УИХ-ЫН ГИШҮҮН П.АНУЖИНГИЙН ААВ Р.БУД ЗТХЯ-НЫ Ч.СУГАРМААГААР ДАМЖУУЛАН ТЭРБУМААР ХЭМЖИГДЭХ ТЕНДЕРҮҮДИЙГ ШҮҮРЧ БАЙНА

Орон нутагт зам эвдэрсэн, арчлалтыг нь цаг тухайд нь хийгээгүйгээс олон осол гарч, хичнээн хүн амиа алдав. Тухай бүрд нь хэн нэг жолоочийг л буруутгаад өнгөрдөг. Уг нь тухайн замын хэсгийг хариуцдаг АЗЗА. Тэднийг хянаж, стандартыг нь мөрдүүлэх, бодлого шийдвэрээр хангах үүрэг бүхий “том” дарга бий. Тэр нь Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлого, зохицуулалтын газрын дарга. Нарийвчлан тайлбарлабал, энэ албан тушаалыг хашиж буй хүн нь шаардлага хангахгүй, стандарт, норм зөрчигдсөн, хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй автозамуудын арчлалт, ашиглалт, аюулгүй байдлыг дээшлүүлэх, засуулах, хяналт тавих үүрэгтэй. Гэтэл юун зам хянах. Харин ч эвдэрч, байвал засах тендер нь хэрэгтэй, ашигтай мэт аашилсан хүн одоогоор тэр албан тушаалд тухалчихсан байгаа. Ч.Сугармаа гэж эмэгтэй л дээ.

Хэрвээ уншигчид санаж байгаа бол энх цагт эрчүүдээ авто зам дээр алдаж дуусах нь гэх харуусал тээсэн олон осол III сард болсон. Дундговь аймгийн замд ачааны автомашин, автобустай мөргөлдөж, 3 хүн нас барж, 18 хүн бэртсэн.


Түүнээс хойш удаагүй байхад Хөшигийн хөндийн манайхны “хурд”-ны гэж нэрлэдэг замд 17 машин мөргөлдсөн. Бас л зам арчлалт хийгдээгүй, халтиргаа, гулгаа үүсчихсэн байсан үе.

Хэрвээ холбогдох албан тушаалтан нь эхний ослыг гарахад л яаралтай арга хэмжээ авч, асуудлыг шуурхай хэлэлцэн, бусад замд анхаарал хандуулсан бол “хурд”-ны зам осол гарахгүй байх боломж байсан.

Гэтэл хариуцах ёстой албан тушаалтан Ч.Сугармаа тухайн үед Замын хөгжлийн төв Төрийн өмчит үйлчилгээний газрын дарга Х.Пүрэвжаргалтай хамт Австралийг зорьчихсон байгаа юм. Тэр томилолт нь 57 сая төгрөг бөгөөд зардлыг салбарын сайд нь 2023 оны 10 дугаар сард шийдчихсэн байжээ.


Гэтэл олон хүний эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насыг авч одсон замуудын аюулгүй байдлыг ханган ажиллах үүрэгтэй Ч.Сугармаа өөртөө зориулсан төсвийг л анхаарч явсан байна.

Уг нь Дундговийн замыг засах, арчлахад мөн л 2023 онд 700 сая төгрөг төсөвлөсөн бол олон улс, улсын чанартай, орон нутгийн замыг арчлахад 33 тэрбум төгрөг зарцуулсан ч олигтой зүйл хийгдсэн нь алга. Харин ч бүр эсрэгээрээ анхаарах сөхөөгүй, тендер будлиулж яваа нь тодорхой болоод байна.

Р.Буд “Ар си Эс” компаниар халхавчилж 3 тэрбумын тендер авчээ

Учир нь, Зам тээврийн яам болон Замын хөгжлийн төвд байсан албан тушаалтнууд тэтгэвэрт гарах, ер нь ажлаасаа гарахаараа замын компани байгуулдаг нь бичигдээгүй хууль болчихсон. Яг үүний тод жишээ нь Р.Буд. Одоо УИХ-ын гишүүн П.Анужингийн аав л даа.

Мань Р.Буд Ховд аймгийн Мөнхайрхан сум чиглэлийн хатуу хучилттай 63.5 км автозам, мөн аймгийн Зэрэг, Мянгад, Буянт, Чандмань сум, Архангай аймгийн Өгийнуур зэрэг суманд хийгдэж замын ажлыг зөвлөх үйлчилгээний 3 орчим тэрбум төгрөгийн тендерийг авсан. Үүнээс өмнө 2022, 2023 онд Зам тээврийн яам, Замын хөгжлийн төвөөс зарлагдсан их хэмжээний үнийн дүнтэй тендерүүдэд тогтмол шалгарсаар иржээ. Тухайлбал энэ оны нэгдүгээр сард Р.Будын “Кеаро” компани 3 тэрбумын тендерийг нэгэн үед Зам тээврийн хөгжлийн яаманд ажиллаж байсан гэгдэх Д.Баасанхүү агсны "Ар Си Эс Си” компаниар дамжуулан авч, туслан гүйцэтгэгчээр нь ажиллаж буй. 

Үүнийг өнөөх зам хянаж, шалгах үүрэгтэй Ч.Сугармаа ч баталсан байдаг. Тэр “Р.Буд дарга компани байгуулсан нь үнэн. Би ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл өгдөггүй. Ер нь замын салбарт насаараа ажилласан инженерүүд тэтгэвэрт гарсан хойноо компани байгуулдаг. ЗТХЯ болон Замын хөгжлийн төв гээд газруудад ажилладаг байсан хүмүүс шүү дээ. Тухайлбал, Нийслэлийн Замын газрын даргаар ажиллаж байсан “Мөнхөд-Ашидын зам” компанийн Д.Нанзаддорж. Мөн манай яамны агентлагийн даргаар ажиллаж байсан Б.Энхтөр. Тэр хүн “Хязгааргүй хөдөлгөөн” компаниа байгуулаад, бурхан болсон. “Ар Си Эс Си” компанийн Д.Баасанхүү гэж дарга байсан, мөн л бурхан болсон. Тэр Аялал жуулчлалын яам гэж байхад газрын даргаар ажилладаг байсан. Компанийг нь одоо хүүхдүүд нь ажиллуулдаг. “Ар Си Эс Си” компанийн туслан гүйцэтгэгчээр Р.Будын компани ордог. Ер нь Р.Буд автозамын компани байгуулж зөвлөх үйлчилгээний тендерт ордог” гэж ярьсан байдаг.


Өөрөөр хэлбэл өмнөх дарга нар нь замын компани байгуулж, тендерт орж, авдаг гэсэн үг.

Мөн нөгөө талаас нь харвал УИХ-ын гишүүн П.Анужингийн аав гэгддэг Р.Буд Зам тээврийн хөгжлийн төвийн даргын албан тушаалаа өгөхийн өмнө өөрийн хүмүүсээ ЗТХЯ-нд шургуулж, өдгөө Зам тээврийн хөгжлийн яам, Хөгжлийн төв зэргээс зарлагдсан томоохон зөвлөх үйлчилгээний тендерүүдийг авч сууна.

Яагаад Ч.Сугармааг нөлөөлсөн гэж хардах болов гэдгийг сонирхож үзвэл тэр 2004-2011 онд Автозамын газарт, 2004-2012 онд УИХ-ын Тамгын газарт, УИХ-ын гишүүн Р.Будын туслах, 2012-2016 он хүртэл Худалдан авах ажиллагааны газар, 2017 оноос өнөөдрийг хүртэл Зам тээврийн хөгжлийн яам, Зам тээврийн хөгжлийн төвд ажиллаж байгаа юм.

Харин Р.Буд 2017 онд Зам тээврийн хөгжлийн төвийн даргаар томилогдсоноор Ч.Сугармаа ЗТХЯ-нд орсон.


Ингэж явсаар Р.Буд 2022 онд албан тушаалаасаа  чөлөөлөгдөхөөс өмнө Ч.Сугармааг ЗТХЯ-ны Үнэлгээний хорооны дарга, Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн даргаар томилуулж, Х.Пүрэвжаргалыг уг зөвлөлийн гишүүн, н.Базарсадыг тус зөвлөлийн нарийн бичгийн дарга болгуулжээ. Энэ нь Р.Буд өөрийн хүмүүсээ ЗТХЯ, Зам, тээврийн хөгжлийн төвд үлдээсний баталгаа.

Замын зөвлөх үйлчилгээний тендер авахын тулд Замын байгууламжийн ТЭЗҮ-ийг ЗТХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл хэлэлцдэг. Үүнийг хэлэлцсний дараа тухайн компани тендерт оролцох эрх нь үүсдэг журамтай. Түүнчлэн энэ зөвлөл нь тодорхой хугацаатай байсныг 2022 оноос хүчингүй болгочихсон байгаа юм. Өөрөөр хэлбэл хэзээ ч хуралдах боломжтой болсон гэсэн үг. Энэ зөвлөлийн даргаар өнөөх Ч.Сугармаа ажилладаг.


Тэр өөрийн хамаарал бүхий компаниа шалгаруулахын тулд бусад компанийн материалыг гацаадаг байна. Уг зөвлөлөөр дамжуулан Ч.Сугармаа нь оюутан ангийн найз болох Я.Баярхүүгийн “Ростов” ХХК-д мөн л адил томоохон тендерүүдийг авах боломжийг нээж өгдөг гэж байгаа. Түүнчлэн Ростов компани, 3-Харгуй, Талын зам АЗЗА, Замын хөгжлийн төв зэрэг байгууллагаас 300-600 мянган төгрөгийн цалин авдаг. Харин ЗТХЯ-наас гадна 3-7 хүртэлх сая төгрөгийн цалин авч авчээ.

УИХ-ын гишүүн Р.Буд тэтгэвэртээ гарсан ч одоог хүртэл Зам тээврийн хөгжлийн төвөөс цалинждаг 

Хамгийн сонирхолтой нь Ч.Сугармааг ЗТХЯ-нд шургуулсан гэх УИХ-ын зөөлөн сэнтийгээс буугаад Р.Буд Зам тээврийн хөгжлийн төвийн дарга болж, түүнийгээ ч хүлээлгэж өгөөд олон жил болж байгаа. Атал одоо ч АЗЗА болон Замын хөгжлийн төв, 200 мянгаас 1 сая 300 мянга хүртэлх  төгрөгийн цалин авч байгаа юм.

Үүгээр ч зогсохгүй ЗТХЯ, Замын хөгжлийн төвөөс зарлагдсан тендерүүдийг Ч.Сугармаагийн хамаарал бүхий хүмүүсийн компани хайр найргүй авч үндэсний автозамын компаниудын өрсөлдөх замд садаа болж буй. Иймд Ч.Сугармаагийн ахалдаг Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн журамд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж Автозамчдын холбоо үзэх болжээ. Ч.Сугармаагийн ард Р.Будаас гадна Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан байх магадлалтайг нэгэн эх сурвалж дурдлаа.

300 саяас дээш төсөвтэй тендерийг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ авдаг гэв үү

Өнгөрсөн 2023 оны зун ЗТХЯ-наас Ч.Сугармаа, Х.Пүрэвжаргал нар Автозамчдын холбооны хуучин тэргүүн Т.Бямбааг өрөөндөө дуудаж уулзан, “10-300 сая төгрөгийн тендерийг хувийн хэвшилд өгье. Томоохон тендерүүдийг Зам, тээврийн хөгжлийн төвд авъя” гэжээ.

Үүнийг Автозамчдын холбоо зөвшөөрөөгүй аж. ЗТХЯ-наас зарласан тендерт “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ оролцож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж тус холбоо үзэж байна.  

Дэд сайд Л.Халтар ашиг сонирхлын зөрчилтэй юү

Л.Халтар Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын суудалд сууснаар автозамын компаниуд шударгаар өрсөлдөх боломж хаагдсан гэнэ. Дэд сайд 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр гаргасан А/35 тушаалыг хүчингүй болгож, 2022 оны 3 дугаар сард “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд шинээр барих автозам, замын байгууламжийн барилгын ажлыг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-тай гэрээ байгуулж гүйцэтгүүлэх, техник, технологийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх” гэсэн утгатай тушаал гаргажээ. Дэд сайд ашиг сонирхлынхоо үүднээс ийм тушаал гарган, өөрийн хамаарал бүхий хүмүүс, компаниар дамжуулан, томоохон замуудын зөвлөх үйлчилгээний ажлыг тендергүйгээр авч, хувийн хэвшлийн зөвлөх компаниудын өрсөлдөх боломжийг нь хязгаарлаж байна бус уу. ЗТХЯ-наас 2022 онд Зам, тээврийн хөгжлийн төвтэй гэрээ байгуулан, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн автозамын жагсаалтыг харуулъя. Энэ жагсаалтад тэрбумаар хэмжигдэх өртөгтэй ажлууд багтжээ.

Автозамчдын холбоо үүнийг эсэргүүцэж, 2023 оны 8 дугаар сарын 3-нд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод албан бичиг хүргүүлжээ. ЗТХЯ, Зам, тээврийн хөгжлийн төвтэй гэрээлэн, автозамын зөвлөх үйлчилгээний тендер авч байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь заалтыг зөрчиж байгааг уг бичгээр сайдад мэдэгджээ. Уг хуульд “Захиалагч өрсөлдөөнийг дэмжих зорилгоор бараа, ажил, үйлчилгээний зориулалт, нэр төрөл, газар зүйн байрлалыг харгалзан, нэг төрлийн ижил төстэй байдлаар нь хэд хэдэн багцад хувааж, тендер шалгаруулалт явуулна” гэж заасан байна. Шууд гэрээ байгуулж болохгүй, тендер зарлана гэжээ.  


Уг албан бичгийн хариу “2022 оны А/59 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан, 12 төсөл, хөтөлбөрийн техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээг гүйцэтгүүлэх тендерийн сонгон шалгаруулалт зарлахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий компаниуд сонгон шалгаруулалтад оролцоогүйн улмаас тендер удаа дараа хүчингүй болж, эхний хагас жил дуусахад, зам барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул Зам, тээврийн хөгжлийн төвтэй зөвлөх үйлчилгээний гэрээг шууд байгуулахаар шийдвэрлэсэн” гэж иржээ. Сайдаас ийм хариу авсан компаниуд С.Бямбацогт сайдыг ч ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзэх болжээ.

Тэр 2021 оноос эхлэн ЗТХЯ-ны Авто замын бодлого, зохицуулалтын газрын даргаар ажиллаж эхэлсэн. Тухайн албан тушаалд томилогдсноос хойш түүний орлого 30 гаруй сая төгрөгөөр өсөж 60 сая төгрөгт хүрсэн.


Цаашлаад 681 сая төгрөгийн нэг орон сууцтай, 125 сая төгрөгийн үнэ бүхий 4 газартай, 50 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 165 сая төгрөгийн хадгаламжтай байв. Хөрөнгө, орлогын мэдүүлэг нь бодит байдлаас зөрүүтэй байгаа юм. Тэр 790 орчим сая төгрөгийн үнэ бүхий 5 орон сууцтай. Үүний 3 нь Хан-Уул дүүрэгт байрлалтай.

Тэр өөрийгөө ЗТХЯ-нд 2023 оноос эхэлж ажилласан хэмээн хэлсэн ч түүний хөрөнгө орлогын мэдүүлэг ярьснаас нь зөрүүтэй буюу 2021 оноос эхлэн ЗТХЯ-ны Авто замын бодлого, зохицуулалтын газрын даргаар томилогдсныг илтгэж буй. Түүнд ийн худал хэлэх ямар шалтгаан байв.

Цалин, орлого, хөрөнгө зэргээс нь харвал энэ хүн хувийн ажил, амьдралаа дээд зэргээр анхаарч, сайн ажиллаж байгаа юм байна. Харин төрийн ажлаа яагаад ингэж анхаардаггүй юм бэ? Амжихгүй бол ажлаа өгөх хэрэгтэй шүү дээ. “Чи чадахгүй байна” гээд ажлыг нь авчих албан тушаалтан ч алга гэж үү? Та бүхнийг төрийн албыг хувийн ажил болгон бантагнуулж явах хооронд чинь зам дээр осол гарч, хүн үхэж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.