‘’ЭРДЭНЭТ’’ ҮЙЛДВЭРИЙН ТЕНДЕРҮҮД ТӨРИЙН МӨНГӨ ТАНСАГ ХЭРЭГЛЭЭНД УРСАХ УУ?

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын төсвийн хөрөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулах, зориулалтын бусаар ашиглах асуудал тасрахгүй байна. Улсын төсвийн орлогын томоохон хэсгийг бүрдүүлдэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-д ийм асуудал дахин гарчээ. 

2025 онд тус үйлдвэр 52 сая төгрөгөөр майонез, 30.6 сая төгрөгөөр хоол амтлагч худалдан авах тендер зарлаж, уг тендерт “Анандаяа” ХХК шалгарсан байна. Үүнээс гадна өтгөрүүлсэн сүү, төрөл бүрийн цай, төрөл бүрийн үр тариа зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг авах нэрийн дор хэд хэдэн тендер зарлагдсан нь анхаарал татаж байна. Тансаг тавилгаар байр тохижуулсан захирал

 Өмнө нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Х.Бадамсүрэн албан тушаалаа урвуулан ашиглаж, үйлдвэрийн хөрөнгөөр хувийн орон сууцаа тохижуулсан гэх мэдээлэл ил болж байсан. 

Гурван унтлагын өрөөгөө тус бүр 10 сая төгрөгийн иж бүрдлээр, ажлын өрөөгөө 8.6 сая төгрөгийн тавилгаар тохижуулж, “MELODIA”, “DONATELLO” брэндийн буйдан, тавилга зэрэгт нийтдээ 80 гаруй сая төгрөг зарцуулсан гэж мэдээлж байв. Мөн 24 сая төгрөгөөр засвар хийлгэсэн төдийгүй 150 гаруй сая төгрөгөөр жигнэмэг, хар чавга худалдан авсан баримт ч ил болж байсан юм. Өөрийгөө 100 сая төгрөгөөр шагнасан захирал Харин одоогийн Ерөнхий захирал Г.Ёндон 2025 онд Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан өөрийгөө 100 сая төгрөгөөр шагнаж, “Очир-Эрдэнэ” нэртэй цомоор мялаасан тухай мэдээлэл гарчээ. Түүнийг албан тушаалаа ашиглан эрх мэдлээ хэтрүүлж, үйлдвэрийн хөрөнгөөр 70 гаруй сая төгрөгийн цахилгаан бараа, хэрэгсэл худалдан авсан хэмээн шүүмжилж байна. 

Мөн Г.Ёндон өөрийн хамаарал бүхий этгээд болох н.Энхжинг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Дотоод хяналт шалгалтын гүйцэтгэх захирлаар томилсон гэх мэдээлэл ч олон нийтийн дунд дуулиан тарьсан. Түүнчлэн 2024 онд уурхайчид “удирдлагууд эрх ашгийг маань зөрчиж байна” хэмээн эсэргүүцэл илэрхийлж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн түүхэнд анх удаа ажил хаялт зарлаж байлаа. 

Ийнхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд улсын хөрөнгийг хувийн хэрэгцээнд ашиглах, тансаг хэрэглээнд зарцуулах, ойр дотнын хүмүүсээ албан тушаалд томилох зэрэг асуудал тасралтгүй гарч, олон нийтийн шүүмжлэл дагуулсаар байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.