НЭГҮҮН МЭДЭЭ
СЭТГЭЛ САНААНЫ ХОХИРОЛД ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСИЙГ 46-149 ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭН НӨХӨН ОЛГОВОР АВНА

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан. Аргачлалыг бүх шатны шүүхэд хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна. Тодруулбал гэмт хэргийн хохирогч, хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход энэхүү аргачлалыг харгалзан үзнэ. Тус аргачлалд жишээ нь сэтгэцэд учирсан тавдугаар зэргийн хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46-149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх нөхөн олговор авахаар заажээ. Сэтгэцийн эмгэгийн зэрэглэл:

“ХАРИУЦЛАГАГҮЙ ЖОЛООЧИЙН УЛМААС 42 НАСТАЙ ЗАЛУУХАН БАГШ 3-12 НАСНЫ ХОЁР ХҮҮХЭДТЭЙГЭЭ БУРХНЫ ОРНЫГ ЗОРИВ“

Жолооч таны хоромхон зуурын хариуцлагагүй үйлдэл нэг айлын бүтэн амьдралыг хагаслах вий. Амандаа дуу аялаад, аз жаргалаар дүүрэн аялалд явах ямар сайхан бэ. Хүүхдүүдийн инээд хөөр, баяр баясал, аав, ээжийн халуун дулаан хайр энэ орчлонг улам илүү амттай болгодогсон. Харамсалтай нь тэр жаргалтай инээд, халуун дулаан зөөлхөн хайр хоромхон зуурт үгүй болж, уй гашуу, уйтгар гунигаар солигдох нь бий. Хамгийн сүүлд гэхэд Дорноговь аймгийн Айраг суманд ноцтой осол гарч, том оврын жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрөн, элэг бүтэн залуухан гэр бүлийг амьдын хагацалд унаган, аз жаргалтай мөчийг нь аймшигт зовлонгоор сольчихсон. Ослын улмаас 42 настай залуухан багш 3, 12 настай хоёр хүүхэдтэйгээ хамт бурхны орныг зорив. Гэр бүлийн дөрвөн гишүүний нэг нь үлдэж, гурав нь газар дээрээ нас барсан тул өнчирч хоцорсон ээж нь хоёр бүлтгэр үрээ, халамжит сайхан ханиа санагалзан нүдэндээ нулимстай, сэтгэлдээ шархтай ГССҮТ-д эмчлүүлж байна. эх сурвалж:ubn.mn

ТУУЛ ГОЛЫН САЛААНААС ХЭН БОЛОХ НЬ ТОДОРХОЙГҮЙ ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ЦОГЦОС ОЛДЖЭЭ

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо “Туул” голын салаанд 1 хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс ОБГ-т наймдугаар сарын 06-ны өдрийн 16:32 цагт ирсэн байна. Дуудлагаар Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход хаяг, нэр тодорхойгүй 40-50 орчим насны эрэгтэй хүний цогцос “Туул” голын салаанд хайргадаж тогтсон байсныг 10 минут ажиллан гаргаж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлэн өгчээ.

ХНХЯ: ТҮР ОРОГНОХ БАЙРАНД БАЙРЛАЖ БУЙ ИРГЭДЭД ХӨНЖИЛ ГУДАС, ХҮНСНИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

Үерийн гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Онцгой Комиссын хуралдаанаас гаргасан чиглэлийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажлын хэсэг байгууллаа. Тус ажлын хэсэг нийслэлийн 127 дугаар сургууль дээр байрлан үерийн гамшигт өртсөн иргэдэд сэтгэл зүйн болон нийгмийн халамжийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлж байна. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, зөвлөх Т.Бат-Эрдэнэ, Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал нар үерийн голомтод ажиллалаа. Энэ үеэрээ Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ажиллаж буй алба хаагчдад зориулалтын хувцас хэрэглэл, амны маск, шаардлагатай хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өгч, түр орогнох байранд байрлаж буй иргэдэд хөнжил гудас, хүнсний тусламж үзүүллээ.

ЭМЯ: ҮЕРИЙН УСАНД ИЛ ШАРХТАЙ ОРВОЛ ХАЛДВАР АВАХ ЭРСДЭЛТЭЙ

Усархаг бороо орсны улмаас үер бууж эрүүл ахуй, стандартын шаардлага хангахгүй энгийн бие засах газар, бохирын цооногт байгаа өтгөн шингэн ялгадас, бохир ус, урсаж хөрс, орчныг бохирдуулж байна. Энэхүү бохирлогдсон хөрс нь өвчин үүсгэгч бичил биетэн амьдарч үржих тохиромжтой орчин болдог бөгөөд цаашилбал хөрс, усыг бохирдуулж, улмаар хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үүсгэдэг. Үерийн усанд агуулагдах эмгэгтөрөгч бичил биетүүд нь халдвар үүсгэх эрсдэлтэй хэмээн ЭМЯ-наас анхааруулав.

ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 60.2 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлт болон нэмэлт хоёр эгнээ авто зам барих төслийг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй гурван багцын барилгын ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн. Тэгвэл үлдсэн хоёр багц болох хоёрдугаар багц 72.27 хувь, дөрөвдүгээр багц 66.5 хувийн гүйцэтгэлтэй яваа бөгөөд замын ажилд 275 хүн, 103 машин механизм техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилттэй нэмэлт хоёр эгнээ авто замын барилгын ажил 60.2 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БУУСАН ЗАРИМ ХОРООДЫН АЙЛ ӨРХҮҮДИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛНЭ

Баянзүрх дүүргийн 21, 27, 29-р хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй буусан 46 айл өрхийг удаа дараа аюултай бүсээс нүүхийг шаардаж байсан билээ. Тэгвэл НИТХ-аас Баянзүрх дүүргийн 21-р хорооны 5 га газарт буюу эрсдэлгүй бүсэд нүүлгэх, мөн үер автах эрсдэлтэй 228 айл өрх эрсдэлгүй бүс рүү яаралтай нүүлгэн шилжүүлэх үүрэг чиглэлийг Нийслэлийн болон Дүүргийн газрын албанд өгчээ.

УУЛАНД ГАРЧ УТСААР ЯРИХ ГЭЖ ЯВСАН 4 ХҮНИЙ ХОЁР НЬ АЯНГАНД ЦОХИУЛЖ, НАС БАРЖЭЭ

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг аймгийн төвөөс урд зүгт 105 км-т, сумын төвөөс баруун зүгт 80 км-т оршин Тээл хэмээх газарт наймдугаар сарын 5-ны 20:40 цагийн орчим дөрвөн хүн уулан дээр гарч утсаар ярих гэж яваад хоёр нь аянганд цохиулж нас баржээ. Энэ тухай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газар наймдугаар сарын 6-ны өдрийн 11:20 цагт хүлээн авсан байна. 35 настай эрэгтэй Б, 36 настай эрэгтэй Ч нар аянганд цохиулж нас барсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

АНХААРУУЛГА: Өвөрхангай-Баянхонгор-Алтай чиглэлийн авто зам усанд автжээ

2023 оны наймдугаар сарын 1-ний өдрийн 20:25 цагийн байдлаар А0303 дугаартай Баянхонгор-Алтай чиглэлийн авто замын 45 км болон 195 км-т аадар бороо ихээр орсны улмаас замын зорчих хэсэг дээгүүр ус давж урссан тул хөдөлгөөнийг хаасан хэвээр байна. Түүнээс гадна 2023.08.02-ны шөнийн 01:00 цагийн байдлаар улсын чанартай авто замын А0302 дугаартай Өвөрхангай-Баянхонгор чиглэлийн 7-8 км, 13-14 км хооронд уулын үер бууж зам дээгүүр ус давж үерлэжээ. Үерийн ус одоогоор татраагүй, аймгийн онцгой байдал, замын цагдаа болон “Өвөрхангай АЗЗА” ТӨХК-н баг бүрэлдэхүүн хамтран үерт суусан авто машиныг татаж гаргах, суусан машины зорчигч нарыг аймаг руу шилжүүлэх ажил хийгдэж байна. Хөдөлгөөн түр саатаад байна. Үүний улмаас Нарийн гүүрийн хоёр талын чулуун бэхэлгээ эвдэрсэн, хөвөө хучилтын ирмэгт тулж урссан байдалтай байгааг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас анхаарууллаа. Иймд Тус чиглэлд хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчуулахгүй, Шөнө оройн цагаар үзэгдэх орчин хязгаарлагдмал үед тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна. Тус замын 50км-т аймгийн Онцгой байдлын газраас эргүүл ажиллаж байгаа бөгөөд зам хариуцагч "Их богд Зам" ХХК-д хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, тeхник хэрэгслийг бэлэн байдалд байлгах чиглэлийг өгчээ. Баянхонгор талаас суудлын авто машин 30, автобус 3, ачааны авто машин 1, 3 автобусанд зорчигч 104, жижиг тэргэнд ойролцоогоор 80 хүн боогдсон байдалтай байна. Аймгийн онцгой комисс болон цагдаагийн байгууллагатай бүсийн инженер Д.Отгонбаяр газар дээр нь хамтран ажиллаж байна. Мөн Бүсийн инжeнeр тухайн эвдрэл үүссэн газарт ажиллаж байна гэж “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас мэдээллээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 30 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ХОЁР НАСТАЙ ХҮҮГИЙН ХАМТ ҮЕРТ ЭНДЖЭЭ

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн “Баатарын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ 8 сарын 1-ний өдрийн 18:00-20:00 цагийн хооронд усархаг аадар бороо орж үер буусны улмаас 2 хүн (үүнээс 1 хүүхэд), гэртэйгээ үерийн усанд урсаж нас барсан тухай дуудлагыг ОБЕГ 20:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход иргэн Б /32 настай, эмэгтэй/, Б/2 настай, эрэгтэй/ нар гэртэйгээ урсаж нас барсан тул Хайрхандулаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн ажиллаж иргэн Б /32 настай, эмэгтэй/-ийн цогцсыг 20:30 цагт /гэрээс нь урд зүгт 300 метрээс/ олсон. Б /2 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08.02-ны өдрийн 06:07 цагт гэрээс нь урд зүгт 1.5 км-ээс олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

1 ... 145 146 147 148 149 150 151 152 153 ... 374