ЦЕГ: БАГА НАСНЫ ОХИН РУУ ЧАТ БИЧСЭН ЭРЭГТЭЙГ СААТУУЛАН ШАЛГАЖ БАЙНА

Нийгмийн сүлжээнд нэгэн иргэн охин руу нь насанд хүрсэн этгээд хуурамч хаягнаас чат бичсэн тухай нийтэлсэн.

Тэрээр "Өчигдөр унтах гээд хүүхдүүдийнхээ утсыг хурааж аваад Wifi-г нь хаах зорилготой байж байтал охины минь утсанд чат ирэв. Хальт хартал хуурамч хаягтай хүн охин руу минь чат бичиж зодолдохыг зааж өгөх, амттан авч өгөх, сургууль гэрийг нь асууж улмаар гэрийнх нь гадаа сургуулийнх нь гадаа уулзья гэсэн байна. Энэ чатыг нь би уншаад шууд BLOCK хийе гэж бодсон боловч дараа нь бас өөр хэн нэгний хүүхэд гэмт хэргийн хохирогч болчих байх гэсэн үүднээс таслан зогсооход бага ч гэсэн нэмэр болье гэж бодоод охиныхоо өмнөөс хуурамчаар чатлаж эхэллээ. Гэрийн хаягаа худлаа зааж маргааш нь уулзахаар болж охиноо утсаар яриулсаар байгаад ХУД-ийн Цагдаагийн I хэлтсийн хамт олонтой хамт гэмт этгээдийг үйлдэл дээр нь баримт нотолгоотой баривчлав. Нэмж зөвлөхөд, аль болох хүүхдийнхээ зураг бичлэгийг сошиал дээр тавихгүй байх нь зөв санагдлаа. Манайхан хонхны баяр, есдүгээр сарын 1 нд сургуулийн гадаа зураг оруулдаг анхаармаар юм байна лээ шүү. Одоо хүүхдүүдээ ангид нь оруулж өгч, ангиас нь авч байх болно" гэж нийтэлсэн юм. 

Хуурамч хаягаас бага насны охид руу чат бичиж, уулзах оролдлого хийсэн 36 настай эрэгтэй Б гэгчийг саатуулан шалгаж эхэлсэн гэдгийг ЦЕГ-аас мэдээллээ. 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.