НӨӨЦИЙН МАХ ЗАМДАА ТӨӨРЧИХӨВ ҮҮ, ЭСВЭЛ ГЭРЭЭН ДЭЭРЭЭ ЦАРЦЧИХАВ УУ?

Нийслэлийн нөөцийн махны 37 хувь буюу 1.8 мянган тонн мах нийлүүлэх эрхийг Багануур махмаркет, Чойбалсан групп хоёр авчээ. Гэхдээ мах нь л ганц олдохгүй. Гэрээ нь гарчихсан, тоо нь тодорхой, компани нь бэлэн… харин мах нь “түр эзгүй” бололтой. Эдгээр компанийн эцсийн өмчлөгчөөр М.Бас-Эрдэнэ нэрлэгддэг бөгөөд түүнийг М.Бадамсүрэн-гийн ойрын хүн гэдэг. Төрийн тендерүүд ч авч байсан туршлагатай компаниуд гэнэ. Туршлага нь хангалттай, мах нь л хангалтгүй байж. Нэг нь мах, махан бүтээгдэхүүн, мал аж ахуй, тээвэр, фермер гээд бүх чиглэлтэй. Нөгөө нь бүр зочид буудал, ресторан, жимс ногоо, гадаад худалдаа, мах боловсруулах үйлдвэр хүртэлтэй. Ийм олон чиглэлтэй компаниуд 1.8 мянган тонн мах олж чадаагүй гэхээр монголд мах биш, магадгүй ичих нүүр л ховордсон бололтой. М.Бас-Эрдэнэ 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хэдэн зуун саяын хөрөнгө, хадгаламжтайгаа мэдүүлсэн байдаг. Үүнээс гадна хэд хэдэн компани эзэмшдэг. Бизнесийн цар хүрээ бол хангалттай том. Харин нөөцийн махны сураг л жижигдээд алга болчихов уу даа. Ташрамд, түүний хүүтэй холбоотой зам тээврийн ослын мэдээлэл өмнө нь гарч байсан бол өөрийг нь Д.Мөнх-Эрдэнэ-тэй ойр гэх мэдээлэл ч дагалддаг. Ер нь холбоо сүлжээ, танил талын хүрээ өргөн юм. Харин махны хүргэлт дээр л холбоо тасарчихсан бололтой. Хамгийн сонирхолтой нь энэ 1.8 мянган тонн мах гэдэг нь Н.Учрал-ын яриад байгаа 2500 тонн махны 72 хувь. Өөрөөр хэлбэл, махны “гол дүр” нь гэрээ дээрээ л үлдчихэж.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.