“ТӨСӨВ ХАМГААЛАХ” НЭРИЙН ДОР “ЗАСГАА ХАМГААЛСАН” ЗАХИРАМЖ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн баасан гарагт /2025.10.10/ гишүүдийг “гадаад улсад явахыг түр хориглох” захирамж гаргажээ. Уг шийдвэр аравдугаар сарын 13-наас 17-ны хооронд хүчинтэй байх бөгөөд парламентын түүхэнд бараг анхны тохиолдол гэж хэлж болохоор алхам.

 

Албан тайлбарт нь “2026 оны төсөв болон дагалдах хуулиудыг хэлэлцэж буйтай холбогдуулан” гэх шалтгаан дурдсан ч, улс төрийн хүрээнд энэ захирамжийг “Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудал”-тай холбон хардаж эхэлжээ.

 

Учир нь өнгөрсөн баасан гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцээд, даваа гариг хүртэл хойшлуулсан. Тэгэхэд “зарим залуу гишүүдийг дарамталж, хуралд суулгахгүй байх”, “заримд нь гадаад томилолтын билет өгч саармагжуулах оролдлого яваа” гэх мэдээлэл хөвөрсөн нь анхаарал татав.

 

Ийнхүү байдал хурцдаж байх мөчид УИХ-ын дарга гишүүдийн гадаад явах эрхийг хязгаарласан нь “төсөв хамгаалах уу, Засгийн газраа хамгаалах уу?” гэсэн асуултыг төрүүлж байна.

 

Хууль зүйн талаасаа харвал, Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлд “дарга гишүүдийн гадаад томилолтыг олгох, түүний журмыг батлах” эрхтэй гэж заасан. Гэвч энэ удаагийн хязгаарлалт “зайлшгүй шаардлагатай тохиолдолд” гэх хүрээнд орж байна уу гэдэг эргэлзээтэй.

 

Учир нь өнөөдөр /2025.10.13/ ТББХ-оор Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэнэ. Харин пүрэв гарагт /2025.10.16/ нэгдсэн чуулганаар 2026 оны төсвийн багц хуулиуд орж ирэх юм.

 

Товчхондоо, Д.Амарбаясгалангийн гарын үсэгтэй захирамж нь “улс орны төсөв хамгаалах” нэрийн дор “Занданшатарыг хамгаалах” улс төрийн халхавч болж хувирч байна гэх хардлагыг улам бүр лавшрууллаа.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.