ХЭҮК-оос чөлөөлөгдөх болсон С.Ганзоригийг Шүүхийн ерөнхий зөвлөл рүү “ДЭВШҮҮЛЭН ЗАЙЛУУЛАХ” гэж байна

ХЭҮК-ийн Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ганзориг нь “...иргэн Н.Ганхуягийн зураг нь хүний биометрик мэдээлэл болох тул мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр түүний зургийг Zuv.mn сайт нийтэлсэн” гэх агуулга бүхий албан бичгийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст шилжүүлж, Зөрчлийн тухай хуулиар тус сайтад 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан билээ.

Уг асуудал нийгэмд бухимдал үүсгэсэн тул Хүний эрхийн Үндэсний Комиссоос Ажлын хэсэг байгуулж, дурдагдаж буй гомдолд хууль, журмын дагуу шалгах ажиллагаа явуулсан эсэхэд дотоод хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргаж өчигдөр /2026.06.10/ танилцуулсан юм.  Улмаар Н.Ганхуягаас ирүүлсэн гомдолд тухайн үед шалгах ажиллагаа явуулж, хяналт тавьж ажилласан Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзориг гомдол шалгах ажиллагааг явуулахдаа Комиссын гишүүнээс өгсөн үүрэг, чиглэлийн дагуу гүйцэтгээгүй, холбогдох хууль, журмыг зөрчсөн болох нь тогтоогдсон тул Сахилгын шийтгэлээр төрийн албанаас чөлөөлөх бөгөөд одоогоор халах сонсох ажиллагаа ХЭҮК хийж байгаа аж.

 Тэгвэл ХЭҮК-оос чөлөөлөгдөх нь тодорхой болсон ХЭҮК-ын Хүний хувийн мэдээлэл хамгааалах хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ганзориг нь “дэвшигдэн зайлж” байгаа бололтой.  

Тэрбээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшжээ. Хүний эрхийн мэдрэмжгүй, албан тушаалтанд үйлчилдэг шударга бус гэдгээрээ олон нийтэд "алдаршаад" байгаа түүнийг Шүүхий ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшиж байгаа нь  шалгуур хангахгүй байна гэж үзэх хүн ч байна.

Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй, сүүлийн таван жил шүүгч, улс төрийн болон улстөрийн намын удирдах албан тушаал эрхлээгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй Монгол Улсын иргэн байх шалгууртай.

Хууль зүйн өндөр мэргэшилтэй гэх эхний шалгууртаа хүний эрхийн мэдрэмжгүйгээрээ “алдаршаад” буй С.Ганзориг шууд бүдэрч байгаа. ХЭҮК-т байхдаа хүний эрхийн мэдрэмжгүйгээ харуулсан тэрбээр  ШЕЗ-д ороод хзний эрхийг хангана гэдэгт олон хүн эргэлзэж байгаа юм.

 Хэрвээ С.Ганзоиг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн болбол бусдын зөрчигдсөн эрхийг сэргээх ажил доголдож, хараат бусаар ажиллаж чадахгүй байх гэсэн болгоомжлол бий.

ХЭҮК-оос “хөөгдөж” буй нэгэн “дэвшин зайлж” буй энэ үйлдлийн талаар бид эргэж мэдээлсээр байх болно.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.