УВС АЙМГИЙН ӨМНӨГОВЬ СУМЫН УДИРДЛАГЫН ХАХУУЛИЙН ХЭРЭГ ХЭРХЭН ШИЙДЭГДЭХ ВЭ?

Өчигдөр прокурорын байгууллагаас Увс аймгийн Өмнөговь сумын удирдах албан тушаалтнууд багтсан 11 хүнд яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлснийг  мэдээлсэн. 2022 оны зун тус хэргийг АТГ-ынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэхээр болсон ч прокурорын шатнаас буцсаар ирсэн. 

Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын дарга Д.Даваасүрэн, Засаг дарга С.Өлзий, Засаг даргын орлогч Х.Давааням, ЗДТГ-ын албан тушаалтан Ц.Дэвээ, тус сумын Холбоо багийн Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч Б.Цэрэннадмид, “Шижир голд майнинг” ХХК-ийн захирал Я.Цэдэнбал, “Бид намирын эзэд” ТББ-ын гишүүн Э.Батболд тэргүүтэй хүмүүс хээл хахууль авсан, өгсөн хэрэгт холбогдсон юм. Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн Цэрэнцэг хэмээх газарт түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх гэрээг Засаг дарга С.Өлзийтэй “Бид намирын эзэд” ТББ-ын нэрээр Я.Цэдэнбал, Э.Батболд нар байгуулж, нөхөн сэргээлт хийхээр болсон аж. Ингэхдээ холбогдох хууль журмыг зөрчиж, иргэдээс нөхөн сэргээлт хийхийг дэмжиж байгаа талаарх гарын үсэг цуглуулан, Иргэдийн нийтийн хурлын тогтоол үйлдэхэд дээр дурдсан хүмүүс болон ИТХ-ын төлөөлөгч Ц.Бямбажав, Н.Баатаржав, Холбоо багийн иргэдийн нийтийн хурлын дарга Д.Сайнбаяр, тэргүүлэгч Н.Батбаяр, Д.Эрдэнэсүрэн, Ц.Бадамгарав оролцсон хэмээн буруутгагдаж байгаа аж. 500 мянгаас 10 сая хүртэлх төгрөгийн хахууль авсан хэмээн яллагдагчаар татагдсан . НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 22.4-4-ийн нийтийн албан тушаалтан хахууль авсан, 22.5-2-т заасан хахууль өгсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ.

 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.