ХЭҮК-ООС ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙГ ХУУЛЬ БУС ТОМИЛГОО ХИЙЖ, ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ЗӨРЧСӨНГ ТОГТООЛОО

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн чиг үүрэг нь тухайн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүйгээр шүүхийн санхүү, хүний нөөцийг хариуцаж, шүүгч болох хүнийг сонгон шалгаруулах юм.

Гэтэл өнгөрсөн хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөл ажлаа хангалттай хийж чадаагүй хэмээн нийт шүүгчдийн зүгээс үзэж байгаа юм.Үүнийг батлах баталгааг Хүний эрхийн үндэсний комиссоос Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн шаардлага баталж байна.

Тухайн шаардлагад:

“… Ерөнхий зөвлөлийн ажлын албаны албан хаагчдын болон нэгж хоорондын ачаалал тэнцвэргүй, Зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, газар, төвийн дарга нар болон албан хаагчдын албаны харилцааны чиглэл, өдөр тутмын үүрэг, даалгавар өгөх, ажлыг хариуцах, тайлагнах дараалал тодорхойгүй, албан хаагчдын ажлын ур чадварыг сайжруулах, мэргэшүүлэх үр дүнтэй арга хэмжээ орхигдсон байгааг Комисст авагдсан баримт илтгэж байна.

Албан ажлыг хэвийн, тэнцвэртэй явуулах суурь нөхцөл бүрдээгүй нь албан хаагчдад бухимдал, үр дүнгүй ачаалал үүсэх, ажлын албаны газар, нэгжүүд хамтран ажиллахад бэрхшээл учрах, удирдах, удирдуулах зарчим алдагдаж, албан хаагчдын хөдөлмөрлөх эрх зөрчигдөх нөхцөлийг үүсгэж байна.

Хөдөлмөрийн хэвийн нөхцөл бүрдээгүй нь хүний болон тогтолцооны хүчин зүйлсээс хамаарахын зэрэгцээ 2021 онд баталсан Шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэх цаг үеийн шаардлагатай холбоотой байна. 2021-2025 онд бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Зөвлөл Шүүхийн тухай хуулийн 70 дугаар зүйлээр тогтоосон чиг үүргийн зэрэгцээ уг хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм, журмыг боловсруулах мөрдүүлэх, шүүгчийн сонгон шалгаруулалтыг боловсронгуй болгох, шүүхийн захиргааны зохион байгуулалт, үйл ажиллагааны системүүдийг бий болгох, санхүү, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, шүүхийн барилга, дэд бүтцийг байгуулах зэрэг шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх шилжилтийн үеийн үүрэг, ачааллыг хүлээсэн байна.

Ерөнхий зөвлөлийн ажлын албаны хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийг албан хаагчтай хийсэн ярилцлага, санал асуулгын дүн илтгэж байна. “Байгууллагынхаа ажил хэргийн ерөнхий уур амьсгалыг хэрхэн дүгнэх вэ?” гэх ганцаарчилсан ярилцлагын асуултад 21 албан хаагч (32,3 хувь) хэвийн бус, 44 албан хаагч (67,7 хувь) хэвийн гэж хариулсан нь Комиссоос хөдөлмөрлөх эрхийн асуудлаар хийсэн хяналт, шалгалтуудын дунджаас дээгүүр сөрөг үзүүлэлт байна.

Ганцаарчилсан ярилцлагаар “Байгууллага дотроо санал бодлоо илэрхийлж, чөлөөтэй харилцаж чаддаггүй, байгууллагын уур амьсгал эрүүл биш, соёл ойлгомжгүй”, “Удирдах албан тушаалтнууд албан хаагчдын үзэл бодлыг сонсдоггүй, шууд загнадаг”, “Хов, сул яриа ихтэй, удирдах албан тушаалтан түүнд автдаг”, “Өмнө ажиллаж байсан байгууллагаас хүйтэн хөндий, хэцүү байсан ч одоо дасаж байгаа”, 2 “Төрийн алба ийм байдаг гэж ойлгох болсон”, “Арван гишүүнээс өөр үүрэг даалгавар ирдэг нь ажил явуулахад ойлгомжгүй байдал үүсгэдэг”, “Гишүүдийн хүмүүс” нэгжийн дарга нарт захирагддаггүй”, “Газрын дарга нар дээд удирдлагад уурласан бухимдлаа ажилтнуудад гаргадаг, удирдах арга барил муутай”, “Үйлчилгээний ажилтнуудаа хамгаалж чаддаггүй, сахилгын хариуцлага ялгаатай ногдуулдаг”, “Шинээр ажилд орсон хүнийг, ялангуяа эмэгтэй албан хаагчдыг ялгаварладаг” зэрэг асуудлууд яригджээ. Ярилцлагад оролцсон албан хаагчид хэл аманд орох, сүүлд асуудал үүсэхээс эмээж байгаагаа илэрхийлж, ярианы нууцлалыг хадгалахыг хүсэж байсныг мөн тэмдэглэх нь зүйтэй.

Ажлын байрны уур амьсгал хэвийн бус, албан хаагчдын ажлын ачаалал тэнцвэргүй, хариуцлага, сахилга бат сул, ажлын ур чадвар хангалтгүй, Зөвлөлийн гишүүдийг үл тоох, үүрэг даалгаврыг үл биелүүлэх тохиолдол гардаг болохыг Зөвлөлийн гишүүд мөн тайлбарласан.” хэмээжээ .

Өнгөрөгч оны байдлаар 21 албан хаагч чөлөөлөгдөж,42 албан хаагчийг шинээр болон шилжүүлэн томилсон байна. Ажлаас гарсан 20 албан хаагч өөрийн хүсэлтээр, 1 албан хаагч ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн гэх. Харин энэ онд 29 албан хаагчийг шинээр болон шилжүүлэн томилж, 14 албан хаагч ажлаас чөлөөлөгджээ. Ажлаас гарсан 13 албан хаагч өөрийн 3 хүсэлтээр, 1 албан хаагч ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл ч мөн байгаа юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.