НЭГҮҮН МЭДЭЭ
"Манай улсын цөмийн зэвсэггүй статусын ач холбогдол улам нэмэгдэж байна"

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Антонио Гутеррешийг өнөөдөр (2022.08.09) хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Антонио Гутеррешийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд НҮБ, түүний системийн байгууллагууд нь Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн чухал түнш болохыг онцлон тэмдэглэв. Тэрбээр, Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийг баримжаалах түүхэн сонголтоо 1990-ээд онд хийснээс хойш эв санааны нэгдлийг эрхэмлэсэн парламентын ардчилал, нээлттэй зах зээл, хүний эрх болон хуулийн засаглалыг цогцлоохын төлөө ажиллаж ирлээ. Өнөөгийн байдлаар Монгол Улс олон талт олон улсын 306 гэрээ, үүний дотор хүний эрхийн үндсэн 8 гэрээ, тэдгээрийн нэмэлт 9 протокол, мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөрлөх эрхийн суурь 8 конвенцод нэгдэж орсон. Манай улс эдгээр олон талт олон улсын гэрээнд заасан хэм хэмжээг үндэсний хууль тогтоомж, бодлого үйл ажиллагаандаа тусгаж, хэрэгжүүлэхийн төлөө хүч чармайлт гарган ажиллаж байгааг дурдав. Энэ удаагийн Улсын Их Хурал хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн парламент байхаа зарлаж, дэвшүүлсэн зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө тууштай чармайн ажиллаж байна. Тухайлбал, УИХ-аас өнгөрсөн онд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, Монгол Улс Ази-Номхон далайн бүс нутагтаа уг хуулийг баталсан анхны улс болсон. Мөн Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийг шинэчлэн баталсан. Парламентаас батлан гаргах хууль тогтоомжид иргэдийн оролцоог хангах, парламентын ардчиллыг бэхжүүлэх зорилгоор холбогдох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллаж байгааг дуулгав. Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс нутаг болохоо дахин нотолж, өнгөрсөн 2021 оны 12 дугаар сард Монгол Улс Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон баталсан. Манай улс цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсгээр хөөцөлдөхөөс сэргийлэхийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад цаашид ч хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байгаа. Олон улсын энх тайван, аюулгүй байдал хурцадсан өнөө цагт манай улсын цөмийн зэвсэггүй статусын ач холбогдол улам нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэлээ. Мөн Монгол Улс НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцох замаар олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, оролцоог нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж ирсэн. Тиймээс Энхийг дэмжих ажиллагааны олон улсын хүрээлэнг Монгол Улсад байгуулах талаарх санаачилгыг дэмжин ажиллахыг хүсэв. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн гаргасан Гэр бүлийн хүчирхийлэл болон КОВИД-19 цар тахалтай тэмцэх уриалгыг Монгол Улс дэмжиж, Анд нөхдийн бүлгийг зарим улстай хамтран байгуулж, үндсэн санаачлагчаар ажиллаж байна. Энэ хүрээнд парламентаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох асуудлаар сонсголыг НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Антонио Гутерреш найрсаг дотноор хүлээн авч уулзсанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлээд Монгол Улс ардчилсан шилжилтийг амжилттай хийсэн Азийн жишиг улс болохыг тэмдэглэв. Мөн Монгол Улс НҮБ, түүний системийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаж буй зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирснийг онцолсон. Тэрбээр цар тахал, олон улсын нөхцөл байдлын улмаас хилийн хорио дэглэм тогтож, худалдаа, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн амаргүй цаг үед Монгол Улсын төр засгаас тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүчин чармайлтыг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэв. Ноён Антонио Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх нь монгол хүн бүрийн дэлхий дахины байгаль орчныг хамгаалах, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийж буй чухал үйл хэрэг болохыг цохон тэмдэглэлээ. Түүнчлэн Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс нутаг гэдгээ зарлаж, “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”-ын тухай тогтоолыг 1998 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 53 дугаар чуулганаар батлуулсан. Энэ удаагийн айлчлал цөмийн зэвсэггүй бүс нутагт хийж буй айлчлал гэдгээрээ чухал ач холбогдолтой. Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд манлайлан оролцож, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулж ирсэн энхтайвныг эрхэмлэгч улс. Цаашдын хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Тапан Мишра болон албаны бусад хүмүүс байлцлаа. Ташрамд тэмдэглэхэд, Энэхүү айлчлал нь Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 61 жилийн ой, нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлогтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ : ХОРИХ АНГИАС ЯЛТАНГУУД ОРГОЖЭЭ

Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах ШШГЕГ-ын хорих 423 дугаар ангид ял эдэлж байсан Г.С, А.М нар оргожээ. Тэд гадуур ажил хийж байсан бөгөөд 2022 оны наймдугаар сарын 8 буюу өчигдөр 22:00 цагийн үед алга болжээ. Улс орон даяар дээрх этгээдүүдийг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Импорт 24 хувиар өсжээ

Энэ оны эхний долоон сард манай улс нийт 4.7 тэрбум ам.долларын бараа, түүхий эд импортолжээ. Энэ нь 2021 оны мөн үеэс 924 сая ам.доллараар буюу 24 хувиар өссөн байна. Импортын барааны 97 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.7 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.5 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.1 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.03 хувийг боловсруулалтын бараа эзэлжээ. Импортоор нийлүүлсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 721.8 сая ам.доллар буюу 15.2 хувь, эрдэс бүтээгдэхүүн 1055.4 сая ам.доллар буюу 26.7 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 926.4 сая ам.доллар буюу 87.7 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 616.4 сая ам.доллар буюу 12.9 хувь, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 816.3 сая ам.доллар буюу 17.1 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 493.6 сая ам.доллар буюу 10.4 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 324.9 сая ам. доллар буюу 8.2 хувийг тус тус эзэлжээ. Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 24.4 сая ам.долларын бараа импортолсноос барааг гарал үүслийн орноор авч үзэхэд Японд 23.5 хувь, БНХАУ-д 21.1 хувь, ОХУ-д 19.7 хувь, Туркт 8.7 хувь, АНУ-д 5.0 хувь тус тус ногджээ. Манай улс дэлхийн 148 орноос гарал үүсэлтэй бараа импортолсноос БНХАУ-д 34.0 хувь; ОХУ-д 30.4 хувь; Японд 8.6 хувь; БНСУ-д 5.0 хувь; АНУ-д 3.3 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 81 хувийг эзэллээ гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.

Антонио Гутерреш Монголд ирлээ

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг Монгол Улсад айлчлахыг урьсан билээ. Энэ дагуу НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өнөөдөр /2022.08.08/ Монголд ирлээ. Тэрбээр энэ сарын 8-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх юм. Айлчлалтай холбогдуулан Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд өмнө нь захидал илгээхдээ НҮБ дахь Монгол Улсын идэвхтэй оролцоо, хувь нэмэрт талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд үг хэлэхдээ дэвшүүлсэн санаачилгуудыг сайшаан хүлээн авч байгаагаа онцолж, айлчлалын үеэр тэдгээр санал, санаачилгын талаар үргэлжлүүлэн ярилцана гэдгээ дурдсан байдаг. Айлчлалынхаа хүрээнд, Монгол Улсад тулгарч буй цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахын тулд 2030 он гэхэд нэг тэрбумаар тоологдох мод тарихаар зорьж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” санаалчилгын хүрээнд мод тарих арга хэмжээнд оролцоно. Мөн тэрбээр малчин айлд зочилж, нүүдэлчин ахуй соёлтой танилцах болно гэж НҮБ-ын ЕНБД-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн билээ. Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлал нь Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа зарласны 30 жилийн ой болон Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойгоор зохион байгуулагдаж байна.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргатай уулзахдаа Эгийн голын цахилгаан станцыг хөндөнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар Эгийн голын усан цахилгаан станц төслийн талбайд ажиллаж байна. Ерөнхий сайд “Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний хоёр төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна. 90 МВт-ын Эрдэнэбүрэнгийн УЦС-ын санхүүжилтийг өчигдөр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзах үеэр шийдвэрлэсэн. Манай талаас бэлтгэл бүрэн хангасан. Нэг ёсондоо, Эрдэнэбүрэнгийн УЦС хөдөлсөн. Дараагийнх нь 315 МВт-ын Эгийн голын УЦС. Энэ төслийг хэрэгжүүлэхэд саатал гарсан юм. Байгаль орчны нөлөөллийн судалгааг олон улсын компаниар хийлгэж, гүйцэтгэл 85 хувьтай байна. Маргааш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерештай уулзах үеэрээ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд нааштай шийдвэр гаргуулах талаар ярилцана. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзахад тус улсын Засгийн газраас Эгийн голын усан цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Засгийн газар энэ төслийг урагшлуулахад бүх талаар ажиллаж байна” гэв. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд дотроос нэн тэргүүнд Эрдэнэбүрэн, Эгийн голын УЦС-ыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үр дүнд нь манай улс оргил ачааллын үед импортын эрчим хүч авахгүй болно. Эрчим хүчний аюулгүй байдал дээшилнэ. Олон улсын компаниар хийлгэж буй "Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөллийн судалгаа" аравдугаар сард дуусна. Уг судалгаанд тулгуурлаж ирэх онд болох ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 46-р чуулганаар нааштай шийдвэр гаргуулахаар ажиллаж байна гэжээ. Эгийн голын усан цахилгаан станц баригдсанаар 606 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, төвийн бүсийн нэгдсэн сүлжээний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангаж, системд нэн шаардлагатай горим тохируулгын үүрэг гүйцэтгэнэ. Жилд 50 гаруй сая ам.долларын цахилгаан эрчим хүч импортоор авдаг байсныг дотоодоосоо хангаж, жил бүр 4.2 сая ам.доллартай тэнцэхүйц татварын орлого бүрдэх зэрэг эдийн засгийн ач холбогдолтой юм. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Манай улсын эрчим хүчний эх үүсвэрийн 17 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэж байна. Тэр дундаа 1.7 хувийг усан цахилгаан станц гаргаж байна. Улсын хэмжээнд усан цахилгаан станц байгуулах 11 байршил бий. Үүнээс эрчим хүчний сэргэлтийн хүрээнд нэн тэргүүнд Эрдэнэбүрэн, Эгийн голын УЦС-ыг ашиглалтад оруулах чухал. Үр дүнд нь манай улс оргил ачааллын үед импортын эрчим хүч авахгүй болж, эрчим хүчний аюулгүй байдал дээшилнэ. Олон улсын компаниар хийлгэж буй "Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөллийн судалгаа" ирэх аравдугаар сард дуусна. Уг судалгаанд тулгуурлаж ирэх онд болох ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 46-р чуулганаар нааштай шийдвэр гаргуулахаар ажиллаж байна" гэлээ.

ЦАЛИН : 9 эмнэлэг эмч, ажилчдынхаа цалинг 20-40 хүртэлх хувиар НЭМЭЭД БАЙНА

Монголын эрүүл мэндийн салбар гүйцэтгэлээрээ санхүүждэг болоод хоёр жилийн нүүрийг үзэж байна. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 8 дугаар сард эрүүл мэндийн салбарын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, эрүүл мэндийн даатгалын цогц шинэчлэл хийх, стратегийн худалдан авалтыг бий болгох эрхзүйн орчинг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл хэн үр бүтээмжтэй сайн ажилласан нь хөдлөмөрөө шудрагаар үнэлүүлэх боломж бүрдсэн юм. Шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүрийн өртөг, зардлыг шинэчлэн тооцож, эрүүл мэндийн байгууллагуудыг үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлээр нь Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байна. Энэхүү эрүүл мэндийн салбарт хийгдсэн цогц шинэчлэлийн хэрэгжилт нь цаг хугацааны хувьд Коронавирусын цар тахлын үетэй давхцсан хэдий ч ЭМЯ-аас шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлсээр байгаа билээ. Үүний нэг гол үр дүн нь 2022 онд лавлагаа шатлалын томоохон эмнэлгүүд болон дүүрэг, аймаг, орон нутгийн эмнэлгүүдээс ажилчдынхаа цалинг үе шаттай 10-40 хүртэлх хувиар нэмэгдүүлж байгаа явдал юм. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Улсын гуравдугаар эмнэлэг 40 хувиар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг 20 хувиар, Гэмтэл согог судлалын үндэсний төв 10-25 хувиар, Амгалан амаржих газар 20-35 хувиар, Хавдар судлалын үндэсний төв 43 хувиар, ЗӨСҮТ 13 хувиар, Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэг 10-25, Баянгол дүүрэг дэх ЭМТөв 20 хувиар, Арьс өвчин судлалын үндэсний төв 20 хүртэлх хувиар тус тус эмч, ажилчдынхаа үндсэн цалинг нэмжээ. Мөн Хавдар судлалын үндэсний төв эмч, ажилчиддаа 15 сая хүртэлх төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгосон бол Гэмтэл согог судлалын үндэсний төв 2022 он гарсаар эмч, эмнэлгийн ажилчиддаа 500.000 төгрөгийн урамшуулал олгож, сувилагч нарын үндсэн цалинг 10-25 хувиар нэмжээ. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв 2021 онд нийт ажилчдынхаа цалинг 30 хувь нэмэгдүүлсэн бол 2022 онд гүйцэтгэлтэй нь уялдуулан 20 хувь нэмэгдүүлсэн байна. Амгалан төрөх 2022 оны 7 сарын 01-ний өдрөөс эмч эмнэлгийн ажилчдын цалингаа 10-20 хувиар нэмсэн байна. Цаашид ч эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээр санхүүжих явцаа сайжруулж, зөв зохион байгуулалттай ажилласнаар өшөө ч нэмэх боломжтой хэмээн хэлж байлаа.

ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭНИЙ БООМТООР ӨДӨРТ 80 ГАРУЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ НЭВТЭРЧ БАЙНА

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Эрээн-Замын-Үүдийн боомтоор өнөөдрийн байдлаар иргэдийн 60, хилийн цэргийн 20-30 тээврийн хэрэгсэл нэвтэрч буй. Эрээн боомтоос Улаанбаатар хүрэх ачаа тээврийн ханш өнгөрсөн хавар 1800-2000 юанийн үнэтэй байсан бол өнөөдрийн байдлаар үнэ дунджаар 800 юань байгаа талаар БНХАУ-ын Эрээн боомт дахь Консулын газрын ерөнхий консул Т.Мөнхгэрэл мэдээллээ. Мөн дундын цэг дээрх талбайн өргөтгөлийн ажил ирэх сарын 1-нд дуусах юм. Ингэснээр ачаа тээврийг 24 цагаар татан авах боломжтой болж, өдөрт нэвтрэх автомашины тоо 2-3 дахин буюу 400 орчим болж нэмэгдэх юм. Өнгөрсөн хугацаанд урд хөршийн Тяньжин боомтод гацаад байсан 9000 орчим чингэлгээс өнөөдрийн байдлаар 700 чингэлэг ачаа үлдээд байгаа юм байна. БНХАУ-ын талтай хэлэлцээр хийсний дагуу долдугаар сарын 23-наас өдөрт 10 тээврийн хэрэгслээр нүүрс экспортолж эхэлсэн бол энэ сарын 2-ноос 100 тээврийн хэрэгслээр 180 чингэлэг нүүрс гаргаж эхлээд байгаа юм. Ингэснээр Замын-Үүдийн боомт дээр хуримтлагдаад байсан нүүрснээс өнөөдрийн байдлаар 90 орчим мянган тонн нүүрс үлдээд байна. Харин чингэлэгт багтахгүй овор ихтэй ачаа барааг тавдугаар сарын 23-наас өдөрт 2-3 тээврийн хэрэгслээр нэвтрүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын ажил гэх мэт томоохон бүтээн байгуулалтын ажилд шаардагдах 200 орчим техник хэрэгслийг татан аваад байгаа аж. Мөн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн орлогч дарга Д.Амарбаясгалан өнөөдрийн байдлаар БНХАУ-ын талаас Ковид 19 халдварын дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ сарын 21-ийг хүртэл хилээ хаасан талаар мэдээллээд “Улаанбаатар төмөр зам” ХНН-д тулгамдаад байгаа гол асуудал нь өдөрт 120 орчим чингэлэг орж ирж байгаагаас 50-60 нь л БНХАУ-ын тал руу буцаж байгаа нь тус байгууллагад хоосон чингэлэг хуримтлагдах шалтгаан болж буйг хэлсэн юм. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан хуримтлагдаад байгаа хоосон чингэлгийн асуудлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг Гадаад хэргийн яамаар дамжуулахгүйгээр, бие даан түргэн шуурхай шийдвэрлэхийг даалгаад, төр, хувийн хэвшлийн ачаа тээвэрт ялгавартай хандахгүй байхыг санууллаа.

1 ... 241 242 243 244 245 246 247 248 249 ... 374