ХАЛДВАР АВЧ ХҮНДЭРСЭН ИРГЭДИЙГ ХЭВТҮҮЛЭХ НЭГ Ч ОР УЛСЫН ХЭМЖЭЭНД БАЙХГҮЙ

Коронавирусийн халдвар манай Улсад анхлан бүртгэгдсэнээс хойш өдгөө хоёр жилийн нүүрийг үзэх гэж байна. Халдвар авсан иргэд эмнэлэг бараадсан ч оргүй гэх шалтгаанаар буцаасаар олон хонолоо.

Гэртээ харихаар гэр бүлийнхэн, хайртай дотны хүмүүстээ халдвар тараах эрсдэлтэй. Харин иргэд өөр газарт өөрийгөө тусгаарлах боломжгүй. Нийслэлийн хэмжээнд улсын болон хувийн эмнэлэгийн орны ачаалал дээд цэгтээ хүрч гаднаас дахин халдвар авсан иргэдийг хүлээн авах боломжгүй байдалд хүрснийг өнөөдөр Эрүүл мэндийн яамны зүгээс хүлээн зөвшөөрлөө. 

Энэ байдал зөвхөн өнөөдөр гэнэт дэгдээгүй. Олон сарын өмнөөс өрхийн эмнэлэг ачааллаа дийлэхгүй байна, Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн дутагдалтай, халдварын тоо улам нэмэгдэнэ зэрэг мэдээлэл салбарынхан биш иргэд ч мэдэж байсан. 

Гэтэл өнөөдрийг хүртэл дүрлэгэр сайд С.Энхболд нэг ч арга хэмжээ аваагүй ийм байдалд хүргэлээ. Тэрээр салбарын сайд болмогцоо хэл ам дүүрэн халаа сэлгээ хийж өөрийн хамаарал бүхий этгээдүүдээр яам болон эмнэлгийн удирдах албан тушаалтнуудыг дүүргэсэн. Харин тэд гар нийлж ажиллах нь битгий хэл сандал суудал, тендер, худал авах хууль бус ажиллагаанд гар сэтгэл дүрж явна. 

Өнөөдөр тэд албан тушаалтай байлаа ч өөрсдөө халдвар авч хүндэрч болзошгүй гэдгийг мэддэг баймаар. 

Эрүүл  мэндийн яамны зүгээс энэ талаар тодруулахад, орны хүрэлцээ хаана ч байхгүй. Бүх эмнэлэг даац хэтэрсэн. Арга хэмжээ авах гэж хуралдсаар байгаа. Ор гаргалаа ч хүний нөөцийн дутагдал бас хэрээс хэтэрсэн байгаа нь нуух асуудал биш. Бид өрхийн эмнэлэгт сайн дурын ажилтан авч утсанд хариу өгөх, эмийн багц тараах зэрэг ажилд дайчилахаар ажиллаж байна. Өрхийн эмнэлэг иргэдэд төдийлөн сайн хүрэлцэж ажиллахгүй байгаа нь үнэн. Энэ асуудал хүний нөөцтэй холбоотой. Эмч ажилчид чадлаараа ажиллаж байна гэсэн хариултыг өгсөн юм. 

Энэ хариултыг сонсохнээ хэдийнээ яахаа мэдэхгүй, арга мухартсан гэлтэй. Ямар ч зохион байгуулалтаар явсан болоод өнөөдрийн ор байхгүй гээд өвчтөнгөө буцаах байдалд хүрэв. Ковидын халдвар авсан иргэн эмнэлгээс буцаад гэртээ байх зуур тэдний гэр бүл халдвар авч өвчлөлийн тоо улам нэмэгдсээр байгаа нь дэндүү харамсалтай. 

Хамгийн ноцтой нь ор нэмлээ ч эрүүл мэндийн салбарын хүний нөөц байхгүй гэхээр цаашид халдвар авсан иргэдийг шууд үхэл рүү түлхэж буй юм. Өдөртөө халдвар авсан иргэдийн тоо гурван мянга хол давсаар л. Маргааш гэхэд дахин гурван мянган хүн эмнэлэг бараадсан ч нэмэргүй, эрсдэлтэй байдалд хэзээ үхэх, хүндрэхээ мэдэхгүй, гэртээ өдөр хоног аргацаах болсон нь  иргэдэд халдварын тоо нэмэгдлээ гэдэг мэдээллээс хүндээр тусч байна. 

 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.