнхөө уран бүтээлд ханаж байсан удаа надад байдаггүй. “За энэ болж байна даа” гэж бодож байгаагүй. Харин “Тань руу нүүж явна” дууг дуулах гэж хоёр, гурван жил ажиллаад, үзэгч, сонсогчдод хүргэснийхээ дараа тайзан дээр “За Баяраа, ер нь болж байна шүү” гэж дотроо хэлээд уйлж байсан нь өөртөө өгсөн хамгийн том үнэлгээ юмдаа. -“Тань руу нүүж явна” дууны талаар асуухаар зэхсэн юм. Энэ кино миний хувьд Монголын дэлгэцийн урлагийн сор болсон уран бүтээл. Үйл явдал, өгүүлэмж, агуулга гээд сэтгэл өвдөхгүй байх аргагүй. Би таныг энэ дууг дуулаад тайзан дээр уйлж байхыг хараад дотроо юу бодож байгаа бол. Ээжийгээ л байх даа гэж бодож байснаа санаж байна. Би буруу бодоогүй байж ээ? -Та эндүүрээгүй байна. Хэдийгээр ээж тоглолт үзээд сууж байсан ч би ээжийгээ л бодож байлаа. Ер нь ээж аавын тухай дуулах маш хүнд. Аавдаа зориулаад нэг дуу хийсэн боловч хэд хоног студид уйлаад, сүүлдээ болиод бууж өгч билээ. “Тань руу нүүж явна” дууны тухайд маш том бүтээл оролдож байгаагаа мэдрээд их сүрдсэн шүү. Энэ нь ч сэтгэл зүйд нөлөөлсөн байх. Нэг өдөр З.Хангал агсны гэргий Ягаанцэцэг эгч надтай уулзаад “Ханийн минь бүтээлийг хүмүүс дуу болгох гэж оролдож эхэллээ. Бидний санаанд хүрэхгүй байгаа учраас гомдолтой байна. Миний охин үүнийг дуу болгож дуул. Уран бүтээл болгоод дуулаад явна гэвэл бид чамд зөвшөөрөл өгнө” гэдэг санал тавьж билээ. Зөвшөөрөл аваад их олон яруу найрагч, зохиолчтой ажилласан. Том бүтээл гэдгийг нь мэдэрчихсэн учраас ирсэн шүлгүүд сэтгэлд нэг л хүрч өгдөггүй. Тэрнээс гадна олны зүрх сэтгэлд хоногшсон том бүтээлээс хүмүүс халгаад байдаг юм билээ. Олон яруу найрагч барьж авсан ч “Би чадахгүй юм байна” гэж дундаас нь буцсан. Хөгжмийн найруулга нь ч сэтгэлд нийцэхгүй буцаад л байлаа. Харин зохиолч Х.Болор-Эрдэнийн бичиж өгсөн шүлэг ая дан, хэмнэл айзамдаа яг сайхан таарсан. Ерөөсөө тэр аялгуу, зохицсон шүлэгтэйгээ хоршин найрсахаар хүний зүрх рүү урссан эрчим болж байгаа юм. Дуулахаараа л уйлчих гээд болж өгдөггүй. Гэтэл хошин урлагийн жүжигчин Алтанцэцэг эгч надад “Баярцэцэг ээ, чи ээжийгээ бодож дуулаад байна. Чи энэ амьдралыг гаднаас нь хараад, би энд амьдраад үзчихсэн шүү дээ гэж бодоод хөнгөхөн хандаж дуул” гэдэг зөвлөгөө өгдөг юм байна. Ааяа эгчийн зөвлөгөөгөөр дуулж үзтэл болж байна аа. Дуу болгон өөрийн эрчимтэй учраас аль дууг нь яаж дуулахаа хүртэл бодож байх ёстой юм билээ. Одоо би энэ дуугаа тоглолтонд яг зөвлөсний дагуу л бодож дуулдаг. Миний уйлдаг тэр тоглолтонд ирсэн үзэгчид, ээж хүртэл бараг бүх хүн уйлж байгааг хараад анх удаа “Би үзэгчдийн сэтгэлд солонго таттал дуулж чадлаа” гэж бодсон. Тайзан дээр энэ дууг бүтээх гэж ямар их хүч, сэтгэлийн хат шаардсанаа эргэн санах сайхан байсан. -Хүн бүрд амьдралын шалгуурыг даван туулах, сэтгэлээ хатамжлан барих, мөн урагш хөдөлгөх хүч бий. Өнөөдрийн Баярцэцэгийг бүтээсэн хөдөлгөгч, хатамжлах хүч юу байв? -Мэдээж амьдралын олон шалгуур, саад бэрхшээл, даваа нугачааг бусдын л адил туулсаар яваа. Өнөөдрийн амжилттай яваа гэж харж байгаа Баярцэцэгийг бүтээх гэж хичээж, зүтгэж, бүх зүйлд зөв, үнэн байх гэж хичээж ирсэн. Хэрвээ амжилт гэж үзвэл үүнийг би хичээсний минь шагнал гэж хэлнэ. Миний элэнц өвөө Богд хаанд үйлчилдэг төрийн дуучин байсан юм билээ. Богд хаан өвөөд “Төрийн дууч” гэдэг цол олгож ордондоо дуулуулдаг байсныг би их хожуу мэдсэн. Тэгэхээр надад өвөг дээдсээс ирсэн өгөгдөл байсан байгаа биз. СУИС-аа дүүргэсэн жил би тайлан тоглолт хийсэн юм. Миний тайлан тоглолтонд эмээгийн дүү ирээд тайзан дээр үг хэлэхдээ элэнц өвөө маань төрийн дууч хүн байсныг өгүүлэхэд тухайн үедээ сонсоод өнгөрсөн боловч эргэн санахад хаанаас, хэнээс улбаатай өгөгдөл болохыг ойлгож байгаа. Одоо сэтгэл дотроо тэр элэнц өвөөдөө үргэлж сүсэглэж явдаг даа. Миний хувьд хэцүү, хэрхэн давах учраа олохгүй явсан зүйл хүний нүдэнд өртөж гарт баригдахгүй хийсвэр. Сэтгэл дотроо үргэлж өөртэйгөө зөрчилдөж, өөрийгөө үнэлж, урамшуулж чаддаггүй байсан. Зөрчил гэхээсээ илүү өөрийнхөө үнэлэмжийг мэддэггүй байсан юм уу. Хэзээ ч сэтгэл ханахгүй үргэлж дутуу санагдах тэр мэдрэмж хэзээ үүссэнийг мэдэхгүй юм. Ийм мэдрэмж намайг маш олон жил дагасан. Болж байгаа ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Азаар миний дуунууд сонсогчдод хурдан хүрдэг. Юу түшдэг юм бүү мэд. Оюутан байхаасаа л ачааллаа дийлэхгүй, эрэлтээ гүйцдэггүй ч өөрийгөө голдог байлаа. Ээж маань биднийг хүмүүжүүлэхдээ ердөө ч урам өгч, болж байна гэж хэлдэггүй байж. Магадгүй өөрөө маш олон төрлийн авьяастай, мэдрэмж өндөртэй учраас бид сэтгэлд нь хүрдэггүй байж мэднэ. Тун удахгүй Андреа Бочеллитэй Монголын тайзнаа дуулна -Дэлхийд нэрд гарсан дуучинтай хамтран дуулах боломж олдлоо гэж бодъё. Таныг Селин Дионыг шүтдэг гэдгийг мэдэх учраас эрэгтэй дуучин гэж тодруулах нь зөв байх. Хэн гэдэг дуучинтай, ямар дуу дуулмаар байна? -Хамтран дуулахыг хүсэж байгаа маш олон эрэгтэй дуучин байна. Гэхдээ ийм боломж тийм ч хол биш гэж би бодож байгаа. Италийн алдарт дуучин, поп опера урсгалаар дуулдаг Андреа Бочеллитэй “The Prayer” дууг нь хамтран дуулах гэж байна. Андреа Бочелли энэ дуугаа бараг дэлхийн бүх орны одуудтай хамтран дуулсан байдаг. Тун саяхан манай урд хөршийн дуучинтай дуулсан. Одоо Монгол л үлдээд байна даа. Энэ тэгэхээр мөрөөдөл биш байгаа биз. Ер нь би бараг хамтран дуулах байх аа. Тун удахгүй Андреа Бочеллиг та бүхэн Монголын тайзан дээрээс харна. Миний хамтран дуулахыг хүсдэг хоёр дахь хүн нь Монголын дуурийн од Э.Амартүвшин байна. Би түүнийг дэлхийн ямарч том одыг шүтэж байгаагүйгээр шүтдэг учраас дуэт дуулахыг хүсдэг. Тэгэхээр энэ хоёр том дуучинтай, тенор, баритон хоолойтой дуэтлэнэ дээ. -Дуулах дуугаа сэдэвчилж сонгодог уу, хөгжмийн зохиолчдын санал болгосныг дуулаад байна уу. Таны дуунуудыг сонсож суухдаа асууя гэж бодогдсон юм? -Энэ их хөгжилтэй. Хөгжмийн зохиолчид намайг яг нэг формонд оруулаад түүгээрээ хараад байна. Би энэ тал дээр жаахан шүүмжлэнгүй маягтай байгаа. “Тэнгэрт харвасан од”-ыг дуулснаас хойш “Чамайг мартаагүй”, “Missing you”, “Ганцхан тэвэрье” дуунууд миний урын санд орсон. Та энэ дуунуудыг дандаа хожуу учирсан хайрын тухай гэдгийг анзаарсан байх. Саяхан би Өөжгий ахаас хэчнээн олон жил хүлээсэн дуугаа авлаа. “Хайрыг би мэднэ” гэдэг нэртэй энэ дуу “Хайрыг би мэдрээд өнгөрсөн. Хайр гэдэг тийм учиртай юм билээ” гэж өгүүлж байгаа юм. Бас л ижил агуулгатай дуу байгаа биз. Хайрыг бид хязгаарлаж чадахгүй. Хэнд ч хэлж чадахгүй нууцхан хайраа сэтгэлдээ тээж яваа хүмүүст миний дуу хань болдог гэж боддог. Тэгээд намайг зарим нь “Нууц амрагийн дуучин” гэж нэрлээд байх болсон. Амьдралд нь ирсэн хожуу хайрыг дурсаж байгаа сэдвийн дуунууд надад их бий. Сүүлийн үед үнэхээр сайхан аялгуу, хөгтэй л бол ийм дуу дуулахыг бодох болсон. Анх “Чамайг мартаагүй”, “Ганцхан тэвэрье” гэдэг хоёр дуу хүмүүст их хүрсэн. Надад ирсэн ямар ч уран бүтээлийг сэтгэлдээ мэдэрч, өөрийгөө хөглөж дуулахгүй бол хүнд хүрэхгүй шүү дээ. Ийм сэдэвтэй дууны үг нь нэлээд эротик байдаг. Тэгээд л эротик маягийн дууг Баярцэцэг дуулна гээд кодлогдчихсон юм болов уу. Саяны Өөжгий ахын надад өгсөн дуу мөн эротик маягийн үгтэй. Би үгийг нь жаахан өөрчилж болохгүй юу гэдэг санал тавьсан чинь Батрэгзэдмаа найрагчийн амьдралынхаа сүүлчийн мөчид бичсэн шүлэг юм билээ. Яаж тийм шүлгэнд гар хүрч зүрхлэх билээ дээ. Тоглолтонд ирдэг тэр их цэцгээ харах гэж дуулдаг ч байж магадгүй -Таны тоглолт тун удахгүй болно. Тоглолтыг зохион байгуулагчид цоо шинэ арга хэлбэрээр, найруулга, дэглэлтийн хувьд түүх бүтээхээ амлав. Дуучин Б.Баярцэцэг үзэгч, сонсогчдодоо юу амлах вэ? -Би тоглолт дээр ямар нэгэн гэнэтийн бэлэг барих тийм ч дуртай биш. Одоо эргээд харахад маш олон тоглолтын ард гарсан байна. Миний бодлоор тоглолт хийхийн утга учир нь намайг сонсох дуртай, надад итгэж уран бүтээлийг минь дэмждэг хүмүүс нийлсэн том баяр байдаг. Миний тоглолтыг тэсэн ядан хүлээдэг маш олон сонсогч бий. Манай тоглолт зохион байгуулдаг, тайз засал хийдэг, дуу техникийн ажилтнууд Монголд байгаа хамгийн шилдэг тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэйгээр ур чадварын өндөр түвшинд тоглолтуудыг зохион байгуулж чаддаг. Тэр ч бүү хэл байгаа техник, тоног төхөөрөмжийнхөө хүчин чадлаас давсан зүйлийг ч хийж чадна. Тэгэхээр урд өмнө байгаагүй ийм гэж би хэлмээргүй байна. Ерөөсөө хүн бүр өөрийнхөө нөөц бололцоог тултал ашиглан ажиллаж байгаа. Миний тоглолтын тухайд дандаа сайжирч явдаг. Амьд хөгжимтэй дуулж, хүн болгонтой шууд харьцаад явахаар амьд харилцаатай тоглолт болдог. Хөгжмийн төгс дуугаралтыг таашаадаг учраас хамгийн шилдэг хөгжимчидтэй хамтарна. Миний бүх дууг даган дуулж байгаа үзэгчдийнхээ сэтгэл хөдлөлийг мэдрэх маш сайхан. Би олон жил дууллаа, олон ч тоглолт хийсэн байна. Бүтэн жилийн хугацаанд нэг удаа болох энэ тоглолтыг л хүлээж дуулдаг юм шиг санагддаг шүү. Уран бүтээлчийн замналаа дуусгахгүй байхын нэг утга учир жилдээ нэг болдог энэ тоглолтыг төлөө юм шиг санагддаг болсон. -Гуравдугаар сарын 8-ны өдөр таны тоглолтын тов гарсан. Энэ өдөр олон тоглолт болдог. Яагаад энэ өдрийг сонгосон юм бэ? -Миний сонсогчдын 99 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Дуучны замналынхаа 25 жилийн 20 жилд нь тасралтгүй тоглолт хийсэн гэж үзвэл үзэгчдийн 99 хувьд нь эмэгтэйчүүд сууж байхыг хардаг байлаа. Үүнийг эргэн санаад би маш их баяртай байдаг. Бас нэг шалтгаан нь энэ өдөр эмэгтэйчүүд бидний баярын өдөр. Хэдийгээр “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” гэдэг албан ёсны нэршилтэй ч монгол бүсгүйчүүд бид баяр гэдэг агуулгаар тэмдэглээд суржээ. Би цэцгэнд маш их дуртай. Тэр цэцгээ харах гээд дуулдаг ч байж магадгүй. -“Харанга” хамтлагийн “Бүсгүйн заяа” дуу ард түмний дунд түгэн тараад бараг ардын дуу шиг болсон. Энэ дууг бүсгүй хүн дуулахад сонсогчид яаж хүлээж авч байна. Дургүйцэх ч юм уу, чихэнд наалдахгүй байна гэдэг сэтгэгдэл хэлсэн үү? -Миний хувилбараар дуулсан “Бүсгүйн заяа” дууны анхны сонсогчид “Уучлаарай, энэ дууг эрэгтэй хүн дуулсан гэдгийг, Лхагваа ахын дуулсныг мартчихлаа. Анхнаасаа л чиний дуу байсан юм биш үү” гэж зарим нь хэлж байхад “Энэ чинь юу билээ нэг л сонссон дуу шиг” гэж хүлээж авах нэгэн ч байсан. Лхагваа ах ч сонсоод “Чиний дуу байсан юм байна” гэж хэлсэн. Энэ дууны клипний зураг авалтанд явж байхдаа “Бүсгүйн заяа” гэдэг ямар ч хэцүү юм дээ гээд хошин маягаар ярилцаж л байлаа. Клипны зургийг Италид маш гоё далайн эрэг дээр авсан. -Дуучин Баярцэцэг амьд хөгжмийн тоглолт, фонограмм хоёрын алийг нь сонгож тоглолтоо хийхийг илүүд үздэг юм бэ? -Би дуулж явсан бүх л цаг хугацаандаа амьд хөгжмийн тоглолт, амьд хөгжмийн дуугаралтыг илүүд үзэж ирсэн. Оюутан байхдаа ч би амьд хөгжмийн хамтлагтай дуулж байснаа танд ярьсан. Орчин үед бүр хөгжимгүй дуулахыг илүүд үзэх боллоо. Фонограмм бол нэг л өнгөөр дуугарна, суллана, чангална. Амьд хөгжимтэй дуулахад яруусах сэтгэлийн хөг эгшиг, яг тухайн мөчид гарч байгаа шиг ахиж гарахгүй. Жишээ нь би “Шүрэн бугуйвч”-ыг хэдэн зуун удаа дуулснаа мэдэхгүй. Гэхдээ хэзээ ч нэг мэдрэмжээр дуулж байгаагүй. “Бүсгүйн заяа” өөр “Содон аялгуу”, “Чамайг тэвэрье” бүгдээрээ өөр мэдрэмжээр сонсогчдод хүрч байгаа. Магадгүй энэ өөр мэдрэмжээр дуулагдахыг үзэх гэж ирдэг ч байж мэдэх юм. -Дуучны замнал, авьяас тэтгэвэрт гарна гэж байдаггүй. Хүчирхэг хоолой хэзээд сонсогчдынхоо сонорыг мялаасаар байдаг. Гэхдээ би танаас асуух ёстой. 10 жилийн дараа өөрийгөө хаана байгаагаар төсөөлж байгаа вэ? -Би дахиад 10 жил дуулна гэж бодохгүй байна. Яагаад гэхээр миний төлөвлөгөөнд өөр төсөөлөл бий. Анх уран бүтээлчийн замыг сонгохдоо нэг зүйлийг сэтгэлдээ бат суулгасан нь кино урлагт хүч сорих байсан. Кино урлагийн салбарт ерөнхий продюсер Б.Баярцэцэг гэдэг нэрийг хармаар байна. Эхний алхмууд хийгдээд, кино зохиолуудаа уншаад сонголт хийж байгаа. Ерөнхий продюсер Б.Баярцэцэг гэж бичигдэх тэр кино онцгой байх болно. -Ярилцсанд баярлалаа. Трамп Төмөрөө Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24631/

1 ... 70 71 72 73 74 75 76 77 78 ... 384