ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ ЁСТОЙ ГАЗАР НЬ ӨӨРӨӨ АЮУЛЫН БҮС БОЛСОН ЮМ БИШ БИЗ?

2024 онд гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртөж байсан хоёр ихэр хүүгийн асуудал олон нийтийн анхаарлын төвд орж байлаа. Тухайн үед хүүхдүүдийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүссэн талаар мэдээллүүд гарч, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас холбогдох байгууллагуудад чиглэл өгч, асуудлыг шийдвэрлэхээ мэдэгдэж байсан.

 

Гэвч хоёр жилийн дараа бодит байдал ямар байна вэ?

 

Нэгэн үе "яаралтай арга хэмжээ авна", "хүүхдүүдийг хамгаална" гэж амлаж байсан төрийн байгууллагуудын ажлын үр дүн өнөөдөр харагдахгүй байна. Хоёр ихэр хүү өнөөдөр ч хамтдаа биш. Хүүхдийн эрхийг хамгаална гэж мэдэгдэж байсан хүмүүсийн амлалт хаана үлдэв?

 

Хамгийн ноцтой нь хамгаалалтад байсан хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэх асуудал юм. Хамгаалах байранд байх ёстой байсан нэг ихэр хүү эрэгтэй хүний хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл гарсан ч энэ асуудлыг холбогдох байгууллагууд дээд шатны байгууллагадаа бүрэн мэдээлсэн эсэх талаар олон нийтийн өмнө тодорхой тайлбар өгсөнгүй.

 

Хүүхдийг хамгаалах ёстой газар нь өөрөө аюулын бүс болсон юм биш биз?

 

Мөн СХД-ийн хамгаалах байранд байсан 7 настай охин хамт байрлаж байсан 16 настай хүүхдийн үйлдэлд өртсөн гэх мэдээлэл бий. Тухайн үед хамгаалах байранд хамгаалалтын ажилтан байгаагүй гэх мэдээлэл ч дагалдсан. Энэ хэрэг цагдаагийн байгууллага дээр хэрэг бүртгэл нээгдсэн, шалгагдаж байгаа бөгөөд прокуророос насанд хүрээгүй хүүхдийн асуудал учир мэдээлэл өгөхөөс татгалзсан юм

 

 

Энэ бүх хугацаанд СХД-ийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн удирдлагууд олон нийтийн өмнө хангалттай тайлбар өгсөн үү?

 

Тус хэлтсийн дарга Н.Хөхөө сэтгүүлчийн асуултад тодорхой хариулт өгөхөөс татгалзаж. Харин зарим мэргэжилтнүүд "тайлагнах албагүй" гэсэн байр суурь илэрхийлсэн.

 

Гэвч энд нэг зүйл тодорхой байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд тайлбар нэхэж байна. Хариуцлага нэхэж байна.

 

Хүүхдийн төлөө ажиллах ёстой байгууллагууд өөрсдийн нэр хүнд, албан тушаалаа хамгаалах уу, эсвэл хамгаалалтад байгаа хүүхдүүдээ хамгаалах уу?

 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан болон холбогдох удирдлагууд энэ асуудалд олон нийтэд нээлттэй тайлбар өгөх цаг болсон. Учир нь хамгаалах байранд байсан хүүхдүүд хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл гарч байхад чимээгүй өнгөрч болохгүй.

 

Өнөөдөр асуулт ганцхан байна.

 

Хүүхэд хамгааллын байгууллагууд хүүхдүүдээ хамгаалж чадсан уу?

 

Хэрэв чадаагүй бол хэн хариуцлага хүлээх вэ?

 

Т.Аубакир сайд аа хүүхдүүдийн аюулгүй байдал, эрх ашгаас илүү чухал зүйл төрийн байгууллагад байх ёсгүй. Энэ асуудлыг нээлттэй шалгаж, үнэн мөнийг тогтоож, хариуцлага тооцохгүй бол танай яам “ЯЛЗАРЧ” дууслаа.

 

 

 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.