НЭГҮҮН МЭДЭЭ
ХЗБХ: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгууллаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.10.15) хуралдаан 11 цаг 33 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр танилцууллаа. Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хуралдааны эхэнд явуулахаар товлосон байсан ч Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Алтанхуяг, Улсын Их Хурлын гишүүн, тус ажлын хэсгийн гишүүн Г.Уянгахишиг нарын гаргасан саналаар төслийн анхны хэлэлцүүлгийг хоёр долоо хоногоор хойшлуулахаар санал хураалт явууллаа. Шүүгдэгчид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахтай холбоотой зохицуулалтыг Үндсэн хуульд нийцүүлэн шийдвэрлэх хүрээнд тус ажлын хэсгээс холбогдох байгууллагуудаас санал авсан байна. Үүний дараа хоёр удаа хуралдсан ч холбогдох байгууллагуудаас дахин санал авах шаардлагатай хэмээн үзсэн тул төслийн анхны хэлэлцүүлгийг хоёр долоо хоногоор хойшлуулах саналыг гаргасан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу 15 гишүүний 80 хувь нь дэмжиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хоёр долоо хоногоор хойшлуулахаар боллоо. Дараа нь Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай саналыг хэлэлцэж, энэ талаараа Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “ Цэцэд хүсэлт гаргах” зохицуулалт бүхий 88 дугаар зүйлийг үндэслэн тус хүсэлтийг гаргаж буйгаа гишүүн дурдаад Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэх, эгүүлэн татахтай холбоотой асуудлаар гаргаж буй санал хэмээн тодотгосон. Улсын Их Хурлын гишүүний ард түмнийг төлөөлөх бүрэн эрхээ саадгүй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтыг Үндсэн хуульд тусгасан хэмээлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” хэмээн заасан байдаг. Үндсэн хуулийн онол, зорилгын хүрээнд авч үзэхэд тус зохицуулалт нь нэгдүгээрт, гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан бол, хоёрдугаарт, Улсын Их Хурлын гишүүн болсноос хойш гэмт хэрэгт холбогдохтой холбоотой асуудлыг зохицуулах үндсэн зорилготой хэмээн үзэж буйгаа онцолсон. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүн хийсэн үйлдлийнхээ төлөө бусдын адил шууд халдлагад өртөхгүй буюу хариуцлага хүлээхгүй гэсэн энэхүү хамгаалалтыг хуульчилж, гэмт хэрэгт холбогдох асуудлыг өргөсөн тангарагтай нь холбон хуульчилсан байтал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.2, 46.2.3 дахь заалтууд нь Монгол Улсын Үндсэн хууль дахь Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлыг илтэд дордуулж, зөрчиж байна гэж үзжээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.2-т “…гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих зайлшгүй шаардлагатай гэж үзэн Улсын ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан…” гэсэн заалтад дүн шинжилгээ хийж үзэхэд гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан өргөсөн тангаргаа зөрчсөн, эсхүл Улсын Их Хурлын гишүүн болсноос хойших цаг хугацаатай холбоотой эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал биш, тухайн гишүүний амьдралын бүх цаг үе дэх үйлдэл, эс үйлдэхүйтэй нь холбогдуулан хэрэг үүсгэж болохоор байна хэмээн тайлбарлав. Улмаар гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, баривчлах асуудлыг Улсын ерөнхий прокурор шууд Улсын Их Хуралд оруулахаар хуульчилсан байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн, Улсын Их Хурлын гишүүний ард түмнийг төлөөлөх үндсэн үүрэгт саад болсон зохицуулалт гэж үзэж байгаа аж. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.2, 45.2.3 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийг зөрчиж буй эсэхийг Үндсэн хуулийн цэцээр шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаснаа танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Н.Алтанхуяг, Б.Энхбаяр, Д.Ганбат, Д.Цогтбаатар нар асуулт асууж, хариулт, тайлбар авав. Байнгын хорооны дарга “Асуудлыг ул суурьтай хэлэлцэх нь зүйтэй. Үүний тулд гишүүд нэгдсэн ойлголттой болохоор холбогдох судалгааг хийж, баримтуудтай танилцах шаардлагатай байна. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал гэдэг нь үгээ чөлөөтэй хэлэх боломжийг бүрдүүлэх л асуудал. Ер нь бол Улсын Их Хурлын сонгуульд оролцохын тулд тал бүрээс баримт, тодорхойлолт авч, гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэдгээ баталгаажуулж байж нэр дэвшдэг. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт холбогдсон хүн Улсын Их Хуралд нэр дэвших боломжгүй, холбогдох эрх зүйн орчны хүрээнд Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөж буй хүн гэмт хэрэгт холбогдсон байж таарахгүй. Хуулиудын нийлбэр үйлчлэл, холбогдох эрх зүйн зохицуулалтуудыг нэгтгээд харах юм бол гэмт хэрэгт холбогдоогүй хүн У лсын Их Хурлын гишүүн болно гэсэн тайлбар гарахаар байгаа юм” гэлээ. Иймд сайтар судалж, шаардлагатай бол ажлын хэсэг байгуулах, судалгааны хүрээлэнгүүд, холбогдох байгууллагуудаас санал, үндэслэл, тайлбарыг авч, тал бүрээс нь нягталсны дараа үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй хэмээгээд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай саналын хэлэлцүүлгийг хойшлуулахаар шийдвэрлэв. Энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Төслийн талаар Д.Цогтбаатар дарга танилцуулсан. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т “Ажлын хэсэг нь Улсын Их Хурал дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн санал болгосон төлөөллөөс бүрдсэн 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар томилсон Улсын Их Хурлын гишүүн ахална” гэсэн заасан байдаг байна. Холбогдох бусад хууль, журмын хүрээнд боловсруулсан тус төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Энхбаяр, Д.Ганбат нар асуулт асууж, төсөлтэй холбогдуулан үг хэлэв. Дараа нь холбогдох байгууллагуудаас ирүүлсэн санал нэг бүрийг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголын Өмгөөлөгчдийн холбооноос санал болгосон тус холбооны ерөнхийлөгч Л.Данзанноровыг оруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санал болгосон Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын дарга Ж.Мөнхболдыг оруулахыг гишүүдийн 87.5 хувь нь, Улсын Их Хурал дахь олонхын бүлгээс санал болгосны дагуу Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны Хуулийн бодлогын хэлтсийн ахлах зөвлөх Г.Оргилболдыг оруулахыг гишүүдийн 81.3 хувь нь, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос санал болгосны дагуу тус Комиссын гишүүн С.Дондовыг оруулахыг гишүүдийн олонх буюу 87.5 хувь нь дэмжсэн. Дараа нь Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгээс ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн зөвлөх Н.Ариунболдыг оруулах саналыг санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Иймд Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг хоёр хоногийн дотор холбогдох саналаа шинэчилж ирүүлэхийг Байнгын хорооны дарга хэллээ. Монголын хуульчдын холбооноос санал болгосон Монголын хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн М.Мөнхбатыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь, Шүүхийн сургалт судалгаа мэдээллийн академиас санал болгосон Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнийг мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулахыг гишүүдийн 75 хувь нь дэмжив. Засгийн газраас тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль эрх зүйн газрын дарга Ч.Эрдэнэчимэгийг оруулахаар санал ирүүлсэн бөгөөд уг саналаар санал хураалт явуулахад Хууль зүйн байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй. Иймд хоёр хоногийн дотор холбогдох саналыг шинэчилж ирүүлэхийг Д.Цогтбаатар дарга хэллээ. Дараа нь хуралдаанд оролцсон гишүүдийн 81 хувь нь төрийн бус өмчийн хууль зүйн сургуулиас санал болгосон Шихихутаг их сургуулийн Судалгааны хүрээлэнгийн захирал Б.Нармандахыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулахыг, 87 хувь нь Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулиас санал болгосон Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанааг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулахыг дэмжсэн. Ийнхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүний талаар холбогдох байгууллагуудаас ирүүлсэн санал тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсан. Хууль зүйн байнгын хорооны энэ өдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.7 хувь нь дэмжиж баталснаар хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ХХНББХ: Улсын Их Хурлын гишүүдээс Боловсролын сайдад хандаж тавьсан асуулгуудын хариуг хэлэлцэв

Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр ( 2025.10.14 )-ийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, С.Эрдэнэболд нараас Боловсролын сайдад хандаж тавьсан асуулгуудын хариуг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан даргалан явуулсан бөгөөд багш, эмч нарын цалин хөлс, ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэхэд тодорхой эх үүсвэр тавих талаар Засгийн газарт чиглэл өгөх асуудал хэлэлцэх тухай Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатын тавьсан саналыг Өргөдлийн болон Төсвийн байнгын хороод ирэх долоо хоногт хамтран хэлэлцэх тул мэргэжлийн байнгын хорооны шийдвэртэй уялдуулан авч үзэх нь зүйтэй гэлээ. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 321 дүгээр тогтоолын хүрээнд орон нутгийн их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт үзүүлж байсныг 2024 оны 102 дугаар тогтоолоор “амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхийн гишүүн байх” гэсэн халамжийн шалгууртай болгосон нь Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогын баримт бичгүүд, Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зорилго, зарчим, зохицуулалттай зөрчилдөж байна гэж Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа үзжээ. Иймд тэрбээр Боловсролын сайдад хандан асуулга тавьж, суралцагчийн хөнгөлөлт эдлэх боломжийг өрхийн орлогын шалгуураар хязгаарлан ялгаварлал, тэгш бус байдал үүсгэсэн, боловсролын хүртээмжийг алдагдуулсан, хөдөө, орон нутгийн их, дээд сургуулиудын өрсөлдөх чадвар, элсэлтийг бууруулж, төвлөрлийг сааруулах бус хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг дэмжсэн, бодлогын залгамж холбоог алдагдуулсан шийдвэр болсон гэх үндэслэлээр уг зөрчлийг арилгаж байгаа эсэх, мөн 2022-2024 онд орон нутгийн дээд боловсролын байгууллагад суралцсан суралцагчдад олгосон хөнгөлөлт, хамрагдсан оюутны тоо, 2025 оноос хөнгөлөлтөд хамруулаагүй суралцагчдын судалгаа, түүнд төлөвлөгдсөн санхүүжилтийг юунд зарцуулсан талаар асуулгадаа дурджээ. Дээр дурдсан 2024 оны 102 дугаар тогтоолыг Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолоор хүчингүй болгож, “Д ээд боловсролын cургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээлийг эргэн төлүүлэх жyрам”-ыг шинээр баталсныг Боловсролын сайд П.Наранбаяр асуулгын хариундаа дурдаж, тус журамд о рон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит cургaлтын байгууллагын суралцагчид сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх aсуудлыг тусгасныг мэдээлэв. Түүнчлэн “Дээд бoловсpoлын тухай” xуyлийн 4.1.7-д “Сургалтын төлбөрийн хөнгөлөлт гэж дээд боловcролын cургалтын байгууллагын сyралцaгчийн сурлагын амжилт, төлбөрийн чадамжийг тооцож төлбөрөөс тодорхой хувиар чөлөөлөхийг” хэлнэ гэж тодорхойлсон талаар танилцуулав. Орон нутгийн их, дээд сургуулийн оюутнуудын сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд 2022-2024 онд нийт 11.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд үүнд нийт 7346 оюутан хамрагджээ. 102 дугаар тогтоолын дагуу 2024 онд 1853 суралцагчид 362 тэрбум төгрөгийн хөнгөлөлт олгосон байна. Журам хэрэгжиж эхэлснээс хойш энэхүү хөнгөлөлтөд тусгайлан төсөв батлагдаж байгаагүй бөгөөд Боловсролын зээлийн сангийн хэмнэгдсэн зардлаас санхүүжүүлж байжээ. Харин 2025 онд дээрх хөнгөлөлтийг санхүүжүүлэхэд зориулан 5.0 тэрбум орчим төгрөгийн төсөв батлагджээ. Боловсролын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун шинэчлэгдэн батлагдсан журамд хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад тулгарч буй асуудлуудыг хэрхэн тусгасан тухай, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн зээлээр гадаад, дотоодод суралцагчид гэрээний үүргээ хэрхэн биелүүлж байгаа, биелүүлээгүй бол ямар хариуцлага тооцож буй талаар асууж хариулт авсан юм. Энэ онд хөгжлийн бэрхшээлтэй 17 иргэн БЗС-д хүсэлт ирүүлсний дөрөв нь тэнцэж, хөнгөлөлт эдэлсэн талаар Боловсролын сайд П.Наранбаяр танилцуулж, шалгуур, шаардлага хангасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хяналтын тоо, хязгаарлалт тогтоохгүйгээр хөнгөлөлт олгож байгаа болон алагчлан ялгаварласан зүйл байхгүй гэдгийг хэлсэн юм. Мөн тэрбээр БЗС-гийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд оруулсан болон олон мянган зээлдэгч нарт мэдээлэл хүргэх ажлыг явуулж буй тухай танилцуулаад, дотоодын их, дээд сургуульд зээлээр суралцагчдын эргэн төлөлт 97.0 хувьтай байгаа гэсэн юм. Жилд 250 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байгаагийн 33 тэрбумыг өмнө олгосон тэтгэлгийг эргэн төлөлтөөр олгох даалгавартайгаа сайд танилцуулж, энэ сарын байдлаар 10 тэрбум төгрөгийн эргэн төлөлттэй байгааг мэдээлэв. БЗС-гийн зээлдэгч сургуулиа төгсөж ирээд орон нутагт гурван жил, нийслэлд таван жил ажиллах журамтайг Боловсролын яамны мэргэжилтэн Д.Ганцэцэг танилцуулж, гэрээгээ зөрчсөн тохиолдолд авсан нийт санхүүжилтийг буцаан төлүүлэх ажиллагаа явуулдаг гэсэн тайлбар өгөв. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политекникийн коллежид суралцагчид хөнгөлөлт, тэтгэлгээс орхигдоод байгааг онцолж, хэрэгцээ шаардлагадаа тулгуурлан хүртээмжтэй олгох, мөн багшийн нэг хүүхдийг эрэлттэй мэргэжлээр үнэ төлбөргүй суралцуулах хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгааг шүүмжилж, Боловсролын сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах БЗС-гийн шинэчилсэн журмын хэрэгжилт, санхүүжилтийн хэдэн хувь нь гадаадад суралцагчдад, хэдэн хувь нь дотоодын их, дээд сургуульд суралцагчдад ногдож буйг болон эргэн төлөлтийн төлөвлөгөө, түүний биелэлт, мөн багшаар суралцагчдын төлбөрийн хөнгөлөлтийн талаар асууж, хариулт авав. Энэ оны наймдугаар сарын байдлаар БЗС-д 13,3 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдээд байгаагийн 2.5 тэрбум нь дотоодын хөнгөлөлттэй зээлээс, 8.4 тэрбум нь оюутны хөгжлийн дотоод зээлээс, 2.6 тэрбум нь гадаадад суралцагчдад олгосон зээлээс тус тус оржээ. Гадаадын болон дотоодын их, дээд сургуульд суралцагчдад олгож буй БЗС-гийн санхүүжилтийн харьцаа 70/ 30 байгааг сайд танилцуулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд БЗС-гийн зээлийг нэг гэр бүлийн хүмүүс, ах дүү, хамаатан саднаараа авчихсан байгаа нь шууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласантай хамааралтай гэдгийг онцолж, гэрээний үүргээ биелүүлээгүй хүмүүсээс тухайн санхүүжилт олгож байх үеийн ханшаар тооцож төлбөр нэхэмжлэх, гэрээний үүргээ биелүүлсэн байсан ч зээлийг урт хугацаанд заавал буцааж төлүүлдэг байх зарчмыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн юм. 2025 онд шинэчилсэн дээд боловсролын санхүүжилтийн журмаар зээлийн эргэн төлөх хугацааг 10 жил байсныг 20 жил болгож уртасгасныг Боловсролын сайд мэдээлж, нэг гэр бүлийн нэгээс олон хүүхэд зээл авч болохгүй гэсэн зарчим хэрэгжүүлбэл хүний эрхийн зөрчил үүснэ гэдгийг Хүний эрхийн Үндэсний Комиссоос анхааруулсан тухай дурдсан юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа Засгийн газрын 2021 оны 321 дүгээр тогтоол бол Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хугацаанд орон нутагт ялангуяа инженерийн боловсролыг дэмжих, цаашдаа олон мега төслүүд хэрэгжүүлэхэд боловсон хүчний бодлогыг хангах зорилгоор гаргасан, орон нутагт технологийн гурван сургууль байгуулах тухай шийдвэр гэдгийг тайлбарлаад, тогтоолын хоёрдугаар заалтаар орон нутгийн төрийн өмчийн их, дээд сургуулийн оюутны сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлөхөөр тогтоосныг онцлов. Энэ тогтоолыг 2021-2023 онд хэрэгжүүлээд, 2024 оноос БЗС-гийн журамтай хольж хутгасан нь төрийн бодлогын уялдаа холбоогүй, залгамж чанаргүйгээс болсон зүйл гэдгийг тэрбээр дурдаж, Засгийн газрын 2024 оны 102 дугаар тогтоолоор хүчингүй болгосон дээрх шийдвэрийг сэргээх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Энэ шаардлагын үүднээс өөрийнх нь тавьсан асуулгад Боловсролын сайд П.Наранбаяраас өгсөн хариултыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх горимын санал гаргаж, санал хураалгасан боловч түүний саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдоос мөн Боловсролын сайдад хандан тавьсан Боловсролтой монгол хүний баталгааг хангах талаарх асуулгын хариуг хэлэлцсэн юм. Монгол Улсын Үндсэн хуульд заасан боловсрол эзэмших талаарх иргэдийн эрх хэрхэн хангагдаж байгаа болон боловсролын хүртээмж, чанарыг сайжруулах, хөтөлбөрийг шинэчлэхийн тулд эрх зүйн ямар өөрчлөлт хийхээр ажиллаж байгаа, эрдэм боловсролтой монгол хүнийг төлөвшүүлэхэд чиглэсэн төсөв, санхүүгийн ямар бодлого, зарчим баримталж буй, мөн багш нарын цалин, урамшуулал, ажиллах нөхцөлийг сайжруулах хүрээнд ямар арга хэмжээ төлөвлөж буйг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд асууж, асуулга тавьсан байна. Боловсролын сайд П.Наранбаяр төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллага, тэдгээрт суралцагчдын тухай тоон мэдээллүүд, өмчийн хэлбэр үл харгалзан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехникийн коллежийн нэг суралцагчид олгох хувьсах зардал, түүнийг тооцох аргачлал, итгэлцүүрийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн суралцагчдын хувьсах зардлыг тооцох итгэлцүүрийг байршил болон төлбөрийн хэмжээнээс хамаарах байдлаар баталсныг танилцуулсан юм. Төлбөргүй болон 1.0 сая хүртэл төгрөгийн төлбөртэй бол 1.0-ээр, 1.0-5.0 сая хүртэл төгрөгийн төлбөртэй бол 0,6-гаар, 5.0-10.0 сая төгрөг хүртэл төлбөртэй бол 0.5-аар, 10.0 саяас дээш төгрөгийн төлбөртэй бол 0 буюу хувьсах зардал олгохгүй гэсэн итгэлцүүрийг хэрэглэж байгаа аж. Мөн холбогдох журамд ялгаатай хэрэгцээтэй суралцагчийг тэгш хамран сургахтай холбоотой шалгуурыг баталж, үүнийг болон үр дүнгийн үнэлгээг үндэслэн гүйцэтгэлийн үр дүнг санхүүжүүлэх хувь хэмжээний төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 189 сургуулиас 166 сургуульд хувьсах зардал олгосон байна. Мөн Засгийн газрын 2024 оны 53 дугаар тогтоолын дагуу нэг суралцагчид ногдох хувьсах зардлын бүрэлдэхүүнд хүүхэд хамгааллын зардлыг багтаан олгож байгааг сайд мэдээлэлдээ дурдав. Асуулгын хариутай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар, С.Эрдэнэбат, Ц.Мөнхтуяа, Ж.Галбадрах, С.Эрдэнэболд нар асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалал, хүүхдийн эрх, эдгээрийг хангахад зориулагдаж байгаа зардал, санхүүжилт, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулахад гарч буй хүний эрхийн зөрчлийг арилгах, багш нарын цалин урамшууллыг нэмэх, ипотекийн зээлд хүртээмжтэй хамруулж, тогтвор суурьшлийг хангах, энэ талаар Засгийн газрын холбогдогдох сайд нар ойлголтоо нэгтгэж ажиллах, цалинг ямар шатлалаар, ямар хугацаанд нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж асуусан юм. Мөн англи хэлний багшийн хүрэлцээ, сурагчдын тэгш боломжийг хангах, багш нарын тав, гурван жилийн тэтгэмжийг хуулийн дагуу олгох, гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллыг өгөх, тэтгэвэрт гарсан 117 багшийн 36 сарын тэтгэмжийг олгох зэрэг тодорхой асуудлуудаар хариулт авч, бүх нийтийн боловсролыг төрөөс үнэ төлбөргүй олгох тухай, мөн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын задаргаа, бүтцийн тухай хөндөн ярьсан юм. Боловсролын сайд П.Наранбаяр Монгол Улсын ирэх жилийн төсвийн төсөлд тус салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлж, 1.4 их наяд төгрөг болгохоор тусгасныг дурдаж, багш нарын үндсэн цалингийн хэмжээг 25 хувиар өсгөн, 1850 мянган төгрөг болгож, улмаар 2026 онд 2.5 сая төгрөгт хүргэхээр ажиллаж байгаагаа танилцуулсан юм. Хамгийн гол нь эх орноо нэгдүгээрт тавьдаг, ээж, ааваа энэрэн хайрладаг, гэр бүл, үндэсний уламжлалаа хүндэтгэдэг, бусдад элбэрэлтэй, аз жаргалыг ойлгодог монгол хүмүүсийг бий болгохын төлөө сургалтын хөтөлбөрийг чиглүүлж байгаагаа өгүүлж, үүнийг Улсын Их Хурлын гишүүд дэмжиж, хамтран ажиллахыг хүссэн юм. Асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд боловсролын асуудлаар улс төржиж болохгүйг тэмдэглээд, тойргийнхоо хүүхдүүдэд хоёр жил дараалан захидал бичихэд эхний жилд хүүхэд хамгаалал, сургуулийн орчны аюулгүй байдлын асуудлыг чухалчилсан хариу ирүүлж байсан бол дараагийн удаад багшийнхаа цалин, хөлсийг нэмүүлэх асуудлыг нэгдүгээрт тавьсан байсныг танилцуулсан юм. Багш нарын 60 хувь нь зургаан жилийн хугацаанд ажлаа өөрчилж байгааг, мөн хэмжээний багш нар 1.0 сая төгрөгөөс доош цалин авч байгааг, сургалтын чанар хот, хөдөөгийн сургуулиудын хооронд 2-8 дахин ялгаатай болсныг тэрбээр дурдаж, Монгол Улсын хөгжил дэвшлийн гол дархлаа бол боловсрол гэдгийг чухалчлан сануулсан юм. Талбай дээр хүйтэн цементэн хавтан дээр картонон цаас дэвсээд сууж байгаа багш нарын 70-80 хувь нь эмэгтэйчүүд гэдгийг тэрбээр анхааруулж, багш нарын цалин хөлсийг нэмэх боломж санхүүгийн чадамж Монгол Улсад бүрэн байгааг олон нийт нэгэнт ойлгосон гэдгийг хэлсэн юм. Гагцхүү төсвийн үр ашигтай, эрэмбэ дараатай, тооцоолол судалгаатай бодлого, төлөвлөлт, сайн менежментийг та биднээс нэхэж, янз бүрийн хулгайд авталгүй, боловсрол, эрүүл мэндийн салбартаа зарцуулж чадах ухаалаг төрийн бодлогыг шаардаж байна гэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ТБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.10.14/ хуралдаанаар хэлэлцэх эхний асуудал нь Дэд хорооны даргыг сонгох тухай байлаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгоно хэмээн заасан бөгөөд УИХ дахь АН-ын бүлгээс Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарын нэрийг дэвшүүлсэн юм. Харин нэр дэвшигч Дав.Цогтбаатар гадаад улсад албан томилолттой яваа тул Дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэхийг хойшлуулав. Дараа нь Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн хоёр төсөл , УИХ-ын хоёр тогтоолын төслийн талаар танилцуулсан юм. Тэрбээр, айл өрх, иргэдийн татварын ачааллыг бууруулж бодит орлогыг нь хамгаалах, орлогын тэгш бус байдлыг бууруулах, бизнесийн идэвхжилийг дэмжих, татварын хамрагдалтыг сайжруулах, далд эдийн засгийг бууруулах зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан болохыг танилцууллаа. Хуулийн төсөл батлагдсанаар нийт иргэдийн 75 хүртэлх хувь нь нэмэгдсэн өртгийн албан татвараас 50-100 хувь хөнгөлөгдөх юм. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн процесс ажиллагааг багасгах, түншлэлийн хүрээг тэлж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн зорилго, зорилтод нийцсэн төсөл хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, орон нутгийн түвшинд түншлэлийн төслийг бие даан хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулж Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар төсөвт үзүүлэх ачааллыг бууруулах чухал ач холбогдолтой юм хэмээн танилцуулав. Өрийн удирдлагын стратегийг хэрэгжүүлэх зорилгоор 2026 оны төсвийн жилд арилжаалах гадаад болон үнэт цаасны дээд хэмжээ, зориулалтыг тусгасан "Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай", Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй байгаа хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулан, орд ашиглалтыг сайжруулах зорилгоор "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг тус тус боловсруулсан хэмээлээ. Хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "И рэх онд 20 тонн алт олборлоно гэж төлөвлө жээ. Энэ жилийн гүйцэтгэлийг харахад 7.7 тонн алт авсан байна. Нүүрс 90 сая тонныг экспортолно гэж тооцоолж, энэ хэмжээнд хүрэх үү. 2025 онд 2 сая тонн зэсийн баяжмал экспортолно гэсэн. Зэсийн баяжмал, алт, нүүрсийг ямар үнээр тооцож байгаа вэ" хэмээн лавласан. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, өнөөдрийн байдлаар нийтдээ 64.4 сая тонн нүүрс экспортлоод байна. Энэ нь өнгөрсөн оны түвшинд байгаа. Энэ тоонд үндэслэж ирэх жилийн нүүрсний экспортын хэмжээг 90 сая тонн гэж тооцсон. Нүүрсний үнэ 40 хувиар буурсантай холбогдуулан орлого багассан. Зэсийн зах зээлийн үнийг нь 9700 ам.доллароор тооцсон. Оюутолгой болон Эрдэнэт үйлдвэрээс ирүүлж байгаа биет хэмжээнд үндэслэж төсөвлөсөн. Зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 8331.8 ам.доллароор тооцсон байгаа. Зэсийн үнэ харьцангуй тогтвортой байгаа. Алтны үнийг унцыг нь 2900 ам.доллароор тооцсон. Алтны үнэ одоогийн байдлаар 4000 ам.долларт хүрч түүхэн дээд хэмжээнд ирээд байна. Алтны үнэ өндөр өсөлттэй байгаа учраас олборлолт, борлуулалт нэмэгдэх бололцоотой гэж үзсэн гэсэн хариулт өгсөн юм. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар төр, хувийн хэвшлийн түншлэлийг ямар чиглэлээр өргөтгөх талаар тодруулж, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, орон нутгийн үнэт цаас гаргах асуудлыг уялдуулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Эдийн засаг, хөгжлийн яамны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т.Баясгалан, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлд түншлэлийн төсөлд тавигдах шаардлагыг хуульчилсан байдгийг дурдаад, уг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичиг бүсчилсэн хөгжлийн бодлого болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн байх шаардлагыг түншлэлийн төсөлд хамгийн эхний нийтлэг шаардлага болгон тавьж байгаа. Тийм учраас 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан төслүүд, мөн Монгол Улсын 2025, 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд туссан, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих санхүүгийн эх үүсвэргүй болсон төслүүдийг урьдчилсан үнэлгээ шинжилгээ хийж, түншлэлээр хэрэгжүүлэхэд оновчтой гэж үзвэл Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн дагуу хэрэгжүүлээд явах боломжтой гэсэн агуулгаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслийг боловсруулсан. Дээрх хуулийн 13.2-т зааснаар нийслэл болон 12 аймагт түншлэлийн төсөл хэрэгжүүлэх эрх нь байгаа. Гэхдээ нийслэл болон улсын төсвөөс сүүлийн 3 жил дараалан санхүүгийн дэмжлэг аваагүй, эсхүл 100 000, түүнээс дээш хүн амтай аймаг тодорхой салбарт түншлэлийн төслийг хэрэгжүүлж болно гэж заасан байгааг өөрчилж, 21 аймаг нь нийслэлтэй адил Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан зургаан салбарт богино хугацаатай болон 100 тэрбум төгрөгөөс доош дүнтэй төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой байхаар эрх зүйн зохицуулалтыг нээж өгөх юм гэлээ. УИХ-ын гишүүн Д.Батбаяр, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай болон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд оруулах өөрчлөлт бизнес эрхлэгчид болон худалдан авагч иргэдэд шууд нөлөөлнө. Хуулийн төсөлд тусгаснаар 2026 онд сая хүртэл төгрөгийн худалдан авалтын НӨАТ-ын 50 хувийг буцааж олгож, саяас дээш бол 20 хувийг буцаан олгохоор тусгасан байна. 2027 онд 500 хүртэл мянган төгрөгийн худалдан авалтын НӨАТ-ыг 100 хувь буцааж олгохоор төлөвлөсөн байна. Худалдан авалтуудыг бүртгэх судалгаа хийгдсэн эсэхийг, хэрхэн бүртгэх талаар тодруулав. Мөн хуулийн төсөл батлагдан, хэрэгжсэнээр ирэх онуудад иргэдэд очих урамшуулал нэмэгдэх эсэх, бизнесийн байгууллагуудад үзүүлэх дарамтын талаар судалгаа хийсэн эсэхийг лавлалаа. 2024 онд 1.4 сая иргэн НӨАТ-ын буцаан олголтын хөнгөлөлт эдэлсэн хэмээх баримтыг Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн хариултынхаа эхэнд дурдав . Нийт иргэдийн 25 хувь буюу 372 мянган иргэн нийт худалдан авалтын 75 хувь буюу 14.7 их наяд төгрөгийн худалдан авалтыг хийжээ. 1.1 сая иргэн буюу нийт иргэдийн 75 хувь нь нийт худалдан авалтын 25 хувь буюу 5.2 их наяд төгрөгийн худалдан авалт хийжээ. Худалдан авалтын хөнгөлөлтөөс хамаараад нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгохоор тусгасан байна. Энэ хөнгөлөлтөд нийт иргэдийн 75 орчим хувь нь ирэх онд хамрагдана. 2027 оноос бол 500 мянган төгрөгийн хүртэлх худалдан авалтын НӨАТ-ыг бүрэн буцааж өгөхөд нийт иргэдийн 51 хувь хамрагдах тооцоо гарсан. Өөрөөр хэлбэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчлэл хэрэгжсэн тохиолдолд 500 мянга хүртэлх төгрөгийн худалдан авалт хийж, И-баримтын систем дээр бүртгэгддэг буюу нийт иргэдийн 51 орчим хувь нь НӨАТ-ын ачаалалгүй болно гэсэн тооцоолол байгаа гэсэн хариулт өгөв. Мөн тэрбээр татварын шинэчлэлийн туйлын зорилго бол НӨАТ-ын хамрагдалтыг 90 орчим хувьд хүргэх бөгөөд цахим төлбөрийн баримтыг төлбөр хийгдсэн тохиолдолд автоматаар бүртгэгддэг болгож, аж ахуйн нэгжүүд хоорондын гүйлгээ автоматаар И-баримтын систем рүү шилждэг болгоно хэмээсэн. Ингэснээр 100 орчим тэрбум төгрөгөөр орлого нэмэгдүүлэх зорилтыг татварын байгууллагын түвшинд тавьсан хэмээн нэмж хариулсан. УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, өргөн мэдүүлсэн төслүүдэд хуульчид анализ хийгээд төсөвт үзүүлэх нөлөөллийн судалгаа тун бага хийгдсэн буюу зардал, үр ашгийн үнэлгээ бараг байхгүйтэй адил болсон байна гэсэн дүгнэлт гаргасныг тодотгосон. УИХ-ын гишүүд асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдоос Эдийн засгийн хараат бус хяналтын хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий аудиторт хандсан асуултын хариуг хэлэлцэ в. Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн асуултын хариуг танилцуулсан. Нэгдсэн Үндэстний Байгууллага болон түүний төрөлжсөн байгууллагуудад гишүүнчлэл бүхий дэлхийн 196 орныг эгнээндээ нэгтгэсэн аудитын дээд байгууллагуудын мэргэжлийн байгууллага ИНТОСАИ, 48 орны гишүүнчлэлтэй Аудитын дээд байгууллагуудын Азийн байгууллага АСОСАИ-д Монгол Улсын Үндэсний аудитын газар 1996 онд бүрэн эрхт гишүүнээр элссэн байна. Тус байгууллагууд нь Аудитын дээд байгууллагуудын хараат бус байдлын тухай Лимагийн болон Мексикийн тунхаглалыг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжилтийг хангах үүргийг хүлээдэг. Эдгээр тунхаглалуудын гол зорилго нь хараат бус төрийн аудитыг бүрдүүлэх, “Энэ шаардлагыг хангахгүй Аудитын дээд байгууллага стандартад үл нийцнэ” гэж үздэг бөгөөд Аудитын дээд байгууллага зөвхөн хараат бус байдлыг олж авснаар биелэгдэхгүй, энэ хараат бус байдал нь дотоодын хууль тогтоомжоор баталгаажсан байхыг шаарддаг аж. Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн, Хөндлөнгийн буюу түншийн үнэлгээг Аудитын дээд байгууллагууд хийлгэж, үйл ажиллагаагаа илүү сайжруулах чиглэлээр ажилладаг бөгөөд 2010 онд Норвеги Улсын Ерөнхий аудиторын газрын дэмжлэгтэйгээр Швед Улсын Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудитын тогтолцоо болон үйл ажиллагаанд, 2016 онд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Үндэсний аудитын газраас Монгол Улсын Үндэсний аудитын газрын санхүүгийн аудитын үйл ажиллагаанд тус тус хөндлөнгийн буюу түншийн үнэлгээ хийгдсэн. Эдгээр түншийн үнэлгээгээр Монгол Улсын Үндсэн хуульд Төрийн аудитын байгууллагын тогтолцооны талаар зохицуулалт байхгүй, Төрийн аудитын тухай хууль (2003 он)-д санхүүгийн болон байгууллагын хараат бус байдлын талаар тодорхой хэмжээний зохицуулалт байсан ч Үндсэн хуулийн зохицуулалтгүй байгаа нь энэ хараат бус байдалд нөлөөлөх эрсдэлтэй байна гэж дүгнэгдсэн. Төрийн аудитын байгууллага Лимагийн болон Мексикийн тунхаглалыг мөрдөхийн зэрэгцээ, түншийн үнэлгээгээр өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагын дагуу Монгол Улсын Үндсэн хуульд төрийн аудитын байгууллагын хараат бус байдлын талаарх зохицуулалтыг тусгуулахаар Улсын Их Хуралд удаа дараагийн хүсэлтийг уламжилж байсан. Улмаар 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.” гэсэн заалт нэмсэн. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлж, Төрийн аудитын тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр батлагдаж, мөн оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Төрийн аудитын үндсэн зорилт нь төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийг хууль ёсны дагуу арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэйгөөр төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад хяналт тавих, түүнчлэн төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэдэг. Энэхүү зорилтын хүрээнд төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэн, өнөөгийн байдлаар Төрийн аудитын байгууллага улсын хэмжээнд санхүүгийн тайлангийн аудитад 6800 орчим байгууллагыг, гүйцэтгэл, нийцлийн аудитад 7100 гаруй байгууллагыг хамруулан аудит хийж байна. Лимагийн тунхаглалд “Аудитын дээд байгууллага ажил үүргээ хэрэгжүүлэх боломж олгохуйц санхүүгийн хөрөнгөөр хангагдана.” гэж, Төрийн аудитын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Төрийн аудитын байгууллага улсын төсвөөс санхүүжнэ. Төрийн аудитын байгууллага үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх эдийн засгийн баталгааг төр хангана.”, 40.2-т “Монгол Улсын Ерөнхий аудитор төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд хянуулахаар хүргүүлнэ.”, 40.3-т “Монгол Улсын Ерөнхий аудитор Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороогоор хянагдсан төрийн аудитын байгууллагын төсвийн төслийн эцсийн хувилбарыг улсын төсөвт нэгтгүүлэхээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлнэ.”, 40.4-т “Засгийн газар төрийн аудитын байгууллагын төсвийн төслийг бууруулахгүйгээр улсын төсвийн төсөлд тусгаж Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.” гэж тус тус заасан төрийн аудитын байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх эдийн засгийн баталгааны талаар хуульчлан зохицуулсан. Хуулийн дээрх зохицуулалт бодит байдалд хэрэгжихгүй, санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (шалгагдагч этгээд) төрийн аудитын байгууллагын жилийн төсвийн хязгаарын саналыг хянаж, тодорхой хэмжээгээр бууруулан төсөвлөж, энэ хүрээнд нь УИХ шийдвэрлэн өнөөдрийг хүрснийг жишээ татан тодотгосон. Монгол Улсын Ерөнхий аудиторын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, С.Эрдэнэболд нар асуулт асуусан. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Төсвийн байнгын хороо Үндэсний аудитын газраас хийсэн өрийн удирдлагын стратегийн дунд хугацаанд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийн явц, 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтэд хийсэн аудитын дүгнэлттэй танилцах хэрэгтэй байна. Байнгын хорооны гишүүд өрийн удирдлага, эрсдэлтэй холбоотой асуудлуудыг онцгой анхаарах шаардлагатай. Ингэж байж цаашид дунд хугацаанд төсөв, санхүүгийн эрсдэл үүсгэхгүй хэмээсэн. Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн, 2025 онд гүйцэтгэх аудитын сэдвийг өнгөрсөн оны 12 дугаар сард Төсвийн байнгын хороо баталж өгсөн. Үүнд хуулийн дагуу хийгдэх 17, бодлогоор хийгдэх 24, нийт 41 сэдвээр аудитын байгууллага 2025 онд аудитыг хийж гүйцэтгэж байгаа. Энэ хүрээнд бид Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагаас авсан зээл тусламжийн ашиглалт үр дүн сэдвээр 2021 онд аудит хийсэн. Хөдөө аж ахуйн салбарын зээл тусламжийн хөрөнгийн ашиглалт, үр өгөөж сэдэвтэй гүйцэтгэлийн аудитыг 2023 онд мөн хийсэн. Өрийн удирдлагын стратегийн дунд хугацаанд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийн явцыг 2023-2024 оны байдлаар гаргасан гүйцэтгэлийн аудитыг хийсэн. Эндээс харахад нийтлэг алдаа зөрчлүүд байнга давтагдаад байна. Гүйцэтгэлийн аудитын сэдвийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж бий. Гадны зээл тусламжийн ашиглалттай холбоотой асуудлыг анхаарах нийтлэг шаардлага байна гэж үзэж байгаа гэсэн хариулт өглөө. УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, аудитын шийдвэрийг хэрэгжүүлэхэд хууль, эрх зүйн орчны тодорхойгүй байдал нөлөөлж байна гэж аудитын байгууллага танилцуулгадаа дурдсаныг тодотгоод, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгохын тулд ямар алхам хийх хийвэл зохилтой хэмээн үзэж буйг тодруулсан. Мөн улсын нэгдсэн төсөв дэх хөрөнгө оруулалтын төсөлд тусгасан төсөл хөтөлбөр, арга хэмжээ, худалдан авах ажиллагаа, гадаадын зээл тусламж, хандив санхүүгийн дэмжлэгийн төлөвлөлт, гүйцэтгэл, ашиглалт, зарцуулалт, хэрэгжилт, тайлагнал дахь алдааны талаар мэдээлэл хүссэн. Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд төсөв нийцэж байгаа эсэхийг бид нарийн шалгуураар дүгнэж чадахгүй байгаа. Энэ талаар Аюулгүйн зөвлөлийн ажлын албатай ярилцан хоёр талаасаа ажиллаж байна. Аудитын байгууллага бол хараат бусаар ажиллах ёстой гэдэг дээр олон улсын байгууллагууд үнэлж дүгнээд хараат бус байна, гэхдээ санхүүгийн хувьд асуудал байна гэсэн анхааруулга өгсөн байдаг. Энэ талаар Сангийн яам аль болох ойлголцоод, ярилцаад явж байгаа. Аудитын шийдвэрийг хэрэгжүүлэх тал дээр асуудал бий. Аудитын шийдвэр гүйцэтгэх хуудсаар бичигдээд гүйцэтгэгддэг байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад зөвхөн татварын байцаагчийн татварын төлбөр тогтоосон акт болон шүүхийн шийдвэрээр тогтоосон шийдвэрийг л гүйцэтгэнэ гэж заасан учир гүйцэтгэх хуудас манайд бичигдэхгүй байгаа. Тэгэхээр аудитын шийдвэрийг албадлагын журмаар явуулах асуудал суларсан. Бид хуулийн орчин болоод холбогдох судалгаануудыг хийгээд бэлэн болгоод байна. Энэ чиглэлээр саналаа оруулж шийдвэрлүүлбэл үр дүнд хүрнэ гэж үзэж байгаа. Манай байгууллага Аудитын шийдвэрийн хэрэгжилтийн газар гэж тусдаа газартай болсон. 2019, 2020 оноос хойших бүх шийдвэрийг эмхэтгээд биелсэн, биелээгүйгээр нь ялгаад, ялангуяа гэмт хэргийн чанартай, хариуцлага тооцуулах асуудлыг анхаарч ажиллаж байна гэсэн хариулт өгөв. Эцэст нь асуулт тавьсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд байр сууриа илэрхийлж, энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

‘’ЭРДЭНЭТ’’ ҮЙЛДВЭРИЙН ТЕНДЕРҮҮД ТӨРИЙН МӨНГӨ ТАНСАГ ХЭРЭГЛЭЭНД УРСАХ УУ?

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын төсвийн хөрөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулах, зориулалтын бусаар ашиглах асуудал тасрахгүй байна. У лсын төсвийн орлогын томоохон хэсгийг бүрдүүлдэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-д ийм асуудал дахин гарчээ. 2025 онд тус үйлдвэр 52 сая төгрөгөөр майонез, 30.6 сая төгрөгөөр хоол амтлагч худалдан авах тендер зарлаж, уг тендерт “Анандаяа” ХХК шалгарсан байна. Үүнээс гадна өтгөрүүлсэн сүү, төрөл бүрийн цай, төрөл бүрийн үр тариа зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг авах нэрийн дор хэд хэдэн тендер зарлагдсан нь анхаарал татаж байна. Тансаг тавилгаар байр тохижуулсан захирал Өмнө нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Х.Бадамсүрэн албан тушаалаа урвуулан ашиглаж, үйлдвэрийн хөрөнгөөр хувийн орон сууцаа тохижуулсан гэх мэдээлэл ил болж байсан. Г урван унтлагын өрөөгөө тус бүр 10 сая төгрөгийн иж бүрдлээр, ажлын өрөөгөө 8.6 сая төгрөгийн тавилгаар тохижуулж, “MELODIA”, “DONATELLO” брэндийн буйдан, тавилга зэрэгт нийтдээ 80 гаруй сая төгрөг зарцуулсан гэж мэдээлж байв. Мөн 24 сая төгрөгөөр засвар хийлгэсэн төдийгүй 150 гаруй сая төгрөгөөр жигнэмэг, хар чавга худалдан авсан баримт ч ил болж байсан юм. Өөрийгөө 100 сая төгрөгөөр шагнасан захирал Харин одоогийн Ерөнхий захирал Г.Ёндон 2025 онд Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан өөрийгөө 100 сая төгрөгөөр шагнаж, “Очир-Эрдэнэ” нэртэй цомоор мялаасан тухай мэдээлэл гарчээ. Түүнийг албан тушаалаа ашиглан эрх мэдлээ хэтрүүлж, үйлдвэрийн хөрөнгөөр 70 гаруй сая төгрөгийн цахилгаан бараа, хэрэгсэл худалдан авсан хэмээн шүүмжилж байна. Мөн Г.Ёндон өөрийн хамаарал бүхий этгээд болох н.Энхжинг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Дотоод хяналт шалгалтын гүйцэтгэх захирлаар томилсон гэх мэдээлэл ч олон нийтийн дунд дуулиан тарьсан. Түүнчлэн 2024 онд уурхайчид “удирдлагууд эрх ашгийг маань зөрчиж байна” хэмээн эсэргүүцэл илэрхийлж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн түүхэнд анх удаа ажил хаялт зарлаж байлаа. Ийнхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд улсын хөрөнгийг хувийн хэрэгцээнд ашиглах, тансаг хэрэглээнд зарцуулах, ойр дотнын хүмүүсээ албан тушаалд томилох зэрэг асуудал тасралтгүй гарч, олон нийтийн шүүмжлэл дагуулсаар байна.

ХЭҮК-ООС ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙГ ХУУЛЬ БУС ТОМИЛГОО ХИЙЖ, ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ЗӨРЧСӨНГ ТОГТООЛОО

Шүүхийн Ерөнхий зөвлө лийн чиг үүрэг нь тухайн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүйгээр шүүхийн санхүү, хүний нөөцийг хариуцаж, шүүгч болох хүнийг сонгон шалгаруулах юм. Гэтэл өнгөрсөн хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөл ажлаа хангалттай хийж чадаагүй хэмээн нийт шүүгчдийн зүгээс үзэж байгаа юм. Үүнийг батлах баталгааг Хүний эрхийн үндэсний комиссоос Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн шаардлага баталж байна. Тухайн шаардлагад: “… Ерөнхий зөвлөлийн ажлын албаны албан хаагчдын болон нэгж хоорондын ачаалал тэнцвэргүй, Зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, газар, төвийн дарга нар болон албан хаагчдын албаны харилцааны чиглэл, өдөр тутмын үүрэг, даалгавар өгөх, ажлыг хариуцах, тайлагнах дараалал тодорхойгүй, албан хаагчдын ажлын ур чадварыг сайжруулах, мэргэшүүлэх үр дүнтэй арга хэмжээ орхигдсон байгааг Комисст авагдсан баримт илтгэж байна. Албан ажлыг хэвийн, тэнцвэртэй явуулах суурь нөхцөл бүрдээгүй нь албан хаагчдад бухимдал, үр дүнгүй ачаалал үүсэх, ажлын албаны газар, нэгжүүд хамтран ажиллахад бэрхшээл учрах, удирдах, удирдуулах зарчим алдагдаж, албан хаагчдын хөдөлмөрлөх эрх зөрчигдөх нөхцөлийг үүсгэж байна. Хөдөлмөрийн хэвийн нөхцөл бүрдээгүй нь хүний болон тогтолцооны хүчин зүйлсээс хамаарахын зэрэгцээ 2021 онд баталсан Шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэх цаг үеийн шаардлагатай холбоотой байна. 2021-2025 онд бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Зөвлөл Шүүхийн тухай хуулийн 70 дугаар зүйлээр тогтоосон чиг үүргийн зэрэгцээ уг хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм, журмыг боловсруулах мөрдүүлэх, шүүгчийн сонгон шалгаруулалтыг боловсронгуй болгох, шүүхийн захиргааны зохион байгуулалт, үйл ажиллагааны системүүдийг бий болгох, санхүү, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, шүүхийн барилга, дэд бүтцийг байгуулах зэрэг шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх шилжилтийн үеийн үүрэг, ачааллыг хүлээсэн байна. Ерөнхий зөвлөлийн ажлын албаны хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийг албан хаагчтай хийсэн ярилцлага, санал асуулгын дүн илтгэж байна. “Байгууллагынхаа ажил хэргийн ерөнхий уур амьсгалыг хэрхэн дүгнэх вэ?” гэх ганцаарчилсан ярилцлагын асуултад 21 албан хаагч (32,3 хувь) хэвийн бус, 44 албан хаагч (67,7 хувь) хэвийн гэж хариулсан нь Комиссоос хөдөлмөрлөх эрхийн асуудлаар хийсэн хяналт, шалгалтуудын дунджаас дээгүүр сөрөг үзүүлэлт байна. Ганцаарчилсан ярилцлагаар “Байгууллага дотроо санал бодлоо илэрхийлж, чөлөөтэй харилцаж чаддаггүй, байгууллагын уур амьсгал эрүүл биш, соёл ойлгомжгүй”, “Удирдах албан тушаалтнууд албан хаагчдын үзэл бодлыг сонсдоггүй, шууд загнадаг”, “Хов, сул яриа ихтэй, удирдах албан тушаалтан түүнд автдаг”, “Өмнө ажиллаж байсан байгууллагаас хүйтэн хөндий, хэцүү байсан ч одоо дасаж байгаа”, 2 “Төрийн алба ийм байдаг гэж ойлгох болсон”, “Арван гишүүнээс өөр үүрэг даалгавар ирдэг нь ажил явуулахад ойлгомжгүй байдал үүсгэдэг”, “Гишүүдийн хүмүүс” нэгжийн дарга нарт захирагддаггүй”, “Газрын дарга нар дээд удирдлагад уурласан бухимдлаа ажилтнуудад гаргадаг, удирдах арга барил муутай”, “Үйлчилгээний ажилтнуудаа хамгаалж чаддаггүй, сахилгын хариуцлага ялгаатай ногдуулдаг”, “Шинээр ажилд орсон хүнийг, ялангуяа эмэгтэй албан хаагчдыг ялгаварладаг” зэрэг асуудлууд яригджээ. Ярилцлагад оролцсон албан хаагчид хэл аманд орох, сүүлд асуудал үүсэхээс эмээж байгаагаа илэрхийлж, ярианы нууцлалыг хадгалахыг хүсэж байсныг мөн тэмдэглэх нь зүйтэй. Ажлын байрны уур амьсгал хэвийн бус, албан хаагчдын ажлын ачаалал тэнцвэргүй, хариуцлага, сахилга бат сул, ажлын ур чадвар хангалтгүй, Зөвлөлийн гишүүдийг үл тоох, үүрэг даалгаврыг үл биелүүлэх тохиолдол гардаг болохыг Зөвлөлийн гишүүд мөн тайлбарласан.” хэмээжээ . Өнгөрөгч оны байдлаар 21 албан хаагч чөлөөлөгдөж,42 албан хаагчийг шинээр болон шилжүүлэн томилсон байна. Ажлаас гарсан 20 албан хаагч өөрийн хүсэлтээр, 1 албан хаагч ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн гэх. Харин энэ онд 29 албан хаагчийг шинээр болон шилжүүлэн томилж, 14 албан хаагч ажлаас чөлөөлөгджээ. Ажлаас гарсан 13 албан хаагч өөрийн 3 хүсэлтээр, 1 албан хаагч ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөгд сөн гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл ч мөн байгаа юм.

БНЧУ-ын парламентын Сенатын танхимын дэд дарга Йитка Сейтловад бараалхлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд өнөөдөр /2025.10.13/ Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын танхимын дэд дарга Йитка Сейтловад бараалхлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг дэд дарга Йитка Сейтлова тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзсандаа баяртай ба йгаагаа илэрхийлж , хоёр орны ард түмэн олон арван жилийн түүхэн найрсаг харилцаа Иж бүрэн түншлэлд хүрснийг онцлон тэмдэглэв. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Чех Улсад хийсэн түүхэн айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн агуулгаар баяжуулж, олон салбарт улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсны зэрэгцээ байгаль орчныг хамгаалах, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны ирээдүйн зорилго, зорилтыг тодорхойлсон үр дүнтэй айлчлал болсныг тэмдэглэв. Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын танхимын дэд дарга Йитка Сейтлова хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай буйгаа илэрхийлж, хоёр орны хууль тогтоох дээд байгууллага, парламентын бүлэг, Тамгын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж ирснийг дурдав. Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд монгол орны ойн сангийн судалгаа, бүрхэвчийн зураглал, усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх, тахь сэргээн нутагшуулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх замаар махны экспортыг нэмэгдүүлэх, сүүний эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, хөнгөн үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх зэрэг олон арван ажлыг амжилттай хамтран хэрэгжүүлж байгаад талархаж байна гэлээ. Уулзалтын хүрээнд талууд байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр болон мазаалай баавгай, хавтгай зэрэг нэн ховор ан амьтдыг судлах, хамгаалах, эргэн нутагшуулах чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

АН ШИЙДВЭРЭЭ НЭГТГЭЖ ЧАДАХГҮЙН УЛМААС ТӨРИЙН АЖИЛ ГАЦААНД ОРЖ, ХОЙШ УХАРСААР

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудал АН-ынхнаас болж гацаанд орлоо. УИХ-ын гишүүдийн олонх нь Ерөнхий сайдыг огцруулахад гарын үсэг зурснаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн ч АН-ынхан орж ирээгүйгээс ирц хүрсэнгүй, хурлыг хаалаа. Уг асуудлыг хэлэлцэж эхэлсэн цагаас АН-ынхан нэгдсэн байр суурьт хүрээгүй, гишүүд нь өөр өөр байр суурь илэрхийлсээр ирсэн бол өнөөдөр ийнхүү УИХ-ын үйл ажиллагааг гацаах алхмыг бодитоор хийлээ. Учир нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг даваа гарагийн 11:00 цагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэдгийг гурав хоногийн өмнө буюу өнгөрсөн баасан гарагт тов тогтоон нийтэд зарласан. Гэвч АН-ынхан бүлгийн хуралдаанаа энэ цагтай давхцуулсан нь санаандгүй тохиолдол биш байв. Улмаар байнгын хороо, чуулганд АН-гүйгээр ирц хүрэхгүй учраас тэд ийнхүү шийдвэр гаргахгүйгээр барахгүй, хувь хувийн эрх ашигтаа баригдан, хоёр үзүүртэй зүү шиг байсаар өдийг хүрч буй нь харамсалтай. Ийнхүү сөрөг хүчний үүргээ ч гүйцэтгэж чадахгүй нөхцөлд хүрсэн нь АН-ын дарга О.Цогтгэрэлийн байр суурьтай шууд холбоотойг эх сурвалж хэлж байна. Учир нь “Тэсо”-гийн О.Цогтгэрэл Г.Занданшатарын талд буй. Тиймээс байнгын хороо, чуулганд нэгдсэн байр суурьгүй буюу өөр өөрсдийнхөөрөө санал өгөх боломжийг олгож, задгай орох нь зүйтэй гэж үзсэн байна. Гэтэл хэрвээ Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахгүй гэдэг шийдвэр гарчихвал “Тэсо” нам дотроо адлагдах буюу АН-ын нэр хүндийг шороотой хутгаж, сөрөг хүчний үүргээ биелүүлээгүй гэх ялд унах нь гарцаагүй. Ийнхүү хувийн эрх ашигтаа баригдсан даргатай АН-ынхан нэг шийдвэрт хүрэхгүй байсаар төрийн ажлыг гацаанд оруулаад байна. АН-ынхан ингэж эрх мэдэл, албан тушаалын төлөө өдрийн хэд урваж шарваж байна. Тэд ард түмний дуу хоолой бол гэж олгосон кнопоо ийнхүү наймааны хэрэгсэл болгож, МАН-ын засгийг авч үлдэх хуйвалдаан хийгээд ордноор гүйлдэж байгаа нь харамсалтай.

“ТӨСӨВ ХАМГААЛАХ” НЭРИЙН ДОР “ЗАСГАА ХАМГААЛСАН” ЗАХИРАМЖ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн баасан гарагт /2025.10.10/ гишүүдийг “гадаад улсад явахыг түр хориглох” захирамж гаргажээ. Уг шийдвэр аравдугаар сарын 13-наас 17-ны хооронд хүчинтэй байх бөгөөд парламентын түүхэнд бараг анхны тохиолдол гэж хэлж болохоор алхам. Албан тайлбарт нь “2026 оны төсөв болон дагалдах хуулиудыг хэлэлцэж буйтай холбогдуулан” гэх шалтгаан дурдсан ч, улс төрийн хүрээнд энэ захирамжийг “Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудал”-тай холбон хардаж эхэлжээ. Учир нь өнгөрсөн баасан гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцээд, даваа гариг хүртэл хойшлуулсан. Тэгэхэд “зарим залуу гишүүдийг дарамталж, хуралд суулгахгүй байх”, “заримд нь гадаад томилолтын билет өгч саармагжуулах оролдлого яваа” гэх мэдээлэл хөвөрсөн нь анхаарал татав. Ийнхүү байдал хурцдаж байх мөчид УИХ-ын дарга гишүүдийн гадаад явах эрхийг хязгаарласан нь “төсөв хамгаалах уу, Засгийн газраа хамгаалах уу?” гэсэн асуултыг төрүүлж байна. Хууль зүйн талаасаа харвал, Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлд “дарга гишүүдийн гадаад томилолтыг олгох, түүний журмыг батлах” эрхтэй гэж заасан. Гэвч энэ удаагийн хязгаарлалт “зайлшгүй шаардлагатай тохиолдолд” гэх хүрээнд орж байна уу гэдэг эргэлзээтэй. Учир нь өнөөдөр /2025.10.13/ ТББХ-оор Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэнэ. Харин пүрэв гарагт /2025.10.16/ нэгдсэн чуулганаар 2026 оны төсвийн багц хуулиуд орж ирэх юм. Товчхондоо, Д.Амарбаясгалангийн гарын үсэгтэй захирамж нь “улс орны төсөв хамгаалах” нэрийн дор “Занданшатарыг хамгаалах” улс төрийн халхавч болж хувирч байна гэх хардлагыг улам бүр лавшрууллаа.

ХҮН ДАЙРЧ АМИНД НЬ ХҮРСЭН Д.ЭРДЭНЭБААТАР ДАРГА АЖЛАА ХИЙСЭЭР БАЙНА

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг дарга Д.Эрдэнэбаатар албаны машинтайгаа зам тээврийн ноцтой осол гаргаж, хүний аминд хүрсэн ч өнөөдрийг хүртэл ажлаа хээв нэг хийсээр байна. Эх сурвалжийн мэдээллээр 2025 оны наймдугаар сарын 7-ны өдөр Даргын хэрэглэдэг “Прадо 150” маркын албаны автомашин 68 настай эмэгтэй иргэн “Ө”-ийг мөргөж, газар дээр нь амь насыг нь хохироосон байна. Гэвч хоёр сар гаруй хугацаа өнгөрсөн ч уг хэрэгт холбогдуулан Д.Эрдэнэбаатарыг нэг ч удаа байцаагаагүй, шалгалтын ажиллагаа ч эхлээгүй байгаа нь иргэдийн дургүйцлийг төрүүлж байна. Албаны машин, төрийн шатахуунаар сэлгүүцэж яваад иргэн ийг дайрч амь насыг нь хохироосон хэргийг хэн, ямар шалтгаанаар дарагдуулж, “дарга” хэвээр үлдээв? Энэ хэрэгт хууль хяналтын байгууллагууд яагаад дуугүй байна вэ? Хэнтий аймгийн удирдлагууд, холбогдох байгууллагууд энэ асуудалд тодорхой хариулт өгөх үүрэгтэй. Манай сайт уг хэргийг цаашид нарийвчлан сурвалжилж, иргэдэд үнэн бодит мэдээлэл хүргэх болно.

ЖООМ, БЯСАА ХӨЛХСӨН “СҮНДЭ ГҮГ БАБ”

Циркийн урд байрлах олон жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй “Сүндэ Гүг Баб” нэртэй корей ресторан жоом, бясаа хөлхсөн орчинд хоол үйлчилгээ явуулж байна гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархжээ. Иргэдийн хэлж буйгаар, тус ресторанаас жоом ил гарч ирсэн бичлэг ил болсон бөгөөд үйлчлүүлэгч бүр бараг л “жоом, бяфсаа”-тай хамт хооллодог гэх гомдол нэг бус удаа гарсан байна. Харин уг асуудлыг хорооны засаг дарга анхааруулж, шаардлага хүргүүлэхэд “хуучин байрны нэг давхар шүү дээ, яахав дээ” хэмээн үл тоон ханддаг тухай мэдээлэл ч гарчээ. 40 жилийн настай байшингийн нэг давхарт жоом, бясаа тэжээх шахам орчинд үйлчилгээ үзүүлж буй ийм байгууллагад Мэргэжлийн хяналтын газар үнэхээр ажилладаг уу гэдэг асуулт олон нийтэд төрж байна. Бүр цаашлаад, асуудал ил болохын хэрээр “Сүндэ Гүг Баб”-ын зүгээс бичлэгийг устгах, мэдээллийг ил болгосон иргэнтэй ирж уулз, яагаад тараасан юм хэмээн сүрдүүлэх маягийн үйлдэл гаргаж байгаа гэх эх сурвалжууд байна. Төрийн хяналтын байгууллага, орон нутгийн удирдлагууд ийм эрүүл ахуйн ноцтой зөрчилд нүд аньж, чих дүлий байсаар байх уу? “Жоом, бясаа”-ны хамт хооллодог нийтийн хоолны газар ажиллаж болох уу гэдгийг одоо Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Сонгинохайрхан дүүргийн холбогдох байгууллагууд тодорхой хариулах цаг иржээ.

1 ... 13 14 15 16 17 18 19 20 21 ... 371