\2024.04.15\ ЭЦ-ГИЙН АЛБАНААС НЭГЖЛЭГИЙН БОЛОН БАРИВЧЛАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН БИЛЭЭ. ЭНЭ ТАЛААР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ.

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун "Цагдаагийн байгууллагаас өчигдөр буюу 2024 оны 4-р дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгаж байгаа хэргийн хүрээнд ажиллагаа явуулсан.

Нэр бүхий этгээдүүд бүлэглэж, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны 9-р дүгээр сараас 11-р дүгээр сарыг хүртэл бусдаар гадаад улсын бооцоот тоглоомын сайтад мөрий тавиулж, их хэмжээний мөнгийг алдсан гэх шалтгаанаар тухайн иргэнийг зодож, зорчих эрхийг хязгаарлан заналхийлж, хүнийг хүчээр алга болгох гэх хэргүүдэд иргэн Б-ын хамаарал бүхий "Алтайн хүдэр", "Бүрдэл Майнинг" компани болон Тээвэр Хөгжлийн Банк болон иргэдийн орон байр зэрэг 10 объектод нэгжлэг хийж, 100 гаруй боть санхүүгийн анхан шатны баримт материал, гадаад валют, эд зүйлсийг хурааж авсан.

Бусдын захиалгаар нэр бүхий этгээдүүд нь "Алдсан мөнгөө олж өг" гэх шалтгаанаар бусдыг хууль бусаар хорьж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, эд хөрөнгийн эрхийг шилжүүлж өгөхийг шаардаж өөрт нь болон түүний ойр дотнын хүнд хүч хэрэглэхээр заналхийлж, зорчих эрхийг хууль бусаар хязгаарласан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр шалгаж байна.

Дээрх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нэр бүхий дөрвөн иргэнийг өчигдөр баривчилж, хуулийн дагуу шүүхийн зөвшөөрөлгүйгээр 48 цаг цагдан хорихоор 461 дүгээр хорих ангид хүргэсэн.

Өнөөдөр эрүүгийн хуулийн дагуу хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлээд байна" гэлээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.