НЭГҮҮН МЭДЭЭ
ТХЗДХ: Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, түүнийг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл сонсов

Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны өнөөдрийн ( 2025.04.08 ) хуралдаан 15 цаг 25 минутад гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр эхэлж, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, түүнийг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2015 оны 70 дугаар чуулганаар “Тогтвортой хөгжлийн зорилго 2030 хөтөлбөр”-ийг НҮБ-ын 193 гишүүн орны шийдвэрээр тунхаглан баталсан. Тус хөтөлбөрийн хүрээнд хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх, ядуурлын бүх хэлбэрийг устгаж, тэгш бус байдлыг халж, байгаль орчноо хамгаалж, хүний тайван, амгалан амьдрах эрхийг хангах зэрэг олон улсын хөгжлийн талаарх асуудлыг шийдвэрлэхээр дэвшүүлсэн дэлхий нийтийн зорилго болгосон Тогтвортой хөгжлийн 17 зорилго, 169 зорилт, 244 шалгуур үзүүлэлтүүдийг баталсан байдаг. Олон улсын хэмжээнд Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилт 2023 онд 15 хувьтай байсан бол 2024 онд 2 нэгж хувиар өсөж, 17 хувьд хүрч эрчимжиж байна хэмээн Л.Гантөмөр сайд танилцуулав. Монгол Улсад 2024 оны байдлаар хүний хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх, эрүүл мэндийг дэмжих, баталгаат ундны ус ариун цэврийн байгууламжаар хангах, чанартай боловсролыг дэмжих зэрэг зорилтуудын хэрэгжилт эрчимжиж 36.8 хувь буюу хангалттай гэсэн үнэлгээтэй байгаа аж. Монгол Улс нь тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх амлалт өгсөн анхдагч орнуудын нэг болохын хувьд түүнийг нутагшуулах чиглэлээр төрийн нэгдмэл бодлого зохицуулалттай байх, олон нийтийн оролцоог хангасан цогц байх зарчмыг баримтлан хүчин чармайлт гарган ажиллаж байгаа гэлээ. Түүнчлэн Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасан зарчим, шаардлагын дагуу Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийн төслийг Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулж, бүс нутаг, салбар хоорондын уялдааг ханган боловсруулалт хийж байгаа хэмээн Л.Гантөмөр сайд танилцуулав. Тэдгээрээс зарим арга хэмжээг тодотгон, дэлгэрэнгүй танилцуулсан. Тогтвортой хөгжлийн зорилгыг олон нийтэд сурталчлан таниулах, сайн туршлага, шинэлэг санаачилга, хөгжлийн шийдлийг түгээн дэлгэрүүлж, урамшуулах, 17 зорилгын хэрэгжилтэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улс дахь НҮБ болон холбогдох талуудтай хамтран Тогтвортой хөгжлийн зорилго дээд түвшний чуулга уулзалт, Тогтвортой хөгжлийн зорилго нээлттэй өдөрлөг, Тогтвортой хөгжлийн зорилгуудын үндэсний зөвлөлдөх уулзалт, Залуучуудын зөвлөлдөх уулзалт, Глобал цахим хэлэлцүүлэг, Дижитал хамтын ажиллагааны яриа хэлэлцээр, Тогтвортой хөгжилд шинжлэх ухаан, технологи, инновацыг ашиглах асуудлаарх зөвлөлдөх уулзалт, Тогтвортой хөгжлийн зорилго үндэсний хэлэлцүүлэг зэрэг чуулга уулзалтуудыг жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн байна. НҮБ-ын гишүүн улс орнууд Тогтвортой хөгжлийн зорилгыг үндэсний хөгжлийн бодлого, хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэхэд гарсан ахиц дэвшил, сургамж бэрхшээлээ үндэсний сайн дурын илтгэлдээ тусган бэлтгэж, тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтын үеэр танилцуулдаг. Эдийн засаг, хөгжлийн яамнаас Үндэсний сайн дурын II илтгэлийг 2023 онд боловсруулж, тус өндөр түвшний уулзалтад танилцуулсан байна. Үндэсний сайн дурын илтгэлдээ манай улсын хөгжлийн тулгамдсан бүс орон нутгийн хөгжлийн асуудлыг сонгон авч, тулгамдсан асуудлын шалтгаан, үр дагаварт цогцоор системийн шинжилгээний аргыг ашиглан шинжилж шийдвэрлэх шаардлагатай зангилаа асуудлыг тодорхойлсон аж. Энэхүү II илтгэл дата өгөгдөлд суурилсан үнэлгээнд тулгуурласнаараа онцлог байсныг Эдийн засаг, хөгжлийн сайд дурдаад “Энэ утгаараа тус илтгэлээс гарсан дүгнэлт, зөвлөмжийг ажил хэрэг болгохоор зорин ажиллаж байна” хэмээсэн. Үндэсний сайн дурын II илтгэлээс гарсан дүгнэлт , зөвлөмжид үндэслэн Тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх үндэсний үүрэг амлалтаа тодорхойлж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудлаарх дээд түвшний уулзалтад танилцуулсан байна. Энэ хүрээнд тэргүүлэх 12 чиглэлийг тодорхойлжээ. Тухайлбал, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, зах зээлийн эрэлтэд нийцсэн ажиллах хүчин бэлтгэх ; Э рүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, тэгш, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх ; И нновац, шинжлэх ухаан, технологид суурилсан дижитал шилжилтийг бүрэн хийх хэмээн тодорхойлжээ. Мөн с эргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх замаар эрчим хүчний тогтвортой найдвартай байдлыг хангах ; Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицох, байгаль орчны тогтвортой байдлыг хангах, аюул, гамшигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэх ; Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах ; Нэмүү өртөг шингэсэн тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх, зохистой хөдөлмөр эрхлэлт хүртээмжтэй ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдэл ядуурлын бууруулахаар тодорхойлсон байна. Түүнчлэн жендэрийн эрх тэгш байдлыг хангах ; Үр дүнтэй засаглал бодлогын уялдаа холбоог сайжруулах ; Бүс орон нутгийн хөгжлийг дэмжих ; Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг уртасгахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэмээн тодорхойлжээ. Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд НҮБ-тай хамтран "Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027" баримт бичгийг батлан хэрэгжүүлж байгааг Л.Гантөмөр сайд танилцууллаа. Энэхүү баримт бичгийн хэрэгжилтийг хангах, цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааг хэлэлцэх үүрэгтэй хамтарсан Удирдах хороог байгуулах юм байна. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Эдийн засаг, хөгжлийн яам болон Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нар, НҮБ-ын Суурин төлөөлөгч нар хамтран даргалж байгаа гэлээ. Хамтарсан хорооны 2025 оны ээлжит хурлаар НҮБ-аас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний тэргүүлэх чиглэлийг тодорхойлно гэв. Хүний эрх, жендэрийн тэгш байдал, ногоон санхүүжилт, боловсрол, залуучуудын хөгжлийн чиглэлд хамтран ажиллахаар шийдвэрлэжээ. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газраас ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулж, батлуулсан. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бүсчилсэн хөгжлийн бодлого, хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого гэсэн бодлогын тэргүүлэх 4 чиглэлийг Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх 12 тэргүүлэх чиглэлтэй уялдуулан боловсруулахад Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс хүчин чармайлт гарган ажилласан гэв. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүний хөгжлийн үзүүлэлтийг 10 байраар ахиулах, ядуурлын түвшнийг 2 дахин бууруулах, эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд хадгалах, 1 хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэхээр зорьж ажиллаж байгаа гэлээ. Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг боловсруулж, өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд тус баримт бичгийг Тогтвортой хөгжлийн зорилгын гол тулгуур “Хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримтална гэлээ. Хүн төвтэй хөгжлийн үзэл санаанд нийцүүлэн Тогтвортой хөгжлийн зорилгуудыг эрчимжүүлэх 12 тэргүүлэх чиглэлтэй уялдуулах юм байна. Бизнесийн орчны реформ ба чөлөөт эдийн засгийг цогцлоох зорилгыг дэвшүүлж өрхийн орлогыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих, шинжлэх ухаан, инновац, хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологид суурилсан мэдлэгийн эдийн засгийг дэмжих, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлд түлхүү анхаарч байгаа гэв. Мөн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулж байгааг дурдсан. Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, түүнийг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, О.Батнайрамдал, Б.Мөнхсоёл нар асуулт асууж, дээрх сэдвийн хүрээнд байр сууриа илэрхийллээ. Сэргээгдэх эрчим хүчний нөөцийг нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад үр дүнтэй ашиглах бодлогын талаарх гишүүний асуултад Л.Гантөмөр сайд хариулахдаа “Сэргээгдэх эрчим хүчийг хуримтлуулах асуудал нэн тулгамдсан асуудал бөгөөд өнгөрсөн жил эл асуудлыг шийдвэрлэсэн. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц удахгүй ашиглалтад орно. Дараа нь Эгийн голын цахилгаан станцыг оруулахаар судалгаа хийж байгаа” гэлээ. Түүнчлэн шинжлэх ухааны хөгжлийг дэмжих бодлогоо төсвийн бодлогоороо дэмжихтэй холбоотой Засгийн газрын байр суурийг тайлбарласан. О.Батнайрамдал гишүүн, ирээдүйн төлөвлөгөө, хөгжлийн бодлогын талаар ярихдаа хиймэл оюуныг тооцох шаардлагатай бөгөөд Монгол Улсын Засгийн газар энэ чиглэлд баримтлах бодлогоо яаралтай тодорхойлох шаардлагатай гэлээ. Хүний нөөц, хиймэл оюуны шилжилт болон ногоон хөгжлийн шилжилтийн бодлогыг батлахаар төлөвлөж байгаа талаар Эдийн засаг, хөгжлийн сайд мэдээлэл өгсөн. Б.Мөнхсоёл гишүүн, Үндэсний сайн дурын II илтгэлийн зөвлөмжид тусгасан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний шалгуур үзүүлэлт, тэдгээрийн зорилтот түвшнийг албан ёсоор баталгаажуулаагүй байгааг баталгаажуулах ёстой” гэсэн зөвлөмж хэрэгжсэн эсэхийг тодруулав. Нөхцөл байдлын дүн шинжилгээ хийгээд 146 шалгуур үзүүлэлт нэг бүрийг үндэсний бодлогын бичиг баримтад хэрхэн, яаж суулгах вэ гэдэг чиглэлээр НҮБ-ын харьяа байгууллагууд болон Суурин зохицуулагчийн газартай хамтран Монгол Улсын дунд хугацааны бодлогын баримт бичиг болох 10 жил, 5 жил, 4 жилийн бодлогын баримт бичгүүдэд шалгуур үзүүлэлт хэлбэрээр тусгаж албан ёсоор баталгаажихаар байгаа гэдэг хариултыг ажлын хэсгээс өгсөн юм. Тогтвортой хөгжлийн зорилгууд болон “Алсын хараа 2050” баримт бичгүүдийн уялдааг нягтлаад, хяналт шинжилгээ үнэлгээний шалгуур үзүүлэлтийг бүхэлд нь сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа Б.Мөнхсоёл гишүүн хэллээ. Ийнхүү Дэд хорооны хуралдаанаар Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, түүнийг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонссон юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

НББХ: Үндэсний зөвлөлүүдийн гишүүнд нэр дэвшигчдийн талаар мэргэжлийн дүгнэлт гаргах хараат бус шинжээчдийг томиллоо

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (202 5.04.0 8) -ийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл ( НДҮЗ )-ийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл ( ЭМДҮЗ ) -ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд н эр дэвшигч д ийн сонсгол д ажиллах хараат бус шинжээчдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны энэ сарын 01-ний өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн боловч хараат бус шинжээчид нэр дэвшигчдийг Улсын Их Хурлын гишүүд дэмжээгүй юм. Иймд энэ сарын 07-ны өдөр хийх байсан н эр дэвшигч д ийн сонсгол ыг хойшлуулж 14-ний өдөр зохион байгуулахаар товлоод байна. НДҮЗ болон ЭМДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гарга ж, сонсголд танилцуулах шинжээч ийг шалгаруулах тухай зарыг хуулийн дагуу олон нийтэд нээлттэй түгээсний дагуу МУИС-ийн Бизнесийн сургуулийн профессор, ШУА-ийн Бага чуулганы гишүүн Ч.Энхбаяр, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Л.Хоролсүрэн нар саналаа ирүүлсэн байна. НДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийн талаар дүгнэлт гарга х шинжээчид нэр дэвшигч Ч.Энхбаяр сүүлийн 20 гаруй жил МУИС-д ажиллаж байгаа бөгөөд Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор, Бизнесийн сургуулийн захирлаар ажиллаж байсан туршлагатай юм. Харин ЭМДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн талаар дүгнэлт гарга х хараат бус шинжээчид нэр дэвшигч Л.Хоролсүрэн АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд 2023 оноос багшилж буй бөгөөд 2021 оноос хүрээлэнгийн захирлын албан үүргийг эрхэлж байна. Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, С.Эрдэнэбат, Д.Үүрийнтуяа, Ж.Чинбүрэн нар хараат бус шинжээчид нэр дэвшигчдэд хандан үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа НДҮЗ -ийн болон ЭМДҮЗ-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд тус бүр нэг хүн нэр дэвшиж байгаа, харьцуулалт хийх боломжгүй ч гэсэн тэдний талаар үнэн бодитой, зоригтой дүгнэлт гаргаж ажиллахыг зөвлөв. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын сангуудын нөхцөл байдлыг сайтар судалж, бодит байдлыг үнэлж дүгнэсний үндсэн дээр уг сангуудын цаашдын үйл ажиллагаанд эерэг өөрчлөлт авчрах шийдвэрийг хурдтай гаргаж ажиллах чадвар, бусдын нөлөөнд автахгүйгээр даатгуулагчдын эрх ашгийн үүднээс ажиллаж чадах эсэх талаас нь нэр дэвшигчдийг сайтар харж шинжлээрэй гэлээ. Мөн тэрбээр сангуудын үйл ажиллагааг сайжруулахыг, Үндэсний зөвлөлүүдэд мэдлэг чадвартай, мэргэжлийн хүмүүсийг сонгож томилохыг олон нийт харж, хүлээж байгаа гэдгийг сануулав. Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа хараат бус шинжээчээр ажиллахаар саналаа ирүүлсэн Ч.Энхбаяр, Л.Хоролсүрэн нарт амжилт хүсээд, судалгаа шинжилгээндээ асуудлыг өргөн цар хүрээтэй харж, оновчтой дүгнэж чадах чадвартай эрдэмтэн, судлаач нар нэр дэвшиж байгаад баяртай байна гэсэн юм. Тэрбээр ЭМДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг даргалах учир Л.Хоролсүрэн шинжээчтэй хамтран ажиллах болж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нийгмийн эрүүл мэнд, эдийн засаг болон хуулийн үзэл санааг ойлгох чадвартай мэргэжлийн хүмүүсийг хараат бус шинжээчээр ажиллуулахаар нэр дэвшүүлж байгаа Нийгмийн бодлогын байнгын хороонд талархал илэрхийлж, ялангуяа ЭМДҮЗ-өөс өнгөрсөн хугацаанд гаргаж байсан шийдвэр, сангийн захиран зарцуулалт ихээхэн алдаатай явж ирснийг анхааруулан, Үндэсний зөвлөлүүдэд даатгуулагчдын эрх ашгийг төлөөлж ажиллах гишүүдийн зарчимч, тууштай байдал, үзэл санааг түлхүү харгалзаж дүгнэлт гаргахыг хүсэв. Мөн сангуудын үүрэг, зарчим, нөөц бололцоог нягтлан үзэж, үнэлгээ дүгнэлтдээ харгалзаарай гэлээ. Нийгмийн бодлогын Байнгын хорооны дарга Л.Энхнасан шинжээчдэд амжилт хүсэж, Улсын Их Хурлын гишүүдийн хэлсэн үг, саналыг харгалзаж ажиллахыг хүсэв. Тэрбээр, хараат бус шинжээчийг “... Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар томилно ” гэсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн заалтыг танилцуулаад санал хураалт явуулсан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 75.0 хувь нь профессор Ч.Энхбаяр, Л.Хоролсүрэн нарыг тус тус дэмжсэнээр “Хараат бус шинжээчийг томилох тухай” тогтоол батлагдлаа. Тогтоолоор нэр дэвшигчдийн талаар гаргасан дүгнэлтээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө Байнгын хороонд хүргүүлэх, нэр дэвшигчийн сонсголд оролцож дүгнэлтээ танилцуулахыг хараат бус шинжээчдэд үүрэг болго в гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид Британийн парламент дахь ОУПХ-той харилцах бүлгийн гишүүдтэй уулзлаа

Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 150 дугаар Ассамблей Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо үргэлжилж байна. Ассамблейд оролцож буй Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид Британийн парламент дахь ОУПХ-той харилцах бүлгийн дарга Фабиан Хамилтон болон гишүүдтэй уулзлаа. Уулзалтын эхэнд талууд өнгөрөгч гуравдугаар сарын 18-24-ний өдрүүдэд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ИБУИНХУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсныг тодотгож, энэ нь хоёр улсын харилцаанд онцлох үйл явдал болсныг цохон тэмдэглэлээ. Монгол, Британи улсууд газарзүйн байршлын хувьд хол ч ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсээр холбогдсон нь харилцаа, хамтын ажиллагааны тулгуур болсоор ирснийг УИХ-ын дэд дарга онцоллоо. Түүнчлэн хоёр улсын харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй тул Олон Улсын Парламентын Холбооны хүрээнд улам бүр өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн шинээр бүрдсэн парламентаас эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, төрөлжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч буйг тодотгоод хэлэлцэн баталсан зарим хууль, тогтоомжуудаас дурдлаа. ОУПХ-той харилцах Британийн парламент дахь бүлгийн дарга Фабиан Хамилтон, Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчидтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, парламентад жендэрийн тэгш байдлыг хангахад анхаарч, эмэгтэй гишүүдийн эзлэх хувиар Ази тивдээ тэргүүлэх үзүүлэлтэд хүрснийг сайшаан тэмдэглэв. Тэрбээр, УИХ-ын даргын айлчлалын үеэр Уэстминстерийн ордонд уулзалтууд амжилттай болсонд баяртай байгаагаа илэрхийлээд, айлчлалын үр дүнг бататгахад олон талт хэлбэрээр хамтран ажиллахаа хэллээ. Уулзалтын төгсгөлд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Британийн парламент дахь ОУПХ-той харилцах бүлгийн төлөөлөл энэ оны 6 дугаар сард манай улсад айлчлахаар болсонд баяртай буйгаа илэрхийлэхийн сацуу уг айлчлалыг үр дүнтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээ тодотголоо. Энэхүү бүлэгт Британийн парламентын Нийтийн болон Лордын танхимын гишүүд элсдэг бөгөөд дарга, дэд дарга болон удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг жил бүр сонгон томилдог байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Дархан-Уул аймгийн шүүхийн барилгын шав тавих ёслолд оролцов

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр ( 2025.04.07 ) Дархан-Уул аймагт ажиллаж, олон улсын жишигт нийцсэн шүүхийн барилгын шав тавих ёслолд оролцов. У лсын хэмжээнд 2025 онд таван байршилд шүүхийн зориулалтын барилга шинээр барих хууль, эрх зүйн орчныг У лсын Их Хурал 2024 онд бүрдүүлж, шаардлагатай хөрөнгө санхүүг шийдвэрлэн баталсан бөгөөд өнөөдөр Дархан-Уул аймагт олон улсын жишигт нийцсэн шүүхийн барилгын шавыг тавих арга хэмжээгээр эхлүүллээ. Өнөөдрийн арга хэмжээ нь Монгол Улсад шүүхийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй бодит дэвшил бөгөөд Дархан-Уул аймаг нь орон нутгийн шүүхүүдээс анхлан у лсын хэмжээнд орчин үеийн шүүхийн зориулалтын барилгатай болж байгаагаараа онцлог үйл явдал боллоо. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 88 шүүх, 40 шүүхийн Тамгын газар 40 байршилд үйл ажиллагаа явуулж байгаагаас 13 шүүх, 5 шүүхийн Тамгын газар түрээсийн байранд ажиллаж байна. Өөрийн байртай шүүхүүд ч мөн адил шүүхийн зориулалтаар баригдаагүй, банк, худалдааны төв, цэргийн анги зэрэг өөр зориулалтын байранд байрлаж буй нь салбарын үйл ажиллагаанд хүндрэл учруулсаар ирсэн билээ. Шинээр баригдах шүүхийн байр нь нийт 6138 м.кв талбай бүхий зоорьтой 5 давхар байхаар төлөвлөгдсөн. Иргэд, шүүгч, ажилтнууд, яллагдагч, шүүгдэгчдийн орох, гарах чиглэл тусдаа байхаар зохион байгуулалттай, түр саатуулах өрөөнөөс шууд шүүх танхим руу орох боломжтой , цахилгаан болон явган шаттай, иргэдийг хүлээн авах хэсэг, шүүх хуралдааны нийт 8 танхим, 105 м.кв талбай бүхий хуралдааны танхим, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны, өмгөөлөгч, прокурор, насанд хүрээгүй этгээдийн байцаалт авах, архив, сервер зэрэг архитектур төлөвлөлт нь шүүхийн аюулгүй ажиллагаа, хараат бус байдлыг хангахад чиглэсэн шүүхийн үйл ажиллагааны стандартад нийцүүлсэн шийдэлтэй юм.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням БНФУ-ын Сенатын гишүүн Саманта Казбонныг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн гишүүн Г.Дамдинням өнөөдөр (2025.04.07) Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын гишүүн , Сенат дахь Франц-Монголын парламентын бүлгийн гишүүн Саманта Казбонн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалт аар Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, хатагтай Саманта Казбонныг Монгол Улсад тавтай зочлохыг уриад хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд эрчимжин, улс төрийн агуулгаа эдийн засгийн харилцаагаар бэхжүүлж байгаад сэтгэл өндөр байдгаа илэрхийллээ. Энэ зорилгоор хоёр улсын төрийн тэргүүнүүд ойрын хугацаанд өндөр дээд түвшний айчлалуудыг хийсэн бөгөөд Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилсан нь тэмдэглэлт үйл явдал хэмээн онцлов . Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын гишүүн Саманта Казбонн, энэхүү уулзалт нь хоёр улсын парламентын найрамдлын бүлгийн үйл ажиллагаанд онцгой ач холбогдолтой гэлээ . Мөн хоёр улс нь ардчилсан, нээлттэй нийгэм, үнэт зүйлс нэгтэйн хувиар нягт хамтран, харилцан нэгнээ дэмжиж байх нь нэн чухал хэмээгээд ардчиллын үнэт зүйлсийг боловсролын салбараар дамжуулан хойч үедээ таниулж, өвлүүлэх нь тун чухал хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм. Талууд хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх чиглэлээр харилцан санал солилцов. Уулзалтад Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера тэргүүтэй албаны хүмүүс байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

УРАН БОЛОН ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран болон газрын ховор элемент тойрсон асуудлууд нэлээд эрчтэй яригдаж байна. Үүний зэрэгцээ энэ хоёр бүтээгдэхүүнийг адилхан, нэг зүйл мэтээр тайлбарлаж, олон нийтэд ташаа мэдээлэл хүргэх тохиолдол их байна. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Уул уурхай” буландаа Уран болон Газрын ховор элементийн тухай мэдээллийг хүргэж байна. Төрийн бодлогын ялгаа: Засгийн газар, Франц улсын “Орано Майнинг С.А.С” компанитай уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаар Монгол Улс дэлхийд уран экспортлох, энэ чиглэлд тоглогч болох боломж бүрдсэн билээ. Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төсөл байсан юм. Францын тал Монголд анх “Арева Монгол” компанийг байгуулж, “Кожеговь” охин компани нь 1997 оноос ураны хайгуул хийсэн юм. Геологи хайгуулын ажлын эхний 10 жилд Дорноговь аймагт Дулаан-Уул 6270 тонн, Зөөвч-Овоо54639 тонн ордыг нээсэн. Сүүлд нэмэлт хайгуулаар нийт нөөцийг 93291 тонн хүртэл өсгөөд байгаа. Энэ нь Монголын ураны батлагдсан нөөцийн талаас илүү хувийг дангаар бүрдүүлж байна. vЗасгийн газар газрын ховор элементтэй холбоотой бодлогоо төдийлөн тодорхой болгоогүй. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Өндөр технологийн түүхий эд болох газрын ховор элемент, үнэт, өнгөт, хар холимог металл, металл бус ашигт малтмал болон газрын тосны эрэл, хайгуулын ажлын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эрдэс баялгийн нөөцийг арвижуулна” хэмээн тусгасан юм. Үүнээс өөр илүү тодорхой хууль эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатайг зарим судлаач хэлдэг билээ. Ховд аймгийн Мянгад суманд хэрэгжиж буй газрын ховор элементийн Халзан бүрэгтэй төсөл нь Монголд хэрэгжиж буй цор ганц анхдагч төсөл юм. Юунд ашиглагддаг вэ? vУран бол радиоактив буюу цацраг идэвхт металл бөгөөд цөмийн эрчим хүч гаргахад ашигладаг. Цөмийн эрчим хүч бол өнөөдөр таныг биднийг, үр хүүхдийг утаагүй цэвэр орчинд амьдруулах, хөгжлийн суурь болох эрчим хүчний хүчирхэг эх үүсвэр гэдгийг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хүлээн зөвшөөрсөн билээ. vГазрын ховор элемент нь өндөр технологийн бүтээгдэхүүн. Тодруулбал, таны гар утас, компьютер, цаашлаад өдөр тутамдаа хэрэглэж буй бүх цахилгаан хэрэгслүүдийн үйлдвэрлэлд ордог. Бидний өдөр тутамдаа ашигладаг ухаалаг гар утас, цахилгаан автомашинаас гадна рентген туяа, удирдлагатай пуужинг газрын ховор элементгүйгээр үйлдвэрлэх, цаашлаад ашиглах боломжгүй билээ. Олборлолт vУран нь олборлолтын хувьд цацраг идэвхт тул зөв технологиор аюулгүйн дүрмийг ягштал мөрдөн олборлох шаардлагатай. Энэхүү байгалийн бүтээл нь тодорхой орд хэлбэрээр хуримтлагдсан байдаг юм. vГазрын ховор элементийг олборлоход нарийн төвөгтэй. Газрын хэвлийд хэр хэмжээтэй нөөц байгаагаас газраа яаж олборлохоо шийднэ. Бүх уурхай тоосжилт үүсгэнэ. Иймд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ их чухал. Манай улсад энэ чиглэлийн стандартыг шинээр батлах шаардлагатай. Манай улсад илэрсэн нөөц vМонгол Улс ураны багагүй нөөцтэй. Дорнод, Гурванбулаг, Улаан, Нэмэр, Мардайн гол, Хараат, Хайрхан, Гурвансайхан, Өлзийт, Дулаан-Уул, Зөөвч-Овоо, Энгэр ар, Далт гэх нийт 13 ордын 192 мянга гаруй тонн баталгаажсан ураны нөөц байгаа. Таамаг нөөц нь 1.3 сая тонн. Манай орны баталгаажсан ураны нөөц л гэхэд дэлхийн нийт ураны нөөцийн хоёр хувийг эзэлдэг бөгөөд Монгол Улс ураны нөөц хэмжээгээрээ дэлхийд 10-т жагсдаг байна. vМонгол Улсад газрын ховор элементүүдийн нөөц нь Дорнод, Хэнтий, Баян-Өлгий Ховд зэрэг аймагт илэрсэн байна. Тухайлбал, Улаандөлийн 124.78 тонн орд, Халзанбүрэгтэйн орд 1.511.6 мянган тонн орд, Мушгиа худгийн 365.1 мянган тонн орд, Хотгорын 1.213.7 мянган тонн нөөцтэй орд Цагаан чулуутын 274.55 тонн орд, Лугийн голын орд 14.5 мянган тонн орд тус тус орж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид Олон Улсын Парламентын Холбооны 150 дугаар чуулга уулзалтад оролцож байна

Олон Улсын Парламентын Холбоо ( ОУПХ ) -ны 150 дугаар чуулга уулзалт энэ сарын 5-9-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болж байна. Чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлыг төлөөлж Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны дэд ерөнхийлөгч О.Номинчимэг, Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Б.Пунсалмаа болон Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар оролцож байгаа юм. Энэ үеэр дэлхийн 181 орны парламентыг эгнээндээ нэгтгэсэн Олон Улсын Парламентын Холбооны бүтцийн байгууллагууд болох Удирдах зөвлөл, Байнгын хороод, Хүний эрхийн болон Ойрхи Дорнодын асуудлаарх хороод хуралдахаас гадна Эмэгтэй парламентчдын, Залуу парламентчдын форум тус тус зохион байгуулагдана. ОУПХ-ны 150 дугаар чуулга уулзалтын нэгдсэн хэлэлцүүлэг “Нийгмийн хөгжил, шударга ёсны төлөөх парламентын үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд өрнөж байна. Хэлэлцүүлгээр гишүүн орнуудын төлөөлөгчид мэтгэлцэх, санал солилцох, бүс нутгийн түншлэлийг бэхжүүлж, парламентын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой юм. Мөн Энх тайван, олон улсын аюулгүй байдлын болон Тогтвортой хөгжлийн байнгын хороогоор хэлэлцсэн асуудлаар тогтоол батлагдахаас гадна Нэгдсэн хэлэлцүүлгийн хүрээнд үр дүнгийн баримт бичгийг ёсчлон батлах аж. Ассамблейн эхний өдөр Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчид Эмэгтэй парламентчдын форумд оролцлоо. Ж ендэрийн тэгш байдал, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, эмэгтэй парламентчдын манлайлал, санаачилга, хамтын ажиллагаа бэхжүүлэх зорилготой уг форум байгуулагдсанаасаа хойш 40 дэх жилтэйгээ золгож байгаа аж. Эмэгтэй парламентчдын форумын үеэр жендэрийн тэгш харилцаанд тулгардаг саад бэрхшээлийг арилгах томоохон зорилтыг дэлхий нийтийн өмнө тавьсан Бээжингийн тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш мөн 30 жилийн ой болж буйг тэмдэглээд, төлөөлөгчдийн зүгээс өнгөрсөн хугацаанд гарсан ахиц дэвшил, цаашдын хандлага, шийдлийн хүрээнд харилцан зөвлөлдөв. Мөн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Пунсалмаа нар Ази, номхон далайн бүлгийн хуралд оролцож, бүс нутгийн түншлэлийг бэхжүүлж, гишүүн орнуудын хамтын ажиллагааг тэлэхэд парламентын үйл ажиллагааг чиглүүлэх хүрээнд харилцан санал солилцлоо. Өнгөрсөн онд Швецарын Холбооны Улсын Женев хотноо болсон ОУПХ-ны 149 дүгээр чуулга уулзалтын үеэр тус холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны гишүүнээр УИХ-ын гишүүн О.Номинчимэг сонгогдсон. Тэрбээр энэ удаагийн чуулганд Парламентчдын хүний эрхийн хорооны дэд ерөнхийлөгчийн хувиар ажиллаж байна. Дэлхийн 100 гаруй улс орны төлөөлөгчид чуулж буй уг ассамблейн үеэр Парламентын ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэг хуралдах бөгөөд тус хуралд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцох юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

НИЙСЛЭЛИЙН 18 БАЙРШИЛД ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР БАРИНА

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийслэлийн 18 байршилд олон түвшний уулзвар барина. Тодруулбал, Баруун 4 зам, Саппоро, Механик инженерийн сургууль, Төв шуудан, Гэсэр сүм, Баянбүрд, 32-ын тойрог, 17 дугаар сургуулийн уулзвар, Гадаад хэргийн яам, Төв шуудан, Зүүн 4 зам, Их монгол зэрэг 18 байршилд олон түвшний уулзвар 9000 метр авто зам, 4500 метр нүхэн гарц барихаар төлөвлөөд байна. Төсөл хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэнэ. 2025-2028 он хүртэл төслийг гүйцэтгэнэ. Олон түвшний уулзвар нь Улаанбаатар хотын төвийн бүсийн авто замын ачааллыг бууруулж, замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.04.04/ үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын нийтийн өргөдөл, гомдлын цахим системд ирүүлсэн өргөдлийг холбогдох байнгын хороонд шийдвэрлүүлэхээр хуваарилсан тухай танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.3-т нийтийн өргөдлийг дэмжсэн иргэдийн санал энэ хуулийн 95.2-т заасан тоонд хүрмэгц УИХ-ын дарга саналыг хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр холбогдох байнгын хороонд ажлын 5 өдрийн дотор хуваарилаж, нэгдсэн хуралдаанд танилцуулна гэж заасан. Монгол Улсын иргэн Энхтөрийн Батбаяр нийтийн ашиг сонирхлыг хөндсөн Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлах асуудлаар ажлын хэсэг байгуулах тухай нийтийн өргөдөл ирүүлснийг УИХ-ын нийтийн өргөдөл, гомдлын цахим системд 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байршуулсан. Уг өргөдөл 2025 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Монгол Улсын 18 насанд хүрсэн 33 мянга 42 иргэний санал авсан тул нийтийн өргөдөлд дурдсан асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр Төсвийн байнгын хороонд хуваарилж байна. Төсвийн байнгын хороо иргэний өргөдөлд дурдсан асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэв. Хуралдаан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэц Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “... Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, ... хууль дээдлэх ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... нас ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс ... нийгэм, хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Хууль зүйн б айнгын хороо уг асуудлыг хэлэлцээд Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Өмнөх өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч, үг хэлж дууссан. Тиймээс Хууль зүйн байнгын хорооноос гаргасан Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хорооны саналыг дэмжлээ. Ийнхүү Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн батлав. Түүнчлэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд болон Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулав. Эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан өмнөх өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Үргэлжлүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцууллаа. Тэрбээр, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, УИХ-ын 2024 оны 18 болон 5 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэх зорилгоор Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Монгол Улс дахь болон хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 22 дахь илтгэлд тусгасан дүгнэлт, зөвлөмжид нийцүүлж хуулийн төслийг боловсруулсан талаараа онцлов. Мөн хуулийн төсөлд оруулсан өөрчлөлтийг танилцуулаад хуулийн төсөл батлагдсанаар хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч байсан хүндрэл бэрхшээл арилж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан халдашгүй, чөлөөтэй байх болон өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах үндсэн эрх улам бүр баталгаажиж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод нийцэх юм байна гэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцсэн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Заяабал танилцуулав. Тэрбээр, хуулийн төсөл боловсруулсан үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарлаад, хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний халдашгүй, чөлөөтэй байх болон өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах үндсэн эрх улам бүр баталгаажиж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод нийцэх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин боловсронгуй болсноор хүний эрх, эрх чөлөөг хангах, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээн эдлүүлэх ажлын үр дүн дээшлэх, мөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цахим хэлбэрт шилжсэнээр зарим хэрэг, маргааныг богино хугацаанд хянан шийдвэрлэх замаар хүний эрх, эрх чөлөө хамгаалагдаж, шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж, иргэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран үйлчилгээг шат дамжлагагүй, шуурхай авах нөхцөл бүрдэнэ хэмээн хууль санаачлагч үзжээ. Хуулийн төслийг d.parliament.mn цахим хуудаст байршуулж иргэд, олон нийтийн санал авч байгаа болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 64,7 хувь нь үзэл баримтлалын хүрэээнд хэлэлцэхийг дэмжсэн болно гэв. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан намын бүлэг болон бүлэгт харьяалагдаагүй гишүүдээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу асуулт асуув. УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, дээрх хуулийг төсөлд хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хүний эрхийг хэрхэн хамгаалах талаар орсон заалтын талаар асуув. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны үе шат бүрд хүний эрхийн асуудал хөндөгдөж байдаг. Хүнийг саатуулах, баривчлах, цагдан хорих, шүүх зэрэг үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах гол баталгаа нь өмгөөлөл зүйн туслалцаа юм. Гэтэл прокурор буюу улсын яллагчийн эрхээс өмгөөлөгчийн эрх хязгаарлагдмал байгаа нь хүний эрхийг зөрчих нэг үндэслэл болдог. Энэ мэт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд олон жил яригдаж байсан шүүмжлэлийг залруулан хуулийн төсөлд тусгасан. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд хүний эрхийн нөхцөл байдал эрс дээшилнэ гэсэн хүлээлттэй байна гэв. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Л.Мөнхбаатар, Х.Тэмүүжин, Д.Очирбат, Н.Номтойбаяр нар асуулт асуув. Тухайлбал, хуулийн төсөлд хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан эсэхийг эргэн хянах, өмгөөлөгч шүүхэд нотлох баримт гаргаж өгөөд байвал шүүх хурал олон жил үргэлжлэх нөхцөл үүсэх магадлалтай учир ямар хүрээнд авч үзэх вэ, цахим төхөөрөмжөөс устгагдсан баримтыг сэргээсэн тохиолдолд нотлох баримтад тооцно гэж заасан. Үүнд тусгайлсан журам гаргах эсэх, хэргийг хэт хялбаршуулан шийдвэрлэхэд бүтээмж хэр өсөх, олон улсын хүний эрхийн эрх зүйн хөгжилтэй энэхүү хуулийн төсөл хэр нийцэлтэй байгаа талаарх асуултуудад Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хариуллаа. Тэрбээр, сүүлийн нэг жил нийт эрүүгийн хэргийн анхан шатны 33154 шүүх хуралдаан товлогдсоноос 16851 нь хойшилсон байна. Үүний 7141 нь буюу 42,3 хувь нь өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу хойшилжээ. Иргэний хэрэгт 59177 шүүх хурал товлогдсон бол 26525 нь хойшилсон. Өмгөөлөгчөөс шалтгаалан иргэний хэргийн 17,4 хувь хойшилжээ. Ингээд шүүх бүрд ийм статистик гарснаас эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан хамгийн олон хойшилсон байна. Өөрөөр хэлбэл, нийт хойшилсон шүүх хуралдааны 51,2 хувь өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу байжээ. Тэгэхээр эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн үүрэг, оролцоо хамгийн чухал. Гэхдээ хуралдааныг ямар тохиолдолд хойшлуулах талаар журмыг нь тодорхой болгох шаардлагатай гэж үзсэн. Олон оролцогчтой шүүх хурлыг зохион байгуулахдаа хүний эрхийн зөрчлийг арилгах заалт хуулийн төсөлд орсон. Тухайлбал, Хөгжлийн банкны хэргийг шүүхэд өөрт нь ямар ч хамааралгүй хэргийн шүүх хуралд 20 гаруй хоног зүгээр сууж байх жишээтэй. Тэгэхээр шүүх хурлаар хэлэлцэх асуудалд өөрт нь холбогдолгүй зүйл байвал оролцохгүй байх эрхийг нь нээж өгсөн гэсэн үг. Шүүх хуралд өмгөөлөгчийн зүгээс нэмэлт нотлох баримт гаргаж өгөх, нотлох баримтыг сэргээх боломжийг нээхээр хуулийн төсөлд тусгасан. Эдүгээ гэмт хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөж, залилангийн хэргийн 50-иас дээш хувь нь цахим залилан болж байна. Тийм учраас цахим нотлох баримтыг цуглуулах, сэргээх асуудал тулгарч байна. Цахим орчинд үйлдэгддэг гэмт хэргийг шалгах явцад баримтаа нэн даруй устгадаг, нуудаг. Тэгэхээр сэргээж гаргасан баримтыг нотлох баримтаар тооцохоос аргагүй. Манай улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессыг олон шалгуураар дүгнэж болно. Өнөөгийн хууль, тогтоомжийн хүрээнд хүний эрхийн шинэчлэлийн шинжтэй өөрчлөлт оруулах бүхий л боломжийг судлаад хуулийн өөрчлөлтөд тусгахыг хичээж ажиллалаа гэв. Түүний дараа хуулийн төслийг дэмжсэн болон эсрэг байр суурьтай намын бүлгийг төлөөлж болон бүлэгт харьяалалгүй гишүүд урьдчилан өгсөн нэрсийн дагуу үг хэлэв. УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ж.Чинбүрэн нар аливаа хэргийг шүүхдээ гэнэтийн гарсан дуулиан шуугианд хөтлөгдөж, түүнд хэт автах байдал буй болж байгааг анхаарахыг сануулаад хуулийн хэрэгжилтийг хангах нь хамгийн чухал гэдгийг онцоллоо. Мөн УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, хүний эрх гэдгийг үл ойшоох хандлага газар авч байна. Тухайн хүн албан тушаал ахих тусам хүний эрхийн зөрчил гаргах нь олонтаа. Төр, төрийн өмчит байгууллага, хувийн хэвшлийнхэн хамтдаа жил бүр хүний эрхийг асуудлыг хэлэлцдэг тогтолцоог бүрдүүлэх, хэлэлцдэг цахим платформтой болох зэрэг санал хэллээ. УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч дууссаны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Дараа нь Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг танилцууллаа. Мөн тус хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара танилцууллаа. Тэрбээр, хууль санаачлагч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар өмгөөллийн үйл ажиллагаатай хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхлэлтийн зохицуулалт нь өмгөөлөгчийн шалгалтад орох хуульчийн эрхийг зөрчиж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан бодит нөхцөл байдал үүсгэсэн байх тул иргэний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангах зорилгын хүрээнд уг хуулийн төслийг боловсруулсан байх бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар хуульч нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн шалгалтад ороход хууль бус хязгаарлалт тавигдахгүй байх боломж бүрдэж, хуулийн бусад зүйл, заалттай зөрчилдсөн зохицуулалтыг арилгана гэж үзсэн байна гэв. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй тул санал хураалт явуулахад тус хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Хуралдаан үргэлжлэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхлэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулсан бол тус хуулийн төслийг хэлэлцсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал танилцууллаа. Тэрбээр,  х ууль санаачлагчийн зүгээс Монгол Улсын иргэд цахим гэмт хэрэг, мөрийтэй тоглоом, залилах гэмт хэргийн хохирогч болж, эд хөрөнгөө их хэмжээгээр алдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, валютын гадагш чиглэсэн хяналтгүй урсгалыг зогсоох, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай х уулийн төсөл нь 3 зүйлтэй байх бөгөөд 1 дүгээр зүйлээр төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглох, 2 дугаар зүйлээр төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаанаас хасах, 3 дугаар зүйлд хууль хүчин төгөлдөр болох хугацааны талаар тусгажээ. Хуулийн төслийг d.parliament.mn цахим сайтад байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байна. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Л . Соронзонболд олон нийтийн телевизээр явагддаг эд , мөнгөний хонжворт сугалаатай холбоотой асуудалд судалгаа хийгдсэн эсэх , төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх, зуучлах зорилготой олон удаагийн үйлдэлтэй, сэжигтэй гүйлгээг хориглох, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн О . Номинчимэг төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглохоос гадна иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулах , донтолтоос урьдчилан сэргийлэх , соён гэгээрүүлэх ажлыг шат дараалалтай зохион байгуулах , хууль батлагдсаны дараа хэрэгжилтийг хэрхэн хангах , хэн хариуцах , Харилцаа холбооны зохицуулах хороо энэ асуудалд ямар үүрэгтэй оролцох , сошиал орчинд явагддаг зохих зөвшөөрөлгүй хонжворт сугалааны асуудлыг хэрхэн шийдвэрлэх , банкны гадаад гүйлгээний хяналтад дүн шинжилгээ хийсэн эсэх талаар , Улсын Их Хурлын гишүүн Г . Уянгахишиг Зөвшөөрлийн тухай хуульд төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглохоор тусгасан нь хууль зүйн техникийн хувьд зохисгүй бөгөөд уг асуудлыг тусгайлсан хуулиар зохицуулах нь зүйтэй талаар , Улсын Их Хурлын гишүүн Б . Жаргалан бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг хялбар аргаар мөнгө олох сэдлээр тоглож байгаа тул иргэдийн орлогыг сайжруулах арга хэмжээг авах , ажлын байрыг нэмэгдүүлэх , мөрийтэй тоглоомын талаарх хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох , хуулийн төслийн танилцуулга , үзэл баримтлалд тодорхой нэг компанийн нэрийг дурдаж нэг компанид чиглэсэн байдлаар хууль тогтоомж батлах нь тохиромжгүй байгааг цаашид анхаарах , банкны гадаад гүйлгээг хэрхэн хянах талаар , Улсын Их Хурлын гишүүн Р . Сэддорж хуулиар хориглохоор болж буй төлбөрт таавар, бооцоот тоглоом гэсэн агуулгад бооцоот морин уралдаан болон бусад спортын тэмцээн уралдааны бооцооны асуудал хамаарах эсэх талаар асуулт асууж, хариулт авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн О . Номинчимэг үүсээд байгаа асуудлыг хуулиар хориглох арга хэмжээ авч байгаа нь зүйтэй боловч хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад голлон анхаарах , шинэ төрлийн гэмт хэргүүдийн талаар судалгаа тооцоо хий ж иргэд цахим гэмт хэрэг, залилангийн хохирогч болох, эд хөрөнгөө их хэмжээгээр алдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх , соён гэгээрүүлэх ажлыг оновчтой зохион байгуулах талаар , Улсын Их Хурлын гишүүн Г . Уянгахишиг Засгийн газар хууль тогтоомжийн төсөл боловсруулахдаа хууль зүйн техник болон холбогдох хуулийн зарчмыг баримталж цахим гэмт хэргийн талаарх тусгайлсан хуулиа өргөн мэдүүлэх, хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр мөрдөн шалгах байгууллага дансны мэдээлэл гаргуулан авч байгаа асуудлыг холбогдох хуульд нийцүүлж тодорхой зохицуулах нь зүйтэй талаар , Улсын Их Хурлын гишүүн Б . Мөнхсоёл мөрийтэй тоглоомд хэт донтсоноос болж гэр бүлийн дотоод асуудал буюу гэр бүл салалт , үр хүүхдийн гэртээ учруулж буй эдийн засаг , сэтгэлзүйн асуудлууд үүсэж байгаа бөгөөд мөн төлбөрийн тэнцэлтэй холбогдуулан Монгол Улсаас гарах гадаад валютын урсгалд зохицуулалт хийх ёстой талаар , мөрийтэй тоглоомын донтолтын талаар баримтжуулан олон нийтэд түгээх , мэдээллээр хангах , өргөн мэдүүлсэн төсөл хууль хоорондын зөрчил үүсэх магадлалтай гэж зарим хуульчдын үзэж байгааг харгалзан үзэх , аливаа хөндөж буй асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх нь зүйтэй , нэг асуудлыг шийдвэрлэхийн тулд сөрөг үр дагаварыг бий болгох асуудал үүсгэдэг тул үүнд анхаарах , нухацтай үзэх , хугацааны хувьд дахин нягтлах талаар , Улсын Их Хурлын гишүүн М . Энхцэцэг ард иргэдийнхээ эрхийг хамгаалахын тул хуулийн төслийг маш яаралтай батлах нь зүйтэй талаар , Улсын Их Хурлын гишүүн О . Батнайрамдал цахим мөрийтэй тоглоомноос болж иргэдэд, нийгэмд хор хохирол учирч байгаа тул энэ хуулийн зохицуулалтыг яаралтай батлах нь зүйтэй талаар , Улсын Их Хурлын гишүүн Б . Жаргалан прокурорын байгууллагын зөвшөөрөлгүйгээр цагдаагийн байгууллага иргэдийн дансны мэдээллийг шууд гаргуулан эрхийг нээж өгч байгаа зохицуулалтыг дэмжихгүй байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Н . Учрал цахим мөрийтэй тоглоомыг зохицуулах хууль , эрх зүйн орчныг сайжруулах , хуулийн төслийг Улсын Их Хурлаар яаралтай хэлэлцүүлэн баталж , төрийн байгууллагуудыг чиг үүргийн дагуу ажлаа хийх боломж бололцоог бүрдүүлэх шаардлагатай талаар саналаа илэрхийлсэн болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ гэв. Үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүдийн асуулт хариултыг эхлүүлээд өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.04.04) УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Хууль санаачлагчийн зүгээс цагдаагийн байгууллага хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрхийг хүндэтгэх, тэдний аюулгүй байдлыг хангах, хамгаалах, хууль сахиулах ажлын ухагдахуун, ёс зүйг дээшлүүлэх бодлогыг хэрэгжүүлэх онол, практикийн сургалтын тогтолцоог илүү боловсронгуй болгох талаар тусгасан талаараа онцлов. Түүнчлэн, холбогдох журмаар зохицуулж буй хүний эрхийн хязгаарлалт, албадлага зэрэг арга хэмжээг гагцхүү хуулиар тогтоох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль тогтоомжоор хориглоогүй арга хэрэгслээр нийтэд мэдээ, мэдээлэл түгээх, гадаад улсад амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, олон улсын гэрээ, конвенцод тусгагдсан мендезийн зарчмаас хуульд тусгах, цагдаагийн алба хаагч ямар ч тохиолдолд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийж, хүний эрхийн аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдүүлэхээр тусгажээ. Мөн цагдаагийн албаны удирдлагын бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацааг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хууль хяналтын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг ижил төстэй байгууллагын удирдлагын бүрэн эрхийн хугацаатай ижил хугацаатай болгох, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбогдуулан цагдаагийн алба хаагч эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэхдээ хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ тасалдуулахгүй байх, удирдах алба хаагчийг сонгон шалгаруулах журмыг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах замаар төрийн албаны шатлан дэвших /мерит/ зарчмыг хэрэгжүүлэх ажиллагааг шударга, ил тод, нээлттэй болгох зэрэг асуудлыг тус хуулийн төсөлд тусган боловсруулсан байна. Хууль санаачлагч уг хуулийн төслийн талаарх Засгийн газрын өгсөн зөвлөмж, шаардлагыг хуулийн төсөлд нэмж тусган боловсруулсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар төсвөөс нэмэлт санхүүжилт шаардагдахгүй, цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

1 ... 67 68 69 70 71 72 73 74 75 ... 389