НЭГҮҮН МЭДЭЭ
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОМИЛГООД Г.ЭРДЭНЭБАТЫН НЭР ДЭВШҮҮЛЭЛТ МАРГААН ДАГУУЛЖ БАЙНА

УИХ-ын дарга С.Бямбацогт Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат нарыг нэр дэвшүүлээд байна. Гэвч эдгээр нэр дэвшүүлэлт, ялангуяа Г.Эрдэнэбатын асуудал олон нийтийн дунд хүчтэй маргаан, эргэлзээ дагуулж эхэллээ. Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд Цэцийн гишүүн нь хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, эрүүгийн ял шийтгэлгүй, 40 нас хүрсэн Монгол Улсын иргэн байх ёстой гэж заасан. Харин Г.Эрдэнэбат өмнө нь эрүүгийн хэрэгт холбогдон ял шийтгүүлж байсан гэх асуудал нь энэ шаардлагыг хангаж байгаа эсэх талаар ноцтой асуулт үүсгэж байна. Хэрэв хуульд заасан үндсэн шалгуурыг үл тоон улс төрийн нөлөө бүхий томилгоо хийгдвэл Үндсэн хуулийн манаач байх учиртай байгууллагын нэр хүнд, хараат бус байдалд сэв суух эрсдэлтэй. Өнөөдөр нэг хүний асуудал мэт харагдавч маргааш хууль өөрөө үнэгүйдэх эхлэл болох вий гэсэн болгоомжлол ч гарч байна. Үндсэн хуулийн цэц бол улс төрийн өр төлөөс барагдуулдаг газар биш. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийг хамгаалах хамгийн өндөр институц. Иймээс нэр дэвшигч бүрийг хуульд заасан шалгуураар нь нээлттэй, ил тод үнэлж, олон нийтийн эргэлзээнд бодит хариулт өгөх ёстой. Эс бөгөөс энэ томилгоо "хууль хүн бүрт тэгш үйлчилдэг" гэх зарчимд хамгийн том цохилт болж үлдэх эрсдэлтэй.

ДЦС-5 ТӨСЛИЙН ТАЛБАЙГААС 102.9 МЯНГАН ШОО МЕТР ҮНСИЙГ ЗӨӨГӨӨД БАЙНА

Дулааны тавдугаар цахилгаан станц нь Улаанбаатар хотын цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэгцээг хангах, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой төсөл юм. Нийслэлийн баруун бүсийн хүн ам, орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний төвлөрөл нэмэгдэхийн хэрээр цахилгаан, дулааны хэрэглээ тогтмол өсөж байгаа бөгөөд шинэ станц ашиглалтад орсноор өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах боломж бүрдэх юм. Төслийн бүтээн байгуулалтын хүрээнд ДЦС-2 талбайд 1961 оноос хойш 65 жил хуримтлагдсан үнсийг зөөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 102,975 шоо метр үнс зөөсөн байна. Бетон зуурмагийн ажлууд болох зуурмагийн узелийн туузан дамжуулагчийн суурь, бункерийн суурь, авто жингийн суурийн ажлуудыг гүйцэтгэж дуусжээ. Төслийн хүрээнд 26 нэгж талбарыг чөлөөлөхөөс 25 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Мөн төслийн талбайд инженер-геологи, геотехникийн судалгааны өрөмдлөгийн ажил бүрэн дуусаж, станцын үндсэн тоног төхөөрөмж болох зуух, турбин, генератор, трансформаторын захиалгыг хийжээ. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж буй. Түншлэлийн нийт хугацаа нь 27 жил бөгөөд үүнээс 2.5 жил нь барилга угсралтын үе шат, үлдсэн 25 жил нь ашиглалтын хугацаа байх юм. Төлөвлөгөөгөөр 2028 онд ашиглалтад өгөхөөр ТЭЗҮ-д тусгасан байна. Түншлэлийн хүрээнд 300МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын барилга, байгууламж, үндсэн болон туслах тоног төхөөрөмж, дагалдах хяналт удирдлагын систем болон станцын бүрэлдэхүүн хэсэг, дэд бүтэц, шугам сүлжээ, туслах байгууламж болон дагалдах барилга байгууламжуудыг барихаар төлөвлөсөн.

ГАЗРЫН ТОС ОЛБОРЛОГЧ КОМПАНИУДАД 762 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛИЙГ СУУТГАН ТООЦНО

Засгийн газраас энэ төслийг өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүлж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр Төслийг танилцуулж, гишүүдийн асуултад хариулав. Энэ хуулийн төслийг өргөн барьсан шалтгаан, үндэслэл болон шинэ заалтыг танилцуулъя. Хуулийн төсөл, боловсруулах болсон үндэслэл, шаардлага, хууль зүйн үндэслэл Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх 14 мега төслийн 12-т “Газрын тос боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулна гэжээ. Тус төслийг хэрэгжүүлснээр жилд 1.5 сая тонн түүхий тосноос 1.3 сая тонн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг бүрэн хангах, импортын хараат байдлыг бууруулах, шатахууны үнийг бие даан, уян хатан зохицуулах боломж бүрдэнэ.” Гэжээ. Газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлыг бууруулах, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах зорилтын хүрээнд бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ)-ний дагуу газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх шаардлага үүсжээ. Мөн бүтээгдэхүүн хуваах гэрээний тогтвортой байдал, хэвийн үйл ажиллагааг хангах, бүтээгдэхүүн хуваалтаас Засгийн газарт ногдох тосны орлого болон татвар, төлбөрийг давхардуулахгүй байх замаар хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх, шинэ ордуудыг илрүүлэх, нөөцийг өсгөх, газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх шаардлагатай. БХГ-ний дагуу газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг” ХХК болон “Доншен газрын тос (Монгол)” ХХК-ийн хөрөнгө оруулалт, олборлолт буурчээ. Гол шалтгаан нь татвар, нийгмийн даатгал, аудит болон бусад хууль, эрх зүйн тогтворгүй байдал, орон нутгийн эсэргүүцэл зэрэг юм. Газрын тосны тухай 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр батлагдсан хуулийн дагуу 1993, 1995, 1997 онуудад байгуулагдсан бүтээгдэхүүн хуваах гэрээнүүд нь татварын багц хууль болон бусад хууль тогтоомжуудын өөрчлөлттэй зөрчилдөж эхэлснээр татварын асуудал үүсжээ. Тухайлбал, “Петрочайна Дачин Тамсаг” компанийн хувьд 2013-2024 оныг хамарсан татварын хяналт шалгалтаар нийт 703 тэрбум төгрөгийн акт тавигдсан. 2013-2020 оныг хамарсан нийгмийн даатгалд нийт 7.3 тэрбум төгрөгийн акт тавигдсан байна. Мөн холбогдох татварын хуулийн өөрчлөлтийн хүрээнд 2013 оноос 2014 оны Газрын тосны тухай хуулийг дагалдан өөрчлөлт орох хүртэлх хугацаанд хилээр оруулсан тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж, бараа материалд гаалийн тариф, НӨАТ болох 22.2 тэрбум төгрөг (16.6 сая ам.доллар)-ийг төлсөн. Мөн Тосон-Уул XIX талбайн БХГ-ний 8 дугаар зүйлийн 8.1-д роялти буюу газрын тосны нөөц ашигласны төлбөр нь Засгийн газарт ногдох ашигт газрын тосны хэсэгт багтахаар заасан. 2014 онд шинэчлэн батлагдсан Газрын тосны тухай хуульд өмнө байгуулагдсан БХГ-үүдийн төлбөр, өртөг нөхөлт, бүтээгдэхүүн хуваалтын хувь хэмжээг гэрээнд заасан хувь хэмжээгээр зохицуулахаар тус тус заажээ. Гэвч Үндэсний аудитын газраас Тосон-Уул XIX талбайн 2014-2018 оныг хамарсан аудитаар газрын тосны нөөц ашигласны төлбөр 66.7 тэрбум төгрөгийг нөхөн төлөх акт тавьсан байна. “Доншен газрын тос (Монгол)” компанийн хувьд мөн адил шалтгаанаар 2012-2023 оныг хамарсан татварын хяналт шалгалтаар нийт 23.8 тэрбум төгрөгийн акт тавигдсан. Түүхий тос хуваалтын экспортын цэгтэй холбоотой зардлын ангиллын маргаанаас үүдэлтэйгээр Үндэсний аудитын газраас 2014-2022 оныг хамрах хугацаанд хооронд 12.4 тэрбум төгрөгийн албан шаардлага, акт тавьсан. Цаашид жил бүр энэ төлбөр нэмэгдэн гарахаар байна. Мөн Дорнод аймгийн Аудитын газраас Ашигт малтмалын тухай хуулийг үндэслэн “Петрочайна Дачин Тамсаг” компанийг гадаад ажилтны квот хэтрүүлсэн шалтгаанаар 5.3 тэрбум төгрөг нөхөн төлүүлэх акт тавьсан бол Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас Бичигт боомт руу түүхий тос тээвэрлэж, байгаль орчинд хохирол учруулсан гэж үзэж 21.5 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх гэрээг тухайн тусгай зөвшөөрлийн талбай орших сумын Засаг даргатай байгуулахаар Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17-д заасныг үндэслэн Дорнод аймгийн Халх гол, Матад сумдаас нийт 5.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг нэхэмжилсэн. Эдгээр нөхцөлийн улмаас газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулж буй компаниудын дансыг битүүмжилж, хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж, улмаар ус, цахилгааны төлбөр, хураамж болон ажилчдын цалин хөлс, хангамж, туслан гүйцэтгэгчдийн төлбөрийг төлөх боломжгүй болох нөхцөл үүсжээ. “Петрочайна Дачин Тамсаг ХХК” нь БХГ-т Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд нийт 4.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт (өртөг нөхөгдөх зардал) хийснээс 1.8 тэрбум ам.долларыг өртөгт газрын тосоор нөхөн авч, 2.5 тэрбум ам.долларыг нөхөж авах дутуу байна. “Доншен газрын тос (Монгол)” ХХК-ийн хувьд 1997 оны бүтэгдэхүүн хуваах гэрээт талбайд нийт 350.1 сая ам.долларын хөрөнгө оруулалт (өртөг нөхөгдөх зардал) хийснээс 194.0 сая ам.долларыг өртөгт газрын тосоор нөхөн авч, 156.2 сая ам.долларыг нөхөж авах дутуу байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд гэрээлэгч нь холбогдох татваруудаас чөлөөлөгдөнө. Хэрэв Засгийн газрын аль нэг байгууллагаас шаардсаны дагуу төлбөл Засгийн газар нөхөн төлөхөөр зохицуулжээ. Эдгээр компани бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацаанд нийт 12 сая тонн газрын тос олборлож, 11.5 сая тонн газрын тос экспортолсон бөгөөд бүтээгдэхүүн хуваалтаар улсын төсөвт нийт 3 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн. Сүүлийн гурван жилд буюу 2023 онд 304 тэрбум төгрөг, 2024 онд 237 тэрбум төгрөг, 2025 онд 231 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн бол 2026 оны төсвийн хуулиар 231.5 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээний суурь зарчмын дагуу татвар, бүтээгдэхүүн хуваалтын орлого хоёрыг давхардуулахгүйгээр нэгэнт үүссэн актуудын төлбөрийг шийдвэрлэх шаардлага үүсжээ. Актуудын төлбөр нийт 762 ТЭРБУМ ТӨГРӨГТ хүрчээ. Иймд газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, холбогдох татвар, шимтгэл, актын төлбөрийг тухайн жилийн төсвийн тухай хуульд тусган, бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан Монгол Улсын Засгийн газрын үүргийн дагуу үе шаттайгаар Монгол Улсын Засгийн газарт ногдох газрын тосны төлбөрт суутган тооцох замаар шийдвэрлэнэ. Энэ зорилгоор Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай болон тэдгээрийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслийн зорилго: Бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөлийг тогтвортой хадгалах, гэрээнд заасан татвар, шимтгэл, нөөц ашигласны төлбөрийн зохицуулалтыг олон улсын гэрээтэй адилтган гэрээний дагуу хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг тодорхой болгох Хуулийн төслөөр дараах харилцааг зохицуулна: 1991 оны Газрын тосны тухай хуулийн хүрээнд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээнд мөрдөх холбогдох татвар, төлбөр, нөөц ашигласны төлбөрийн зохицуулалтыг тодорхой болгох; шинэчилсэн Газрын тосны тухай хуулийн зарим зохицуулалт өмнөх гэрээнд шууд үйлчлэхгүй байх эрх зүйн үндсийг тогтоох; бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд үүссэн татвар, нийгмийн даатгал болон аудитын актын төлбөрийг Засгийн газрын хүлээсэн үүргийн хүрээнд зохицуулах; төрийн байгууллага болон гэрээлэгчийн хоорондын эрх, үүргийн хэрэгжилтийг тодорхой болгох; өмнө байгуулсан гэрээний тогтвортой байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулна. Хууль батлагдсаны дараа үүсэж болох эдийн засаг, нийгэм, хууль зүйн үр дагавар 1/Өмнө байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийн эрх зүйн орчны тодорхой, тогтвортой байдлыг хангана; 2/Хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, газрын тосны салбарын хөрөнгө оруулалтын орчин тогтворжино; 3/Татвар, шимтгэл, төлбөртэй холбоотой асуудлыг нэгдсэн байдлаар зохицуулна; 4/Газрын тосны салбарын үйл ажиллагааны тасралтгүй байдал хангагдана; 5/Төр болон хөрөнгө оруулагчийн хоорондын маргаан буурна. Хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт шууд нэмэлт зардал үүсгэхгүй. Бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд үүссэн төлбөр, тооцоог гэрээний нөхцөлд нийцүүлэн үе шаттайгаар зохицуулах эрх зүйн орчин бүрдэнэ. Эх сурвалж: parliament.mn

НИЙСЛЭЛИЙН МАН ДОТРОО ДАЙНТАЙ: ЭРХ МЭДЛИЙН ТУЛААНЫ ЗОЛИОС НЬ ХОТЫН ТӨСЛҮҮД ҮҮ?

Нийслэлийн удирдлагын түвшинд эрх мэдлийн төлөөх тэмцэл улам ширүүсч, олон тэрбум төгрөгийн төсөл, бүтээн байгуулалтууд улс төрийн зэвсэг болон хувирчээ. Улс төрийн хүрээнд яригдаж буй мэдээллээр нийслэлийн МАН-ын удирдлагыг Х.Нямбаатараас авах өрсөлдөөн ид өрнөж, үүний нөлөө хотын томоохон төслүүдэд хүртэл тусч эхэлсэн гэх хардлага гарч байна. Үүний нэг жишээ нь Туулын хурдны замын төсөл. Төслийг түр зогсоож, улмаар хотын удирдлагын багийн гишүүдийг хуулийн байгууллагууд шалгаж эхэлсэн нь улс төрийн тохироо юу, эсвэл хууль хяналтын энгийн ажиллагаа юу гэсэн асуултыг дагуулж байна. Хотын даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайг эхнэрийнхээ дансаар дамжуулан 6.6 тэрбум төгрөг шилжүүлэн авсан байж болзошгүй асуудлаар шалгаж буй талаар хуулийн байгууллага мэдээлсэн. Үүний дараа тэрээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж, мөрдөн шалгах ажиллагаанд хамрагдахаа мэдэгдсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт АТГ-аас яллагдагчаар татан шалгаж эхэлсэн талаар мөн мэдээлэгдсэн. Үүний зэрэгцээ хотын даргын талаас ч улс төрийн хариу алхам хийсэн гэх дүгнэлт улс төрийн хүрээнд өрнөв. НИТХ-ын дарга асан А.Баяр албан тушаалаасаа чөлөөлөгдөж, түүний оронд Д.Ихбаярыг олонхын саналаар томилсон. А.Баярыг ХББОС-ын сайд Э.Бат-Амгалантай ойр улс төрийн хүн гэж үздэг байсан тул энэ өөрчлөлтийг эрх мэдлийн дотоод тэмцлийн үргэлжлэл гэж тайлбарлах хүмүүс цөөнгүй байна. Өнөөдөр нийслэлд бүтээн байгуулалтын төлөө биш, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн илүү хүчтэй өрнөж байгаа дүр зураг харагдаж байна. Харин энэ тэмцлийн бодит хохирогч нь иргэд, хотын хөгжил, удааширсан төслүүд болох вий гэсэн болгоомжлол улам нэмэгдсээр байна. Эрх мэдлийн төлөөх улс төрийн тулаан эцэстээ авлига, албан тушаалын хэрэг, хууль хяналтын байгууллагын хаалга татсан асуудлуудаар өндөрлөж байсан жишээ Монголын улс төрд цөөнгүй. Энэ удаад ч түүх давтагдах эсэхийг цаг хугацаа харуулах биз.

БҮРЭН ЭРХ НЬ ДУУССАН ҮХЦ-ИЙН ДАРГА Г.БАЯСГАЛАНГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат нарыг 84 хувийн саналаар ҮХЦ-ийн гишүүнээр томилсон. Тэгвэл бүрэн эрхийн хугацаа нь дуусаад нэг жилийн хугацаа өнгөрөөд байсан ҮХЦ-ийн дарга Г.Баясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тэрбээр УИХ-аас санал болгосноор Монгол Улсын Их Хурлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны 58 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон. Харин 2024 оны 5 дугаар сарын 31-нд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний олонхын саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдож байв.

НОГООН АВТОБУСНЫ ДУУЛИАНААС Д.СУМЪЯАБАЗАР "ЦЭВЭР" ҮЛДЭЖ, Ж.СҮХБААТАР ГАНЦААРАА ХАРИУЦЛАГА ҮҮРЭХ ҮҮ?

УИХ-д гурван удаа сонгогдож, салбарын сайдын алба хашиж явсан Д.Сумъяабазар улс төрийн хамгийн том сорилттойгоо хотын даргын суудал дээр нүүр тулсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ хүртэл татгалзан нийслэлийн Засаг даргаар томилогдсон тэрбээр албан тушаалдаа орсон эхний өдрөөсөө "дээшилж байна уу, доошилж байна уу" хэмээн эргэлзэж байсан бол удалгүй нийслэлийн түүхэн дэх хамгийн маргаантай төслүүдийн нэг болох ногоон автобусны дуулианы төвд орсон юм. Нийтийн тээврийг шинэчлэх нэрийн дор Солонгосоос ашиглалтаас гарсан автобус худалдан авсан гэх асуудал ил болж, 318 тэрбум төгрөгийн тендер тойрсон ноцтой маргаан дэгдсэн. Энэхүү дуулиан хотын удирдлагын нэр хүндэд хүчтэй цохилт болсон ч улс төрийн хариуцлагын асуудал өнөөдөр хүртэл бүрэн тайлагдаагүй хэвээр байна. Хамгийн анхаарал татсан нь уг асуудлын дараа Д.Сумъяабазар ямар нэгэн эрүүгийн хэрэгт холбогдон яллагдагчаар татагдаагүй бол, тухайн үед Хот хариуцсан сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байсан Ж.Сүхбаатар өнөөдөр ч хууль хяналтын байгууллагын шалгалтын төвд үлдсэн явдал юм. "Ногоон автобус"-ны гэх хэрэгт нийт 27 хүн яллагдагчаар татагдсан бөгөөд тэдний дунд УИХ-ын нэг гишүүн, нийтийн албан тушаалтан 18, гадаадын дөрвөн иргэн, хувийн хэвшлийн дөрвөн албан тушаалтан багтаж байна. 2024 оны сонгуулийн өмнөхөн Д.Сумъяабазар хотын даргын албан тушаалаа Х.Нямбаатарт шилжүүлэн өгч, улс төрөөс хэсэг хугацаанд хөндийрсөн. Харин ногоон автобусны дуулианы улс төрийн болон хууль эрх зүйн үр дагаврыг өнөөдөр хэн бодитоор үүрч байгаа вэ гэсэн асуулт олон нийтийн дунд хэвээр байна.

“60 ТЭРБУМ"-ЫН ДУУТАЙ ХАМТ ХОТЫН УДИРДЛАГА НУРЖ БАЙСАН ТҮҮХ ДАХИН САНАГДАЖ БАЙНА

2016 оны НИТХ-ын сонгуулиар МАН нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулж, 45 суудлын 34-ийг авч эрх мэдлийг бүрэн атгасан. Ингэснээр Ц.Сандуй НИТХ-ын дарга, Су.Батболд нийслэлийн Засаг даргаар томилогдож, хотын удирдлагыг МАН дангаар бүрдүүлсэн юм. Гэвч удалгүй Монголын улс төрийг донсолгосон "60 тэрбум"-ын дуулиан дэгдэж, эрх мэдэл, албан тушаалыг наймаалцах тухай гэх аудио бичлэг олон нийтэд ил болсон. Тус бичлэгт Ц.Сандуй, А.Ганбаатар нар төрийн өндөр албан тушаалуудыг мөнгөөр хуваарилах төлөвлөгөөг танилцуулж буй гэх агуулга яригдсан нь иргэдийн бухимдлыг дээд цэгт хүргэсэн. Дуулианы дарамтад орсон Ц.Сандуй НИТХ-ын даргын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорсон. Улмаар хэргийг хуулийн байгууллага шалгаж, анхан шатны шүүхээс Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг "төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан" гэм буруутайд тооцон дөрвөн жилийн хорих ял оноож, тэд 128 хоног цагдан хоригдсон. Гэвч давж заалдах шатны шүүх эцэст нь уг хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингэснээр нийслэлийн эрх мэдлийн төлөөх дотоод тэмцэл улам ширүүсч, Хотын дарга Су.Батболд ч улс төрийн шахалтын дунд албан тушаалаа өгсөн. Хотын удирдлага дахин дахин солигдож, эцэст нь Ж.Батбаясгалан түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж, дараа нь хотын даргын суудал С.Амарсайханд шилжсэн юм. Харин эрх мэдлийн төлөөх энэ бүх өөрчлөлтийн ард нийслэлчүүдэд амласан ажлуудын хувь заяа ямар болов? "Улаанбаатарыг дүүжин тээвэртэй болгоно" гэсэн сүржин амлалт өнөөдрийг хүртэл бодит ажил болоогүй хэвээр. Эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнөж байсан ч иргэдийн хүлээлт, нийслэлийн хөгжил дахиад л хойш тавигдсан нь бодит үнэн хэвээр байна.

АН-ЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН СЭДВЭЭР МЭТГЭЛЦЭНЭ

УИХ-ын ээлжит асуулгын цаг өнөөдөр 14:00 цагаас товлогджээ. Энэ хүрээнд сөрөг хүчний гишүүдийн төлөөлөл "Нийгмийн хамгаалал уу, Нийтийн халамж уу" сэдвийн хүрээнд Ерөнхий сайдаас асуулт асууж мэтгэлцэнэ. АН-ын дарга О.Цогтгэрэл, Ц.Баатархүү, П.Батчимэг, Б.Жаргалан, Ц.Мөнхтуяа, Р.Сэддорж, Дав.Цогтбаатар, С.Цэнгүүн, Ө.Шижир, С.Эрдэнэболд нарын гишүүд оролцохоор нэрээ өгч, асуултаа хүргүүлжээ. Тухайлбал, Б.Жаргалан: Монгол Улс хавтгайрсан халамжийн тогтолцоотой болсон гэдэгт та санал нэгдэж байна уу. Засгийн газар хавтгайрсан халамуийг халах чиглэлээр ямар дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ. Ц.Баатархүү: Засгийн газар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бүрдүүлэх болон бэлэн мөнгө, халамж тараах хоёрын заагийг хэрэхн харж байна вэ. Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын бодит үр дүн хэзээ гарах вэ. П.Батчимэг: Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд 2024 онд батлагдсан Ахмад настны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11, 9.12 дахь хэсэг, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсгийн хэрэгжилт өнөөдөр ямар байдалтай байна вэ.

ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ БАЙРШЛУУД

Зургаадугаар сарын 22-ний Даваа гарагт цахилгаан хязгаарлаж, засвар үйлчилгээ хийх байршлын мэдээллийг хүргэж байна.

ДАРХАН-УУЛ АЙМАГ: ХҮҮХЭД НЬ ЭЕШ-ТАЙ ӨДӨР ЭЦЭГ ЭХЭД НЬ ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОНО

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 25 өдөр түүхийн шалгалтаар эхэлнэ. Дархан-Уул аймгийн Засаг дарга хүүхэд нь элсэлтийн шалгалттай тухайн өдөр эцэг эхэд цалинтай чөлөө олгохыг бүх шатны төрийн байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо. Мөн ЭЕШ-ын өдөр шалгалт зохион байгуулагдах орчин, нөхцөлд саад учруулж болзошгүй аливаа бүтээн байгуулалт, засвар, үйлчилгээний ажлыг түр зогсоож, тайван, аюулгүй орчныг бүрдүүлэх, Цагдаагийн байгууллагаас зам, тээврийн хөдөлгөөний зохицуулалтыг зохих түвшинд хэрэгжүүлнэ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 392