Эдийн засагч О.Батчулуун: КОЙНЫ ЦАР ТАХАЛ

Хүний энэ сэдэл нь богино хугацаанд амар хялбар аргаар мөнгө олох шийдвэр рүү байнга түлхдэг. Нөгөө талдаа баялгийн хуваарилалт сүүлийн 100 жил цалингийн орлогоос хамааралтай ажилчин ангид дэндүү халтай туслаа. Энэ мэт муу хөрсөн дээр ямар зэрлэг ургав? Фонзи схем, сүлжээний бизнес, койн, урамшууллын систем цэцэглэв.



Тиймээс иргэн, хөрөнгө оруулагч та сайн судалсны үндсэн дээр хөрөнгөө хийх нь зүйтэй. Дараах бичвэрийг койн хэмээх зүйлийн талаар энгийнээр ойлгуулах үүднээс бичлээ.

ХАЛДВАР ТАРХАХ НЬ: Цар тахлын үед амьдарч байгаа болохоор бид хэрхэн халдвар тархдагийг маш сайн ойлгох болно. Яг үүн шиг койн дээр жишээ аван тайлбарлаж үзье. Эхний хүн койн авна. Дор хаяж 3-5 хүн ятган үнэмшүүлж, халдвар тараана. Тэр хүмүүс дараагийн хүмүүстээ гэх мэтээр халдвар нийгэмд тархана. Ингээд л эхнээсээ бага үнээр орсон нөхдүүд ашгаа олж, сүүлд орсон хэд нь хохироод үлдэнэ. Мэдээж тухайн койны санаачлагчид шимтгэлээр, койны нийлүүлэлтээр ашгаа хангалттай хийх болно.

ДЕЛЬТА ХУВИЛБАР: Койны үнэ өсөх процессыг удаан барих, уртасгахын тулд дельта маягийн тархаах чадвар өндөртэй вирусийг гаргаж ирнэ. Энэ нь мэдээж олон дагагчтай, олны танил хүмүүс байна. Их хэмжээний койн тэдэнд өгснөөр тэд өөрийнхөө дагагч нараараа тахил өргөнө. Үнийг улам өсөхөд нөлөөлнө. Гэхдээ үнэ өсгөх процесс удаан үргэлжлэхгүй. Яагаад гэвэл энэ бүхний цаана ямар ч бодит бизнес байдаггүй, ямар ч бодит баялаг бүтээгдэхгүй. Тиймдээ ч урамшуулал, бонус, олны танил хүмүүсийг татах ажил дуусах тэр үед койны үнэ өсөх шалтгаан байхгүй. Яг хүмүүс худалдаж авахаа болих тэр үед л тэр койн хогийн сав руу шидэгдэнэ.

ДЭЛХИЙ НИЙТЭД ТАРААХ НЬ: Мэдээж койн үйлдвэрлэгчид улсынхаа хэн нэгэн иргэнийг алдагдалд ороосой, дампуураасай гэж хүсэхгүй.

Тийм учраас олон улсын зах руу халдвараа тараана. 2018-19 онуудад Хятад, Энэтхэг гэх мэт их хүн амтай улсуудад яг л ийм зүйл болсон. Тасралтгүй өсөх койнын үнэр авсан гаднынхан улам ихээр өсөх болов уу гэсэн хүлээлтээр орж ирнэ.

Улмаар хамгийн эхэнд авсан улсын иргэд нь зарж эхэлнэ. Ингээд койн гаргагчид улсдаа баатар болж, харин гаднын хэдэн хүн шатаад л үлдэнэ. Гэхдээ бидэн шиг ингэж бодсон хэдэн мянгаар койн үйлдвэрлэгчид байна. Олон улсад бол хүмүүс алдахаа алдаад, хашрахаа хаширчихсан. Моод Монголоор дуусдаг гэдэг шиг Монгол залуучууд койн гаргаж байна. Уул уурхайн хараалд орсон жижиг Монгол Улсаас гарсан койныг хэн худалдан авах вэ бодож үзэх л ёстой. Авахгүй бол юу болох вэ? Сүүлд орсон Монгол иргэд нь л шатна.

КОЙН ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ТӨЛӨВЛӨГӨӨ:

Коронавирус гарахад дэлхийн аль ч улс бэлтгэлтэй байгаагүй. Мөн юу ч хийхээ мэдээгүй. Арга барсандаа мөнгө тараасан, хөл хорио тавьсан үр дүнд хүрээгүй, сүргийн дархлаа тогтоох ёстой гэсэн болоогүй, одоо вакцины 3, 4, 5 дахь тунгийн талаар ярьцгааж байна. Цаашид юу болохыг хэн ч таашгүй. Койн яг ийм. Улс орнууд чадахаараа арга хэмжээ авч байна. Гэвч манай улсад койн хэмээх цар тахлын эсрэг авч буй арга хэмжээ гэж алга. Хэн дуртай нь 5, 10, 30 тэрбум төгрөг хүмүүсээс татаад түүнийгээ хаана юунд хийх гэж байгаагаа ч тайлагнахгүй. Зүгээр л гоё тийм хиймэл оюун ухаан, ирээдүй гэсэн зүйлс ярина.

КОЙН ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ВАКЦИН:


Санхүүгийн боловсрол, мэдлэгээ дээшлүүлэх: Санхүүгийн боловсролоо нэмэгдүүлж, дэлхий нийтэд юу болж байгааг уншиж судлах нь чухал юм. Мэддэг нэгэн нь мэдэхгүй нэгэндээ хэлж ойлгуулах хэрэгтэй. Энэ бол хөрөнгө оруулалт биш. Хөрөнгө оруулалтын цаана баялаг бүтээдэг, улс орны хөгжилд хувь нэмэр оруулдаг бодитой зүйл оршин байдаг. Энэ нь үйлдвэрлэл эрхэлдэг АПУ, Говь, Талх Чихэр, Түмэн шувуут гэх мэт компани юм. Үйлчилгээ үзүүлдэг өөрийн гэсэн тогтвортой харилцагчтай банк, даатгал, зочид буудал, аялал жуулчлалын компаниуд юм. Та АПУ-гийн ундааг ууж байна. Говийн хүрмийг өмсөж байна. “Талх чихэр”-ийн талхыг идэж байна. Энэ бол бодит зүйл.

Хууль, эрх зүйн орчинг бий болгох: Манайд энэ сарын байдлаар, энэ төрлийн хуулийн зохицуулалт байхгүй. Хэн нэгэн мөнгөө алдахад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу л гэсэн үг.

Олон улсын байгууллагуудын арга хэмжээ: Олон улсад энэ төрлийн хуулийн зохицуулалтуудыг хийж, тасралтгүй шинэчилж байна. ФАТФ-аас 2014 онд анх виртуал валют болон түүнээс үүдэн гарч болзошгүй мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн талаар тайлан, дүгнэлт гаргаж байсан бол түүнээс хойш 2015 онд Виртуал валютын эрсдэлд суурилсан зохицуулалтын зөвлөмжийг гаргасан.

Улс орнуудын авч буй арга хэмжээ: Улс орнууд санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд Крипто хөрөнгийг арилжаалах платформ, хэтэвч, болон бусад зуучлагчдыг зохицуулах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль журмыг хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрөл олгон, бүртгэлжүүлэх, татварын хуулийг мөрдүүлэх, сэндбоксын орчинд ажиллуулан илүү ойроос үйл ажиллагаатай нь танилцаж хянах зэрэг арга хэрэгслийг ашиглан виртуал хөрөнгийг зохицуулж байна.

• Япон 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр виртуал валютыг зохицуулах хуулийг баталсан нь 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон.

• Сингапур 2017 онд төлбөр тооцооны хуулийн төсөлдөө цахим валютыг оруулсан.

• ОХУ 2020 онд дижитал санхүүгийн хөрөнгө, дижитал валютын тухай хуулийг баталсан.

• БНХАУ Иргэний хууль болон түүнийг дагасан бусад хуульдаа өөрчлөлт оруулсан ч анхдагч зах зээл дээр койн гаргах буюу ICO-г хуулиар хориглосон байна.

• Австри, Австрали, Франц, Герман, Малайз виртуал валютыг зөвшөөрөх, татварын болон мөнгө угаахтай холбоотой зохицуулалтуудыг хийж эхлээд байна.

• Бангладеш, Бельги, Бразил, Индонез виртуал валютыг хууль ёсны гэж үзэхгүй гэдгээ зарласан.

Эцэст нь та койн авсан бол унтахаасаа өмнө миний койныг хэн нэгэн өндөр үнэтэй худалдаж аваарай хэмээн өөрийн тахидаг бурхандаа залбирах л үлдэж дээ. Түүнчлэн монголын зах зээлд койн гаргаж буй монгол залуучууд маань эдийн засаг, эрсдэлийн судалгаа, төлөвлөгөө, зөв менежментээр ажиллана гэдэгт итгэж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.