НЭГҮҮН МЭДЭЭ
ХҮЧИНГИЙН ХЭРЭГТ СЭЖИГЛЭГДЭН ШАЛГАГДАЖ БАЙГАА М.НАРАНБААТАР ХАРИУЦЛАГААС МУЛТАРЧ , ХУУЛИЙГ ГАЖУУДУУЛЖ ЧАДАХ УУ

Энэ сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн захирал асан хүчингийн хэрэг үйлдсэн гэх гомдол мэдээлэл өргөдлөөр ирсэн байдаг. Тодруулбал , МҮОНРТ- ийн захирал асан одоогийн тус телевизийн Үндэсний зөвлөлийн дарга Мянганбуугийн Наранбаатар 32 настай эмэгтэйг хүчиндэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй нөхцөл байдлыг цагдаагийн байгууллагаас мэдээллийн дагуу материалжуулан шалгаж эхэлсэн. Эх сурвалжийн мэдээллээр, тухайн хохирогч эмэгтэй цагдаагийн хэлтэст өөрийн биеэр өргөдөл гаргасан. Мөн өмнө нь М.Наранбаатартай амрагийн харилцаатай байсан гэх мэдээлэл бий. Тэгвэл МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан М.Наранбаатар бэлгийн дур хүслээ зүй бусаар хангасан, хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй тус хэрэгтээ чичирхийлдэг хиймэл бэлэг эрхтэн ашиглаж, бэлгийн дур хүслээ зүй бусаар хангасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Тэрээр тус “чичирхийлдэг хиймэл бэлэг эрхтэн” – ээ цонхоор шидэж гэмт хэргээ нуун дарагдуулахыг завдсан боловч хэргийн газрын үзлэг хойшлуулшгүй ажиллагаа явуулсан цагдаагийн алба хаагчид орон сууцны гаднаас түүнийг нь олж илрүүлжээ. Эд мөрийн баримтыг олж илрүүлэх явц буюу хэргийн газрын үзлэг, хойшлуулшгүй ажиллагаанд орон сууцны оршин суугчид ч гэрч болжээ. Гэвч энэ асуудалд нь сэжигтэн этгээд болох М.Наранбаатар хариуцлагаас мултарч хэргийг хэрэгсэхгүй болгохын тулд гомдол гаргасан эмэгтэй “гомдолгүй” хэмээн өргөдөл гомдлоо буцаан татахыг завдсан байж ч болзошгүй гэх мэдээлэл бий. Хэдийгээр хохирогч гомдлоо татсан ч хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн тохиолдолд цагдаагийн байгууллага эцэслэн шалгах ёстой. Нөгөөтэйгүүр МҮОНРТ гэх төрийн байгуулагын төрийн алба хаагч төсвөөс цалинжиж та бидний татварын мөнгөөр тансагласаар ирсэн эрхэм ийнхүү зүй бус үйлдэлд нэр холбогдсон асуудал энэ хүрээд нам дарагдах нь өрөө зүй бус юм. Түүнийг мөн телевизээс төрсөн тэрбумтан ч хэмээдэг. М.Наранбаатар гэгч нь гурван удаа төрийн харьяат төсвөөс санхүүждэг МҮОНРТ-ын захирлаар томилогдож байсан бол өдгөө мөн л МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн даргын албан тушаалыг хашиж байгаа нь олон нийтийн радио телевиз бус Наранбаатарын телевиз болсон мэт ойлголт төрүүлэхүйц байсаар ирсэн. Нас барсан аавыгаа амьд мэтээр нотариатын итгэмжлэл үйлдүүлж банкнаас зээл авч байсан М.Наранбаатар үндэсний зөвлөлийг нь толгойлж үүний зэрэгцээ зүй бусаар завдсан хүчингийн гэмт хэрэгт ч нэр нь холбогдсон эрхэмээс үүдэн өнөөдөр үндэсний олон нийтийн гэх нөсөр бүтэцтэй телевизийн нэр хүндэд ч сэв сууж байна. Иймд төрөөс тэрбумтан төрсөн ч гэмт хэрэгт нэр холбогдож сэжиглэгдэн шалгагдсан ч хариуцлагаас мултарч хуулийг гажуудуулж чаддаг бохир жишгийг таслан зогсоох тод жишээ нь М.Наранбаатар байх нь зүйн хэрэг бололтой. [media=https://www.youtube.com/watch?v=Tyy2-W7zA5s]

НЭГ СУМЫН ИРГЭДИЙН ТАЛ НЬ ТАХИР ДУТУУГИЙН ГРУПП, ТЭТГЭМЖ АВЧ БАЙСАН ХЭРЭГ ЯМАР ШАТАНДАА ЯВНА !

Нэг хэсэг л Баян-Өлгий аймагт эрүүл саруул хүн ховор болсон талаар мэдээлэл гарсан. Нэг ёсондоо Татвар төлөгчдийн мөнгөний тодорхой хувь нь нийгмийн халамжийн санд ордог. Тэгвэл тэр мөнгөний ихэнх хувийг Баян-Өлгий аймгийнхан авдаг байх талтай ноцтой хэрэг гарсан байдаг. Хөдөлмөрийн чадвараа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд улсаас олгодог тэтгэмжийг хэрхэн олгож ирснийг он, cap, өдөр, тушаал шийдвэртэй нь шалган Хэлгүй дүлий гэх оноштойгоор тэтгэмж авч буй хэд хэдэн иргэдтэй уулзаж шалгахад эрүүл саруул хүмүүс тэтгэмж авч байсан нь нотлогдсон. Тус хэрэгтэй холбоотой 420 орчим иргэнийг шалгахад 268 иргэн буюу 68 хувь нь эрүүл саруул мөртлөө хуурамч бичиг баримт бүрдүүлэн үндэслэлгүйгээр улсаас мөнгө авч байсан нь тухайн үед тогтоогдсон. Улмаар Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Нэгдсэн эмнэлгийн 40 гаруй эмчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас авилга авч, хуурамч онош тогтоосон гэх үндэслэлээр шалгаж байгаа юм. Мөн тус аймгийн 514 иргэнийг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэнэ. Эрүүл мөртлөө, улсад их хэмжээний хохирол учруулж, халамжид хамрагдсан иргэдээс мөрдөн байцаалт тухайн үед авсан. хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч нарт дараах байдлаар мэдүүлэг өгсөн гэх. Тодруулбал : Манай омгийн ахлагч өвгөнд “Ойр тойрны хамаатан садан хүмүүсийг халамжинд хамруулж өгч болно. Харин надад ахиухан мөнгө өгөөрэй. Дараа нь ямар нэгэн хэл ам болоод байхаар гүй хүмүүс хэрэгтэй” гэж хэлжээ. Эмч надтай уулзаад “Ямар нэгэн хэл ам гаргаж, хүн амьтанд энэ талаараа хэлээд байв. Чамайг эмч нарт үзүүлсэн болгоод, бүх үзлэг оношилгоо хурлын шийдвэр зэргийг бид зохицуулна. Харин чи хэлгүй болмоор байна уу, дүлий болох юм уу. Чамайг насан туршдаа улсаас cap бүр мөнгө авдаг болгох гээд байна. Надад харин мөнгөө даруйхан өгнө шүү. Гэрийнхэндээ ч битгий хэлээрэй. Харин дараа нь ямар нэгэн байдлаар тус хүргэж байхгүй бол халамжаас шууд хасчихна шүү” гэх мэтээр сумаараа тэтгэмж аваад сууж байх жишээтэй. Тухайн үед АТГ-аас 500 гаруй иргэнээс мэдүүлэг авч, эмч нарт авлига өгснийг тогтоогоод байгаа юм. Эрүүл хүнийг хэлгүй, дүлий хөдөлмөрийн чадваргүй, сэтгэцийн өвчтэй болгож байгаа хор уршгаас болж яг халамжид хамрагдах ёстой иргэд л ард нь хохирч байгаа юм. Нэг ёсондоо Баян-Өлгий аймгийн эмч нар эрүүл хүмүүсийг эмч нарын хурлаар оруулж, халамжид хамруулаад дундаас нь ашиг хүртдэг байсан гэсэн үг. Тиймээс ч Баян-Өлгий аймгийн ихэнх эмчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Өөрөөр хэлбэл, хэрэг нь таслагдаж шүүхээр шийдэгдвэл Баян-Өлгий аймаг тэр чигтээ эмчгүй болох аюул тухайн үед нүүрлэж байгааг онцолж байлаа. Харин өнөөдрийн байдлаар энэ их оролцогч цаашлаад бүтэн аймаг, сумаараа холбогдсон хэрэг ямар шатандаа явна вэ? УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тухайн үед энэ талаар ам нээж байсан юм. Үнэхээр хэрэгтэй иргэддээ очдоггүй хавтгайрсан халамжаар халаасаа зузаалдаг байдал нэг аймгаар тогтохгүй олон байгаа гэдгийг учир мэдэх хүмүүс ч яриж байгаа юм. Тиймээс шийдвэрлэх арга зам зайлшгүй шаардлагатай гэдгийг онцолж байна. Хамгийн харамсалтай нь Группын мөнгө авдаг хүмүүсийн 68% нь цоо эрүүл байв. Өөрсдийгөө "Хөгжлийн Бэрхшээлтэй" гэж бүртгүүлээд улсаас сар бүр багадаа 251.000₮, хүүхдүүдээ бүртгүүлчихвэл сар бүр хүүхдийн тоогоор 155.000₮ халамж авдаг гэсэн үг. Яаралтай ийм зүйлийг таслан зогсоох хэрэгтэй.

29 НАСТАЙ ИРГЭНИЙГ ЭРЭМДЭГЛЭЖ, УУРХАЙН НҮХЭНД ХАЯСАН БАЙЖЭЭ

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт буюу есдүгээр сарын 24-ний өдөр бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан иргэний цогцос олдсон байна. Тодруулбал, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд ашиглагдахаа больсон уурхайн хуучин нүхэнд толгой, хүзүү хэсэгтээ шарх авсан 29 настай эрэгтэйн цогцос байжээ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, талийгаачийн цогцсыг эрэмдэглэж, хэвлийн хэсгийг чулуугаар дүүргэсэн байсан гэх ба гадуур нь борооны цуваар ороож, олсоор боосон байжээ. Албаны хүмүүс хэргийн газраас тамхины иш, гялгар уут, нүдний дуран зэргийг хураан авч, Шүүхийн шинжилгээний хүрээлэнд хүргүүлсэн байна. Урьдчилсан байдлаар талийгаачийг гаднын нөлөөтэй нас барсан гэж дүгнэж байгаа боловч үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоогоогүй байгаа аж. Талийгаач нь сураггүй болсон иргэдийн санд бүртгэлтэй байсан гэх ба цагдаагаас эрэн сурвалжилж байжээ. Тэрээр есдүгээр сарын 8-ны өдөр гэрээсээ гараад, эргэж ирээгүй учраас ар гэрээс нь цагдаад мэдэгдэж, эрэн хайх ажлыг эхлүүлсэн байжээ. Хэргийг Дундговь аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа бөгөөд хүний аминд хүрсэн байж болзошгүй этгээдийг эрэн сурвалжилж эхэлжээ.

КАПИТРОН БАНКНЫ АЖИЛТАНД ХУТГА ТУЛГАН ДЭЭРЭМДСЭН ЭТГЭЭДИЙГ СААТУУЛЛАА

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 дугаар хороолол 1042 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах Капитрон банкны тооцооны төвд 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 16.00 цагийн орчимд банкны ажилтан Г.Т-г ганцаараа ажиллаж байх үед үл таних 40-50 орчим насны этгээд гаднаас орж, хутга тулган ноцолдож дээрэмдэхийг завдсан хэрэг үйлдэгдсэн. Цагдаагийн алба хаагчид хэргийг үйлдсэн этгээдийг тасралтгүй эрэн сурвалжилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дүнд 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр уг хэргийг үйлдсэн байж болзошгүй 46 настай, эрэгтэй Э гэгчийг урьдчилсан байдлаар тогтоож баривчилан таслан сэргийлэх хойшлуулшгүй арга хэмжээ авч Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.2 зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар Хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэж Хан-уул дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

КОЙН ГЭСЭН БОЛГОН КРИПТОВАЛЮТ БИШ ! КОЙН БОЛ ХӨРӨНГИЙН БИРЖИЙН БҮТЭЭГДЭХҮҮН БИШ ! САЙН СУДАЛ НЯГТАЛ !

Дэлхий даяар маш олон койн гарч, олон нийтийг шуугиулж, цаагуураа эрсдэлийг дагуулсаар байгаа. Зарим хүмүүс Койн удахгүй мөнгийг орлож, төлбөрийн хэрэгсэл болно хэмээн үзэж байгаа. Тэгвэл зарим нь нэн эрсдэлтэй санхүүгийн схем ч гэж үзэж байгаа юм. Криптовалют гэдэг зүйл зөвхөн манайд ч биш, дэлхий дахинд нэгэн шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн, трэнд болчихсон. Олон улсад гарч байгаа койнуудын дийлэнх хувь нь хүмүүсийн богино хугацаанд ашиг олох гэсэн хүсэл дээр суурилж гарсаар байгаа юм. Бусад улс оронд янз бүрийн хуулийн зохицуулалт байдаг ч Монгол улсад хараахан хуулийн зохицуулалтгүй. Нарийвчилсан зохицуулалт хомс, олон нийтийн ойлголт хангалтгүй байгаа тул хөрөнгө оруулагчид хохирох, алдагдалд орох тохиолдол олон ч гардаг. Тодруулбал : олон улсад Onecoin гэх блокчейн технологид суурилаагүй, хуурамч сүлжээ олон иргэнийг хохироосон хэрэг гарч байсан. Тэгэхээр койн гэсэн болгон криптовалют биш байх эрсдэл байгаа тул иргэд маш сайн судалсны үндсэн дээр хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. -Сүүлийн үед иргэд хөрөнгийн захын мэргэжилтнүүдээс хувьцаа авах уу, койн авах уу, эсвэл бонд авах уу? гэж хандсаар байгаа гэнэ. Тиймээс ч дараах тодруулгыг мэргэжлийн хүмүүс онцолж байгаа юм. Товчхондоо бирж дээр арилжигдаж байгаа хувьцаа болон бондын ард талд бодитой компани, бизнес, хөрөнгө, орлогын эх үүсвэр байдаг. Гэтэл дийлэнхи койны ард талд бодит хөрөнгө, орлогын эх үүсвэр бүрдүүлэгч байдаггүй. Монголын Хөрөнгийн бирж дээр гарч байгаа хувьцаа, бондыг Санхүүгийн зохицуулах хороо, бирж хянаж, үнэлгээг нь нягталсны үндсэн дээр олон нийтэд арилжаалах зөвшөөрөл олгодог. Мөн Хороо, Сангийн яамнаас зөвшөөрөл авсан аудитын, үнэлгээний компаниуд гэх мэт олон талын оролцоотойгоор хувьцаа, бонд болон бирж дээрх бусад бүтээгдэхүүний хяналт хийгддэг байна. - Гэтэл койныг хянаж байгаа субъект одоогоор монгол улсад байхгүй. Тиймээс найдвартай хөрөнгө оруулалт хийхийн тулд олон шалгуур даван хөрөнгийн зах дээр гарч ирж байгаа хувьцаа болон бондод хөрөнгө оруулалт хийх нь эрсдэл багатай гэдгийг онцолж байна. Мөн койн бол хөрөнгийн биржийн бүтээгдэхүүн биш гэдгийг Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай онцоллоо. Тэрээр хэлэхдээ : -Монголын хөрөнгийн бирж албан ёсоор, хуулийн хүрээнд арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, зохицуулалттай үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор ямар ч койн арилжаалдаггүй. Койн арилжаалж байгаа биржүүд гэдэг нь үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд биржийн зөвшөөрөл аваагүй онлайн платформууд юм. Биржээр их хэмжээний мөнгө дамжиж, иргэдийн мэдээлэлтэй харьцаж байдаг учраас программ хангамж, эрсдэлийн удирдлага, мэргэшсэн боловсон хүчин гээд маш олон шалгуур хангаж байж бирж болдог. Хөрөнгийн бирж гэдэг яг л банктай адилхан, иргэдийн санхүү мөнгөтэй харьцдаг, хуулийн тусгай зохицуулалтад байдаг байгууллага шүү дээ. Койнууд болон ижил төстэй бүтээгдэхүүнүүдийг бүртгэлжүүлэх, койны арилжаанд зуучилж буй платформуудын үйл ажиллагааг зохицуулах хуультай болох ёстой хэмээн онцолжээ. Энэ нь нэг ёсондоо монгол улсад хараахан хуульчлаагүй байгаа Койнруу хамраа дүрэхээсээ өмнө сайн судал гэдгийг л иргэдэд сануулсаар байгаа юм. Хуульчлаагүй зүйлд хамаг хөрөнгөө даатгаад дараа нь гарах эрсдэлээ тооцоолох боломжгүй. Одоогийн байдлаар УИХ дээр Виртуал хөрөнгийн хуулийн төсөл хэлэлцэгдэж байна. Энэ хууль батлагдсанаар криптовалютын арилжаа эрхэлж буй этгээдүүдийн үйл ажиллагааг хяналт зохицуулалтад оруулж, хөрөнгө оруулагчид хохирох эрсдэлийг бууруулах, тэдний эрх ашгийг хамгаалах, криптовалютын гүйлгээ, арилжаанаас олсон орлогод татвар ногдуулах, далд эдийн засгийг хумих зэргээр криптовалюттай холбоотой эрх зүйн орчныг сайжруулах нөхцөл бүрдэх талтай юм. - Гэхдээ энэ бол зүгээр л хуульчилсан цагт хөрөнгөө хуулийн дагуу хамгаалуулна гэсэн үг. Яг үүнтэй зэрэгцэн манай урд хөршид томоохон хориг тавигдаж эхлээд байна. Жишээлбэл : БНХАУ-ын төв банк крипто-валютын бүх төрлийн гүйлгээг хууль бус хэмээн зарлаж Bitcoin тэргүүтэй дижитал токенуудыг хориглоод байна. Төв банкны мэдэгдэлд "Виртуал валюттай холбоотой бизнесийн үйл ажиллагаа нь хууль бус санхүүгийн үйл ажиллагаа юм. Уг үйл ажиллагаа нь ард түмний эд хөрөнгийн аюулгүй байдалд эрсдэл учруулж байгааг анхааруулж байна" гэв. Хятад улс нь крипто-валютын арилжааны хамгийн том зах зээлийн нэг бөгөөд тус улс дахь гүйлгээний өөрчлөлт дэлхийн крипто-валютын үнэд хүчтэй нөлөөлдөг. Улмаар Хятадын төв банкны мэдэгдлийн дараа Bitcoin-ы ханш 2000 ам.доллараар унаад байна. Хятад улс энэ төрлийн гүйлгээг 2019 онд албан ёсоор хориглосон ч иргэд гадаад биржээр дамжуулан идэвхтэй байсаар байгаа юм. Харин одоогоос тус улс крипто-валютын гүйлгээг бүх талаар нь зогсоохыг хүсэж байна. Энэ төрлийн хууль бус үйл ажиллагаа эрхлэгчийг гэмт хэрэг үйлдэж байна гэж үзэх бөгөөд зохих хариуцлагыг ногдуулна гэж мэдэгдэлд дурджээ. Мөн крипто-валютын гүйлгээг хийдэг гадаадын вебсайтуудын үйл ажиллагааг хууль бус хэмээн онцлоод байна.

ХАЛДВАР АВЧ ХҮНДЭРСЭН ИРГЭДИЙГ ХЭВТҮҮЛЭХ НЭГ Ч ОР УЛСЫН ХЭМЖЭЭНД БАЙХГҮЙ

Коронавирусийн халдвар манай Улсад анхлан бүртгэгдсэнээс хойш өдгөө хоёр жилийн нүүрийг үзэх гэж байна. Халдвар авсан иргэд эмнэлэг бараадсан ч оргүй гэх шалтгаанаар буцаасаар олон хонолоо. Гэртээ харихаар гэр бүлийнхэн, хайртай дотны хүмүүстээ халдвар тараах эрсдэлтэй. Харин иргэд өөр газарт өөрийгөө тусгаарлах боломжгүй. Нийслэлийн хэмжээнд улсын болон хувийн эмнэлэгийн орны ачаалал дээд цэгтээ хүрч гаднаас дахин халдвар авсан иргэдийг хүлээн авах боломжгүй байдалд хүрснийг өнөөдөр Эрүүл мэндийн яамны зүгээс хүлээн зөвшөөрлөө. Энэ байдал зөвхөн өнөөдөр гэнэт дэгдээгүй. Олон сарын өмнөөс өрхийн эмнэлэг ачааллаа дийлэхгүй байна, Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн дутагдалтай, халдварын тоо улам нэмэгдэнэ зэрэг мэдээлэл салбарынхан биш иргэд ч мэдэж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл дүрлэгэр сайд С.Энхболд нэг ч арга хэмжээ аваагүй ийм байдалд хүргэлээ. Тэрээр салбарын сайд болмогцоо хэл ам дүүрэн халаа сэлгээ хийж өөрийн хамаарал бүхий этгээдүүдээр яам болон эмнэлгийн удирдах албан тушаалтнуудыг дүүргэсэн. Харин тэд гар нийлж ажиллах нь битгий хэл сандал суудал, тендер, худал авах хууль бус ажиллагаанд гар сэтгэл дүрж явна. Өнөөдөр тэд албан тушаалтай байлаа ч өөрсдөө халдвар авч хүндэрч болзошгүй гэдгийг мэддэг баймаар. Эрүүл мэндийн яамны зүгээс энэ талаар тодруулахад, орны хүрэлцээ хаана ч байхгүй. Бүх эмнэлэг даац хэтэрсэн. Арга хэмжээ авах гэж хуралдсаар байгаа. Ор гаргалаа ч хүний нөөцийн дутагдал бас хэрээс хэтэрсэн байгаа нь нуух асуудал биш. Бид өрхийн эмнэлэгт сайн дурын ажилтан авч утсанд хариу өгөх, эмийн багц тараах зэрэг ажилд дайчилахаар ажиллаж байна. Өрхийн эмнэлэг иргэдэд төдийлөн сайн хүрэлцэж ажиллахгүй байгаа нь үнэн. Энэ асуудал хүний нөөцтэй холбоотой. Эмч ажилчид чадлаараа ажиллаж байна гэсэн хариултыг өгсөн юм. Энэ хариултыг сонсохнээ хэдийнээ яахаа мэдэхгүй, арга мухартсан гэлтэй. Ямар ч зохион байгуулалтаар явсан болоод өнөөдрийн ор байхгүй гээд өвчтөнгөө буцаах байдалд хүрэв. Ковидын халдвар авсан иргэн эмнэлгээс буцаад гэртээ байх зуур тэдний гэр бүл халдвар авч өвчлөлийн тоо улам нэмэгдсээр байгаа нь дэндүү харамсалтай. Хамгийн ноцтой нь ор нэмлээ ч эрүүл мэндийн салбарын хүний нөөц байхгүй гэхээр цаашид халдвар авсан иргэдийг шууд үхэл рүү түлхэж буй юм. Өдөртөө халдвар авсан иргэдийн тоо гурван мянга хол давсаар л. Маргааш гэхэд дахин гурван мянган хүн эмнэлэг бараадсан ч нэмэргүй, эрсдэлтэй байдалд хэзээ үхэх, хүндрэхээ мэдэхгүй, гэртээ өдөр хоног аргацаах болсон нь иргэдэд халдварын тоо нэмэгдлээ гэдэг мэдээллээс хүндээр тусч байна.

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСАГТ “ОХУ-ААС ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН КРАНТАА НЭЭХ” ЧАДВАР Ч АЛГА ЧАДВАРТАЙ ХҮН Ч АЛГА ...

ОХУ-аас нийлүүлдэг шатахууны импорт зогссонтой холбоотойгоор манай улсад шатахууны хомсдол үүсч, нийслэлчүүдийн хувьд гурав хоногийн нөөцтэй үлдсэн.Улсын хэмжээгээр АИ-92 бензины сарын хэрэглээ 40 мянгахан тонн, үүний 95 хувийг ОХУ-аас, 5 хувийг БНХАУ-аас импортолдог. Гэвч ОХУ энэ сарын 16-наас эхлэн нийлүүлэлтээ зогсоожээ. Эх сурвалжийн хэлснээр ОХУ-ын нийлүүлэгч Роснефть компани "шатахууны нийлүүлэлтээ хязгаарлана" гэдгээ өнгөрөгч тавдугаар сараас манай Засгийн газарт анхааруулсаар байжээ. Гэвч манай талаас тэдэнд ямар нэг хариу өгөлгүй явсаар өнөөдөр ийм байдалд хүрсэн бололтой. Шатахууны импорт хоёр улсын гэрээгээр зохицуулдаг тул импортлогч компаниуд Засгийн газарт хандаж, Оросын талтай яриа хэлэлцээр хийхийг хүссэн боловч Уул уурхайн сайд П.Ёндон “Тийшээ явах зардал байхгүй” гээд хөдлөөгүй гэх мэдээлэл ч байна. Ингээд Оросын тал өнгөрөгч наймдугаар сарын хоёр дахь хагасаас нийлүүлэлтээ бууруулж, энэ сарын 15-наас зогсоожээ. Тэгвэл энэ цаг үед Засгийн газраас авсан ганц арга хэмжээ нь шатахууны жижиглэнгийн худалдаанд хязгаар тогтоох байв. Нэг хэрэглэгчид 30 мянган төгрөгийн шатахуун борлуулахаар хязгаар тогтоосон тул ШТС-ууд дээр дараалал үүсч, төв замын нэгдүгээр эгнээ рүү түрж орон түгжрэл үүсгээд байгаа. 2011 онд Оросууд шатахууны нийлүүлэлтээ яг өнөөдрийнх шиг зогсооход Д.Зоригт сайд Роснефтийн үүдийг хагас сар сахиж байж крантаа нээгээд ирж байсан гэдэг. Харин өнөөгийн засагт тийм чадвар ч алга, хүн ч алга.

“ЗҮҮНБАЯН РЕФАЙНЕРИ” ХХК-ИЙН БАЙГАЛЬ ОРЧИНД УЧРУУЛСАН ХОХИРЛЫН НӨХӨН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ 9 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЭВ !!!

Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Бага тэнгэрийн аманд 2008 онд “аялал жуулчлал”-ын зориулалтаар 4 га газарт үйл ажиллагаа явуулах эрх авсан “Зүүнбаян рефайнери” ХХК-д тус газраа 5.6 га болгон зөвшөөрөлгүй сунгаж, 0,6891 га талбайд бургасан ойг сүйтгэж, хаус барьсан хэрэг гарч байсан.Иймд “Улсын ерөнхий прокурорын газраас тус компани нь газар, газрын хэвлий, хөрс, ургамлыг зөвшөөрөлгүйгээр гэмтээсэн, устгасан, усны нөөцийг хордуулсан, тасалдуулсан эсэхийг бүрэн шалгаж тогтоолгохоор шинжээч томилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар болсон талаар өнгөрөгч 2019 онд мэдэгдэж байсан боловч ажил хэрэг болоогүй. Мөн 2017 онд Талбайн хэмжээгээ хэтрүүлж, байгалийн унаган төрхийн алдагдуулж,дархан цаазат газрын горимыг ноцтой зөрчсөн учраас “Зүүнбаян рефайнери” компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг нөхөн сэргээх тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал гарч, 2018 онд хууль бус, зөвшөөрөлгүй баригдсан хашаа, байшин, барилгыг буулгах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал гарсан боловч мөн л хэрэгжээгүй. Тэгвэл сайдын тушаал шийдвэр цаасан дээр бичигдэхээс өөрөөр эр бяр хүрдэггүй эрх мэдэл нь хэтийдсэн “Зүүнбаян рефайнери” ХХК нь Шадар сайд С.Амарсайхантай шууд холбогддог. Тодруулбал, “Зүүнбаян рефайнери” ХХК нь Шадар сайд С.Амарсайханы төрсөн ах С.Уламбаярын нэр дээр бүртгэлтэй бөгөөд мөн түүний төрсөн ах С.Ганбат нь зайсан толгойг тойруулсан нийт долоон байршилд газар эзэмшдэг. Тэр газруудын заримд нь тансаг хотхон, оффис, үйлчилгээний төвүүд сүндэрлэсэн. Энэ нь ах дүүс нийлж туул голын эрэгт хууль бусаар хэдэн арван га газар эзэмшиж, бургасыг нь хядаж, барилгажуулж байгааг нотолж буй юм. Гэвч “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээ 9 тэрбум 171 сая төгрөг гэж дүгнэсэн боловч түүнийг нь төлж барагдуулсан эсэх нь мөн л тодорхойгүй байна.

Харуулын даргаа хөнөөсөн ХОЁР ЦЭРЭГТ холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат байлдагч Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат байлдагч М нар нь 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны 18.30 цагийн орчимд харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудан амь насыг нь хөнөөж, зэвсэглэн харуулын байрлалаа орхин оргосон хэрэг гарсан билээ. Тэгвэл тэдэнд холбогдох хэрэгт Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.9, 2.11, 28.5 дугаар зүйлийн 1, 28.7 дугаар зүйлийн 2, 28.8 дугаар зүйлийн 1, 28.15 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлэхээр болжээ.

Кёкүшюзан Д.Батбаярын ЗАЛИЛАН, МӨНГӨ УГААСАН хэргийг шүүх рүү шилжүүлнэ

АТГ-аас УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаярыг БНХАУ-ын иргэнийн залилаж, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татсан байдаг. Улмаар түүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа билээ. Тэгвэл прокурорын байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж Кёкүшюзан Д.Батбаярыг залилангийн гэмт хэргээс гадна мөнгө угаасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Кёкүшюзан Д.Батбаяр нь бусадтай бүлэглэн БНХАУ-ын иргэнийг залилж, их хэмжээний хохирол учруулсан, мөн төрд их хэмжээний хохирол учруулж, мөнгө угаасан гэх хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ сарын 09-ний өдөр яллах дүгнэлт үйлдсэн. Одоо прокурорын яллах дүгнэлтийг яллагдагч нарт гардуулах ажиллагаа хийгдэж байна" гэх тайлбарыг өгсөн байна.

1 ... 243 244 245 246 247 248 249 250 251 ... 255